Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01178

 

 

 

 

 

 

 

 

2023 06 12 210/МА2023/01178

 

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00999 дугаар шийдвэртэй,

О.Э-ын нэхэмжлэлтэй,

Т- ХХК-д холбогдох,

12,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирдорж, хариуцагчийн төлөөлөгч Ц.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Э- 2020 оны 01 сард Япон Улсад 100 хувийн тэтгэлгээр явуулна, виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу тус сургалтын төвд очиж захирал Ц.А-, багш Ц.Э- нартай уулзсан. Захирал Ц.А- нь манайх тэтгэлгээр Япон Улсад явуулдаг гэж танилцуулаад тодорхой хэмжээний төлбөр гарна, одоо бүртгүүлсэн хүүхэд 6-7 сарын дараа Япон Улс руу явна, явцын дунд гэрээ байгуулна, виз гаргаж өгөхөд асуудалгүй гэж хэлсэн. Үүнд итгэж хүү Э.Б-ыг явуулахаар болж 12,210,000 төгрөгийг Хаан банкин дахь Ц.Э-гийн 5075060749 тоот дансанд шилжүүлсэн. Виз гарсан гэх боловч өнөөдрийг хүртэл манай хүүхэд Япон Улс руу яваагүй, мөнгө өгснөөс хойш бараг 2 жил өнгөрлөө, мөнгөө буцааж авъя гэхэд буцаан олгохгүй гэсэн тайлбар өгсөн. Иймд хариуцагчаас Япон Улс руу явах визний төлбөрт өгсөн 12,210,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: О.Э- нь 2020 оны 01 сард манай хэлний сургалтын төвтэй харилцаж хүү Э.Б-ыг 2020 оны 07 сард суралцагчаар Япон Улсад хэлний бэлтгэл сургуульд зуучлуулж суралцахаар бүртгүүлсэн. Манайх Э.Б-ыг бүртгэж аваад япон хэлний сургалтад хамруулсан. Япон Улсад оршин суух зөвшөөрөл, сургуулийн урилгыг авахад шаардагдах бичиг баримтыг эцэг, эхээр нь бүрдүүлж, орчуулж улмаар Япон Улсад суралцуулах сургуульд нь хүргүүлсний дагуу Япон Улсын Ази олон улсын хэлний сургуульд суралцах зөвшөөрөл нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр ирсэн. Гэвч Э.Б- нь сургалтад бүртгүүлснээс хойш бичиг баримтаа бүрдүүлж өгөөд зуучлан суралцуулах гэрээгээ ч хийхгүй алга болсон. Бид зөвшөөрөл гарсан даруй мэдэгдэж, нэхэмжлэгч зуучлалын үлдэгдэл төлбөр 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй дахин харилцаагүй алга болсон.

Э.Б- яваагүйгээс Японы сургууль нь манай төвтэй хийсэн хамтын ажиллагааны итгэлцэл алдагдаж цаашид хамтран ажиллахаа зогсоосон. Манай төв О.Э-, Э.Б- нартай тохиролцсон Япон Улсын сургуульд зуучлах үүргээ бүрэн биелүүлсэн, харин нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Япон Улсад оршин суух зөвшөөрөл, суралцах урилга нь ирсэн байхад яваагүй бол уг бичиг баримтын эх хувийг Японы сургууль руу нь буцаадаг журамтай учраас манайх урилгын эх хувийг буцаасан ба манайд хуулбар нь байгаа. О.Э- нь Э.Б-ыг Япон Улсад суралцуулж, ажиллуулахын тулд зуучлалын хөлс 12,000,000 төгрөг төлсөн нь үнэн, энэ мөнгөнд сургуулийн урилга, оршин суух зөвшөөрөл, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 3 сарын хугацаатай гарсан. Бид зуучлалын хөлс тохирч, бүх ажлаа бүрэн хийсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.4, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Т- ХХК-аас 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Э-д олгож, нэхэмжлэлээс 6,210,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,310 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 12,210,000 төгрөг төлсөн болон хариуцагч нь Э.Б-ыг Япон Улсын хэлний сургалтанд хамруулж сургуулийн болон оршин суух, ажил хийх зөвшөөрлийг гаргаж өгөх, визэнд ороход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх зэрэг харилцан үүрэг хүлээснийг үндэслэлтэй дүгнэсэн. Харин төлбөрийг юунд хэрхэн зарцуулсан, хэдэн төгрөгийг буцаан шаардах эрхтэй талаарх хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч нь төлсөн 12,210,000 төгрөгийг дараах үндэслэлээр буцаан шаардах эрхтэй.

Үүнд: 160,000 төгрөгийг Э.Б- нь япон хэлний сургалтын төлбөрт тооцон суутгаж байгааг зөвшөөрсөн. Япон хэлний шалгалт болсныг Э.Б-т мэдэгдсэн баримтгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй тул 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Япон Улсад сургах сургалтын төлбөрийг зуучлалын хөлс гэх боловч талууд зуучлалын гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй. Хариуцагч нь Япон Улсад суралцуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч 12,000,000 төгрөгөө бүхэлд нь буцаан шаардах эрхтэй юм. "Т-" ХХК нь Э.Б-т хамааралтай гэх Япон Улсад оршин суух зөвшөөрөл, сургуулийн зөвшөөрөл, ажил хийх зөвшөөрөл, амлалтын бичгийг надад болон хүү Э.Б-т эх баримтаар нь харуулаагүй, өгөөгүй, визэнд ороход шаардагдах баримт материал бүрдүүлсэн байсан эсэх нь тодорхойгүй байсан.

Хариуцагчаас шүүхэд гаргасан Э.Б-ын сургуулийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, амлалтын бичиг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байхад татгалзлаа нотлоогүй. Гэвч анхан шатны шүүхээс Э.Б-ыг Япон Улс руу явах сонирхолгүйн улмаас бичиг баримтаа шаардаагүй болох нь зохигчийн тайлбар, гэрч. Э.Б-ын мэдүүлэг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна ... хэн аль нь гэрээний үүргээ хэн алинаасаа шаардаагүй... гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, төлбөрийн 50 хувиар хариуцлага хүлээх ёстой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Э.Б- нь Япон Улс руу явахаас татгалзсан нь "Т-" ХХК тохиролцсон үүргээ биелүүлэлгүй 1-2 жил болсон, коронавирус гарч хил хаасан зэрэг нөхцөлөөс шалтгаалсан учир төлбөрөө буцаан авахаар тохиролцож чадаагүй тул нэхэмжилсэн. Иймд хүү Э.Б- нь Япон Улс руу явах сонирхолгүйн улмаас бичиг баримтаа шаардаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хүү Э.Б-ын гэрчийн мэдүүлэгт "Сургалтын төв надтай ярихдаа хэзээ явуулах талаар яриагүй, хэзээ төлбөрөө төлөх вэ гэж холбогддог байсан ... бүх зүйл бэлэн шар хуудас чинь ирсэн гэж байсан. Одоо виз гараад л бүх зүйл болно. Виз гаргахын тулд ярилцлагад орох ёстой. Ярилцлагад ороход бүх асуулт хариултыг бэлдэж өгнө гэж Энхсайхан багш хэл байсан. Би нэг очиж уулзахад хэцүү болсон гэж хэлж байсан учир Япон Улсад явахаа больсон ... 2021 оны 08 сар хүртэл хугацаанд сургалтын төвөөс над руу холбогдоогүй. Материалаа бэлдээд над руу ярина гэж хэлсэн болохоор хүлээж байсан. Би холбоо тогтоогоогүй" гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч нь Япон Улсад суралцуулах үүргээ биелүүлээгүйг харж болно.

Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд гэрээнээс татгалзсан гэж дүгнэж байгаа тохиолдолд талуудыг өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсгэх бөгөөд хариуцагч хүлээн авсан төлбөрийг хэрхэн зарцуулсан, үүргээ гүйцэтгэсэн тухай татгалзлаа нотолж чадахгүй тул 12,000,000 төгрөгийг бүхэлд нь буцааж төлөх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, 12,050,000 төгрөгийг хариуцагч "Т-" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Бид энэ ажлыг Монголын залуучуудыг Япон Улсад бага зардлаар их зүйлийг сурч, эх орондоо ирж, сайн сайхан ажиллаж амьдраасай гэж хүссэний үндсэн дээр бизнесээ явуулж байсан. Э.Б-ын Япон Улс руу явах нөхцөл бүрдчихсэн, Япон Улсын хуулийн дагуу тухайн бичиг баримтаа ашиглахгүй бол 3 сарын хугацаанд буцаан өгч устгуулах ёстой байдаг. Э.Б-ын аав, ээжтэй нь холбогдох гэж олон удаа оролдлого хийсэн. Бид үүргээ биелүүлсэн. Япон Улс руу сургалтын зардалд мөнгийг шилжүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тайлбар татгалзлаа нотлох зорилгоор Япон Улсын сургуулиас цахим хаягаар ирүүлсэн баримтуудыг гаргаж өгсөн. Одоо манай компани хохирч, хүүхэд зуучлах ямар ч боломжгүй болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр манай компаниас 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.Э- нь хариуцагч Т- ХХК-д холбогдуулан хүү Э.Б-ыг Япон Улс руу явуулах зорилгоор шилжүүлсэн 12,000,000 төгрөг, япон хэлний сургалтын төлбөр 160,000 төгрөг, шалгалтын хураамж 50,000 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигч Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байгуулах талаар амаар хэлэлцэн тохиролцож, үүрэг гүйцэтгэгч Т- ХХК нь О.Э-ын хүү Э.Б-ыг Япон Улсад ажиллах, суралцах болон виз авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч О.Э- нь 12,000,000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч 2020 оны 01 сарын 14-ний өдрөөс мөн оны 08 сарын 05-ны өдрийн хугацаанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 12,210,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээгээр шилжүүлсэн дээрх төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь Э.Б-ыг Япон Улсад суралцах, хөдөлмөр эрхлэхэд зуучлах үүргээ бүрэн биелүүлж, визэнд ороход шаардлагатай бичиг баримт Япон Улсаас 2020 оны 05 сарын 20-ны өдөр ирсэн, нэхэмжлэгч тал өөрөө татгалзсан, визэнд ороогүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч үүргээ биелүүлсэн эсэх, мөн талууд гэрээнээс татгалзах үндэслэлтэй талаар зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

5.1. Хариуцагч татгалзлаа нотлохоор а цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүх 2022 оны 06 сарын 08-ны өдөр үзлэг хийж, цахим шуудан, түүний хавсралт баримтууд болох Япон Улсад оршин суух зөвшөөрөл /хх-63, 186/, Сургуулийн зөвшөөрөл /хх-65, 187/ баримтуудыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн ба уг ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт нийцжээ. Мөн хариуцагч нь хавсралт баримтуудын орчуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх баримтуудын эх хувь хэрэгт авагдаагүй, эх хувиас орчуулаагүй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь буруу байна. Учир нь, уг баримтуудыг хариуцагч цахим хэлбэрээр хүлээн авсан байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад хамаарна.

 

5.2. Хэрэгт авагдсан гэрч Э.Б-ын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн баримтууд болон хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулж дүгнэхэд, хариуцагч Т- ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй байна. Тодруулбал,

Япон Улсад оршин суух зөвшөөрөл-д ...Э.Б ... Япон улсад сурах ажиллах зөвшөөрөл олгов ... AILC Ази олон улсын хэлний сургууль ... дээрх этгээд Япон улсад оршин суух зөвшөөрлийн хувьд Гадаадын иргэн харьяатын газар болон Цагаачлалын хуулийн 7-1-2-т заасны дагуу Япон улсад орох нөхцөлөө хангасан болохыг тодорхойлов ... оршин суух нөхцөл Оюутан 1 жил 3 сар... гэж, Сургуулийн зөвшөөрөл-д ...Э.Б ... дээрх суралцагчийг тус сургуульд элсэн суралцахыг зөвшөөрөв ... суралцах хугацаа 2020 он 7 сар 1 өдөр 2022 оны 3 сар 31 өдөр .. суралцах анги Япон хэлний анги... гэж тус тус тусгагдсан, мөн гэрч Э.Б- ...бүх зүйл бэлэн шар хуудас чинь ирсэн ... одоо виз гараад л бүх зүйл болно. Виз гарахын тулд ярилцлагад орох ёстой гэж Э багш хэлж байсан. Би нэг очиж уулзахад хэцүү болсон гэж хэлж байсан ... явах эсэх талаараа Э захиралтай ярилцсан. Бодож байгаад эргээд хариу хэлье гэж хэлсэн ... коронавирус гарч хил хаалттай байсан явна гээд 1-2 жил болсон болохоор санхүүгийн хувьд хүнд байсан ... явахаа больсон талаар эхлээд миний шийдвэр байсан, дараа нь аав ээжтэйгээ ярилцаад явахаа болихоор шийдсэн гэж мэдүүлсэн зэргээс хариуцагчийн гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй гэж дүгнэв.

 

5.3. Дээр дурдсанаар хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

5.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн зохион байгуулсан япон хэлний сургалтад Э.Б- хамрагдсан талаар маргаагүй бөгөөд уг сургалтын төлбөрт төлсөн 160,000 төгрөгт холбогдох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй байна. Харин шалгалт явуулаагүй гэх үндэслэлээр шалгалтын төлбөрт шилжүүлсэн 50,000 төгрөгийг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан ба хэргийн баримтаас үзэхэд Э.Б- нь хариуцагч байгууллагатай холбоогүй болсны улмаас шалгалт зохион байгуулагдаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба үүнд хариуцагч гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн гомдлоор өөрийнх нь эрх зүйн байдлыг дордуулахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/00999 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ