Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 1

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                        Я.Туул

Шүүгчид                                      Ц.Амаржаргал

                                                     Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                      Н.Дуламсүрэн

Ялтан                                            Б.М-

Ялтны өмгөөлөгч                         Ж.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгчийн бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н М-т холбогдох эрүүгийн 201609000448 дугаартай, 171/2016/0223/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхантолгой 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

-2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

-2002 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2003 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

 -2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял,

-2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Баяд овгийн Б-н М- /РД:ТЛ84050271/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.М- нь согтуурсан үедээ архины мөнгө олох шунахайн зорилгоор 2016 оны 06 дугаар сард иргэн Г.Энхбаатарын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг, 7 дугаар байрны 2 дугаар орцны подвалын цонхыг хаасан банзыг эвдлэн нэвтэрч 468.000 төгрөгний үнэ бүхий гагнуурын аппарат, “Кен” маркийн гар дрилль, таслагч, дорцовны ком хулгайлж бага бус хэмжээний хохирол, мөн 2016 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадна зогсоол дээр байрлуулсан байсан иргэн С.Батдэлгэрийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота приус 20” маркийн 4879 ДАХ улсын дугаартай автомашины 300.000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлж бага бус хэмжээний хохирол тус тус учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Баяд овгийн Б-н М-ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Баяд Баяндалайн М-т эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил /10/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.М-ын цагдан хоригдсон 83 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.М-аас 300.000 төгрөгийг /гурван зуун мянга/ гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, 12-р байр, 18 тоотод оршин суух Шарнууд овгийн Сэнгэдоржийн Батдэлгэр /РД:РН77011216/-т олгож, хохирогч Г.Энхбаатар нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор.... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Хохирогч С.Батдэлгэр прокурорын газарт хандаж Б.М-аас хулгайд алдагдсан эд зүйлийн үнийг нэхэмжлэхгүй гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж үзээгүй учир хохирлыг төлж баргадууллаа.

Б.М- бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, түүний ялтайд тооцох хугацаа дуусч ялгүй болсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг журамлан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Улсын яллагч Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

“...Ялтан Б.М- нь хохирогч С.Батдэлгэрт учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул Б.М-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна...” гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Б.М- нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Б.М-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхдээ иргэн Г.Энхбаатарын подвалаас алдагдсан гагнуурын аппаратыг гэрч Ө.Эрдэнэбилэгээс хураан авч хохирогчид хүлээлгэн өгөх үед хохирогч “...уг эд зүйлийг авахгүй...” гэсэн шалтгаанаар /хх-ийн 99, 100 дугаар тал/ гэрч Ө.Эрдэнэбилэгт буцаан өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх гагнуурын аппарат нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйл бөгөөд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, улмаар гэм буруутай этгээдийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий эд зүйлд тооцогдоно. Эд мөрийн баримтыг үзлэгийн тэмдэглэлд бичиж хэрэгт хадгалах, хадгалах боломжгүй бол гэрэл зураг, дүрс бичлэг хийж лацдаж битүүмжлээд хуульд заасан журмын дагуу тусгай газар хадгалахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86, 87 дугаар зүйлд заасан байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлд заасан арга хэмжээ авахаар тусгайлан зохицуулсан байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг буюу гагнуурын аппаратыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу гэрч Ө.Эрдэнэбилэгээс хурааан авч, хуульд заасан зохих ажиллагаануудыг хийлгэж зөвтгүүлэхээр хэрэгт  мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй байна.

Дээрх алдаанууд мөрдөн байцаалтын шатанд түгээмэл гарч байгаа тул цаашид гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хадгалахаар заасан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.М-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа  хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Б.М-т урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ                                                Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР