Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01315

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01315

 

2023 07 03 210/МА2023/01315

 

Т Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/01310 дугаар шийдвэртэй

Т Ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

О К- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 190,648,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдорж, Б.Эрдэнэмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2017 оны 06 сарын 07-ны өдөр Т01/12 тоот НIGH АРАRТ төслийн гэрээ байгуулж айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэхээр А болон Б блокийн 11,500 м.кв талбайн ажлыг 115,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний 2.2-т зааснаар гэрээний нийт үнийн 50 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 50 хувийг бартераар (НIGH АРАRТ төслийн 16 дугаар давхрын 99 тоот, 183.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө) тооцохоор болсон. Гэрээний гүйцэтгэл 17,066,000 төгрөг болсноос 4,592,631 төгрөгийг 2017 оны 09 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч авч, 2017 оны 08 сарын 12-ны өдөр дээрх Т01/12 тоот гэрээний ажлаа хүлээлгэн өгч акт-1-г үйлдэж баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 11,620,069 төгрөгийг хариуцагч тал төлөөгүй.

Мөн талууд 2017 оны 05 сарын 27-ны өдөр АГГ01/04 тоот НIGH АРАRТ төслийн гэрээгээр үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө хийх ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, байрны В1, 1, 2, 3-р давхруудын 7,010 м.кв талбайн ажлын хөлс 175,250,000 төгрөг байхаар тохирсон. Гэрээний 2.3-т гэрээний үнийн 50 хувийг бэлнээр, үлдэх 50 хувийг бартераар (НIGH АРАRТ төслийн 16 дугаар давхрын 99 тоот, 183.4 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө) тооцохоор талууд тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн бөгөөд хөлс нь 166,815,500 төгрөг болсон. Гэрээний төлбөрөөс 30,691,350 төгрөгийг хүлээн авч, 2019 оны 02 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх актаар гүйцэтгэсэн ажлаа хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл 128,156,500 төгрөгийг төлөөгүй байна. Мөн гэрээний дагуу нэмэлтээр хийгдсэн ажлын төлбөр 43,314,000 төгрөг болсноос 4,000,000 төгрөгийг төлж үлдэх 39,314,000 төгрөгийг төлөөгүй.

Талуудын хооронд байгуулсан Т01/12, АГГ01/04 тоот гэрээнүүдийн 2-р зүйлд тусгагдсан бартерын зүйл нь гуравдагч этгээдийн 4 өмчлөлд шилжсэн. Анх гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл, тоо, хэмжээ буурсан хөлсийг бартераар тооцох боломжгүй болсон.

Хариуцагчтай байгуулсан дээрх Т01/12, АГГ01/04 тоот гэрээнүүдийн 3.6, 6.1-т зааснаар захиалагч нь гэрээний үнийн 5 хувийг баталгааны барьцаа хэлбэрээр төлбөрөөс суутгаж, 3 жилийн баталгаат хугацаа дуусмагц гүйцэтгэгчид буцаан олгохоор заасан. Энэ нь Т01/12 тоот гэрээнээс 853,300 төгрөг, АГГ01/04 тоот гэрээнээс 7,967,650 төгрөг, нийт 8,820,950 төгрөгийг суутгасан ба баталгаат хугацаа 2021 онд дууссан ч захиалагч нь барьцааг гүйцэтгэгчид буцаан өгөөгүй.

Иймд О К- ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 181,827,188 төгрөг, барьцаа 8,820,950 төгрөг, нийт 190,648,138 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Т Ш- ХХК-аар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н-төслийн барилгад ажил гүйцэтгүүлэхээр дээр дурдсан Т01/12 тоот гэрээгээр Н-төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөөг хийлгэхээр барилгын А, В блокийн 11,500 м.кв талбайн хөлс 115,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, мөн АГГ01/04 тоот гэрээгээр барилгын үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра будгийн ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын үйлчилгээний хэсгийн 7,010 м.кв талбайн хөлс 175,250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, мөн Т01/11 тоот гэрээгээр барилгын дээврийн 1444.6 м.кв талбайн ажлыг гүйцэтгүүлж 40,714,500 төгрөгийн хөлстэй байхаар О К- ХХК нь тохиролцсон.

Ажлын явцад нэмэлтээр А блокийн 5-р давхрын нийтийн эзэмшлийн өнгөлгөө, С блокийн цонх болон лифт хэсгийн цутгалт /нөхөөс/, А блокийн 13 тооТ Шалны засвар, Б блокийн дээврийн дулаалга, С блокийн хуулалт зэрэг ажлуудыг хийхээр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд ажлаа хийхгүй хугацаа хэтрүүлэх, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байх зэргээр гэрээний үүргээ биелүүлэхгүй учир хөлсийг бүрэн олгоогүй. Нэхэмжлэгч ч энэ талаар зөвшөөрдөг.

Дээрх гүйцэтгэсэн ажлын хэмжээ, чанарын талаар зохигч маргасан учир шүүх шинжээч томилж И-Э ХХК-ийн дүгнэлт гаргасан нь шаардлага хангаагүй тул дахин шинжээч томилж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт гарсан. Шинжээч нь Т Ш- ХХК-ийн хийсэн ажлыг талуудыг байлцуулан газар дээр нь хэмжилт хийн гаргасан тул нэхэмжлэгч маргахгүй байх.

АГГ01/04 тоот гэрээгээр 7010 м.кв талбайд бетон шал цутгах, бетон шал өнгөлөх, ажлыг хийж гүйцэтгэх байсан ч 6738 м.кв талбайгаас нэхэмжлэгчийн хийгээгүй ажлыг хасч 6323 м.кв талбайд бетон шал цутгах ажлыг хийж, 6201 м.кв шалыг өнгөлсөн нь 156,550,000 төгрөгийн ажил болсон. Өнгөлсөн шал нь хялгасан хагаралтай ба үүнийг чанарын доголдолд тооцохгүй байхаар, харин засварлах хэмжээний хагарал нь 6,201,000 төгрөг болж, уг зардлыг ажлын хөлснөөс хасахад 150,349,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Т01/12 тоот гэрээгээр А болон В блокийн 11,500 м.кв шал цутгах ажлаас В блокийн ажлыг хийгээгүй, А блокт бетон цутгах ажлыг хийснийг зургийн дагуу шалгаад гүйцэтгэл нь 1706 м.кв-аар нийт 17,060,000 төгрөгийн ажил хийсэн гэж дүгнэсэн. Т01/11 тоот гэрээний дээврийн ажлыг бүрэн хийгээгүй нь 336,7 м.кв ба гэрээний үнэ нь 1 м.кв талбайг 25,000 төгрөгөөр тохиролцсон боловч дээврийн дулаалга, бетон бэлтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэгж үнийг 10,000 төгрөгөөр тооцоход дээврийн хийсэн ажил 3,367,000 төгрөг, Б блокийн дээврийн дулаалгыг 5,000 төгрөгөөр тооцоход 1,683,500 төгрөгийн, нийт 5,050,500 төгрөгийн ажлыг хийжээ. Гэрээгүй хийсэн ажлын хувьд 5-р давхрын нийтийн эзэмшлийн өнгөлгөөг хийсэн нь 44 м.кв ба үнийг 25,000 төгрөгөөр тооцвол 1,100,000 төгрөг, нийт 173,559,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.

Иймд АГГ01/04 тоот гэрээгээр 30,691,350 төгрөг, АГГ01/12 тоот гэрээгээр 4,592,631 төгрөг, АГГ01/011 тоот гэрээгээр 9,592,631 төгрөг, гэрээгүй ажилд 4,000,000 төгрөг, нийт 48,876,612 төгрөгийг төлсөн ба үүнийг зөвшөөрч байна.

Шинжээчийн дүгнэлтээр 173,559,500 төгрөгийн ажлын хөлснөөс 48,876,612 төгрөгийг төлсөн бөгөөд 124,682,888 төгрөг төлөхөөр болсон ч нэхэмжлэгч нь А блокийн 5, 6 болон 13, 14 давхрын ажлыг доголдолтой гүйцэтгэснээс болж манай компани МГЛТЕХ ХХК-тай 2018 оны 06 сарын 08-ны өдөр НА/АГГ/011833 тоот Н-төслийн А блокын шалны засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан засварын ажлыг МГЛТЕХ ХХК-иар 41,628,785 төгрөгийн ажлыг дахин хийлгэж Т Ш- ХХК-ийн ажлын доголдлыг арилгуулсан нь тус компанийн захирал Т.М-ын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон.

Иймд доголдлыг арилгуулахаар бусад этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс 41,628,785 төгрөг, төлсөн хөлс 48,876,612 төгрөгийг тус тус хасч, барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж тооцоход нэхэмжлэлээс 91,875,053 төгрөгийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч О К- ХХК-аас 133,503,838 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т Ш- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,144,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,223,168 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 1,233,168 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн хэсгийг зөвшөөрч, Т01/12 тоот гэрээтэй холбоотой хэсэгт гомдол гаргаж байна.

Учир нь Т Ш- ХХК нь Т01/12 тоот гэрээгээр А, В блокын 11,500 м.кв талбайн шал цутгах ажлыг гүйцэтгэхдээ доголдолтой гүйцэтгэсний улмаас бид МГЛТЕХ ХХК-тай гэрээ байгуулан Нigh apart төслийн А блокийн шалны засварын ажлыг гүйцэтгүүлэхээр барилгын А блокийн 5, 6, 13, 14-р давхрын шалны цутгалтын ажлыг хийж доголдлыг арилгуулсан. Т Ш- ХХК-ийн Т01/12 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болохыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, гэрч Т.М-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, МГЛТЕХ ХХК-д ажлын хөлс төлсөн баримтуудаар О К- ХХК-д хохирол учирсан нь тогтоогддог.

Хариуцагч нь заавал сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр доголдлыг арилгахтай холбоотой гаргасан зардлаа Т Ш- ХХК-ийн нэхэмжлэлээс хасуулахаар татгалзсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.2-т заасанд нийцнэ гэж үзэж байна.

Гэхдээ хариуцагчаас санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож буй зардал болох 13,476,837.4 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасуулах үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь нотлогдож байгаа уг зардлыг хасуулахаар тайлбар гаргасан ч анхан шатны шүүх энэ тухайд 41,628,785 төгрөгийг хасуулахаар татгалзсан мэтээр дүгнэжээ. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, Т Ш- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 133,503,838 төгрөгөөс 13.476,837.4 төгрөгийг хасч, 120,027,000.6 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2-3 гэрээгээр болон гэрээгүйгээр гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан хариуцагчаас 190,648,138 төгрөг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр 57,144,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т ажил гүйцэтгэх гэрээний талуудын шаардлага гаргах дарааллыг хуульчилсан ба энэ талаар гомдол гаргаагүй. Гэрээний 6.1-д зааснаар гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзвэл Т Ш- ХХК-д албан бичгээр мэдэгдэх байтал мэдэгдээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн хүлээж авсан. Хэргийн 41 дэх талд 2017 оны 08 сарын 12-ны өдрийн ажил хүлээлцсэн акт авагдсан нь маргаан бүхий гэрээнд хамааралтай.

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т доголдолгүй гэж үзэх ажлын үр дүнг тодорхойлсон тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолгүй юм. Улсын комисс шалны цутгалттай холбоотой шаардлага тавилгүйгээр барилгыг хүлээн авсан ба шинжээчийн дүгнэлтээр ч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж дүгнээгүй. Хариуцагч тал гомдолдоо нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил шинжээчийн дүгнэлтээр доголдолтой гэж гарсан гэх боловч дүгнэлтийн хаана, юу гэж бичсэнийг заагаагүй. Хариуцагч нь МГЛТЕХ ХХК-аар ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг зөвшөөрдөггүй. МГЛТЕХ ХХК нь шалны цутгалтын биш сантехникийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анхан шатны баримтуудын үнэн бодитой хэсэг нь тодорхойгүй.

Гомдолд дурдсан үнийн дүнтэй дүйцэх хоёр баримт хэргийн 92, 95 талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтуудаар мөнгө хүлээн авагч нь О К- ХХК байх тул МГЛТЕХ ХХК-д мөнгө төлсөн нь гэж үзэхгүй. Мөн О К- ХХК, МГЛТЕХ ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний агуулга нь А блокийн бүх давхрын шалны засварын ажлыг хийх бөгөөд Т Ш- ХХК-ийн гүйцэтгэсэн 5, 6, 13, 14-р давхрын шалны ажлыг гүйцэтгэх гэрээ биш юм. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т Ш- ХХК, хариуцагч О К- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 181,872,188 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 8,820,950 төгрөгөөр ихэсгэж 190,693,138 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 91,875,053 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх шаардлагаас татгалзжээ.

 

3. Талууд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Н-төслийн барилгад тодорхой ажлуудыг Т Ш- ХХК чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгөх, О К- ХХК ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Т01/12 тоот гэрээгээр шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийх ажлаас 17,066,000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс хариуцагч 4,592,631 төгрөг төлсөн, мөн 2017 оны 05 сарын 27-ны өдрийн АГГ01/04 тоот гэрээгээр шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра будаг хийх ажлаас 168,815,500 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч гүйцэтгэснээс хариуцагч 30,691,350 төгрөг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй байна.

 

Харин 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Т-01/11 тоот дээврийн ажил гүйцэтгэх гэрээгээр 40,714,500 төгрөгийн ажил гүйцэтгэхээр талууд тохиролцсон ч нэхэмжлэгч ажлыг хугацаа хэтрүүлсэн, доголдолтой байсан үндэслээр хариуцагч хөлсийг бүрэн төлөөгүй гэж татгалзжээ.

 

4. Хариуцагчийн барьж буй Н-орон сууцны төслийн ажилд тодорхой ажлыг гүйцэтгэхээр талууд 2017 онд АГГ01/04, Т-01/11, Т01/12 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

5. Нэхэмжлэгч Т Ш- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, доголдлын талаар зохигч маргасан бөгөөд анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчийн төлсөн 48,876,950 төгрөгийг хасч, ажлын хөлснөөс суутгасан барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж, нийт 133,503,838 төгрөгийг хариуцагч О К- ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Т Ш- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 57,144,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.1. Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээч томилсноор хэрэгт Итгэлт эстимэйт ХХК-ийн 2021 оны 05 сарын 20-ны өдрийн, мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 47 дугаар зүйлд нийцсэн, зохигч дүгнэлтийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Шүүх шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ. Хэргийн бусад баримтаар шинжээчийн дүгнэлт үгүйсгэгдсэн байдал тогтоогдоогүй, шинжээч нь нэхэмжлэгчийн хийсэн ажил, түүний гүйцэтгэлийг талуудыг байлцуулан газар дээр нь хэмжилт хийж, гэрээний үүрэгтэй харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлтийг гаргасан байна.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой гэсэн үндэслэлээр 41,628,785 төгрөгийн ажлыг өөр этгээд буюу МГЛТЕХ ХХК-аар гүйцэтгүүлсний хөлсийг нэхэмжлэлээс хасч тооцуулахаар татгалзлаа тайлбарласан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т нийцэхгүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдэж, доголдлыг арилгах хугацаа тогтоож гомдлын шаардлага гаргасан байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй байна.

Зүй нь захиалагч ажлын доголдлыг гүйцэтгэгчээр түүний зардлаар арилгуулахаар гомдлын шаардлага гаргаж, гүйцэтгэгч татгалзсан, арга хэмжээ аваагүй бол доголдлыг өөрөө арилгаж зохих зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч дээрх шаардлагыг нэхэмжлэгчид гаргасныг нэхэмжлэгч татгалзсан эсхүл шаардсан хугацаанд доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй гэх баримт хэрэгт авагдаагүй учир МГЛТЕХ ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг нэхэмжлэгчийн чанаргүй гүйцэтгэсэн ажлын үр дагаврыг арилгуулсан гэж шууд дүгнэх боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан зардал гэх 41,628,785 төгрөгийн баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй, нэг талын баримт байх тул хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй.

 

6. Анхан шатны шүүхээс хариуцагчийн 41,628,785 төгрөгийг нэхэмжлэлээс хасуулахаар татгалзлаа тайлбарласныг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлээс хасаж тооцохгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаж, зохигч шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой мөнгөн дүнг хасаж тооцуулах татгалзлыг заавал сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд тооцох үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэхийг шүүх дүгнэж шийдвэрлэх учиртай. Хэргийн баримтаар хариуцагчийн 41,628,785 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулах үндэслэл тогтоогдоогүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж залруулна.

 

7. Мөн хариуцагчаас зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 06 сарын 07-ны өдрийн Т01/12 тоот гэрээнд хамаарах 13,476,837.4 төгрөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлснийг хасуулахаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргийг доголдолтой гүйцэтгэсний улмаас хариуцагч 41,628,785 төгрөгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлснээс Т01/12 тоот гэрээнд хамаарах ажилд 13,476,827.4 төгрөг гэж тодорхойлсон ба давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад дээрх үндэслэлээр хариуцагчийн 41,628,785 төгрөгийн татгалзал үндэслэлгүй гэж үзсэн дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/01310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ