Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2019/0265

 

2019 оны 05 сарын 15 өдөр           Дугаар 221/МА2019/0265                          Улаанбаатар хот

А.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу А.Б-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан Б А-н Б-н Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаар шийдвэрт дараах хууль тогтоомж зөрчсөн, буруу тайлбарласан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 11 дэх заалтыг зөрчсөн.

А.Б миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа. Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль зөрчсөн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Тухайлбал, багийг татан буулгах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа зохион байгуулсан гэж хариуцагч талаас 144 иргэнийг гарын үсэг зуруулж авсан нь хууль бусаар зарим иргэний гарын үсгийг нэг иргэн төлөөлж зурсан, мөн зарим иргэдийн гарын үсгийг тухайн иргэн зураагүй байхад зурсан байсан бөгөөд үүнийг нэг иргэн төлөөлүүлж миний гарын үсэг биш гэдгийг гэрчийн мэдүүлгийг өгөөд байхад хуурамч нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн шийдвэрлэсэн.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа иргэдээс нь сонсох ажиллагаа гэж хуурамч гарын үсэг зуруулсан материал, оршин суугчдын хуралдааны тэмдэглэлд үндэслэн гаргасан шийдвэрийг хамгаалж, хүчингүй болгоогүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1-д багийг өөрчлөн, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн шийдвэрлэхээр хуульд заасан байхад шүүх шийдвэр гаргахдаа /шийдвэрийн 4-р талд/ “Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан журмыг зөрчсөн байх боловч нэхэмжлэгч А.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй” гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж гаргасан гэж үзэж байна.

Багийг татан буулгасан тогтоол нь А.Б-н нэр тодорхой зааж, эрх ашиг хөндөгдөөгүй байгаа боловч миний ажил албан тушаалтай холбогдуулж миний эрх ашиг уг тогтоолын 2-т зааснаар хөндөгдөж байгаа болно.

Мөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “сумын хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно гэж тодорхойлоод мөн хуулийн 22.11-д “Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно” гэж заасан байгаа. Иймд хууль зөрчсөн, хуурамч нотлох баримтыг үнэлж дүгнэн шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч миний шаардлагыг хангуулж, хуурамч материал бүрдүүлэн хууль зөрчиж шийдвэр гаргасан Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.

Нэхэмжлэгч А.Б-с нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “баг татан буулгах тухай тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин гарсан, ... иргэдээс санал гаргаагүй, санал ч аваагүй, ... багт харьяалагддаг иргэдийн эрх ашиг зөрчигдсөн, ... сонсох ажиллагаа явуулаагүй ... сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн” гэж тайлбарлажээ.

Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалтын асуудлын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүсэхгүй, иргэний хувьд маргаан бүхий тогтоол нь эрх зүйн байдалд нь өөрчлөлт оруулах үйлчлэлгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид зохион байгуулалт хийсэн шийдвэрийн талаар иргэн нэхэмжлэл гаргах эрхгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар А.Б-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зөв байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “багийг татан буулгасан бол аль нэг багт орох ёстой” гэх үндэслэлийн тухайд: Тус багт харьяалагдаж байсан иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн үйлчилгээ авахтай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна. Харин тус багт харьяалагдаж байсан иргэдийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан ямар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хэрхэн харьяалуулах асуудал нь маргаан бүхий тогтоол гарсны дараа түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх тусдаа харилцаа байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий тогтоолоор татан буугдсан Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг даргын хувьд эсхүл Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл[1] гаргаагүй. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, баталгаа зөрчигдсөн эсэх асуудлаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна. Иймд нэхэмжлэгчийн гомдлын “тогтоол нь А.Б-н нэр тодорхой зааж, эрх ашиг хөндөгдөөгүй байгаа боловч миний ажил албан тушаалтай холбогдуулж миний эрх ашиг ... хөндөгдөж байгаа болно” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 126/ШШ2019/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан А.Б-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-с нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийг “Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч” гэж бичжээ.