Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Гансүх, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,               

            Иргэдийн төлөөлөгч: Ц.Батжаргал,  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

            Шүүгдэгч: Б.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ганболдод холбогдох эрүүгийн 201620000246 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

     

           Шїїгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хяргас сумын Дэлгэр багт оршин суудаг, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1305 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 05 хоногийн хорих ялын өршөөн хэлтрүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 08-ны өдрийн 357 тоот Ялаас өршөөн хасах тухай шүүгчийн захирамжаар 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 06 сар 17 хоногийн хорих ялын өршөөн хэлтрүүлж, сулласан. Савар овогт Батцэнгэлийн Ганболд / РД:ОР87041912/. 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ганболд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Л.Сэр-Одын гэрт нэвтрэн орж, монетон ээмэг, бөгж хулгайлж, нийт 560.000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 07-ны шөнө Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Ц.Батсайханы гэрт нэвтрэн орж iphone-6 загварын гар утас хулгайлж 800,000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             1. Хохирогч Л.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Цэцэгбал Улаангомд хүүхэд төрүүлсэн юм. Тэгээд 6 дугаар сарын 12-ны өдөр би эхнэр хүүхдээ Улаангомоос авч ирсэн. Бид нар гэртээ хүүхдийн хувцас даавууг янзлаад орой 22 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхэд бид гурав гэртээ унтсан. Бид гурав гэрийн зүүн талын орон дээр унтсан. Шөнийн 03 цагийн үед манай хүүхэд уйлахад эхнэр сэрээд харахад зуухны дээд талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад намайг дуудаж сэрээсэн. Тэгээд би босоод тэр хүнийг татаж "та яагаад манай гэрт хэвтэж байгаа юм. Нялх хүүхэд уйлаад байна. Та гэрээс гар гэж" хэлэхэд тэр хүн "танай гэрийг гэрэлтэй байхаар нь чинь ороод ирлээ" гэж хэлсэн. Би тэр хүнийг "хүүхэд уйлаад байна. Та гар гэж" татаж босгоод гэрийн үүд хүртэл яваад гэрээс гаргасан. Тэр хүнийг гэрээс гаргачихаад хаалгаа цоожилоод унтсан. Өглөө босоход манай эхнэрийн түрийвч гэр дотор гоожуурын хажууд шалан дээр байхыг хараад доторх зүйлийг харахад задгай 20.000 орчим төгрөг байсан. Тэгээд би эхнэртэй "чиний түрийвч шалан дээр байна. Яагаад энд байдаг юм бэ" гээд гайхаад түрийвчээ дээш нь тавьсан. Тэгээд өдөр 10 цагийн үед эхнэр түрийвч дотор нууц цахилгаантай халаасанд байсан миний ээмэг бөгж хоёр байхгүй байна гэж надад хэлсэн. Б.Ганболд тэр шөнө бид нарыг сэрэхээс өмнө голын орны шкаф дээр байсан түрийвчийг аваад дотор нь байсан ээмэг бөгжийг авчихсан байсан юм байна лээ. Бид нарыг сэрэхэд худлаа согтуу хүн болоод хэвтчихсэн юм шиг байгаа юм. Алдагдсан ээмэг, бөгжийг бид 2015 оны 9 дүгээр сард гэр бүл болоход миний нагац ах Улаанбаатар хотоос ээмэг, бөгжийг хосоор нь 600000 төгрөгөөр худалдаж авч ирсэн. Би эхнэрийн ээмэг бөгжийг Б.Ганболдоос буцааж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 тал /,

            2. Хохирогч Ц.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Хяргас сумын төв дээр хувиараа мужааны цех ажилуулдаг юм. 2016 оны 8 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед гэртээ орондоо орж гар утсаараа пэйсвүүк орж байгаад 24 цагийн үед унтсан. Манай гэрт аав бид унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоод гар утсаа хайгаад олоогүй юм. Би унтахдаа гар утсаа орныхоо урд талын ширээн дээр тавьчихаад унтсан юм. Гэр дотроо утсаа хайгаад олоогүй юм. Миний гар утас нь Iphone 6 гэх 2015 оны загварын утас байсан юм. Би энэ гар утсыг Мөнхөө гэх найзаасаа 900,000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг авахад уг гар утас нь хамгаалтын шилэн наалтгүй байсан тул би 2016 оны 06 сард Улаангом руу орж гар утасны нүүрний шилэн наалт байвал наалгахаар зах дотор гар утасны засвар хийдэг газар руу ороод утасны шилэн наалт байгаа юу гэхэд тэр ах үзээд байхгүй гэсэн юм. Би гар утсаа алдчихаад хуучин S2 маркийн гар утсаа аваад Улаангом руу оруулж засуулахаар нөгөө зах дотор байх гар утасны засварын газарт очоод гар утсаа үзүүлж байхад нөгөө урд нь миний алдагдсан гар утсыг үзэж байсан ах "чи урд нь барьж байсан гар утсаа зарчихсан юм уу? чиний гар утсыг нэг эмэгтэй хүн барьчихсан кодын тайлуулах гэж орж ирсэн" гэхэд би тэр хүнд "би гар утсаа алдчихсан юм" гэж хэлсэн. Чиний гар утсыг Хяргас сумын гэх махлагдуу тарган эгч авсан явж байсан гэж хэлсэн. Махлагдуу тарган шар эгч гэж хэлэхээр нь Б.Ганболдын ээж юм байна гэдгийг мэдсэн. Би тухайн үед Б.Ганболдыг авсан байж магадгүй гэж хардаж байсан. Тэгээд би энэ талаар цагдаад мэдэгдсэн. Би Б.Ганболдтой уулзаж миний гар утсыг яаж авсан талаар асуухад "шөнө танай гэр рүү ороход хоёр хүн унтаж байсан. Тэгээд намайг орж ирэхийг мэдэхгүй унтаад байхаар нь урд талын ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан" гэж хэлсэн. Б.Ганболд миний хохирлыг барагдуулж өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал /,

             3. Гэрч С.Цэцэгбал мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би Улаангомд хүүхэд төрүүлээд 6 дугаар сарын 12-ны орой нөхөр хүүхдийн хамтаар Хяргас сумын төвд гэртээ ирсэн. Тэгээд бид гурав 22 цаг болж байхад унтацгаасан юм. Шөнө 03:00 цагийн үед миний хүүхэд уйлахад сэрж хүүхэд ээ хөхүүлэх гээд өндийгээд босоход манай гэрийн баруун талд нэг танихгүй хүн хэвтэж байсан юм.Тэгээд нөхрийг сэрээж түүнийг гэрээс гаргуулсан юм. Өглөө босоод миний нөхөр Л.Сэр-Од чиний түрийвч гоожуурын хажууд хэвтэж байна яагаад энд байгаа юм гээд дээшээ тавьж байсан. Тэр өглөө хадам ээжид шөнө болсон явдлын талаар хэлэхэд хадам ээж Ч.Чогсоо надад "чиний түрийвчний цахилгаантай халаасанд ээмэг, бөгжийг чинь хийчихсэн байгаа" гээд түрийвчийг аваад үзчихээд ээмэг, бөгж байхгүй байна гэж хэлсэн. Түрийвчинд мөнгө, төгрөг байхгүй байсан байх. Манайд хэвтэж байсан хүнийг танихгүй. Урд өмнө манайд ерөөсөө ирж байгаагүй хүн байсан. Намайг сэрэхэд тэр хүн голын орон дээр байсан түрийвчийг аваад дотор нь байсан ээмэг, бөгжийг авчихсан байсан юм байна лээ. Бид нар тэр хүнийг сэргээгээд шууд гэрээс гаргасан юм" гэх мэдүүлэг, / хх-ийн 14-15 тал /,

            4. Гэрч Ц.Цэнгэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байх ...сонгуулийн урд талд хашаандаа гараж барихаар болж Б.Ганболдын хамтаар гаражын суурыг цутгасан юм. Тэгээд 16 цагийн үед сумын төвийн урд талын голоос ус авахаар Б.Ганболдтой яваад гол дээр очиж 2 литрийн нэг ширхэг Боргио гэдэг пиво хувааж уугаад явсан. Б.Ганболд надаас салахдаа их согтуу байгаагүй халамцуу байсан. Бид хоёр 16:40 минутын үед салцгаасан. Маргааш нь уулзахад айлд шөнжин архи уулаа гэж хэлсэн хэнийд архи уусан талаар би асуугаагүй. Бид хоёр багадаа нэг ангид сурж байсан юм. Б.Ганболд нь зан аашийн хувьд бүрэг үг дуу цөөтэй, харин хар ажил сайн хийдэг. Бага байхдаа хулгай хийдэг. Ер нь их бужигнуулдаг хүүхэд байсан. 2015 оны өвөл Хяргас суманд ирсэн. Улаанбаатар хотод байж байгаад ирсэн байх. Шоронд орж байсан гэж сонссон” гэх мэдүүлэг / хх-ийн 16 тал /,       

            5. Гэрч Ч.Чогсоогийн мөрдөн байцаалтад өгсөн: ”2016 оны 8 дугаар сарын 08-ны орой би хүү Л.Сэр-Од, бэр Цэцэгбал болон нялх ачтайгаа Улаангомоос ирсэн. Тэгээд бид нар гэр орондоо ирээд хоол ундаа хийж идээд би гэртээ ороод унтаж амарсан. Л.Сэр-Одын гэр манай хашаанд хамт байдаг юм. 8 дугаар сарын 9-ний өглөө босоход Л.Сэр-Од, С.Цэцэгбал хоёр шөнө манай гэрт нэг согтуу орж ирээд хэвтэж байсныг гаргаж явууллаа. Мөн бэрийн түрийвч гоожуурын хажууд шалан дээр хэвтэж байхыг дээшээ тавьсан гэдгийг С.Цэцэгбал хэлсэн юм. С.Цэцэгбал Улаангомд төрөхдөө надад ээмэг, бөгж түрийвчээ надад өгөхөөр нь ээмэг бөгжийг түрийвч дотор цахилгаантай халаасанд нь хийсэн юм. Тэгээд С.Цэцэгбалын түрийвчийг үзэхэд ээмэг бөгж нь байхгүй байсан юм. Б.Ганболд гэдэг залуу манай бэрийн ээмэг бөгжийг хулгайлсан байдаг түүнийг нэг сумынх болохоор танина" гэх мэдүүлэг / хх-ийн 20 тал /,                   

            6. Гэрч Д.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ганбодлыг хүний ээмэг, бөгж хулгайлсан талаар сүүлд цагдаа нараас сонссон. Сүүлд нь Б.Ганболдоос "чи яагаад айлаас ээмэг бөгж хулгайлсан юм" гэж асуухад "би согтуу явж байгаад андуураад нэг айл руу орчихсон байна лээ. Тэгээд гарахдаа ээмэг, бөгжийг аваад гарсан" гэж хэлсэн. Б.Ганболд нь нэг их хулгай хийгээд байдаггүй. Архи л уухаараа ингээд хулгай хийгээд байх юм” гэх мэдүүлэг / хх-ийн 17 тал /, ...Манай нөхөр Батцэнгэл, хүү Алтангэрэл нар гэрээс гарч тоосгоо хуччихаад орж ирэхдээ эсгий завсар нэг ийм гар утас гээд нэг гар утас авч орж ирсэн. Би юун гар утас юм гээд аваад үзэхэд саарал өнгийн хавтгай гар утас байсан. ...Б.Ганболд "өчигдөр орой бороо орлоо. Та нар хашаанд байсан тоосгоо юугаар хучсан вэ?" гэж надаас асуухаар нь би "амбаарт байсан эсгийгээр хучлаа" гэж хэлэхэд Б.Ганболд "эсгий завсар нэг юм байсан та авсан уу" гэж хэлсэн. Би Б.Ганболдоос юу байсан юм гэж асуухад гар утас байсан юм. Би тэр гар утсыг олж авсан юм гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би Улаангом явах болоход Б.Ганболд надад нөгөө гар утсыг өгөөд "та энэ гар утасны кодыг тайлуулаад ир" гэж хэлсэн. Тэгээд би тэр гар утсыг аваад Улаангом руу орж зах дээр байх гар утасны засварын газарт орж нэг эрэгтэй хүнд үзүүлж "энэ гар утасны кодыг тайлуулах гэсэн юм" гэхэд тэр эрэгтэй хүн үзчихээд "одоо бол тайлах боломжгүй. Та надад өгчихөөд маргааш ирээд ирээд ав. Би хонуудаар кодыг нь тайлах гээд оролдоод үзъе" гэж хэлэхээр нь эгч нь завгүй байна. Одоо хөдөө явах гэж байна гээд аваад явсан. Тэгээд гэрт нөгөө гар утас байж байхад нэг өдөр цагдаа ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал /,

            7. Насанд хүрээгүй гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  "...Аав Батцэнгэл бид хоёр амбаар дотор хураалгатай эсгийнүүдийг гаргаж тоосго хучихаар болоод эсгий гаргаж байхад эсгий дотроос гар утас унаж ирсэн. Тэгээд би тэр гар утсыг аваад гэрт оруулж ирээд эсгийн завсар нэг ийм гар утас байна гэж хэлээд ширээн дээр тавьсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 81 тал /,

            8. Гэрч Б.Цэндээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  "2016 оны 8 дугаар сарын 08-ны орой би унтах гээд хэвтэж байхад манай залуу Ц.Батсайхан оройхон ирээд хоол халааж идээд унтсан юм. Манай гэрт Ц.Батсайхан бид хоёр тухайн үед байсан. Эхнэр маань Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Нэг хүү маань хөдөө айл руу явсан байсан. Шөнө унтахдаа Ц.Батсайхан гар утастайгаа ирсэн ба орон дээрээ хэвтэж байхдаа гар утсаараа тоглоод байх шиг байсан. Би тэр шөнө түрүүлээд унтсан. Маргааш өглөө нь хүү маань миний утас алга байна. Та миний гар утасыг харсан уу? гэж асуугаад байсан. Би түүнд хараагүй гэдгийг хэлсэн. Одоогоос хэдэн өдрийн өмнө хүү маань миний утсыг Б.Ганболд хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг  /хх-ийн 82 тал /,

            9. Гэрч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тэр гар утсыг манай том охин Алтангэрэл аваад гэрт оруулж ирээд энэ юун гар утас вэ гэж ярилцаж байгаад ширээн дээр тавьчихсан. ...Тэгээд хэзээ хойно нөгөө эсгий завсар байсан гар утсыг Б.Ганболд хулгайлж авч ирээд эсгий завсар хийчихсэн болж таарсан" гэх мэдүүлэг /хх-ийн 83 тал /,

            10. Гэрч Ц.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   "...Би Итгэлт зах дээр байдаг гар утас засварын газарт байж байхад нэг танихгүй залуу орж ирээд "энэ гар утасны шилэн наалт байна уу" гэж хэлээд гар утсаа харуулсан. Уг гар утас нь сүүлийн үеийн Iphone маркийн гар утас байсан тул шилэн наалт байхгүй байсан. Тэгээд тэр залуу утсаа аваад гараад явсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа би Итгэлт зах дээр гар утас засварын газар дээрээ байж байхад нөгөө залуугийн барьж ирсэн гар утсыг нэг эгч барьчихсан орж ирээд "энэ гар утасны кодыг тайлуулах" гэсэн юм гэж үзүүлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал /,

            11. Гэрч С.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Ганболд нь 1995 онд миний хариуцан ажиллаж байсан бага ангид 3-р анги хүртлээ сураад сургууль завсардсан. Манай гэр Ганболдын гэр хоорондоо ойрхон тул Б.Ганболдыг сайн танина. Б.Ганболд нь төлөв даруу үг дуу цөөнтэй, хүнд их тусархуу ажилсаг, бусадтай хүнлэг харьцдаг хүүхэд юм. Б.Ганболдын аав Батцэнгэл нь манай сургуульд галчаар ажилладаг ер нь их дуугүй хүн байдаг юм. Төрсөн ээж Уранчимэг нь нарийн боовны цехид ажилладаг хөдөлмөрч эмэгтэй байдаг юм. Б.Ганболд нь бага ангидаа их сайн сурдаг, хэлсэн ярьсан зүйлийг амархан тогтоож, удаан мартдаг. Ангийнхаа хүүхдүүдтэй их зөв боловсон харьцдаг хүүхэд байсан юм. Тэр үед иргэдийн амжиргаа муу байсан бөгөөд Б.Ганболдын ар гэрийнхэн мал маллахаар хөдөө гарсан болхоор сургуулиас гаргасан. 1990 ээд оны үеэр хүүхдүүд  их сургуулиас завсарддаг байсан. Тухайн үед хүүхдүүд сургуулиасаа гарахдаа сурагчийн хувийн хэргээ аваад явсан байх гэж бодож байна. Манай сургуульд Б.Ганболдын хувийн хэрэг байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 24 тал /,

            12. Гэрч Б.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Ганболд нь айлын том залуу. Аав, ээж, дөрвөн дүүгийн хамтаар амьдардаг. Аав Батцэнгэл нь Ганболдын төрсөн аав нь биш. Хойд аав нь юм. 4-р ангиасаа хичээлээ орхисон. Хичээлээсээ гараад манай гэр болон өөрийнхөө гэрээрээ байдаг байсан. Бага байхад нь аав Батцэнгэл нь өөрийн хүүхэд биш болохоор зодож цохиод дарамталж байдаг. Тэгээд хоосон хоолтой явж байгаад янз бүрийн хэрэгт холбогдоод байх юм. Гэртээ байхаар нь аав нь чи ажил хийхгүй байна гээд зодож цохиод байдаг. Үг дуу цөөтэй, хүний өмнөөс үг хэлж чаддаггүй. Хүнд туслаад хүний хар бор ажил хийгээд явдаг. Ер нь бол манай аав ээжийн гэрт байнга байдаг. Багадаа хичээлд сурч байхдаа сурлагатай хүүхэд байсан. Ааваас нь болж хичээлээ орхисон хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,

            13. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл. /хх-ийн 6-7 тал/,

            14. Шинжилгээ хийлгэх тогтоол, эд зүйлийн зураг / хх-ийн 25-26 тал /,

       15. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 471 тоот дүгнэлтээр "Монетан ээмэг бөгжийг 560.000"-өөр үнэлсэн тухай тайлан /хх-ийн 27-28 тал /,

            16. Увс аймгийн Цагдаагийн газрын битүүмжилсэн эд зүйлд “Шинжилгээ хийлгэх тогтоол”/ хх-ийн 31 тал/

           17. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 537 тоот дүгнэлтээр "Nokia-3220” маркийн гар утасыг 22500 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 32 тал /,

            18. Цагдаагийн газраас гадагш явж болохгүй баталгаа авсан тогтоол /хх-ийн 37 тал /,

            19. Шүүгдэгч Б.Ганболдын хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 41-64 тал /,

            20. Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 85 тал /,

         21. Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Iphone 6 маркийн гар утсанд “шинжилгээ хийлгэх тогтоол” /хх-ийн 86-87 тал /,

22. Увс Финанс-Аудит ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 470 тоот дүгнэлтэнд "...Ipone 6 загварын гар утас 800000 төгрөгний үнэ ханштай байгаа" болохыг тодорхойлсон тайлан. /хх-ийн 88-89 тал /,

            23. Шүүгдэгч Б.Ганболдын сэтгэцийн байдлыг тогтоолгох Увс аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол, эмч нарын сэтгэцийн байдлын талаарх акт. /хх-ийн 94-96 тал /,

           24.Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №14 дугаартай яллагдагчийг цагдан хорих захирамж”. /хх-ийн 103-104 тал /,

            25. Шүүгдэгч Б.Ганболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 111-114-р тал/,

                26. Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 115 тал /,

               27. Увс аймгийн Хяргас сумын алдарт туульч Парчины нэрэмжит ахлах сургуулийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 45 тоот Тодорхойлолт. /хх-ийн 119 тал/

            28. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоол, Магадлал, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол /хх-ийн 120-123 тал/,

              29. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоол. /хх-ийн 125-126 тал/,

         30. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 357 тоот “Ялаас өршөөн хасах тухай” захирамж. /хх-ийн 127 тал/,

        31. Хохирогч Ц.Батсайханы Увс аймгийн Цагдаагийн газарт шүүгдэгч Б.Ганболдод гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаар гаргасан хүсэлт. /хх-ийн 135 тал /,

               32. Хохирогч Л.Сэр-Одын Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан шүүгдэгч Б.Ганболдод гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан тухай наториатаар баталгаажуулсан хүсэлт. /хх-ийн 136 тал /,

33. Шүүгдэгч Б.Ганболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 6 дугаар сарын 10-ны үед сумын эмч Цэнгэнбаяр гэртээ гаражийн суурь цутгаж байсан ба би түүний ажилд тусалсан юм. Орой нь тэр дэлгүүр яваад 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирж бид хоёр сумын төвийн урд талд гол дээр очиж хувааж уусан юм. Тэгээд би Цэнгэнбаяраас салж гэр лүүгээ явж байгаад нэг айл руу ороход гэрэл нь асаалттай гэрийн зүүн талын орон дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг нялх хүүхдийн хамт унтаж байсан. Намайг орж ирсэнийг тэд мэдэхгүй унтаад байхаар нь би гэрийн баруун талд очиж хэвтсэн юм. Тухайн үед би согтуу байсан. Тэгээд би хэвтэж байхад нөхөр болох залуу нь босож ирээд “Болдоо ахаа та босоод манай аавынд ороод унтчих манайх нялх хүүхэдтэй болохоор хүүхэд уйлаад байна” гэж хэлэхээр нь би үгүй ах нь жаахан хэвтэж байгаад гарлаа гэхэд тэр залуу орон дээрээ очиод хэвтчихсэн юм. Тэгээд гэрэл асаалттай байсан ба голын орон дээр нэг түрийвч байхыг хараад аваад цахилгааныг нь онгойлгож үзэхэд алтан хоёр ширхэг ээмэг, бөгж байсныг аваад түрийвчийг орхиод тэндээс гараад явсан. Би тэр айлаас гараад нэг жалганд унтаад өгсөн нэг мэдсэн чинь өглөө болчихсон байсан. Би тэр ээмэг бөгжийг хадгалж байгаад цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Би ээмэг бөгж хулгайлж авсан айлыг огт танихгүй. Шинээр гэр бүл болсон айл байсан. ...Миний бие нь хойд аав Батцэнгэл болон төрүүлсэн ээж Уранчимэг 4 дүү нарын хамтаар Увс аймгийн Хяргас суманд амьдардаг юм. Би урд хоёр удаа ял шийтгүүлж байсан ба хамгийн сүүлд хорих ял эдлэж байгаад өршөөлийн хуулиар суллагдсан юм. Хорихоос суллагдаад 2015 оны 11 дүгээр сард Хяргас суманд аав ээж дээрээ ирж хамтдаа амьдарч байна. 2016 оны 8 дугаар сарын 07-ны шөнө сумандаа Р.Алгаа, В.Сайнбат гэх хоёр найзтайгаа Сэнгүр нэртэй пивийг гэр хорооллын эзгүй айлын хашаанд уусан юм. Тэгээд бид нар пивоо ууж байгаад Р.Алгаа бид 2 хоорондоо маргалдсан юм. Р.Алгаа бид хоёр бие биенээсээ уучлалт гуйгаад салаад явсан. Би гэр лүүгээ явж байгаад гэрээ андуураад нэг хашаа руу ороход хашаан дотор 2 гэр байсан ба доод талынхан гэрийн хаалгыг татахад онгорхой байхаар нь гэрт ороход гэрэлгүй харанхуй байсан ба би гар утасныхаа гэрлийг тусгаад хэн гэдэг ямар айл байгааг харахад баруун, зүүн талын орон дээр хоёр хүн унтаж байсан намайг орж ирсэнийг мэдэхгүй унтаад байсан ба би баруун талд орон дээр унтаж байсан хүний хажууд байсан саарал өнгийн шилэн наалт нь цуурсан гар утас байсныг хулгайлж аваад гэр лүүгээ харьсан. Би гэрт очоод амбаар дотор хураалгатай байсан эсгийний завсар хадгалаад маргааш нь тоосго цохихоор хөдөө явсан. Намайг хөдөө явсаны дараа манайхан бороо орохоор гэрийн гадаа байсан тоосгоо хучих гээд миний гар утас нуусан эсгийг авсан байсан. Би ээжээс хураалгатай байсан эсгийн дотор байсан гар утас хаана байна гэж асуухад ямар учиртай гар утас вэ гэж асуухаар нь олж авсан утас гэж хэлсэн. Тэгээд ээж утсыг надад гаргаж өгсөн юм. Хэд хоногийн өмнө ээж Улаангом явахаар нөгөө утсыг кодыг нь тайлуулхаар ээжид өгч явуулсан юм. Ээж кодын гаргуулж чадалгүй ирсэн. Тэгээд тэр утсыг би хадгалчихсан юм. Хяргас суманд хулгайлж авсан гар утсаа хүн амьтанд үзүүлээгүй. Гар утсыг эргүүлж өгсөн боловч кодлуулаад шилийг нь хагалчихсан болохоор ...хохиролд 400000 төгрөг өгч байна. Би уг нь хулгай хийе гэж бодоогүй. Согтохоороо ийм хэрэг хийчихээд байх юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энэ хүмүүст хохирол, эд зүйлийг нь буцаагаад өгчихөөд байхад намайг яллах гээд байгааг ойлгохгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 105-110 тал / зэрэг нотлох баримт болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

        Шүүгдэгч Б.Ганболд нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Увс аймгийн Хяргас сумын Дэлгэр багийн нутагт оршин суух хохирогч Л.Сэр-Одын гэрт 2016 оны 6 дугаар сарын 12-ны шөнө нэвтрэн орж, монетон ээмэг, бөгж хулгайлж, 560.000 төгрөгний хохирол учруулсан, мөн хохирогч Ц.Батсайханы гэрт 2016 оны 8 дугаар сарын 07-ны шөнө нэвтрэн орж, iphone-6 загварын гар утас хулгайлж, 800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Сэр-Од, Ц.Батсайхан, гэрч С.Цэцэгбал, Ч.Чогсоо, Д.Уранчимэг, Б.Цэндээ, Д.Батцэнгэл, Ц.Өвгөнхүү, насанд хүрээгүй гэрч Б.Алтангэрэл нарын мэдүүлэг, Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 470, 471 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Ганболдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч Л.Сэр-Одын “...Шөнийн 03 цагийн үед манай хүүхэд уйлахад эхнэр сэрээд харахад зуухны дээд талд нэг эрэгтэй хүн хэвтэж байхыг хараад намайг дуудаж сэрээсэн. Би босоод тэр хүнийг татаж "та яагаад манай гэрт хэвтэж байгаа юм. Нялх хүүхэд уйлаад байна. Та гэрээс гар гэж" хэлэхэд тэр хүн "танай гэрийг гэрэлтэй байхаар нь чинь ороод ирлээ" гэж хэлсэн. Би тэр хүнийг ...татаж босгоод гэрийн үүд хүртэл яваад гэрээс ...гаргачихаад хаалгаа цоожилоод унтсан. ... Б.Ганболд тэр шөнө бид нарыг сэрэхээс өмнө голын орны шкаф дээр байсан түрийвчийг аваад дотор нь байсан ээмэг бөгжийг авчихсан байсан юм байна лээ.” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг, хохирогч Ц.Батсайханы “...Би Б.Ганболдтой уулзаж миний гар утсыг яаж авсан талаар асуухад "шөнө танай гэр рүү ороход хоёр хүн унтаж байсан. Тэгээд намайг орж ирэхийг мэдэхгүй унтаад байхаар нь урд талын ширээн дээр байсан гар утсыг аваад гарсан" гэж хэлсэн. /хх-ийн 74/ гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Ганболдын “...гэрэл асаалттай байсан ба голын орон дээр нэг түрийвч байхыг хараад аваад цахилгааныг нь онгойлгож үзэхэд алтан хоёр ширхэг ээмэг, бөгж байсныг аваад түрийвчийг орхиод тэндээс гараад явсан. ... Би баруун талд орон дээр унтаж байсан хүний хажууд байсан саарал өнгийн шилэн наалт нь цуурсан гар утас байсныг хулгайлж аваад гэр лүүгээ харьсан” гэх мэдүүлгүүд, Увс Финанс Аудит ХХК-ийн 470 тоот дүгнэлтээр Ipone 6  загварын гар утас 800.000 төгрөг гэж, мөн 471 тоот дүгнэлтээр монетон ээмэг 360.000 төгрөг, монетон бөгж 200.000 төгрөг гэж тус тус үнэлсэн зэргээр шүүгдэгч Б.Ганболд нь хохирогч Л.Сэр-Од, Ц.Батсайхан нарын эзэмшлийн зүйл болох монетон ээмэг, бөгж, гар утсыг хулгайлсан, уг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Сэр-Одод 560.000 төгрөгийн, хохирогч Ц.Батсайханд 800.000 төгрөгийн хохирол буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

             Шүүгдэгч Б.Ганболд урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 1305 дугаартай тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт хамаарагдан эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 05 хоногийн хорих ялаас өршөөгдсөн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Ялаас өршөөн хасах тухай” 357 тоот захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан дээрх ялын эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д “хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүй болохоор заасан тул шүүгдэгч Б.Ганболдыг дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзнэ.

             Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ганболдыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, ялтай байхдаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт  зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдах тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна .

       Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ганболд нь хулгайлсан монетон ээмэг /хос/, бөгжийг хохирогч Л.Сэр-Одод, Ipone 6 загварын гар утсыг хохирогч Ц.Батсайханд тус тус хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 135-136 дугаар хуудаст авагдсан хохирогч нарын гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

       Б.Ганболд нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхээс түүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг давтан, согтуурсан үедээ үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөлд, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцов. 

          Шүүгдэгч Б.Ганболд нь энэ хэрэгт нийт 42 хоног цагдан хоригдсоныг эдэлсэн ялд нь оруулан тооцох, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсантай холбогдуулан шүүгдэгчийн эзэмшлийн Нокиа 32-20 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг нэмэгдэл ялыг биелүүлж дуустал хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны  зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

            Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-297.5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Савар овгийн Батцэнгэлийн Ганболдыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдод 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганболдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдын энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

       5. Шүүгдэгч Б.Ганболдоос гаргуулах хохирол, төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.           

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганболдын эзэмшлийн нокиа 32-20 маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн  ажиллагаа хийгдэж дуустал хэвээр үлдээсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

        8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                                                  ШҮҮГЧИД                               Б.ГАНСҮХ

                                                                                                                  С.БОЛОРТУЯА