Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01262

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01262

 

А Э Ж И-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01114 дугаар шийдвэртэй

А Э Ж И-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М К- ХХК-д холбогдох,

Ажлын хөлс 133,765,944 төгрөг, алданги 66,882,972 төгрөг, хохирол 18,048,000 төгрөг, нийт 218,696,916 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 107,969,140 төгрөг, материалын зардал 80,043,193 төгрөг, нийт 188,012,333 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А Э Ж И-ХХК, М К- ХХК нар 2018 оны 03 сарын 21-ний өдөр АГГ-18/06 тоот Ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч А Э Ж И-ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй П- апартмент орон сууцны барилгын А, Б блокийн өрлөг шаврын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу Б блокийн 16 давхар хүртэл өрлөг, 14 давхар хүртэлх шаврыг хийж, А блокийн зоорь, 3 давхар хүртэл өрлөг, 2 давхар хүртэл шаврын ажлыг хийсэн. Энэ нь 2018 оны 05 сарын 24-ний өдрийн гүйцэтгэлийн хуудсаар 22,469,850 төгрөгөөр, 2018 оны 06 сарын 21-ний өдрийн гүйцэтгэлийн хуудсаар 27,020,900 төгрөгөөр, 2018 оны 07 сарын 16-ны өдрийн гүйцэтгэлийн хуудсаар 13,510,270 төгрөгөөр, 2018 оны 08 сарын 07-ны өдрийн гүйцэтгэлийн хуудсаар 27,020,900 төгрөг болон 15,450,000 төгрөг, 13,512,545 төгрөгийн ажлыг гүйцэтгэлийн хуудсаар гүйцэтгэсэн нь нотлогддог. Эдгээрээс гадна 8-16 давхар хүртэлх ажлын гүйцэтгэлийг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүйг ажил хүлээлгэн өгөхөөр албан бичгээр мэдэгдсэн ба Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

2019 оны 01 сарын 06-ны өдөр захиалагч талаас тодорхойгүй шалтгаанаар гэрээг цуцалсан учир бид цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон.

Ажил гүйцэтгэх явцад хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд зааснаар гэрээний үүрэг болох хөлс төлөх, ажлын үр дүнг хугацаанд нь хүлээж авах, материал, тоног төхөөрөмжөөр хангах болон ажил гүйцэтгүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчдөг байсан талаар 2018 оны 11 сарын 08-ны АБ/013 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх хугацаанд тулгарч байсан асуудлуудаа жагсаан бичин хүргүүлж, мөн амаар шаардаж байсан.

А Э Ж И-ХХК-аас М К- ХХК-д ажлын гүйцэтгэлтэй холбоотой хөлсөө нэхэмжилж 2019 оны 01 сарын 08-ны өдөр 01 тоот, 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 03 тоот, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн албан тоот зэргээр удаа дараа албан бичиг явуулсан боловч хариу ирүүлж байгаагүй. А Э Ж И-ХХК нь П- апартмент орон сууцны барилгад гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд 208,621,490 төгрөг зарцуулсан ба М К- ХХК 47,593,706 төгрөг төлж 161,027,704 төгрөг авах ёстой. Гэрээний 4.3-т зааснаар ажлын хөлсийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор заасан ба 334 хоногоор тооцоход 161,349,759 төгрөг болсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн 50 хувиар тооцоход 80,513,852 төгрөг болсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М К- ХХК-аас ажлын хөлс 133,765,944 төгрөг, түүний алданги 66,882,972 төгрөг, гэрээг цуцалсантай холбоотой гарсан хохирол 18,048,000 төгрөг, нийт 218,696,916 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа П- апартмент орон сууцны барилгын А, Б блокийн өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх үүрэг хүлээж, гэрээний 2.1, 2.4-т зааснаар нийт 9 ажлын гүйцэтгэлийг нь харгалзан төлбөрийг төлөхөөр заасан. Манай компани тус компанид гүйцэтгэлээр хийсэн ажлын хөлсөнд нь 58,401,236 төгрөгийн ажлаас 58,402,146 төгрөгийн хөлсийг төлсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдсон.

Гэтэл гүйцэтгэгч А Э Ж И-ХХК-ийн ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүй, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүйгээс манайд ихээхэн хохирол учруулсан. Үүнийг нотлох баримтаар тогтоож нотлогддог болно. Гэрээний 3.11-д зааснаар захиалгат ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу, чанартай гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн. Энэ нь гэрээний 3.11-3.23-т заасныг зөрчсөн болон гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүйгээс гадна манай компанид ихээхэн хохирол учруулсан учир бид дараагийн өрлөг шавар хийхээр бригад, компаниудтай гэрээ хийж ажлаа яаралтай үргэлжлүүлэх шаардлага гарсан тул гэрээг цуцалж, гэрээний 5.4-т зааснаар гэрээ цуцалсан тухай 2018 оны 11 сарын 06-ны өдөр 001/151 тоот албан бичиг хүргүүлсэн.

Зарим хийсэн өрлөг, шавар нь шаардлагад нийцээгүй, хууларч унаж, дахин хуулж манай компаниас өрлөг шаврыг дахин өөр 2 туслан гүйцэтгэгч компаниуд болоод бригад зэргээр хийж гүйцэтгэсэн бөгөөд инженерийн гүйцэтгэлийн хуудсаар тогтоогддог. Тухайлбал, У Б- ХХК, н.Б-, Ж-, Б-, Б-, И Ө- ХХК, Н-, На-, Д-, А-, Б- ба И- ХХК, Б-А, Г-, Д-, О-, Н Г- ХХК, О, Д-, Х-, Д-, Г- зэргээр давхар тус бүрээр шаврын ажлуудыг хийж гүйцэтгүүлэн дуусгавар болгож, хөлсөнд 395,961,564 төгрөгийн зардал гаргасан.

Иймд А Э Ж И-ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд манай компани сөрөг нэхэмжлэл гаргаж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т зааснаар А Э Ж И-ХХК нь 504,173,200 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон ч гүйцэтгэсэн ажил нь эхнээсээ чанарын шаардлага хангахгүй, доголдолтойн улмаас гэрээг цуцалсан. Ховхорсон, хөндийрсөн, дутуу, хангалтгүй байсан ажлыг бүтэн нураасан ба гүйцэтгэгч үүргээ зохих цаг хугацаанд хийж гүйцэтгэхгүй удааширснаас шалтгаалж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаа хоцорсон.

Гэрээний 3.11-т зааснаар гүйцэтгэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компани 2018 оны 11 сарын 06-ны өдөр мэдэгдэл хүргүүлж ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан. П- Апартмент орон сууцны А, Б блокийн орон сууцыг улсын комисст төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгөхийн тулд манай зүгээс дутуу болон хийгдээгүй үлдсэн шавар, өрлөгийн ажлыг нэн яаралтай дуусгаж захиалагчдын өмнө хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхээр анх төсөвлөсөн төсвөөс хэтрүүлсэн үнийн дүнгээр өөр ажил гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж барилгын өрлөг болон шаврын ажлыг дуусгасан. Ингээд А Э Ж И-ХХК-тай шавар болон өрлөгийн ажлыг нэг м2 ажлыг 7,000 төгрөгөөр хийлгэсэн бол бусад гүйцэтгэгч нартай өрлөгийн ажлыг А блокт 11,000 төгрөг, Б блокт 12,000 төгрөгөөр, шаврын ажлыг А, Б блокт 13,000 төгрөгөөр тус бүр тооцож хийлгэсэн. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ чанартай, бүрэн биелүүлж, ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн бол манай компани өөр гүйцэтгэгч нартай өндөр үнэтэй гэрээ байгуулж төсвөө хэтрүүлэн зардал гаргахгүй байсан.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан. Тухайн үед бид гэрээний үүргээ чанартай биелүүлэхийг шаардан мэдэгдэж байсан ч нэхэмжлэгч А Э Ж И-ХХК нь үүргээ биелүүлээгүйн улмаас бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд 107,969,140 төгрөг, дахин материал авахад 80,043,193 төгрөг зарцуулж 188,012,333 төгрөгийн хохирол учирсан тул уг төлбөрийг А Э Ж И-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд дээрх гэрээг байгуулснаас хойш манай компани өөрөөс хамаарах ажлыг чанартай гүйцэтгэж ирсэн ба захиалагч болох М К- ХХК шалтгаангүйгээр гэрээг цуцалсан тул бид барилгын талбайг цэвэрлэн чөлөөлсөн. М К- ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ гэрээний 3.11-т ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.

Гэрээний 2.1-т зааснаар М К- ХХК нь манай гүйцэтгэсэн ажлуудыг тухай бүрт нь хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс зөвхөн 7 удаагийн ажлын гүйцэтгэлийг шалган авч, төлбөрт 56,807,546 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр төлөгдөөгүй. Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөөр М К- ХХК-д 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 14, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 16, 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 19 дүгээр албан бичгүүдийг удаа дараа хүргүүлж байсан ч гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны ажлын үр дүнг хугацаандаа шалгаагүй, биечлэн хүлээн аваагүй атлаа гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, доголдолтойн улмаас гэрээг цуцалсан гэж тайлбар нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т болон гэрээний 6.3-т зааснаар талууд харилцан гаргасан гомдол, саналыг ажлын 2 хоногийн дотор хянан үзэх үүрэгтэй ба хариу өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тохиролцсоноос үзэхэд М К- ХХК нь манай компанийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцохоор байна. Иймд 188,012,333 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй.

Хариуцагчаас өөрт учирсан хохирол гэж ажлын хөлсөнд 107,969,140 төгрөг, дахин материал авахад 80,043,193 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн ч тус компанийн гаргасан А Э Ж И-ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг бусад туслан гүйцэтгэгч нараар хийлгэсэн ажлын гэх хүснэгтээр П- апартмент барилгын А, Б блокт манай компанийн гүйцэтгэсэн ажлыг бүгдийг нь дахин шинээр гүйцэтгүүлсэн мэтээр тооцоолсон, А Э Ж И-ХХК авсан бараа материалын жагсаалт гэж 2018 оны 08 - 12 сар хүртэлх манай компанийг ажиллаж байх үеийн бараа материалын үнийг хохирол гэж тус тус тооцоолсон нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч М К- ХХК-иас 198,257,016 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Э Ж И-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20,439,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, А Э Ж И-ХХК-иас 50,836,840 төгрөг гаргуулан М К- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 137,175,393 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А Э Ж И-ХХК-ийн төлсөн 1,365,657 төгрөг, М К- ХХК-ийн төлсөн 1,098,011 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж, А Э Ж И-ХХК-иас 412,134 төгрөг гаргуулан М К- ХХК-д, М К- ХХК-иас 1,149,235 төгрөг гаргуулан А Э Ж И-ХХК-д тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 22-ний өдрийн 1363 тоот захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг ноцтой зөрчиж М К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан, шинээр төлөөлөгч оролцуулах боломж олгоогүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй зөрчил гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч шинээр томилогдоогүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний болон процессын алдаа болсон.

Талуудын хооронд 2018 оны 03 сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгүүлэх гэрээгээр гүйцэтгэгч А Э Ж И-ХХК нь П- апартмент орон сууцны барилгын А, Б барилгын зоорийн давхраас 17 давхар хүртэлх өрлөг, шавар, цонхны амлагааны ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх үүсэхийн тулд ажлаа гэрээний дагуу чанартай гүйцэтгэж дуусгасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд ажлыг чанартай хийж дуусгасан баримтгүй, хүлээлгэн өгөөгүй, гэрээг цуцалж буй талаар хариуцагчиас сануулсан байхад ажлын гүйцэтгэлээ сайжруулаагүй тул энэ тухай удаа дараа мэдэгдэж, улмаар гэрээг 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 001/151 дугаартай мэдэгдлийг хүргүүлэн гэрээг цуцалж, гуравдагч компани, иргэнээр ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 2.1, 2.4-т нийт 9 ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд түүний дараа төлбөр төлөхөөр заасан. Гэтэл А Э Ж И-ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, чанарын шаардлага хангаагүйгээс гадна манай компанид хохирол учирсан. Гэрээний 3.11-т зааснаар ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүн доголдолтой болсонтой холбоотойгоор ажил гүйцэтгэгчид үүрэг үүсдэг талаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т хуульчилсан ба гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын доголдолгүй байх ёстой. Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар өөрийн зардлаар доголдлыг арилгах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх доголдлыг арилгахаар тогтоож өгсөн хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс ажлын доголдолтой үр дүнг өөр этгээдээр арилгуулсан нөхцөлд холбогдох зардлыг төлүүлэх эрхийг олгосон заалттай.

А Э Ж И-ХХК-ийн хийсэн шавар, өрлөг нь шаардлагад нийцээгүй, хууларч унаж, дахин хуулж бид дахин өөр компаниудаар ажлыг үргэлжлүүлэн хийлгэж баримтуудаа хэрэгт өгсөн. Ингээд шаардлагад нийцээгүй, хууларч унаж, дахин хуулж өрлөг шаврыг дахин өөр 2 туслан гүйцэтгэгч компани болон барилгын бригадаар хийж гүйцэтгэн инженерийн гүйцэтгэлийн хуудсаар нотолсон.

Мөн ажил доголдлын талаар 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 002/20 албан бичигт захиалагч талаас анхааруулж мөн хурал дээр удаа дараа мэдэгдэж байсан ч гэрээгээр хүлээсэн ажил удааширсан. Дээрх нөхцөл байдлаас болж өрлөг, шаврын ажил гүйцэтгэсний дараа хийгдэх шал цутгах, дотор засал ажил болон дараа дараагийн хийгдэх төлөвлөгөөт ажил хугацаа алдаж буй талаар албан бичиг илгээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан.

Манай компани У Б- ХХК, иргэн С.А-, Г.Амарбаатартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, бусад зарлагын баримтуудыг хэрэгт өгсөн. Гэтэл 137,175,393 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд 198,257,016 төгрөгийг А Э Ж И-ХХК-д гаргуулах, мөн тус компаниас 50,836,840 төгрөгийг М К- ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх боловч шүүх хуралдааныг 2023 оны 04 сарын 11-ний өдөр товлож твыг хэргийн оролцогчдод мэдэгдсэнээр гарын үсэг зурсан. Гэвч хариуцагч талаас шүүх хуралдааны өдөр буюу 2023 оны 04 сарын 11-ний өдөр төлөөлөгч Г.Гэлэгдулам нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөө авсан, шинээр төлөөлөгч томилох шаардлагатай гэх хүсэлт ирүүлсэн ч баримтаа шүүхэд ирүүлээгүй. Мөн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, доголдолтой, чанарын шаардлага хангаагүй ажил гүйцэтгэснээс гэрээг цуцалсан, өөр этгээдээр ажил гүйцэтгүүлсэн гэх гомдолд нэхэмжлэгч нь П- апартментийн Б блокийн 1, 2 дугаар орцны зоорийн давхар, 1-16 дугаар давхрын дээврийн өрлөг, 1 дүгээр орцны 1-13 дугаар давхрын шавар, 2-2 дугаар орцны 1-12 дугаар давхрын шаврын ажил, гадна ханын өрлөг шавар, А блокийн 1, 2 дугаар орцны 1-3 дугаар давхрын өрлөг шавар, дулаалга, Б блокийн 1-8 дугаар давхрын амлагаа зэрэг ажлуудыг тус тус гүйцэтгэсэн бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан.

Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 14 тоот, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 16 тоот, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот албан бичгүүдээр хүлээн авахыг мэдэгдсэн ч хүлээн аваагүй. Уг гэрээний 2.1-д заасан төлбөрийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл доголдолтой байсан тухай гэрээний 6.3-д зааснаар гомдлыг шийдвэрлэхээр зохицуулсан боловч хариуцагч тал гомдлын шаардлага гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй. Мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан талаар хариуцагч шаардлага гаргаагүй тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсанд тооцож, ажлын гүйцэтгэл доголдолтойг нотлоогүй. Иймд анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагчийн 188,012,333 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс 50,836,840 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх дүгнэлтээ үгүйсгэсэн гэх үндэслэлтэй. Учир нь гэрээнд заасан ажлын үр дүнг хариуцагч хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Мөн ажлын гүйцэтгэл доголдолтой байсан талаар гомдол гаргах эрхээ хариуцагч алдсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан гэрээт ажлыг 100 хувь гүйцэтгээгүй ба гэрээг дуусахаас өмнө хариуцагч гэрээг дангаар цуцалж үлдэх ажлыг сөрөг нэхэмжлэлд дурдсан хувь хүн, хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн, хариуцагч талаас нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж гомдол гаргасан ч талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А Э Ж И-ХХК нь хариуцагч М К- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 133,765,944 төгрөг, түүний алданги 66,882,972 төгрөг болон гэрээг цуцалсантай холбоотой гарсан хохирол 18,048,000 төгрөг, нийт 218,696,916 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн ажлын хөлс 107,969,140 төгрөг, материал дахин авахад зарцуулсан зардал 80,043,193 төгрөг, нийт 188,012,333 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Талууд 2018 оны 03 сарын 21-ний өдөр АГГ-18/06 тоот Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж уг гэрээгээр гүйцэтгэгч А Э Ж И-ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй П- апартмент орон сууцны барилгын А, Б блокийн зоорийн давхраас 17 давхар хүртэл өрлөг, шавар, цонхны амлагааны ажлыг хийж гүйцэтгэн захиалагч М К- ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч 504,173,200 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв тодорхойлсон байна.

 

4. Хариуцагч М К- ХХК нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой, чанарын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээг 2018 оны 11 сарын 06-ны өдөр цуцлахаар мэдэгдэл хүргүүлсэн ч 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 002/20 тоот албан бичгээр ажил сайжруулах шаардлагыг нэхэмжлэгч А Э Ж И-ХХК-д хүргүүлж байсан, нэхэмжлэгч 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлыг гүйцэтгэж байсан зэрэг үйл баримтыг шүүх харьцуулан дүгнэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гэрээг цуцалсан хугацааг 2019 оны 01 сарын 08-ны өдөр гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

4.1. Нэхэмжлэгч гэрээний 1.1-д заасан буюу П- апартмент хотхоны Б блокын зоорь, 1-16 давхрын шавар, өрлөг, 1-8 давхрын цонхны амлагааны ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь, мөн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахыг хариуцагчид мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлийн хуудас, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн албан бичгүүд зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний 3.11-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээн аваагүй нь түүнийг гэрээний 3.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болох бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасан үр дагаврыг бий болгож, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсанд тооцно.

4.2. Нэхэмжлэгч гэрээг цуцлах хүртэлх хугацаанд 190,573,490 төгрөгийн ажил гүйцэтгэснээс зохигчийн маргаагүй буюу хариуцагчийн төлсөн хөлс 58,402,146 төгрөгийг хасч, 132,171,344 төгрөгийн төлөгдөөгүй ажлын хөлсөө нэхэмжлэгч шаардах эрхтэйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Нэхэмжлэгч алданги 66,085,672 төгрөгийг гэрээний 4.3-т заасныг үндэслэн шаардсан нь гэрээний хугацаанд хамаарч байх тул шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч М К- ХХК-иас төлөгдөөгүй ажлын хөлс 132,171,344 төгрөг, алданги 66,085,672 төгрөг, нийт 198,257,016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Э Ж И-ХХК-д олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4.3. Нэхэмжлэгчийн доголдолтой гүйцэтгэсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлс 107,969,140 төгрөг, материал дахин авахад 80,043,193 төгрөг зарцуулсан, нийт 180,012,333 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчээс шаарджээ. Анхан шатны шүүх хариуцагч гэрээг цуцалснаас хойшхи хугацаанд нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг хариуцагч бусдаар гүйцэтгүүлсэн гэж дүгнэн ажлын хөлс 50,836,840 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хэргийн баримтаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т зааснаар хариуцагч гомдлын шаардлага гаргасан, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, хариуцагчийн шүүхэд гаргасан нэг талын баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй юм. Гэвч нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй учир талуудын зарчимд үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ.

4.4. Нэхэмжлэгч гэрээний үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгээгүй, ажлын үр дүн доголдолтой байсан учир гэрээг цуцалсан гэж хариуцагч тайлбарлан нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг баримтжуулсан тухай бичлэг, гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь нэг талын баримт байх бөгөөд хариуцагчаас гэрээний 6.3-т зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг илрүүлсэн бол нэхэмжлэгчид уг доголдлын талаар болон доголдлыг баримтжуулах ажиллагаанд оролцуулахаар мэдэгдсэн, оролцуулсан эсхүл нэхэмжлэгч оролцохоос татгалзсан гэх баримт хэрэгт авагдаагүй.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил гэрээний 3.11-т заасан шаардлагыг хангаагүй гэх татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүйг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэргийн үйл баримтыг зөв үнэлж, тогтоожээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Г.Гэлэгдуламд 2023 оны 04 сарын 10, 11-ний өдрүүдэд түүний 99061994 дугаараар, өмгөөлөгч Ж.Ундармаад 2023 оны 03 сарын 14-ний өдөр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэхэд товыг хүлээн авсан тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдэн баримтжуулжээ. Мөн төлөөлөгч, өмгөөлөгч нар товыг хүлээн авах үедээ 2023 оны 04 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа шүүхэд мэдэгдэж шүүх хуралдааныг өөр өдөр товлохыг санал болгоогүй байна.

Хариуцагч 2023 оны 04 сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ томилсон төлөөлөгч чөлөө авсан үндэслэлээр шинээр төлөөлөгч томилж оролцуулах, шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсжээ. Шүүх хариуцагч талд боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө төлөөлөгчөө томилж шүүхэд ирүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Түүнчлэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу хүндэтгэх шалтгааныг нотолсон баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй.

Иймд тус шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 6232 дугаартай захирамжаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг шүүх зөрчөөгүй байна.

 

6. Анхан шатны шүүх гэрээг цуцалсан, түүний үр дагавартай холбоотой үүссэн эрхзүйн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг шүүхийн шийдвэрт баримталсан нь буруу. Мөн нэхэмжлэгч гэрээний үүргийг зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн атлаа мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг шийдвэрт баримталсан нь оновчгүй болсныг залруулж мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээг цуцалсан байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг хасч, 355.1 гэснийг 355.6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,951,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Э.ЭНЭБИШ