Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01210

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 210/МА2023/01210

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/01636 дугаар шийдвэртэй

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.М-д холбогдох,

24,416,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 05 сарын 02-ны өдрөөс 18-ны өдрүүдэд БНХАУ-ын иргэн Эрээн хотод оршин суудаг гэх Б-аас барилгын бараа материал захиалахаар тохиролцож, түүний Монгол улсад хамтран ажилладаг гэх хариуцагч Д.М-ы Хаан банкны 0000000000 тоот данс руу өөрийн Хаан банкны 1111111111 тоот данснаас 2021 оны 05 сарын 19, 20-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр 24,416,000 төгрөг шилжүүлсэн. Төлбөрийг шилжүүлснээс хойш Б- нь БНХАУ-аас бараа илгээгээгүй. Иймд хариуцагч Д.М-аас миний шилжүүлсэн төлбөр болох 24,416,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Б.Б-ыг танихгүй өмнө нь байгаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй. Манай гэр бүл Бөмбөгөр худалдааны төвд бизнес эрхэлдэг бөгөөд олон жил бараагаа авдаг байсан БНХАУ-ын иргэн Хан Шүэй Хуа ба Монгол нэр нь Сургаальт гэх Өвөр Монгол хүн манай иргэдээс бараа захиалгын мөнгөө миний дансыг ашиглаж авдаг байсан бөгөөд би дансанд орж ирсэн мөнгийг эгч Д.Л-д шилжүүлж, эгч юань болгоод Сургаальт руу шилжүүлдэг байсан. Миний Хаан банкны дансанд Хятад улмаас бараа захиалж байгаа олон иргэдийн мөнгө ордог бөгөөд хаанаас хэн, хэдэн төгрөг орж шилжүүлснийг шалгадаггүй. Мөнгийг тус дүнгээр нь буцаан шилжүүлдэг. Б.Б-тай гэрээ хэлцэл хийж мөнгө аваагүй тул бараа захиалж хэлцэл хийсэн хүнээс мөнгөө нэхэх боломжтой. Иймд Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.М-аас 24,416,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.М-аас 280,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгийг Д.Л-д дамжуулан өгсөн гэж тайлбарлаж байгаа ч хариуцагчаас Д.Л-гийн хаан банк дахь 5015237631 тоот данс руу шилжүүлэн өгсөн мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгө гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал хариуцагч Д.М-ы хаан банкны дансны хуулганаас үзвэл нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгө болон Д.Л-д шилжүүлсэн гүйлгээний мөнгөн дүн зөрүүтэй байхаас гадна 2021 оны 05 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн байхад хариуцагч Д.Л-гийн данс руу 1,000,000 төгрөгийг Мөнхөө гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэн өгсөн. Мөн 2021 оны 05 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлэн өгөхөд Д.Л-гийн дансруу мөнгөн гүйлгээ хийгээгүй байна... гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой шинжлэн судалж шалгаагүй, дутуу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь нэхэмжлэгч Б.Б-ын хаан банкны 1111111111 тоот данснаас хариуцагч Д.М-ы 0000000000 тоот данс руу 2021 оны 05 сарын 19-ний өдөр 19,416,000 төгрөг, 2021 оны 05 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлснийг Д.М- эгч Д.Л-гийн хаан банкны 5015237631 тоот дансруу 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 11:47 цагт 21,000,000 төгрөг, мөн өдрийн 12:34 цагт 22,000,000 төгрөг, 13:10 цагт 9,000,000 төгрөгийг АТМ-аар, 13:00 цагт 1,000,000 төгрөг, 21:24 цагт 1,000,000 төгрөг болон өөр бусад мөнгөний хамт шилжүүлсэн нь Д.М-, Д.Л- нарын хаан банкны дансны хуулга болон хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог (хх 30-33),

 

Мөн гэрч Д.Л- нь Д.М-аас шилжүүлсэн мөнгийг бүгдийг нийлүүлж Ш.О- гэх хүний 2222222222 тоот дансанд 2021 оны 05 сарын 20-ны өдөр 223,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд гэрч Д.Л- шүүхэд мэдүүлэхдээ төгрөгийг юань болгож солиулахаар О-т шилжүүлсэн, О- нь БНХАУ-ын иргэн Сургаальт руу өгсөн..." гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянан шийдвэрлэж чадаагүйн учир хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

 

Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг "... хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт гэж үзэх боломжгүй..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг хуульд зааснаар цуглуулж шүүхээр үзлэг хийлгэж бэхжүүлсэн нь хуулийг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

 

Гэрч О-т шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээс гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж чадаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэснийг анхан шатны шүүх зөрчиж шийдвэрийн агуулгыг танилцуулаагүй шийдвэрлэсэн нь хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй гэх эргэлзээ төрүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдол үндэслэлгүй. Гэрч Ш.О-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хариуцагч гаргасан ч оршин суух хаяг нь тодорхойгүй байсан. 2023 оны 04 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Ш.О- ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг хойшилно гэж ойлгосон ч хариуцагч тал Ш.О-ийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаж гэрчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Б.Б-аас хариуцагч Д.М-ы данс руу 24,416,000 төгрөг орсонд маргаагүй. Тухайн мөнгийг цааш хэнд шилжүүлсэн эсэхэд маргасан.

 

Хариуцагч талын давж заалдах гомдолд 2021 оны 05 сарын 19-ний өдөр Д.Л-гийн 19,416,000 төгрөгийг нэг удаа шилжүүлсэн гэх тайлбар өгсөн. Гэтэл 2021 оны 05 сарын 19-ний өдөр Д.Л-гийн данс руу 19,416,000 төгрөг бөөндөө ороогүй, 3 удаагийн шилжүүлгээр Д.М-ы дансруу Б.Б- өөрийн утасны дугаарыг гүйлгээний утгад бичиж шилжүүлсэн. Тухайн цаг хугацаанд Д.Л-гийн дансруу 22,000,000 төгрөгийг шилжүүлэн гэх боловч Б.Б-аас 22,000,000 төгрөг шилжээгүй байсан. Мөн 14,416,000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө Д.Л-гийн данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар хариуцагч огт дурдаагүй. Үүнээс үзэхэд Д.М-, Д.Л- нарын хооронд их хэмжээний мөнгөн гүйлгээ байнга хийгддэг байсан нь нотлогдсон. Мөн Д.Л-гийн данснаас төгрөгийг юань болгон шилжүүлэх зорилгоор Ш.О-ийн данс руу мөнгө шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгийг Сургаальт руу шилжүүлсэн гэж хариуцагч тал тайлбарласан ч тухайн үйл явц нь баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч талын давж заалдах гомдолд чатыг үнэлсэн гэх боловч анхан шатны шүүх хуралдаанаар тухайн чатыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ярианы бичлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт биш гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулаагүй гэх боловч даргалагч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн талаар тайлбарласан. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаагүй. Мөн Б.Б-ын шилжүүлсэн 24,416,000 төгрөг нь Д.М-ы дансанд одоог хүртэл байгаа гэж үзсэн учраас Д.М-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Д.М-аас 24,416,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Б- нь Хаан банк ХХК дахь өөрийн 1111111111 тоот данснаас 2021 оны 05 сарын 19-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр (14,416,000+5,000,000) 19,416,000 төгрөгийг, мөн 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг буюу нийт 24,416,000 төгрөгийг хариуцагч Д.М-ы мөн банкин дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хүсэл зориг, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, зохигчийн хооронд үүссэн эрхзүйн харилцааг зөв тодорхойлолгүй талуудын хооронд анхнаасаа үүрэг үүсээгүй гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулан анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг өөрчлөх боломжтой байна.

 

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... би БНХАУ-ын иргэн н.Б-аас барилгын материал захиалахаар тохиролцож, түүний Монгол Улсад хамтран ажилладаг гэх Д.М-д 24,416,000 төгрөг шилжүүлсэн ... н.Б- нь хугацаа сунгаж худал ярьсаар холбоогоо таслан хариу өгөхөө болсон ... Д.М- нь өөрийн дансаар шилжүүлсэн мөнгийг цааш нь шилжүүлээгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ... би Баттамирыг танихгүй ... олон жил бараа авдаг БНХАУ-ын иргэн Сургаальт манай иргэдээс барааны захиалга авахдаа миний дансыг ашиглаж авдаг ... би дансанд орж ирсэн мөнгийг өөрийн эгч рүү шилжүүлж ... эгч юань болгоод Сургаальт руу шилжүүлдэг ... нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4.2. Хэргийн баримтаар хариуцагч нь 2021 оны 05 сарын 19-ний өдөр 43,000,000 төгрөг, 20-ны өдөр 223,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь Д.Л-гийн 5015237631 тоот дансанд тус тус шилжүүлжээ. Энэ талаар гэрч Д.Л- мэдүүлэгтээ бид олон жил гутлын наймаа хийж байгаа Сургаальт гэх хүнтэй наймааны түнш ... бараагаа захиалахдаа бэлэн мөнгө өгч чадахгүйд хүрсэн барааны мөнгийг Д.М-ы дансанд хийлгэн авч байсан ... Д.М- 24,416,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ... юань болгоод Сургаальтын данс руу хийсэн ... Б- гэх хүнийг танихгүй гэж мэдүүлжээ.

 

5. Зохигчийн дээрх тайлбар, хэргийн баримтаар хариуцагч Д.М- нь БНХАУ-ын иргэн Сургаальт, н.Б- нартай ажил хэргийн харилцаатай, ийнхүү тогтсон ажил хэргийн харилцааны хүрээнд өөрийн болон бусдын бараа захиалгын төлбөрийг өөрийн дансаар дамжуулан тухайн иргэдэд дамжуулан шилжүүлдэг байна. Энэ хүрээнд хариуцагч нь БНХАУ-ын иргэн н.Б-т мөнгийг шилжүүлэхээр нэхэмжлэгчээс хүлээн авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэн, банканд нээлгэсэн дансаараа дамжуулан төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй хэдий ч өөрөө уг төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэгч байхыг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт зааснаар хязгаарлан хоригложээ. Төлбөр тооцооны үүргийг Монголбанкны зөвшөөрлөөр арилжааны банк гүйцэтгэхээр Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасан бөгөөд энэ үйл ажиллагааг хариуцагч эрхлэх эрхгүй, иргэнд энэ төрлийн зөвшөөрөл хуулиар олгогдохгүй хориглосон үйл ажиллагаа юм.

 

6. Талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь дээрх хэлцлээр хүлээн авсан 24,416,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээг зөвтгөн дүгнэнэ.

7. Хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталж анхан шатны шүүх хариуцагчаас 24,416,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.1 Гомдолд гэрч Ш.О-т шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг аваагүй гэсэн ба анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 205 дугаар тогтоолоор Ш.О-ийг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, гэрчид шүүх хуралдааны товыг 99005714 дугаараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгджээ. Гэрч шүүхэд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хариуцагч тал гэрч асуулгах хүсэлтээс татгалзсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

 

Шүүх гэрчийн хаягаар шүүх хуралдааны товыг гэрчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч гэрчээс татгалзсан тул шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

8.2 Давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн эрхзүйн харилцааг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн ба хариуцагч нь дээрх мөнгийг өөрийн эгч Д.Л-д шилжүүлснийг түүний татгалзалд нотолгооны ач холбогдолтой гэж үзэхгүй. Мөн анхан шатны шүүх 2022 оны 01 сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн авсан баримтыг хэрэгт ач холбогдолгүй, тодорхой бус гэх агуулгаар үнэлээгүйг буруутгахгүй.

 

8.3 Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/01636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ