Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 207/МА2023/00060

 

2023 06 12 207/МА2023/00060

 

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Б ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...................... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.Ц-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар цахимаар, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Ц- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Ц би Б мед нэгдсэн эмнэлэгт 2020 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн Хүний нөөцийн менежер ажлын байранд үндсэн ажилтнаар ажиллаж ирсэн. Ажиллах хугацаанд О аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох эрх бүхий байгууллагаас ажил мэргэжил, мэргэжлийн талаас хэд хэдэн удаагийн шалгалтаар аливаа зөрчилгүй, ажиллаж ирсэн. 2022 оны 10 дугаар сарын эхнээс захирал Л.Б нь Орон тоо бөглөсөн, гай болсон, 2 жил зүгээр тэжээсэн, гэх зэргээр хэлэх, ажлын ачаалал шаардлагатай холбоотой, амралтын цагаар дуудан ажиллуулахдаа хувийн байгаа байдлыг маань үнэлж, буруу шаардлага тавьдаг болж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн үйл ажиллагааг магадлан итгэмжлүүлэхээр шинжээч нарт шалгуулан ажилласан. Үүний дараа маргааш нь "Б ХХК-ийн захирал Л.Г хийж байсан ажлыг булаан авч мөн л орон тоо бөглөж гай болсон, чамайг 2 жил зүгээр тэжээлээ, гадны үл таних хүн өрөөнд орж ирээд, бас өөртэй нь ч уулзаад гарсан байтал, надтай холбон загнахдаа: -Та нарын уулзаж учирдаг газар биш, гэх зэргээр хэлж, уйлах үед чиний нус нулимсаа гаргадаг газар биш яв, гэж шалтаглаж, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захирал Л.Б нь өглөө өрөөнд орж ирж бүх зүйлийг маань шалгана, одоо бүх хувийн зүйлээ аваад явахыг шаардсан үүнээс хойш би ажиллаагүй. Б овогтой Ц би Б шинэ тутам нэгдсэн эмнэлэгт хүний нөөцийн суурь бичиг баримтууд боловсруулан, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын өмнө байгууллагыг төлөөлөн үнэлүүлж, шалгагдаж ирсэн. Өөрийн болоод бусад ажилтны хөдөлмөрийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний газраар- хөдөлмөрийн цагийг үнэлүүлж, түүнд тохирсон цалин хөлсийг хуулийн дагуу олгуулах хүсэлтэй. Б мед нэгдсэн эмнэлэг нь бүх ажилтны хөдөлмөрийн цаг, гүйцэтгэлийг үнэлж чаддаггүй, ялгаварлан харьцаж цалин хөлс олгодог, ажилтныг хүссэн үедээ дараагийн ажилтан ирсэн бол үндэслэлгүй буруу халдаг, зэрэг хуульд нийцээгүй хөдөлмөрийн орчинд 50 гаруй хүн ажиллаж байгаа ба одоогоор миний оронд дараагийн ажилтныг ажилд авсан тул Б.Ц- би өөрийн ажил мэргэжилдээ эргүүлэх тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Ц-ын нэхэмжпэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх аль нэг байгууллагын ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн цагийн үнэлгээг тогтоолгож цалин хөлсийг нь олгуулдаг байгууллага биш. Мөн бусдын өмнөөс ийм шаардлага гаргах эрх Б.Ц-д байхгүй. Ц.Ц нь өөрийн албан ажилдаа хайнга хандаж олон алдаа дутагдал гаргасан тул түүнийг удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хуралд дуудахад би өөр ажилд орсон гэдгээ илэрхийлээд ажилдаа ирээгүй тул ажлаас нь чөлөөлсөн байна. Нэгэнт өөрөө сайн дураараа ажлаа орхиж явсан тул түүний нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй юм гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...................... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын хариуцагч Б ХХК-ийн Б эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие О аймаг Б нэгдсэн эмнэлэгт 2020 оноос 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүний нөөцийн менежер ажлын байранд ажиллаж байгаад үндэслэлгүй ажлаасаа хөөгдөж ажиллах ажилдаа эргэж орж хувийн эд зүйлээ авах эрхгүй болж иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. О аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...................... тоот шийдвэрт нөхцөл байдлыг буруу үнэлэн ажилдаа очоогүй, ажил тасалсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг эс зөвшөөрч нөхцөл байдлыг зөв үнэлэн ажил мэргэжилд тогтоон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ц- нь Хариуцагч Б ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын хариуцагч Б ХХК-ийн Б эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц- Б эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хүний нөөцийн ажилтнаар томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эмнэлгийн хүний нөөцийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулж ажиллаж байгаад Б эмнэлгийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Тушаалд : Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 123.2.5 дахь хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.5.1 дэх зааснаар Б.Ц-ыг нь 2022 оны 10 дугаар сарын 14, 17, 18, 19-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Б эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.6.1.-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас халах шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно, Б.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Ц- ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Ц-ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ...................... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц-ын хариуцагч Б ХХК-ийн Б эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын хариуцагч Б ХХК-ийн Б эмнэлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тухайн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б