Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0240/з |
Дугаар | 221/МА2019/0271 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2019/0271
“У П” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахбат, Б.Мөнхболд, гуравдагч этгээд “У С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, Г.Энхтуяа, өмгөөлөгч Р.Мөнхзул, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “У П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “У П” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газрын албанаас 70200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “У С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С давж заалдах гомдолдоо: ““У П” ХХК 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2782 м.кв газрыг “М М” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг үндэслэн газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх, шилжүүлэн авахаар гаргасан хүсэлтийн дагуу Ү-2205018404 дугаар бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбай бүхий барилгыг ”Г” ХХК-аас “М М” ХХК худалдан авсан үл хөдлөх хөрөнгө газартай салшгүй гэсэн үндэслэлээр газрыг шилжүүлэн авсан атал газрыг давхардуулан олгосон хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй.
“У П” ХХК анх 2018 оны Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны А/442 дугаар захирамж 2017 оны А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болгон өөрчилсөн, нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” болгох дахин өөрчилсөн, шаардлагаасаа татгалзсан бол дахин нэхэмжлэл гаргах, уг асуудлаар гомдол гаргах эрхгүй байтал шүүх хүлээн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. ... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны А/442 дугаар захирамж нь хүчингүй болчихсон захирамжийн талаар эрх, ашиг сонирхол байгаа бол хүчингүй болгуулах бус хууль бус байсан болохыг тогтоолгох боломжтой, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “Ү Т” ХХК 32210 м.кв газрыг эзэмшиж байсан. Үүнээс газрын баруун хойд талын хэсэгт нэгж талбарын 18639310933868 дугаар бүхий 731,1 м.кв газар хасагдсан бөгөөд бодит байдал дээр эзэмшлээс 1309 м.кв хасагдсан. Харин зүүн хойд хэсэгт 2782 м.кв газар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу хасагдаж өөр этгээдийн нэр дээр шилжсэн. Үүнээс тооцон үзэхэд 32,210 м.кв-1309 м.кв-2782 м.кв= 28,119 м.кв талбай болж байна. Иймд хасагдсан газрын хэмжээгээр тооцон үзэхэд нэхэмжлэгч “У П” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйлгүй байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр хасагдсан газрын м.кв талбай, нэмэгдсэн газрын хэмжээ зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Шүүх нотлох зарчмын хүрээнд баримтыг бүрэн цуглуулж хэргийг үндэслэл бүхий бүрэн дүүрэн судалж хянан шийдвэрлэж чадаагүй. Нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч болон гэрчээс О.Б-д 3600 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр, захирамж гараагүй хэмээн тайлбарласан зүйл байдаггүй. ... “Ү Т” ХХК маргаан бүхий 3600 м.кв газрын дээрх 1944 м үл хөдлөх хөрөнгийг бусад объектуудаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг хүсэж улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 0088603 дугаартай гэрчилгээг авсан. “У П” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан дариудаа 2003 оны 07 сарын 03-ны өдөр “Номин холдинг” ХХК-тай “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж худалдсан байдаг. ... У П” ХХК-д эзэмшилд 3600 м.кв газар байсан талаарх нэг ч баримт, кадастрын зураг хавтаст хэргийн материалд байхгүй болно. Иймд “Ү Т” ХХК болохоос “У П” ХХК биш, кадастрын зургийн өөрчлөлтөөс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй.
... Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж, үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүйд хүргэж байна.
... “М М” ХХК-ийн газрын хувийн хэрэгт мөн “У П” ХХК-ийн хүсэлт хавсаргагдсан байдгаас дээрх үйл баримтыг нэхэмжлэгч нь мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Гэтэл шүүх “М М” ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх байжээ” гэж дүгнэсэн атлаа ““М М” ХХК нь энэхүү газрыг авахдаа дуудлага худалдааны үнэ төлсөн, төсөл шалгаруулалтад оролцсон зүйл байхгүй байна” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилдөж байна.
... Нэхэмжлэгч анх шүүхэд Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлсон бөгөөд уг актуудын хувьд тэдгээрийн хүчингүй болгуулах шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.
Шүүхээс уг нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, хангаж шийдвэрлэсэн нь цаашид нэхэмжлэгч хуулийг өөрт ашигтайгаар хэрэглэж, шүүхийн буруу практик тогтох нөхцөл байдлыг шүүх үүсгэж байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 0172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “У П” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “У П” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг нийслэлийн Газрын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анх “Ү Т” ХХК, Нийслэлийн өмчийн газартай 1999 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Спорт цогцолборын дуусаагүй барилгын хөнгөн атлетикийн манеж, суудлын доорх байгууламжийг “Ү Т” ХХК-ийн боловсруулсан “Улаанбаатар плаза” төслийн эхний үе шатны дагуу гүйцээн барьж урлаг, соёл, спортын үйлчилгээний цогцолбор болгох” зорилгоор байгуулсан “Спорт комплексийн дуусаагүй барилгад хөрөнгө оруулалт хийлгэж хамтран ажиллах гэрээ”[1]-г байгуулж, тухайн обьектод хөрөнгө оруулах үйл ажиллагааг гүйцэтгэж эхэлжээ.
Уг үйл ажиллагаатай нь холбогдуулж Нийслэлийн Засаг дарга 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Барилгын байршил тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” 232 дугаар захирамжаар[2] Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Спорт цогцолборын 11.9 га газрын үйлчилгээний барилгын 2.9 га талбай бүхий газрыг “Ү Т” ХХК-д ашиглуулахаар,
2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хороонд үйлчилгээ, агуулах, соёл урлагийн зориулалтаар 32210 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар “Ү Т” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс өмнө буюу 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Улаанбаатар плаза” ХХК “Номин холдинг” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “У П” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд тухайн өдөр бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Спорт цогцолбор”-ын дуусаагүй барилгын зүүн хойд талд байрлах соёл урлаг, спорт, үйлчилгээний зориулалттай 1944 м.кв дуусаагүй барилгыг худалдах, барилгын хамт орчмын 4200 м.кв талбай бүхий газрын эзэмшлийг[3] шилжүүлэхээр харилцан тохиролцсон, гэрээний үүрэг биелэгдсэнээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Н Х” ХХК хууль ёсоор өмчилж эхэлжээ.
Үүний дараа 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Н Х” ХХК Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын дуусаагүй барилгын хойд талд байрлалтай, соёл урлаг, спорт, үйлчилгээний зориулалттай 1944 м.кв талбай бүхий барилга, 4200 м.кв талбай бүхий газрыг Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[4]-гээр иргэн Ч.О-т шилжүүлэн өгч, улмаар иргэн Ч.О-аас иргэн О.Б-д[5], иргэн О.Б-өөс “Г” ХХК-д[6], “Г” ХХК-аас “М М” ХХК[7]-д өмчлөх эрх тус тус шилжжээ.
Хэдийгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх бүрт өмчлөгч нар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах болон орчны газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүйгээс Нийслэлийн Засаг дарга тухай бүрт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамж гаргаагүй боловч 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Монголиан стар мелшерс” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ “Ү Т” ХХК-тай харилцан тохиролцож “Нийслэлийн өмчийн харилцааны газраас “У П” цогцолбор барилгыг “Ү Т” ХХК-д хувьчилсан тохиолдолд эрх шилжүүлэн авагч “М М” ХХК-ийн худалдан авсан обьектод ногдох 3600 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүй, үл маргах журмаар шилжүүлэх” нөхцөлөөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[8]-г байгуулсан, улмаар “У П” ХХК-аас 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн газрын албанд “өөрийн эзэмшлийн 28119 м.кв газраас хэсэгчлэн “М М” ХХК-д 2789 м.кв газрыг шилжүүлж, газар эзэмших эрхийг гэрчилгээг тус тусад нь гаргуулах, “М М” ХХК-аас мөн өдөр газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтүүд гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3064 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар “М М” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүний дараа “М М” ХХК тухайн улсын бүртгэлийн Ү-2205018404 дугаарт бүртгэлтэй, 000048604 дугаар гэрчилгээтэй, 1944 м.кв талбай бүхий дуусаагүй барилгыг “С” ХХК-д худалдсанаар талуудыг хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг дарга 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн хавсралтаар “С” ХХК-д, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл “С” ХХК-аас “В Р М” ХХК-д 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, “В Р М” ХХК-аас “У С” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжсэнээр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжаар “У С” ХХК-д 3064 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана/-д нийцсэн байна.
“Ү Т” ХХК-ийн үүсгэн байгуулсан “У П” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч О.Б хувьцаагаа 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.С-д худалдах үедээ тус компанийн эзэмшлийн 32210 м.кв газрыг “У П” ХХК-д шилжүүлэх тухай гэрээ”[9]-г гүйцэтгэх захирал Б.С-тэй, мөн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дээрх газарт байршилтай 583 м.кв талбайтай үйлчилгээний өрөөнүүд, 262 м.кв талбайтай сендвичэн барилгын өмчлөх эрхийг иргэн Б.С-д бэлэглэлийн гэрээгээр тус тус шилжүүлэх талаар тохиролцож, 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эзэмшлийн 32210 м.кв талбай бүхий газрыг “У П” ХХК-д шилжүүлэх хүсэлт[10] гаргасан боловч Нийслэлийн Засаг дарга тухайн үед хүсэлтийг шийдвэрлэлгүй 2 жил гарангийн хугацаа өнгөрсний дараа 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 461 дүгээр захирамжаар[11] “У П” ХХК-д 32210 м.кв бус 28119 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг дарга тухайн шийдвэрийг гаргахдаа ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг харгалзан бусдын өмчлөлд байгаа дуусаагүй барилга, түүний орчмын газрыг “У П” ХХК-д эзэмшүүлээгүй, өөрөөр хэлбэл, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрыг эзэмших нөхцөл бодитоор өөр этгээдэд байгааг харгалзан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ дахь заалтын биелэлтийг хангасан байж болохоор байна.
Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан нэхэмжлэгч “У П” ХХК-ийн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3 /газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг/-д зааснаар Газар эзэмших гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зурагт[12] 28119 м.кв талбайтайгаар тусгасан, тус компанийн ерөнхий захирал Б.С Нийслэлийн газрын албатай 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 28119 м.кв хэмжээтэйгээр Газар эзэмших гэрээ[13] байгуулсан, нэхэмжлэгч “У П” ХХК-аас 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн газрын албанд “өөрийн эзэмшлийн 28119 м.кв газраас хэсэгчлэн “М М” ХХК-д 2789 м.кв газрыг шилжүүлж, газар эзэмших эрхийг гэрчилгээг тус тусад нь гаргуулах, “М М” ХХК-ийн мөн өдрийн газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтүүд[14], “У П” ХХК, “М М” ХХК-ийн хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”[15], “М М” ХХК-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3064 м.кв газрыг ашиглах хүсэлтийг хэлэлцсэн Нийслэлийн газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд дээрх нөхцөл байдлыг нотолж байна.
Эдгээрээс үзэхэд Нийслэлийн Засаг дарга 2008 оны 461, 2011 оны 676 дугаар захирамжуудаар “М М” ХХК-д газар эзэмшүүлэхдээ бусдын үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг “У П” ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрийг гаргаагүй, Нийслэлийн газрын алба ч “У П” ХХК-ийн эзэмшил газрыг газрын кадастрын мэдээллийн санд алдаатай бүртгэсэн гэж шууд дүгнэх боломжгүй.
Үүнээс гадна “Ү Т” ХХК Спорт цогцолборын дуусаагүй барилгын ажлыг гүйцээн барих зорилгоор “У Плаза” ХХК-ийг байгуулсан ч 2001 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Улаанбаатар плаза” ХХК өөрийн улсын бүртгэлийн 26/1588 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нэрийг “У П” ХХК гэж өөрчилсөн[16] нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2011 оны 676 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь нотлогдохгүй байна.
Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “Монголиан стар мелшерс” ХХК-д холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь дээрх байдлаар тогтоогдсон тохиолдолд “М М” ХХК-аас “С” ХХК-д, “С” ХХК-аас “У С” ХХК-д тухайн газрыг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын “2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “У П” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг нийслэлийн Газрын албанд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У П” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М М” ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “У С” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “У П” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-уудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанаас 70.200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд “У С” ХХК, “С” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 2 дахь хавтсын 80 дахь тал
[2] 2 дахь хавтсын 188 дахь тал
[3] 3 дахь хавтсын 70 дахь тал
[4] 3 дахь хавтсын 78, 89 дэх тал
[5] 3 дахь хавтсын 98 дахь тал
[6] 3 дахь хавтсын 120 дахь тал
[7] 3 дахь хавтсын 183 дахь тал
[8] 3 дахь хавтсын 177 дахь тал
[9] 2 дахь хавтсын 37 дахь тал
[10] 2 дахь хавтсын 30 дахь тал
[11] 1 дэх хавтсын 22, 25 дахь тал
[12] 1 дэх хавтсын 117 дахь тал
[13] 1 дэх хавтсын 114 дэх тал
[14] 1 дэх хавтсын 188-189 дэх тал
[15] 1 дэх хавтсын 198 дахь тал
[16] 7 дахь хавтсын 235-236 дахь тал