Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01277

 

 

 

 

 

 

 

 

2023 06 28 210/МА2023/01277

 

 

Д.У-, Х.Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Б-, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01919 дугаар шийдвэртэй

Д.У-, Х.Г- нарын нэхэмжлэлтэй,

НШШГГ-т холбогдох,

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 1,197,870,014 төгрөг гаргуулан ХХБ- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад НШШГГ- нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.У-, Х.Г- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 123456 хаягт байрлах, 169 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах газрын хамт, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 123456Б хаягт байрлах, 72 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах газрын хамт, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, 00000 хаягт байрлах, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6/37, 6/38, 6/39 тоот тогтоолуудаар шийдвэрлэн үүнийгээ Д.У-д 2022 оны 05 сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

 

Энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч гомдлыг хүлээж аваагүй. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан ч мөн хүлээж аваагүй.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудаар 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт шийдвэр гүйцэтгэх газрын байранд явуулах болсныг төлбөр төлөгч нарт 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд мэдэгдлийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр гардуулсан. Хариу болон мэдэгдлүүдийг хүлээн аваад 2 дахь албадан дуудлага худалдаа болохын өмнөх өдөр буюу 2022 оны 06 сарын 09-ний өдөр дэнчингээ бэлдээд дуудлага худалдаанд оролцохоор шийдвэр гүйцэтгэх газарт ирэхэд дэнчин тавих хугацаа дууссан байсан. Шийдвэр гүйцэтгэгч дэнчингийн зарыг танилцуулаагүйгээс 2 дахь албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар эрх зөрчигдөж байсан тул Д.У-, Х.Г- нар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 07-ны өдөр, давж заалдах шатны шүүх 2022 оны 02 сарын 07-ны өдөр тус тус шийдвэрлэсэн бөгөөд магадлал хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилж шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг сэргээн хугацаа тооцох байтал 2022 оны 05 сарын 13-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуульд нийцэхгүй. Учир нь Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2021 оны 08 сарын 17-ны өдрийн үнэлгээгээр 2-3 сарын дотор анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах байтал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

 

Хариуцагч нь дээрх хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа үр дагавар, холбогдох хуулийг тайлбарлаагүй, талуудын тэгш байдлыг алдагдуулсан, анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, албадан дуудлага худалдааны тогтоолууд нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан эрхийг зөрчсөн. Иймд Л.Уянга, Х.Г- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 6/37, 6/38, 6/39 тоот, мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 626 дугаар шийдвэрээр Х.Г-, Д.У- нараас 1,187,870,014 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,325,452 төгрөгийг гаргуулж ХХБ- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Д.У-, Х.Г- нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн ч төлбөрийг барагдуулаагүй.

 

Иймд төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 216 дугаар магадлалаар нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул анхны албадан дуудлага худалдааны товыг тогтоосон.

 

Барьцаа хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудаар ус тус анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоож 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 давхрын 200 тоот өрөөнд дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолуудыг 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 4-229/9004, 4-229/9005 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Д.У-д 2022 оны 05 сарын 06-ны өдөр гардуулж өгсөн ба тэрээр мэдэгдлийг нөхөр Х.Г-д өгөхөөр авсан бөгөөд төлбөр төлөгч талд холбогдох хуулиудад заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдсэн.

 

Мөн анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудаар хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 давхрын 200 тоот өрөөнд хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоолуудыг хавсарган 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 4-229/11266, 2-229/11267 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч Д.У-д 2022 оны 06 сарын 03-ны өдөр гардуулан өгч холбогдох хуулиудад заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул төлбөр төлөгч хариуцагч Х.Г-, Д.У- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГ-т холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолууд, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.У-, Х.Г- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.У- Х.Г- нар үл хөдлөх эд хөрөнгүүдэд явуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай хариуцагчийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай хариуцагчийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нарт хариуцагч нь дээрх 2 тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар мэдэгдээгүй, албадан дуудлага худалдаанд өөрсдийн биеэр оролцох эрхийг хангаагүй нийтэд зарласан, дэнчин тавих хугацааг тодорхой мэдэгдээгүй.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэр гүйцэтгэгч М.Б- 2022 оны 05 сарын 31-ний өдөр Д.У-г утсаар дуудахад 2022 оны 06 сарын 03-ны өдөр албан өрөөнд очиход нь олон тооны албан бичигт гарын үсэг зуруулсан нь 8 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримтууд байсан ба 4 үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаанд оруулах, 6 үл хөдлөх хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаанд орох мэдэгдлүүд байсан. Шийдвэр гүйцэтгэгч хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаарх дэнчин тавих хугацааг тодорхой мэдэгдээгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй. 2022 оны 06 сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь Д.У-д 8 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тэмдэглэлүүдийг нэг дор гардуулсан бөгөөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг нийтэд зарласан тухай зар сониныг хуулбарлан өгөөгүй, НШШГГ-ын цахим сайт байдаг тухай, зарыг ямар сайтаас мэдэх боломжтойг мэдэгдээгүй, өмчлөгч, гуравдагч этгээд дэнчинг ямар хугацаанд төлөх, байршуулах зэрэг хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй. Гэтэл анхан шатны шүүх дахин нотлох шаардлагагүй гэж шийдвэрлэсэн. Шүүхээр хэрэг хэлэлцэх явцад шийдвэр гүйцэтгэгч М.Б- сонины зар Д.У-д хуулбарлан өгөөгүй гэдгээ хүлээсэн бөгөөд хэрэгт уг баримт нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан.

 

Хариуцагч хоёр дахь албадан дуудлага худалдааны дэнчин тавих хугацааг мэдэгдсэн бол төлбөр төлөгч нар Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 123456 байрлах 169 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах газрын хамт, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 50 гудамж, 698/6 тоотод байрлах 72 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах газрын хамт дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргасан, дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан шийдвэрээ гаргаагүй нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өөр хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Үүнд дуудлага худалдааны 2 дахь болон анхны албан дуудлага худалдааг эхлэхээс 7 хоногийн өмнө төлбөр төлөгч Д.У-д мэдэгдсэн. Иймд дуудлага худалдааг мэдэгдээгүй гэж үзээд тогтоолыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.У-, Х.Г- нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан Л.Уянга, Х.Г- нарын өмчлөлийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 48-49/

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 626 дугаар шийдвэрээр Д.У-, Х.Г- нараас 1,187,870,014.76 төгрөг гаргуулан ХХБ- ХХК-д олгож, Д.Уянгын өмчлөл, эзэмшлийн 7 ширхэг, Х.Г-н өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 53-58/

 

4. Хариуцагч НШШГГ- нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 05 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх59/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тодорхой ажиллагааг явуулсан. Дээрх ажиллагааны хүрээнд шүүхийн шийдвэрт нэрлэн заасан барьцаа хөрөнгүүдийг битүүмжилсэн, хураасан, төлбөрт хураагдсан барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэнийг мөн шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 4063 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг дахин дүгнэхгүй. /хх 59-135/

 

5. Хариуцагч нь барьцааны хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааны доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар тогтоож, албадан дуудлага худалдааг зохион байгуулж явуулахаар шийдвэрлэж, анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 05 сарын 13-ны өдөр явуулах тухай 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудыг 2022 оны 04 сарын 26-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 06 сарын 10-ны өдөр явуулах тухай 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг 2022 оны 05 сарын 24-ний өдөр гаргасан байна. Дээрх тогтоолууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 5/37, 5/38, 5/39 тоот тогтоолуудыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 6/27, 6/28, 6/29 тоот тогтоолуудыг 2022 оны 06 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Д.У-д биечлэн гардуулсан байна. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх137-141, 144-148/

 

Уг ажиллагаа нь мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт нийцсэн төлбөр төлөгч нар тогтоолуудыг хүлээн авснаар албадан дуудлага худалдаа хэзээ, хаана болохыг мэдсэн гэж үзнэ. Түүнчлэн төлбөр төлөгч нарыг албадан дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаанд ямар журмаар, хэрхэн оролцож болохыг өөрсдөө мэдэх, эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч нар нь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан, уг тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргажээ. Энэ нь нэхэмжлэгч нарын гомдол гаргах эрхийг тодорхойлсон боловч нэхэмжлэгч нарын гомдлын хүрээнд анхан шатны шүүх мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон ч энэ үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ тухай гомдлыг хангахгүй орхив.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/01919 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ