Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00009

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Б /РХ.../-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 13 дугаар тогтоолоор баг татан буулгах тухай тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин гаргасан. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын чөлөө цагт түүний тэргүүлэгчид, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 2-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэж тодорхой заасан.

Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах эрх нь хуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон хэдий ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.2.Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ гэж заасан байгаа.

            4.1-д заасан үндэслэл маш тодорхой бөгөөд ... өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан шийдвэрлэх ёстой.

Гэтэл 6 дугаар баг голын урд байдаг иргэд хамрагддаг бөгөөд иргэдээс санал гаргаагүй, санал ч аваагүй, иргэдийн Нийтийн Хурал болон Тэргүүлэгчдийн Хурал хийж санал аваагүй, Хатгал тосгоны оршин суугчдын иргэдийн гарын үсэг явж цуглуулаад, оршин суугчдын хурлаар тосгоны захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах хурал зарлаад эндээс баг буулгах асуудлыг оруулж цөөн хүнээр гар өргүүлэн тогтоол гаргуулж, тэр материалыг аймгийн Хуралд оруулж, шийдвэрлүүлсэн нь багт харьяалагддаг иргэдийн эрх ашиг зөрчигдөж, одоогийн мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хууль, Сонгуулийн тухай хууль зөрчин гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлын хуралдааны 13 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан заалтыг үндэслээд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргасан гэж байгаа боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй. Хатгал тосгоны иргэд нийтийн Хурал зарласан боловч 20 хүрэхгүй тооны хүн ирсэн гэдэг. Тухайн хурлаар захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, зээлийн эргэлтийн сангийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн хурал болсон. Тухайн хурал тарж байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Даваадамдин орж ирж “6 дугаар багаа татан буулгах” сонсох ажиллагаа нэртэй явуулсан. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, явуулсан гэж цөөн тооны хүнд явуулчихаад 140 хүнээр гарын үсэг зуруулсан байдаг. Гарын үсэг зурсан хэдэн хүнээс регистрийн дугаартай нь 134 байдаг. О гэдэг хүнийг гарын үсэг зураагүй байхад нь зурсан гэж бичсэн байдаг. Энэ хүнээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн байдаг. Мөн гарын үсэг зураагүй гэсэн гэрчүүд байгаа боловч хаврын мал төллөлт, ар гэрийн гачидлаас болоод гэрчийн мэдүүлэг өгч чадаагүй. Манай Хатгал тосгон бол 3232 иргэнтэй, 1012 өрхтэй. Сонгуулийн насны 2100 хүн байдаг. Үүнээс 144 иргэн санал өгсөн гэж бодоход нийт иргэдийн 6,1 хувь нь оролцсон байна. Нөгөө талдаа Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр сонгуулийн нэг тойрог болно гэж заасан байдаг. Хатгал тосгоны 6 дугаар баг болсны үүднээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 7 төлөөлөгч сонгогдсон. Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т ээлжит сонгуулиар байгуулсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн. Иргэдийн эрх ашиг хөндөгдөж, нээлттэй сонсголыг явуулаагүй, ажлын хэсгийг томилоогүй, ирц бүрдээгүй зэргээс үүдэж би нэхэмжлэлийг гаргасан юм. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, цаашлаад Хатгал тосгон нь баг нэмж байгуулагдах юм бол иргэдийн эрх ашиг хамгаалагдана, төрийн үйлчилгээ сайжирна, нөгөө талдаа баг нэмэгдэх тоолонд мандатын тоо нэмэгдэж манай тосгоноос Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонх болж очиж тосгоныхоо иргэдийн эрх ашгийг хөндөн ярилцаж, цаг үеийн байдлыг мэдээлэх болно. Байгуулсан багаа татан буулгаж иргэдийнхээ эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолоо эргэж хараач гэж хүсч байна. Баг татан буулгасан нь буруу гэж иргэдээс маш их санал гарсны дагуу би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлээ гаргасан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Одоо тойроггүй болчихоор бид сонгуульд оролцох боломжгүй болно. Сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Иргэдийн цахим үнэмлэхний хаягийн өөрчлөлт зэрэг асуудал үүснэ. Өмнө нь болоод ирсэн зүйлийг заавал ингэж өөрчлөх шаардлага байдаг юм уу. Миний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгох, сонгогдох эрхийг маань зөрчиж байна ...” гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрийн эрх, хэмжээний хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээлжит есдүгээр хуралдаанаар Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно” гэснийг зөрчөөгүй болно.

... нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэж заасны дагуу баг татан буулгах асуудал бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал биш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр хурлын төлөөлөгч нар “Монгол Улсын аялал жуулчлалын гол бүсийг баг дотор байлгах нь зохисгүй юм, эсвэл том аймгийн хэмжээтэй тосгон байх нь зүйтэй юм. Эсвэл сум болгох, үгүй бол багийг татан буулгах гэсэн алсыг харсан бодлоготой байх нь зүйтэй” гэсэн саналыг гаргаж байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөндөөгүй. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгах шийдвэрээ гаргаж байсан ...” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн ба энэхүү тогтоол нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

Хатгал тосгоны захирагч нь тосгоны төвд оршин суугчдад, Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Засаг дарга нь голын урд /тосгоны төвөөс гадна/ оршин суух иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг мэтээр хэргийн оролцогчид тайлбарлаж байна. Гэвч Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Хатгал тосгонд 1 баг зохион байгуулж Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг болгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг тусгайлан зохицуулна”, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “... багийн төв болох хот, тосгоны удирдлагын бүрэн эрхийг тухайн хот, тосгон оршин байгаа засаг захиргааны нэгжийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчин Хатгал тосгоны болон Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн төвүүд нэг дор байтал тосгоны захирагч, багийн Засаг дарга хоёр тус тусдаа сонгогдон ажиллаж байсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ”, 4.2-т “Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоол гаргаж Хатгал тосгонд зохион байгуулсан Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгахаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баг татан буулгах шийдвэр гаргахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “Ээлжит сонгуулийн жил шинээр баг ... байгуулах, өөрчлөх, татан буулгахыг хориглоно” гэснийг зөрчөөгүй.

Гэвч дээрх тогтоолоор Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийг татан буулгахдаа Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан журмыг зөрчсөн байх боловч нэхэмжлэгч А.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:

52.5.1.захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:

106.3.1.захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдах ба түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол шүүх захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгч А.Б-ийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл дэх үндэслэлүүдээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Б Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд түүнд ирүүлсэн баг татан буулгах шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа Хатгал тосгоны иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тэднийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хэдийгээр сумын Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д зааснаар “сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж, хариуг хуульд заасан хугацаанд авах” эрхтэй боловч шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд сонгогдсон тойргийнхоо иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тусгаагүй бөгөөд нийтийн эрх зүйд зөвшөөрөөгүй бүхнийг хориглох зарчим үйлчилдэг тул нэхэмжлэгч А.Б нь Хатгал тосгоны иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Нэхэмжлэгч А.Б “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 13 дугаар тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг явуулахад тухайн сумын баг тус бүр нь сонгуулийн тойрог болно”, 22.11-т “Ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн. Хатгал тосгон баг биш болчихоор Сонгуулийн тухай хуулийн 22.9-д заасан тойрог болж чадахгүй учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөх төлөөлөлгүй байдалд хүрч байна. Хатгал тосгоны оршин суугчид болон миний Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна” гэж маргасан.

Нэхэмжлэгч А.Б Хатгал тосгонд оршин суудаг иргэний хувьд өөрийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн эсэх, мөн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон эсэх асуудлаар маргах эрхтэй.

Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоол нь нэхэмжлэгч А.Б болон Хатгал тосгоны оршин суугчдын Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах өөрчлөх, татан буулгах ...-тай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, Сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал ..., Монгол Улсын Ерөнхийлөгч ..., түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ...-ын сонгууль, үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзвэл баг татан буулгах эсэх харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар, сонгууль зохион байгуулахтай холбогдсон харилцааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9 болон 22.11-т заасан баг нь сонгуулийн тойрог байх, ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглох тухай ойлголт нь баг татан буулгах харилцаанд үйлчлэхгүй, харин ээлжит сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд сонгуулийн тойргийг татан буулгах эсэх харилцаанд үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл багийг татан буулгаж болох хэдий ч нэгэнт байгуулсан тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчлөхийг хориглосон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар тухайн Хурлын онцгой бүрэн эрхэд Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал хадгалагддаг. Иймд нэхэмжлэгч А.Б-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал Алаг-Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах бөгөөд Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолоор Хатгал тосгоноос мандат авч сонгогдсон Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн /түүн дотор Хурлын төлөөлөгч, нэхэмжлэгч А.Б-ийн/ бүрэн эрхийг ямар нэгэн байдлаар хөндөж, дуусгавар болгохоор заагаагүй, дээд шатны Хуралд тийм эрх хэмжээ байхгүй тул нэхэмжлэгчийн субьектив эрхийг хөндөөгүй байна.

Түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолд Хатгал тосгоноос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд суух төлөөлөгчийн тоог тогтоож, бууруулж, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхээр заагаагүй, нэхэмжлэгч А.Б-ийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нэрээ дэвшүүлэх, санал өгөх эрхийг хязгаарлаагүй, хориглоогүй байх тул нэхэмжлэгчийн субьектив эрх зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Хатгал тосгон хэдэн мандаттай байх асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар орон нутгийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд буюу Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдана.

Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хангалттай үндэслэл тогтоогдсон тул хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан А.Б-ийн Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн “Баг татан буулгах тухай” 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                        Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

.