Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01302

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01302

 

 

Ө.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01550 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө.А-

Хариуцагч: Т-ХХК

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг болон зардалд 280,911,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхдагина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т-ХХК, өмгөөлөгч Ө.А-ын хооронд 2019 оны 02 сарын 08-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчид хөлс төлөх, урамшуулал олгох, зардлыг тус тус тохиролцсон. Гэрээний 5.1-т хөлсийг 40,000,000 төгрөгөөр тохирч, 5.2-т хөлсийг хэрхэн, ямар хугацаанд төлөх, 5.3-т урамшуулыг заасан. Урамшууллын хэмжээ нь урьдчилгаа төлбөрийн үнийн -ээс багагүй байх, 5.4-т хөлс урамшууллын хугацааг хэтрүүлбэл хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.5 хувиар тооцохоор тохиролцож, аливаа зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцахаар заасан. Өмгөөлөгч би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний агуулгад заасан өмгөөллийн үйлчилгээг Т-ХХК-д бүрэн үзүүлсэн.

Үйлчлүүлэгч Т-ХХК нь гэрээний 5.1-т заасан 40,000,000 төгрөгийн хөлснөөс 30,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,000,000 төгрөг, урамшуулалд олгох ёстой 20,000,000 төгрөг,нөхөн төлөх зардлыг 87,920 төгрөг, зарцуулсан зардал 12,320 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан. Иймд өмгөөллийн хөлсөнд нийт 45,100,240 төгрөг өгөх ёстой.

Мөн талуудын хооронд 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг, урамшууллын 1,267,137.99 төгрөг, зардлын 1,500 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан ба дээрх хөлсийг төлөх ёстой. Мөн талуудын хооронд 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний хөлс 5,000,000 төгрөг, алдангид 2,500,000 төгрөг, урамшуулалд 1,267,137.99 төгрөг, алданги 633,568.99 төгрөг, зардал 1,500 төгрөг болон хөлсөө шаардахад гарсан зардал 4,400 төгрөг, нийт 9,406,606.98 төгрөгийг надад төлөх ёстой. Мөн талуудын хооронд 2019 оны 10 сарын 18-ний өдөр байгуулсан гэрээний 5.1-т заасан хөлс 50,000,000 төгрөг, 5.1, 5.2-т зааснаар нэмэлт хөлс 840,000 төгрөг, 5.4-т зааснаар зардал 4,420 төгрөгийг мөн төлөхөөс татгалзсан бөгөөд нийт 76,269,480 төгрөгийг нэхэмжлэгч надад төлөх ёстой.

Хариуцагч нь Б- дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтсээс Т-ХХК-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг 2019 оны 11 сараас эхлэн явагдсан хэргийн өмгөөллийн төлбөр 150,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. Т-XXК нь Б- ТӨХК-тай 2019 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан 19-03-06 тоот гэрээгээр Б-ын уурхайн Ус шүүрүүлэх байгууламжийн насос станцыг нүүлгэн шилжүүлэх, 1000 м.куб-ийн багтаамжтай усан сангийн барилга, өөрийн ба даралтат шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг тендерийн ажлын төсвөөс 1,700,000,000 төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдсаныг Т-ХХК өөрийн хөрөнгөөр бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч Б- ТӨХК нь уг нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзаж, тухайн асуудлаар 2019 оны 08 сараас эхэлсэн маргаан үр дүнгүй удаан хугацаанд үргэлжилсэн. Миний зүгээс хууль зүйн үйлчилгээ үзүүлсний үр дүнд Т-ХХК нь 1,700,000,000 төгрөгийг Б- ТӨХК-иас гаргуулан авах асуудал бүрэн шийдэгдсэн. Энэ нь Б- ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н-ы 2022 оны 01 сарын 14-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Иймд хариуцагчаас дээрх тендерийн ажлын үнийн дүнгийн 10 хувь 150,000,000 төгрөгийг өмгөөлөгч надад төлөх ёстой.

Нэхэмжлэгч би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа баримтуудыг нотариатаар гэрчлүүлэх, шуудангийн зардалд 135,670 төгрөг зарцуулсныг нэхэмжилж байна. Иймд нийт 280,911,997 төгрөгийг Т-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Дээрх ажлуудын 3 нь гэрээтэй, 1 нь гэрээгүй бөгөөд бид тохиролцон гэрээ байгуулсан. Өмгөөлөгч дансаараа заримдаа бэлнээр мөнгө авдаг байсан. Байгуулсан гэрээний ард хэдэн төгрөг хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Манайх хуульд заасны дагуу өмгөөллийн хөлсөө төлсөн. Урамшуулал гэдэг нь ажлаа сайн хийсэн үед өгөх ёстой болохоос заавал төлөх ёсгүй. Өмгөөлөгч Ө.А- гэрээ байгуулсан ажил нь сайн байгаагүй.

Өмгөөллийн хөлс гэж 40,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. 2019 оны 05 сарын 31-ний өдрийн гэрээнд өмгөөллийн хөлс дурдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь 12,000,000 төгрөгийн хэргийг өмгөөллийн хөлсөнд 9,000,000 төгрөг төлөх шаардлагагүй. Манай компани Б- ХК-ийн усан сангийн ажлыг авсан ба манай төслийн удирдагч харамсалтайгаар нас барсан. Тухайн үед өмгөөлөгчөөс хамгийн багадаа 5 жилийн хорих ял авна, чи залуу хүн карьераа бодох хэрэгтэй гэж хэлж байсан. Өмгөөлөгч хүн хэн нэгнийг сүрдүүлж өндөр хөлс авч болохгүй. Эхнэрт нь таныг өмгөөлнө гэж хэлчихээд ганцхан байцаалтад хамт суусан. Байцаалтад суухын тулд гэрээ байгуулчихаад одоо болохоор төлөөлөх эрхтэй гэж болохгүй. Үнэхээр тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор байсан бол үнэ хөлсөө бичих ёстой. Манай компани төлөх ёстой хөлсийг бүгдийг төлсөн тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Т-ХХК-иас 16,900,707 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.А-т олгож, нэхэмжлэлээс 264,011,290 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,66,594 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т-ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242,454 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.А-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Бидний хооронд 2019 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн ажлын урамшууллын 20,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөгийг надад төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Уг гэрээгээр ямар нэгэн үр дүнгийн амлалтыг өгөөгүй талууд ойлголцож, тухайн тохиролцоог гэрээний 3.3-т тусгайлан тусгасан. Би өмгөөллийн үйл ажиллагаагаа бүхий л түвшинд цогц байдлаар явуулахаар үйлчлүүлэгчтэй тохиролцсон.

Гэрээний агуулгадЭ-Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 м.кв-ын шугам барих нээлттэй тендерт шалгарсанЭ-Ө ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 м.кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн гуравдагч этгээд Т-ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэж байна. Дээр дурдагдсан ажиллагаанд гуравдагч этгээд Т-ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангуулахтай холбогдсон мэргэжлийн үйл ажиллагааг явуулах болно гэж заасан. Би гэрээний хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсан.

Өмгөөллийн ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагаас Т-ХХК-тай тохиролцож Т-ХХК болон түүний хамаарал бүхий этгээдтэй өндөр үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг бусдаас давуу байдалтай сонгон шалгаруулалтгүй, ашигтай, хөнгөлөлттэй нөхцөлөөр байгуулж, ихээхэн ашиг олох боломжийг олгосон. Энэ нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын холбогдох албан тушаалтнууд 2019 оны 09, 11 саруудад надтай холбогдон шүүхийн шийдвэрийг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ньЭ-Ө ХХК-тай гэрээ байгуулсан, энэ асуудлаар манай удирдлага Т-ХХК-тай ярилцаж, тохиролцсон гэсэн мэдээллүүдийг өгч байсныг онцолж байна.

Шүүхийн шийдвэрт "...харин талууд дээрх гэрээг дүгнэсэн баримтгүй, түүнчлэн ажлын үр дүнг тооцоогүй зэргээс гэрээгээр тохирсон урамшууллыг хэрхэн тооцож, хариуцагчаас урамшуулал болон алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Т-ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээг бүрэн үзүүлсэн, гэрээгээр "...урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн багагүй... байхаар харилцан тохирсон урамшууллаас хариуцагч Т-ХХК-ийг бүрэн чөлөөлөх үндэслэл байхгүй бөгөөд Т-ХХК нь багаар тооцоход 10,000,000 төгрөгийн урамшууллыг заавал төлөх үүрэгтэй.

Мөн Т-ХХК-тай 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөлөгчид төлөх хөлсийг тусгайлан тохиролцсон. Анхан шатны шүүхээс ...Харин талуудын байгуулсан гэрээгээр ажлын хөлс тохироогүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувиар өмгөөллийн хөлс тохирох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул өмгөөллийн хөлс болон алдангийн 7,500,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Өмгөөлөгч Ө.А- би Т-ХХК-д ямар нэгэн ашиг орлого олж өгөх агуулгаар өмгөөллийн үйл ажиллагааг явуулаагүй, харин хөндөгдсөн, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээхтэй холбогдсон мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан ба Т-ХХК нийт 7,500,000 төгрөгийг төлөх ёстой.

Анхан шатны шүүх нь "...нөхөн төлөх зардлын 1500 төгрөг... гэж тусгасан ч ...нийт 1,905,107 төгрөгийг... тооцохдоо зардлын 1,500 төгрөгийг орхигдуулсныг өөрчлөх шаардлагатай.

Мөн зохигчийн хооронд 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр хөлс, зардлын талаар тохиролцсон. Гэрээгээр Т-ХХК-ийн захирал Ц.О-, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтан Ц.О, талбайн даамал Я.Ж нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй байсан.

Би гэрээнд заасан өмгөөллийн үйл ажиллагаа явуулж Б- дүүргийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар 11, 12 сарын 23-ны өдрийн 00дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарснаар дуусгавар болсон. Дээрх ажиллагаа 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар, 5 хоног үргэлжлэн явагдсан. Иймд хариуцагч нь гэрээний 5.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэмэлт хөлсийг, 5.3-т зааснаар алдани тооцон нийт 1,260,000 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл шүүх өмгөөллийн нэмэлт төлбөрийг төлөхгүй байх ямар үндэслэл тогтоогдсоныг дүгнэхгүйгээр хариуцагчийг нэмэлт төлбөрөөс чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Мөн миний мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд Т-ХХК нь 1,700,000,000 төгрөгийн төлбөрийг Б- ТӨХК-аас гаргуулан авах маргаан нь шийдвэрлэгдсэн нь Б- ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н-ы шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Т-ХХК нь өмгөөлөгч надтай өмгөөллийн хөлсийг Т-ХХК-д төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувиар, тухайн хөлсийг Ач-Очир ХХК-ийн захиалгаар ХанУул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны Алтаргана хотхоны хойно баригдаж байгаа барилгаас авах орон сууцны үнэд оруулан тооцохоор харилцан тохирсон.

Анхан шатны шүүх талууд тухайн асуудлаар гэрээг бичгээр байгуулаагүй, дээрх мөнгөн дүнгийн 10 хувийг нэхэмжлэгчид олгохоор талууд тохиролцсон баримтгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс өмгөөлөгч миний өмгөөллийн үр дүнд хариуцагч нь 1,400,000,000 төгрөгийн төлбөрийг Б- ТӨХК-аас гаргуулан авсан нь тогтоогдсоор байхад үндэслэлгүй гэж үзсэнд харамсаж байна.

Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргаж нийт 16,900,707 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тооцооллын нийт дүн 17,150,497 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд харилцан тохиролцож, 2019 оны 11 сараас эхлэн явагдсан өмгөөллийн үйл ажиллагааны төлбөр 150,000,000 төгрөг, нийт 263,761,500 төгрөгийг хариуцагч Т-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбар: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд нэмэлт ажлын хөлс 1,700,000,000 төгрөгийн талаар дурдсан. Тухайн үед Б-ын тендерийн усан сангийн ажлыг хийж тухайн ажлыг тендерт шалгарсны дагуу шалгаж авдаг. Гэтэл давагдашгүй ажил буюу тухайн газрын нутаг дэвсгэрийн байдлаас үүдэлтэй 1,700,000,000 төгрөгийн нэмэлт ажил гарч ирсэн. Тус ажил нь хууль журмынхаа дагуу нийт хэдэн төгрөгийн төсөл орохыг мэргэжлийн төсөвчид баталсан. 2019 оны 01 сараас Ө.А- өмгөөлөгч манай компанид хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь үнэн. Т-ХХК нь НӨАТ төлөгч аж ахуйн нэгж бөгөөд санхүүгийн баримтыг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд төлбөрийг дансаар шилжүүлж өөрсдөө баримт болгож авч үлдэх ёстой хэдий ч өмгөөлөгчийн өөрийн хүсэлтийг харгалзан үзэж, харилцан тохиролцоод өмгөөллийн хөлсийг тухай бүрт бэлнээр гардуулж өгсөн. Энэ талаарх баримт хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан.

Мөн урамшуулал олгоогүй гэрээг дүгнээгүй гэж гомдолд дурдсан ч 2019 оны 10 дугаар сард гэрээг дүгнэх бүрэн боломж байсан бөгөөд зугтаасан удаагүй. Нотариат, орчуулгын зардал зэргийг оффист нь хүргэх боломжгүй учир дансаар шимлжүүлсэн. Бусад том үнийн дүнтэй 40,000,000 төгрөг зэргийг бэлнээр өгсөн ба гарсан зарлага бүрийн ард гарын үсэг зуруулсан. Тухайн бүтэн жилийн хугацаанд 90,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь Т-ХХК-тай тохирсон ажлын хөлсөө авсан бөгөөд өмгөөлөгчид 150,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоогүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 16,900,707 төгрөг гаргуулах шийдвэрт хамаарах хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 40,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд уг гэрээний төлбөрийг хүлээн авснаа нэхэмжлэгч нь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан ба гэнэт шүүх хурал дээр мартсан байсан залруулья гэж 10,000,000 төгрөг, түүний алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг шаардсан. Энэ нь шинэ үйл явц биш бөгөөд урьдаас тооцоо дансаа нарийн тооцон төлөвлөсөн дүн бөгөөд 10,000,000 төгрөгөө аваагүйг мартана гэдэг байж боломгүй бөгөөд шүүх хурал дээр шүүгчийн асуултад хариулж байсан тэмдэглэгдсэн .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар тэмдэглэл нь нотлох баримт болох ба 10,000,000 төгрөг өгч авсан нь цаасан баримтгүй ч нэхэмжлэгчийн хурлын тэмдэглэлд авагдсан тайлбарыг шүүгч нотлох баримтаар үнэлэлгүй биднээс 10,000,000 төгрөгийг гаргуулах нь зохимжгүй. Иймд уг шийдвэрээс төлөгдсөн 10,000,000 төгрөг, түүний алданги 5,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анх нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан. 2018 оны 12 сарын сүүлчээс 2020 оны 10 сар хүртэл гэрээгээр нийт 25 асуудлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Үүнд өөр хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний шаардлагатай холбоотой 2 гэрээний төсөл хөтөлбөрийг андуурч тооцооллын алдаа гаргасан учраас хариуцагчийн гомдолд дурдагдсан тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаар 30,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлс төлсөн баримт авагдсан бөгөөд 10,000,000 төгрөгийн хөлс төлсөн баримтгүй. 10,000,000 төгрөгийн талаар нотлох үүргээ хэрэгжүүлэх хугацаа хариуцагч талд хангалттай байсан. Миний хувьд тооцооллын алдаагаа залруулж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах хуулиар олгогдсон асуудлын хүрээнд баримт, үндэслэлтэйгээр хэрэгт хавсаргасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Т-ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг болон зардалд 280,911,997 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2019 оны 02 сарын 08, мөн 05 сарын 31 болон 10 сарын 18-ны өдөр тус тус байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, өмгөөллийн хөлсийг хариуцагч бүрэн төлсөн эсэх, урамшуулал төлөгдөх үндэслэлтэй эсэхэд зохигч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулдийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаархи үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлыг зөв дүгнэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Ө.А- нь бичгээр байгуулсан дээрх гурван гэрээний болон амаар тохиролцон Б- ТӨХК-тай холбогдох хэрэгт тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэхээр хариуцагч Т-ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. Шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний хөлс төлөх нөхцөл, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хууль зүйн үйлчилгээг биечлэн, бодитой гүйцэтгэсэн байдлыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан бүрэн үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

5.1. Нэхэмжлэгч, хариуцагчтай 2019 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагчийн Б- ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгэх явцад осол гарч Т-ХХК-ийн ажилтан П.Ганбаяр нас барсантай холбоотой эрүүгийн хэрэгт хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажиллахаар тохиролцсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2019 оны 10 сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 сарын 23-ны өдрийн хугацаанд үргэлжлэн явагдаж Б- дүүргийн Прокурорын газрын 00дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ. Тус тогтоолоор Т-ХХК-ийг хүний амь нас хохирсон явдалд барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн гэмт хэрэгт буруутгаагүй байна.

Гэрээний 5.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сараас илүү хугацаагаар үргэлжилбэл 7 дахь сараас эхлэн өмгөөлөгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон хөлс төлөхөөр заасан байх тул хариуцагч нь 2 сарын /7, 8 дахь сар/ хөлс /420,000х2/ 840,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

5.2. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр хариуцагчтай байгуулсан гэрээгээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Т-ХХК-аас 12,671,379.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг төлөөлөн оролцохоор тохиролцсон үүргээ биелүүлж уг хэргийг хянан шийдвэрлэхэд биечлэн оролцсон нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 1432 дугаар шийдвэрээр нотлогдож байх бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй буюу шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсонд зохигч маргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний 5.3-т зааснаар гүйцэтгэсэн ажлын хүрээнд хамгаалагдсан хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх урамшуулал авах эрх үүссэн байх тул хариуцагчаас 1,267,137 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчтай амаар болон бичгээр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 4 гэрээний үүргээ биечлэн, зохих ёсоор гүйцэтгэсний хөлс, урамшууллыг шаардан авах эрхтэй, анхан шатны шүүх гэрээ дүгнэсэн баримтгүй, урамшууллыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй болон алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар гомдол гаргасан.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч Т-ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллахдаа ажиллаж буй хэрэг, маргаанд ажилласан байдал, үр дүнгээс шалтгаалан урамшуулал, нэмэлт төлбөр авахаар тохиролцож тодорхой хувь, мөнгөн дүнгээр тооцож илэрхийлсэн нь талуудын байгуулсан гэрээ, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хариуцагч нь Энх өглөө ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК нарын хооронд үүссэн захиргааны хэргийн маргаанд гуравдагч этгээдээр оролцохдоо нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авч хөлс 10,000,000 төгрөг төлсөн байхад шүүх төлөөгүй гэж дүгнэн хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргажээ. Тус гэрээний дагуу хариуцагч 10,000,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдоогүйг шүүх үндэслэл бүхий дүгнэж, хариуцагчаас 10,000,000 төгрөгийг, алданги 5,000,000 төгрөгийн хамт гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг хүлээх тул зохигчийн давж заалдах гомдол хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлогдож, тогтоогдоогүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дүнг нэгтгэн дүгнэхдээ 17,150,497 төгрөгийг 16,900,707 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасныг залруулж энэ тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангана. Иймд хариуцагч Т-ХХК-аас нийт 19,257,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.А-т олгох үндэслэлтэй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/01550 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... 16,900,707 ... гэснийг 19,257,634 гэж, ... 264,011,290 ... гэснийг 261,654,363 гэж,

2 дахь заалтын ... 242,454 ... гэснийг 254,238 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,478,006 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ