Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00751

 

 

                                                            ****ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

24,416,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч ****, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарын хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь ****дхолбогдуулан 24,416,000төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ****аас 24,416,000 төгрөг гаргуулах тухай ****ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 24,416,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай. гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280,030 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч ****, түүний өмгөөлөгч Н.Жамъян нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасны дагуу ****, **** нарын хооронд төлбөр тооцооны үүрэг үүссэн гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хүчин төгөлдөр бус хэлцэл болно” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Учир нь **** нь ****ыг өмнө огт танихгүй, ямар нэг байдлаар уулзаж хэлцэл хийж байгаагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй юм. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Д.Мөнхсайхан нь өөрийн Хаан банк дахь дансанд орж ирсэн 24,416,000 төгрөгийг хэний мөнгө болохыг мэдээгүй шалгаагүй байдаг ба тухайн мөнгийг шууд БНХАУ-ын иргэн Баяр гэгчийн данс руу шилжүүлээгүй байх бөгөөд өөрийн эгч н.Лхагвасүрэн рүү шилжүүлсэн гэж тайлбарладаг. Эгч н.Лхагвасүрэн нь цааш Ш.Оюунчимэгт шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан төлбөр тооцооны гэрээ, хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх “...хариуцагч нь төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх эрхгүй байх тул нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн 24,416,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж дүгнэсэн нь шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. **** нь ****тай ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч **** хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ. 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.23-ны өдрийн 001/ШХТ2022/00609 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

ХЯНАВАЛ: 

7. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн тайлбарын үндэслэл, шалтгаан, тэдгээрийн агуулгыг зөв тодруулаагүйгээс хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй, зарим үйл баримтын талаар зохигчийг шүүхээс мэтгэлцүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, ****ын нэхэмжлэлийг хангажээ. 

9. Нэхэмжлэгч ****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...БНХАУ-ын иргэн н.Баяраас барилгын бараа материал захиалахаар тохиролцож, түүний Монгол Улсад хамтран ажилладаг ****д 24,416,000 төгрөг шилжүүлсэн, бараа нийлүүлээгүй учраас мөнгөө буцаан гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна.   

9.1. Хариуцагч **** “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгийг эгч Д.Лхагвасүрэнгээр дамжуулан Хятад Улсын иргэн Сургааль, Баяр нарт шилжүүлсэн...” гэж мэтгэлцжээ. 

10. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөддавж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

11. Нэхэмжлэгч ****ын “Эрээн хотод оршин суудаг гэх н.Баяртай хамтран ажилладаг ****д барилгын бараа материал үнийг шилжүүлсэн” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсны улмаас хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл ****ыг худалдах-худалдан авах гэрээний нэг тал буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан этгээд болох, эсхүл хууль буюу гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө өөр үүрэг хүлээсэн эсэх ялгаатай байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагад шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг сонгож хэрэглэх шаардлагатай. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд зохигчийн маргааны зүйлд шүүхээс үйл баримт, хууль зүйн талаар дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хангагдах юм. 

12. Анхан шатны шүүх ****ы хүсэлтээр ****ын харилцаж байсан Баяр, хариуцагчийн харилцаж байсан Сургааль нарын харилцан ярьж байсан гэх Ви чатын цахим ярианы бичлэгт 2022.01.18-ны өдөр үзлэг хийсэн байна. 

Дээрх ярианы бичлэгийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт гэж үзэх боломжгүй гэж дүгнэн үнэлээгүй бөгөөд харин давж заалдах шатны шүүх түүнийг үнэлжээ. 

Хэрэгт авагдсан Ви чатын ярианы бичлэг, түүнд анхан шатны шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл нь хэлбэрийн хувьд нотлох баримтад хамаарах боловч уг баримтыг хэрхэн олж авсан болон уг яриа хэний хооронд болсон, зохигч уг баримтыг маргаж буй эсэхийг тодруулж мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ. 

13. Хариуцагч ****аас нэхэмжлэгч ****ынмөнгийг эгч Д.Лхагвасүрэнгээр дамжуулан Хятад Улсын иргэн Баяр луу шилжүүлсэн гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар ньүнэлж, нэхэмжлэлийн шаардлага бүрээр хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохүндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог. 

13.1. **** нь ****ыншилжүүлсэн мөнгийг Хятад Улсын иргэн Баярт шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн бол хэрхэн, ямар замаар шилжсэнийг тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна. 

14.  Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны зүйлийн талаар талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байх тул нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

15. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэт тодруулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00439 дүгээр шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 657 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД