Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01299

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01299

 

В.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01039 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: В.Б-

Хариуцагч: Б.Б-

Хариуцагч: Ж Э -ХХК

Гуравдагч этгээд: Б.М-

Зээлийн гэрээний үүрэгт 68,250,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: В.Б- би Ж Э -ХХК-тай 2016 оны 11 сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 11 сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 сарын 09-ний өдрийг хүртэл 10 сараар сунгасан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 сарын 09-ний өдрийн барьцааны гэрээгээр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Баруун Зуун мод 123456 хаягт байх 106.045 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцыг барьцаалсан. Талууд зээлийн төлбөрийн талаар 2018 оны 08 сарын 09-ний өдөр тооцоо нийлэхэд зээлдэгч нь үндсэн зээлээс 5,000,000 төгрөг зээлийн хүүгээс 8,500,000 төгрөг төлж, үндсэн зээлд 25,000,000 төгрөг, зээлийн хүүд 20,500,000 төгрөг, алданги 22,750,000 төгрөг, нийт 68,250,000 төгрөгийн үүргээ биелүүлээгүй байсан. Иймд хариуцагч Б.Б-ийг Ж Э -ХХК-ийн гүйцэтгэх захирал байх үед гэрээг байгуулсан тул хариуцагч нараас 68,250,000 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж Э -ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Б- би тус компанийг 2020 оны 04 сарын 22-ны өдөр Б.Б-оос худалдан авсан. Тухайн үед уг компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн баримт бичиг нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас шатсан байсан тул уг зээлийн болон барьцааны гэрээний талаар мэдэх боломжгүй байсан, мөн энэ талаар Б.Б- надад мэдэгдээгүй. Мөн давагдашгүй хүчин зүйл, цар тахал болон эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас Ж Э -ХХК нь сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Би зээлийн гэрээгээр В.Б-аас 30,000,000 төгрөг зээлийг компанийн нэрээр авсан ба компаниа Б.Б-д худалдсан. Б.Б-д энэ зээлийн талаар мэдэгдэж амжаагүй, тэр мэдэхгүй. Зээлээс 5,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,500,000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 25,000,000 төгрөгийг төлнө, хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгийн үүрэгт барьцаалах итгэмжлэл олгосон. Иймд зээлийн үндсэн төлбөр хамаарна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ж Э -ХХК-аас 56,875,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 11,375,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж Э -ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох гуравдагч этээд Б.М-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Төв аймгийн Зуун мод сум, 6 дугаар баг, Баруун зуун мод 123456 хаягтай 106.045 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 581,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж Э -ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 442,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.Б-д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хариуцагчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээнээс 11,375,000 төгрөгийг хасч тооцсон үндэслэлгүй. Анх зээлийн гэрээ 2016 оны 11 сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдаж зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 09 сарын 09-ний өдөр 3 сар, 2018 оны 02 сарын 09-ний өдөр 3 сар, 2018 оны 05 сарын 09-ний өдөр 4 сараар тус тус сунгаж гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 09-ний өдөр дууссан. Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан.

Гэвч хариуцагч Б.Б- нь Ж Э -ХХК-ийн хаягтаа байдаггүй, хаягийн талаараа шүүхэд худал тайлбар гаргаснаас болж хэрэг хэрэгсэхгүй болж, хариуцагчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж олж тогтоосон. Дээрх байдлаар зээлдэгчийн шударга бус үйлдэл нь хэргийн баримтаар илэрхий байхад хэргийн нөхцөл байдлыг үндэслэн алдангийн хэмжээнээс хассан нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирч, зээлдэгч 2018 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл нийт 1073 хоногийн хугацаанд алдангийн төлбөрт 244,107,500 төгрөг болсон ч зээлдүүлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийг багасган 22,750,000 төгрөгийг нэхэмжилсэн байхад түүнийг үндэслэлгүйгээр дахин багасгаж зээлдүүлэгчийг хохироосон.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс нэхэмжлэлийн шаардлагаас 60,875,000 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ гэж шийдвэрээ уншсан боловч шийдвэрт 56,875,000 төгрөг бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлдэгч нараас алданги 11,375,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Б.Б-, Ж Э -ХХК нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

8. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч В.Б- нь хариуцагч Б.Б-, Ж Э -ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.Б- 25,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 11 сарын 09-ний өдрийн Зээлийн болон Барьцааны гэрээг нэхэмжлэгч В.Б-, хариуцагч Ж Э -ХХК нар байгуулсан, уг гэрээгээр хариуцагч 30,000,000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авчээ. Зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, талууд гэрээний хугацааг 10 сараар сунгасан, зээлийн барьцаанд Б.М-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 09 сарын 09-ний өдөр дуусгавар болоход хариуцагч 13,500,000 төгрөг төлж, зээлээс 25,000,000 төгрөг, хүүд 20,500,000 төгрөг, алданги 11,375,000 төгрөг, нийт 56,875,000 төгрөг төлөөгүй болохыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Хариуцагч Б.Б- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн ч тэрээр хариуцагч Ж Э -ХХК-ийн захирлын хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнд оролцсон үндэслэлээр Б.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, мөн Иргэний хуулийн 153, 175 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэх бөгөөд барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох учир гуравдагч этгээдийн гэрээний үнэ 30,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаалахыг зөвшөөрсөн гэх тайлбар үндэслэлгүйг шүүх зөв дүгнэжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний 2.7-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэйг зөв тогтоож, алданги 22,750,000 төгрөгийн шаардлагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар 11,375,000 төгрөгийг багасгаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх залруулна.

Хариуцагч Б.Б- нь иргэн Б.Б-д Ж Э -ХХК-ийн хувьцааг худалдахдаа тус компани нь нэхэмжлэгчид өр төлбөртэй болохыг Б.Б-, Б.Б-д мэдэгдээгүйн хариуцлагыг нэхэмжлэгчид хариуцуулж энэ үндэслэлээр алдангийн хэмжээг багасгахаар заасан нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн зохигч 2016 онд гэрээ байгуулж гэрээний хугацаа 2018 онд дууссан байхад хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдлыг цар тахлын нөхцөл байдалтай холбон тайлбарласан нь буруу.

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүүг сарын 5 хувь байхаар, гэрээг урт хугацаатай буюу 22 сарын хугацаатай байгуулсан нь иргэд хоорондын зээлийн гэрээ нь нэг удаагийн шинжтэй, мөнгө хүүлэх зорилгогүй байдгийг харгалзан үзэх бөгөөд энэ нь алданги багасгах хуульд заасан үндэслэл болж байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа хариуцагчаас 60,875,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ч шийдвэрт 56,875,000 төгрөг гэж бичигдсэн гэх гомдол нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/01039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч В.Б-ын төлсөн 196,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ