Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/0122

 

 

“Б-Э” ХХК-ийн гомдолтой,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

Эмчилгээний чанарын хяналтын

 улсын ахлах байцаагч Т.У-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:             Ц.Цогт       

            Шүүгчид:                            М.Батсуурь

                                                        Х.Батсүрэн                     

                                                        П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                    Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0120 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-У, гомдол гаргагчийн өмгөөлөгч К.Б, хариуцагч хяналтын улсын ахлах байцаагч Т.У нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

            Хэргийн нөхцөл байдал:

2. “Б-Э” ХХК нь “хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ”-ний чиглэлээр эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Хүүхдийн эрүүл мэндийн лавлах 19001903 дугаартай утсыг ажиллуулж, хүүхдийн өвчний үзлэг, оношилгоог дуудлагаар буюу гэрт нь очиж үзүүлдэг.

3. Иргэн П.О-аас “... “Б-Э” эмнэлгийг миний бие үүсгэн байгуулсан ..., “И э” ХХК-тай хамтран Хүүхдийн эрүүл мэндийн лавлах 19001903 дугаартай утсыг /ажиллуулсан/...,   Э.Н, Б.У нар нь  “Б-Э” эмнэлгийг нэрийг барин гэрээр дуудлаганд явж, хүүхэд үзэж 30,000 төгрөг авдаг, ... “И э” ХХК-ийн захирал Д.О гэдэг хүний эзэмшлийн 19001903 дугаарын утсыг хууль бусаар ажиллуулж байгаа, ...  энэ талаар иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн, ... нарийн мэргэжлийн эмчийн эрхгүй этгээдээр иргэдийн дуудлагаар хаягаар очиж бага насны хүүхэд үзэж мөнгө олох арга болгон үйл ажиллагаагаа явуулж байгааг шалгуулах хүсэлтэй байна ...” гэх агуулгатай гомдлыг анх Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан, гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсаар “... үйл ажиллагааны чиглэлд заагаагүй тусламж үйлчилгээг зөвшөөрөлгүй үзүүлсэн” гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан “Б-Э” ХХК-нд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж, 3,840,000 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4. “Б-Э” ХХК-ийн төлөөлөгч ...тусгай зөвшөөрөлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй, ... Эрүүл мэндийн тухай хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх талаар заагаагүй, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг эрхлэн явуулсан, ... хууль бусаар олсон орлого гэх тооцооллыг компаниас ямар нэгэн баримт мэдээллийг авалгүйгээр дур мэдэн үнэлгээ тогтоож, уг үнэлгээндээ тулгуурлан тооцсон нь хууль бус ...” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүхийн шийдвэр:

5. Анхан шатны шүүхээс “... “Б-Э” ХХК нь хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр, мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Клиникт хамаарна, Клиник нь тухайн мэргэшсэн тусламж, үйлчилгээг зөвхөн амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэхийг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д заасан, ... “Б-Э” ХХК нь хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг дээр дурдсан 2 хэлбэрээс өөр хэлбэрээр явуулах эрхгүй”, “... “Б-Э” эмнэлгийн эмч Д.А нь хүний их эмч мэргэжилтэй боловч тэрээр хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэшээгүй атлаа гэрийн дуудлагаар үзлэг, оношилгоо хийх үйлчилгээ үзүүлсэн ...” гэх дүгнэлтүүд хийж, Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

 6. Гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор  давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “... “Б-Э” ХХК нь хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр зөвхөн амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжтой байх тул тус компани Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/41 дүгээр тушаалаар батлагдсан “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журмыг баримталж ажилласан эсэх, өөрт олгогдсон тусгай зөвшөөрөлд заасан “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэл”-ээр үйлчилгээ үзүүлсэн эсэхээс үл хамаарч гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь хууль бус..., энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй” гэх дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-У-аас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч:

7. “... Шүүхүүд “тусгай зөвшөөрөлд заагдаагүй тусламж үйлчилгээ явуулсан” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

8. “Б-Э” эмнэлэг нь гэрийн дуудлагын үйлчилгээг зарим тохиолдолд үзүүлж ирэхдээ Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба энэхүү хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх талаар тодорхойлж заагаагүй, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг дуудлагаар үзэхдээ тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулсан.

9. Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” хариуцлага тооцохоор заасан, нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон ЭХ05/22/2769 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хүрээнд хүүхдийн өвчний эмчилгээ, оношилгоог үзүүлж ирсэн байхад НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.У нь хуулийн дээрх заалтыг үл хайхран “Б-Э” ХХК-нд торгууль оногдуулсан нь үндэслэлгүй болсон.

10. “Б-Э” ХХК нь 2020 оны эхний 9 сарын хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газарт тайлан мэдээгээ хуульд заагдсан хугацаанд хүргүүлж, түүнд ногдох татварыг төлсөн байдаг ба тус байгууллагын хувьд хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг гэрээр очиж үзүүлэхдээ эмчлүүлэгчийн хүсэлт, эмнэлэгт ирэх боломжгүй байдал, давтан үзүүлж байгаа тохиолдолд урамшуулж буюу эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойртуулах байдлаар үзүүлж ирсэн.

11. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй гэрийн дуудлагаар очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэнийг яаралтай тусламжийн үйлчилгээтэй адилтгах байдлаар тусгай зөвшөөрөл авах ёстой, тусгай зөвшөөрөлд заагдаагүй үйлчилгээг үзүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

12. Хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Б-Э” эмнэлэгтэй холбоотой гаргасан гомдлыг шалгах ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Б-Э” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сараас 9 сарыг хүртэл хугацааны статистик тоон мэдээллийг гаргуулан авсан байна. Энэхүү тоон мэдээлэлийг үндэслэн НМХГ-ын улсын ахлах байцаагч Т.У нь хууль бусаар олсон гэх орлогын тооцоог бодож гаргасан байдаг ба ингэхдээ гэрийн дуудлага үйлчилгээ нэг бүрийг 30,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцож нийт 128 хүн үзсэн гэж үзээд 3,840,000 төгрөгийн орлого олсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани болон бусад эрх бүхий этгээдээс дуудлагын үйлчилгээний үнэлгээтзй холбоотой ямар нэг баримтыг аваагүй, зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад ийнхүү өөрөө дур мэдэн үнэлгээ тогтоож, өөрийн сонссон гэх үнэлгээнд тулгуурлан орлогыг тооцон гаргасан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

13. Шүүхээс ... /дээрх байдлаар/ статистик тоон мэдээлэл үндэслэн гаргасан хууль бус орлогын хэмжээг тогтооснийг зөвтгөхдөө хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрийн дуудлагын үйлчилгээг эрхлэн явуулахдаа хэдэн төгрөгөөр үзлэг хийдэг талаарх баримт, нотолгоог гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй гэдэг байдлаар дүгнэсэн үндэслэл бүхий болж чадсангүй.

14. Анхан шатны шүүхээс “Б-Э” ХХК-иас гаргасан зөрчилд хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй, уг шийтгэлийн хуудасны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.

15. Хуулиар хориглоогүй үйлчилгээ буюу Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон бусад стандарт, дүрэм журмаар хориглоогүй үйлчилгээ болох үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрт нь очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, хариу төлбөр авсан явдлыг хууль зөрчсөн гэж үзсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа хэрэг юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нийтийн эрх зүй дэх хориглосон хэм хэмжээний агуулга, шинжийг буруу тодорхойлсноос  Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарласан байна.  

17. Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан, энэ нь нийтийн эрх зүй дэх зохицуулах хэм хэмжээний “хориглосон” шинжтэй буюу “нийгэмд хор аюултай үйлдэл, үйл ажиллагааг хууль тогтоомжоор урьдчилан тогтоож, тийм зан үйлийг хориглох”-оор, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тогтоосон хэм хэмжээ юм.

18. Уг хэм хэмжээний гипотез буюу хэрэгжих нөхцөл нь Эрүүл мэндийн тухай болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд “эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах”-аар заасан байх, тухайн этгээд хуулиар шаардсан тусгай зөвшөөрөл аваагүй байх, энэ тохиолдолд диспозици буюу зан үйлийн хориглосон горим нь “эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох” хууль зүйн агуулгатай бөгөөд, энэ хориглосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд тухайн этгээдэд хуульд заасан тодорхой хариуцлага (санкц) оногдуулна. 

19. Тухайн тохиолдолд, “Б-Э” ХХК (эмнэлэг) нь “хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ”-ний чиглэлээр эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд эрхлэх хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй, талууд энэ талаар маргаагүй тул дээрх хэм хэмжээг хэрэглэх “эрх бүхий байгууллагаас эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй байх” урьдач нөхцөл (гипотез) хангагдаагүй, үүнээс үүдэн “тусгай зөвшөөрөлгүй этгээд эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох” хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, шүүхүүд Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг хэрэглэх нөхцлийг буруу тодорхойлсон, энэ талаарх “Б-Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

20. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 4-т “энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан, түүнчлэн мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон тул энэ хуульд шууд нэрлэн заагаагүй үйлдэл (эс үйлдэл)-ийг агуулгынх нь хувьд хамаатуулан тайлбарлаж, “зөрчил” гэж шүүх дүгнэж болохгүй, Зөрчлийн тухай хуулийн аль ч хэм хэмжээг төсөөтэй хэрэглэхгүй.

21. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлүүдийг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэхэд олгох тусгай зөвшөөрлүүдийг тус тус нэрлэн заасан, эдгээрийн дотор эмнэлэг (эмч) нь гэрээр, дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд олгох тусгай зөвшөөрөл заагдаагүй, эмнэлэг (эмч) гэрээр, дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусгай зөвшөөрөл авахыг дээрх хуулиудаар шаардаагүй байна.

22. “Б-Э” ХХК (эмнэлэг) нь “хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ”-ний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн хүүхдүүдийг “үзэж”, өвчний оношилгоо эмчилгээ хийсэн, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй, энэ тохиолдолд “Б-Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан үндэслэлээ “... Клиникийн стандартыг баримтлах ёстой атал гэрээр, дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь зөрчил юм” гэж тайлбарласан, шүүхүүд энэ үндэслэлээр “Б-Э” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан” зөрчил үйлдсэн гэж шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

23. Хариуцагчаас “… тусламж, үйлчилгээг зөвхөн амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байтал иргэдэд дуудлагаар гэрт нь очиж үзүүлсэн нь клиникийн стандартыг зөрчсөн” гэх боловч энэ нь “эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвшөөрөлгүй үзүүлсэн” гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 24. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Б-Э” ХХК (эмнэлэг)-ийн эмч Д.А нь “хүүхдийн өвчний эмчилгээ, оношлогооны чиглэлээр нарийн мэргэшээгүй атлаа дуудлагаар хүүхэд үзсэн” үйл баримт тогтоогдсон, тухайн тохиолдолд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсаар дээрх үндэслэлээр эмч Д.А-д шийтгэл оногдуулаагүй, “зөвшөөрөлгүй гэрээр, дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж клиникийн стандарт зөрчсөн” гэж, “Б-Э” ХХК-д шийтгэл оногдуулсан байх тул тухайн эмчид холбогдох “зөрчил” нь маргааны үйл баримтад хамааралгүй гэх гомдол гаргагчийн тайлбар мөн үндэслэлтэй.

25. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0120 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....... дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ     

ШҮҮГЧИД                                                     М.БАТСУУРЬ

                                                                      Х.БАТСҮРЭН

                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                      Д.МӨНХТУЯА