Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 3

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                         Б.Батзориг

Ц.Амаржаргал

Прокурор                                       Д.Дашмаа

Хохирогчийн өмгөөлөгч               Ж.Батзоригт

Шүүгдэгч                                       Л.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               П.Сарантуяа

                                                       Ц.Цэрэнням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болор-Эрдэнийн бичсэн давж заалдах гомдол болон улсын яллагч Д.Дашмаагийн бичсэн давж заалдах эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Луузандамбын Б-од холбогдох эрүүгийн 20646228 тоот 8 хавтас хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1951 онд Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч, хуульч мэргэжилтэй, одоо “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн ерөнхий захирал, “БЛТ” ХХК, “Хустайн ерөө” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Бага тойруугийн 28 дугаар байр 48 тоотод оршин суух, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, Самдан овогт Луузандамбын Б-,  /РД:ШЗ51050878/ нь 1994-1996 онд Дархан Хар Төмөрлөгийн Комбинатын Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр  өөрийн эхнэр Л.Туяагийн төрсөн ах Л.Нацагдоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн:

-1996 онд Дархан хотын Хар төмөрлөгийн комбинатын захирлаар томилогдон ажиллаж байсан Л. Нацагдорж нь тус үйлдвэрийн эзэмшилд байсан улсын төсвөөс нийт 22.531.394 төгрөгөөр урьдчилсан хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон “Төмөртэйн “орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй, Хөдөө аж ахуй, Үйлдвэрийн яаманд “хөрөнгө оруулалтаа олчихсон, төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина” хэмээн худал ташаа танилцуулж, 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр байгуулсан “БЛТ” ХХК-ийн нэр дээр гаргуулсан. Улмаар “БЛТ” ХХК-ний 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хустайн ерөө” ХХК болон “Төмөртэйн хүдэр” ХХК-иудын нэрээр 2004-2005 онд “Төмөртэй”-н орд газраас нийт 127.132.080.401 төгрөгийн үнэ бүхий 362.167.650 тонн төмрийн хүдрийг олборлож БНХАУ руу экспортонд гаргаж төрийн өмчийг завшиж улсад 12.735.739.434.1 төгрөгийн, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-нд 425.907.208.3 төгрөгийн нийт 13.161.646.642.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан.

-Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан прокуророос холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Л.Б-од холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.Б-од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Б-ыг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Сангийн яамны 12.735.739.434.1 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 425.907.208.3 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгуулж өөрчлөлт оруулах тухай гээд ... Л.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “Үндсэн хууль бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглах бүх ард түмний өмч болгон заасан зүйлийг төрийн нийтийн зориулалттай өмч” гэнэ. 2 дахь хэсэгт “төрийн нийтийн зориулалттай өмчид дараах үл хөдлөх... хөдлөх хөрөнгө хамаарна” гэж заасан. 2.2-т “Газрын хэвлий, түүний баялаг” гэж заасан байна. 5 дугаар зүйлийн 3-т “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан байна. 26 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана” гэж заасан. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 160 дугаартай тогтоолын 3 дугаар заалтанд “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн хүдэр олборлох ил уурхайг 1994 онд багтаан байгуулахын хамт тус уурхай болон Хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг Хар төмөрлөгийн комбинат болон зохион байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй” гэжээ.

Гэтэл шүүх “Төмөртэйн ордыг түшиглэн” гэж заасныг Хар төмөрлөгийн үйлдвэрт олгосон гэж үзэх нь үндэслэл болохгүй гэж Засгийн газрын тогтоолыг хууль бусаар тайлбарлаж дүгнэлт хийсэн  нь үндэслэлгүй байна. Төмөртэйн ордыг түшиглэн Дархан Төмөрлөгийн үйлдвэр 1994 онд баригдаж дууссан ба Төмөртэйн орд нь Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор төрийн өмчид олгосон, тогтоол хүчин төгөлдөр байхад шүүх Дархан төмөрлөгийн үйлдвэр “лиценз, ашиглах эрх” олгох боломжгүй ба Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл хугацаанд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлагдсан дүрмээр хайгуул хийсэн ордыг аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх өөрөөр хэлбэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “лиценз олгох” харилцааг зохицуулж байсан байх ба уг дүрмийн дагуу Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт Төмөрлөгийн ордыг хүлээлгэж өгсөн талаарх баримт  хэрэгт авагдаагүй байна гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт Л.Нацагдоржийн дүү Л.Туяа түүний нөхөр Л.Б- нь Төмөртэйн ордын лицензийг авахын тулд 1996 онд “БЛТ” ХХК-г байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Лицензийг “БЛТ” ХХК-д шилжүүлж авах ажлыг зохион байгуулах үед шүүгдэгч Л.Б- нь Хар төмөрлөгийн үйлдвэр, комбинатын Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хар төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагууд нь “Төмөртэйн” ордыг ашиглахтай холбогдуулан   БНХАУ-ын улсыг үйлдвэрийн газартай харилцаж байх үед Л.Б- нь голлон оролцож, орчуулагчаар давхар ажиллаж байсан. Л.Б-ын “Төмөртэйн” ордын лицензийг авсан болон түүнд лиценз олгосон үйлдэл хууль бус байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдсон.

Шүүх нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд процессийн алдаа хийсэн, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээүй гэж үзэж байна. Л.Б-ын аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол, гэм буруугийн асуудал тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах үүрэгтэй. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэж чадсангүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 188 дугаартай  шийтгэх тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, Л.Б-ыг гэм буруутай болохыг тогтоож, “БЛТ” ХХК-иас 425.907.208 төгрөгийн хохирол, зардлыг гаргуулан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д олгуулахыг шийдвэрлэж  шийтгэх тогтоол өөрчлөлт оруулан хохирогчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Улсын яллагч Д.Дашмаа шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: Шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоолд: ... Прокуророос Л.Б-ыг урьдчилан хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон “Төмөртэйн” орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд “хөрөнгө оруулалтаа олчихсон, төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина.” хэмээн худал ташаа танилцуулж 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан “БЛТ” ХХК-ийн нэр дээр гаргуулсан. Улмаар “БЛТ” ХХК-ийн 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалтайгаар байгуулсан “Хустайн ерөө”, “Төмөртэйн хүдэр”   ХХК-иудын нэрээр 2004-2005 онд Төмөртэйн орд газраас нийт 127.132.080.401 төгрөгийн үнэ бүхий 362.167.650 тонн төмрийн хүдрийг олборлож БНХАУ-руу экспортонд гаргаж төрийн өмчийг завшиж улсад 12.735.739.434.1 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Л.Нацагдоржтой хэрхэн яаж үгсэн тохиролцож Төмөртэйн орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр аваагүй талаар баримт хэрэгт авагдаагүй, 1997 онд уг ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа хууль бусаар авсан байдал тогтоогдохгүй байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 14-нийн өдрийн “Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаартай тогтоолд “Төмөртэйн ордыг түшиглэн” гэж заасан нь уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 1990 онд Хар төмөрлөгийн үйлдвэрт олгосон гэж үзэх үндэслэл болохгүй ба 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл хугацаанд уг ордыг ашиглах лицензийг хэн нэг этгээд эзэмшиж байгаагүй байна. Дархан Төмөрлөгийн үйлдвэр 1994 онд баригдаж дууссан байх ба баригдаж дууссан ашиглалтанд орсон аж ахуйн нэгж байгууллагад байгуулагдаагүй байхад нь “лиценз ашиглах эрх” олгох боломжгүй ба Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл хугацаанд Сайд нарын Зөвлөлийн  тогтоолоор батлагдсан дүрмээр хайгуул хийсэн ордыг аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх өөрөөр хэлбэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “лиценз олгох” харилцааг зохицуулж байсан байх ба уг дүрмийн дагуу Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт “Төмөртэйн” ордыг хүлээлгэж өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

1997 онд хууль батлагдснаар дүрмээр зохицуулж байсан ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах олборлох харилцааг зохицуулах болсон ба уг хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан аль ч байгууллага “Төмөртэйн” ордыг ашиглах лицензийг эзэмшихээр өргөдөл гаргах эрх нээлттэй байжээ. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 1997-2006 оны хооронд уг лицензийг эзэмших талаар холбогдох байгууллагад өргөдөл хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байх ба 2006 онд Цагдаагийн байгууллагад хандан лицензийг хууль бусаар авсан талаар гомдол гаргажээ.

Төрийн эрх бүхий байгууллагаас аж ахуйн нэгжид лиценз олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үүний улмаас эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Захиргааны хэргийн шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэн эрх ашгаа хамгаалах боломжтой ба дээр дурдсан “Төмөртэйн орд” газрыг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд огт эзэмшиж байгаагүй этгээдийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь үндэслэлгүй байна.

Л.Нацагдорж нь эс үйлдлээр “Төмөртэйн” ордыг ашиглах лицензийг аваагүй гэж буруутгаж байх боловч уг лицензийг авах талаар холбогдох байгууллагаас тушаал заавар чиглэл өгч байсан баримт хэрэгт авагдаагүй байх ба Л.Нацагдоржийн ... уг ордын лицензийг авах талаар мэдээгүй... гэх мэдүүлгийг үгүйсгэсэн баримт мөн хэрэгт авагдаагүй байна. Л.Б-ыг Төмөртэйн ордын лицензийг авсан болон түүнд лиценз олгосон үйлдэл хууль бус байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Л.Б-ыг аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв...” гэжээ.

БНМАУ-ын СнЗ-ийн 1990 оны 160 дугаар тогтоолоор шийдвэрлэснээр “Төмөртэйн”  төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг барьж эхлүүлэн улмаар “Төмөртэйн” орд газарт төсвийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийсэн болох нь гэрч С.Ганжууржав, Д.Энхтөр, Ш.Гунгаадорж, Д.Содном, Д.Ганболд нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа, тухайн үед Монгол улсад ашигт малтмалын орд газрыг аж ахуйн нэгж байгууллага эзэмших, ашиглах талаар эрх зүйн орчин бүрдээгүй мөн Төмөрлөгийн үйлдвэр дөнгөж баригдаж эхэлж байсантай холбоотойгоор “Төмөртэйн” орд газрыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон баримт бичиг байхгүй байсан тул дээрх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор ” Төмөртэйн” орд газрыг  тус үйлдвэрт эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдсон гэж үзэхээр байна. Иймд шүүхээс 1997 оны 06 дугаар сарын  05-ны өдөр Ашигт малтмалын хууль батлагдах хүртэл хугацаанд уг ордыг ашиглах лицензийг хэн нэг этгээд эзэмшиж байгаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг Л.Б-, Л.Нацагдорж нар нь мэдсээр байж Л.Б-ын эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан “БЛТ” ХХК-ний нэр дээр 1997 оны 06 дугаар сарын 21-ны өдөр “Төмөртэйн” орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг гаргуулж авсан үйлдэл нь Л.Б-, Л.Нацагдорж нар нь хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор , шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож зориуд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр авалгүй төрийн өмчийг хувьдаа авч завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэж байна.

Иймд шүүхээс Л.Б-ын “БЛТ” ХХК-ний нэр дээр “Төмөртэйн орд”-ын лицензийг авсан болон түүнд лиценз олгосон үйлдлийг хууль бус байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэн Л.Б-ын аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дашмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:  Шүүхэд гаргасан давж заалдах эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл, дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас эсэргүүцэл бичсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Л.Б- нь 1994-1996 оны хооронд Дархан Төмөрлөгийн  үйлдвэрийн Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газарт ажиллахын зэрэгцээ орчуулагчийн ажлыг давхар гүйцэтгэж Төмөрлөгийн үйлдвэрээс  БНХАУ-ын нэр бүхий улсын үйлдвэрийн газартай харилцах харилцаа, гэрээ хэлэлцээр хийх ажилд гол үүрэг гүйцэтгэж байсан болох нь нотлогддог бөгөөд тухайн үед Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн захиралаар ажиллаж байсан  түүний эхнэр Л.Туяагийн ах Л.Нацагдоржтой үгсэн тохиролцож, Л.Нацагдорж эс үйлдлээр тухайн үед тус үйлдвэрийн газрын эзэмшилд байсан  “Төмөртэйн” орд газрын ашиглалтын лицензийг аваагүй, Л.Б- нь тухайн орд газар нь Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан, түүнийг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон орд газар гэдгийг мэдсээр байж өөртөө ашиг олох зорилгоор шунахай сэдэлтээр  энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдсон байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг барьж байгуулж байх үед манай улсад орд газарт хайгуул хийх, ашиглах харилцааг зохицуулсан хууль байгаагүй бөгөөд энэ харилцааг Сайд нарын зөвлөлөөс баталсан дүрмээр зохицуулж байсан бөгөөд нэгэнт Сайд нарын зөвлөлийн 1990 оны 160 дугаар тогтоолд Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн” байгуулахаар тодорхой заасан учраас уг ордыг Дарханы Хар Төмөрлөгийн комбинат буюу Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй  байна.  Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Батзоригт: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасангүй ээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордыг эзэмшигч мөн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж, ашиглана” гэж заасан.  БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн 1990 оны 160 дугаар тогтоол бол одоо хүчин төгөлдөр байгаа тогтоол бөгөөд энэ тогтоолд зааснаар “Төмөртэйн”  төмрийн хүдрийн орд газрын эзэмшигч нь Дархан Төмөрлөгийн үйлдвэр гэдэгтэй хэн ч маргахгүй гэж бодож байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолд “Төмөртэйн” орд газрыг түшиглэн гэж заасныг Хар төмөрлөгийн үйлдвэрт уг ордыг олгосон гэж үзэх  үндэслэл болохгүй гэж Засгийн газрын тогтоолыг хууль бусаар тайлбарлаж дүгнэлт  хийсэн нь буруу гэж бодож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүд нотлогдсон, шүүх нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаанд процессын алдаа гаргасан, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Л.Б-ын аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол, гэм буруугийн асуудал тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б- мэдүүлэхдээ: ...Улсын яллагч Д.Дашмаа намайг анхан шатны шүүхэд яллах дүгнэлтэндээ 54 зүйл жагсааж ялласан боловч эдгээр нь бүгд яллах биш цагаатгах, намайг хэрэг үйлдээгүй болохыг нотлох байримтууд байснаас гадна улсын яллагчийн 18 тоот эсэргүүцлийн 6 дугаар хуудсанд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “Төмөртэйн” орд газрыг тус үйлдвэрт эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдсон гэж үзэхээр байна гэж таамаглал дэвшүүлжээ.

Гэтэл ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг хэзээ ч засгийн газар олгож байгаагүй. Ашигт малтмалын тухай хуульгүй байсан үе болон хуультай болсон үед ч Засгийн газар олгож байгаагүй. Ийм байхад дээрх тогтоолоор “Төмөртэйн” орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт олгосон байсан мэтээр дэндүү бүдүүлгээр яллаж байгаад гомдолтой байна. 1994 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ашигалтанд орсон нь үнэн.

Тухайн үед тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан С.Ганжууржав ч уг орд газрыг үйлдвэрийн нэр дээр авч чадаагүй, чадах нөхцөл ч үүсээгүй юм. Засгийн газрын 1994 оны 64 дүгээр тэмдэглэлээр Худалдаа, үйлдвэрийн яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, сангийн яам, Үндэсний хөгжлийн газарт чиглэл өгөхдөө Төмөртэйн ордод түшиглэн төмрийн хүдэр олборлох уурхай түүнчлэн төмрийн хүдэр боловсруулах, ангижруулсан төмөр гаргаж авах үйлдвэрийг Дархан хотод байгуулах үндсэн дээр Хар төмөрлөгийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор бий болгох төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгуулага /ЮНИДО/ болон сонирхогч орон, олон улсын байгууллагын оролцоотой болосруулж 1995 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах үүрэг өгчээ.

Мөн жилд 200 мянган тонноос багагүй ангижруулсан төмөр үйлдвэрлэхээр бодож төмрийн хүдэр олборлох уурхай, хүдэр боловсруулах үйлдвэр барих асуудлаар Их британи улсын “Дэви макки” компанитай гэрээ байгуулах даалгавар өгчээ. Энэ чиглэлээр С.Ганжууржав дарга болон н.Шагдар дарга нар хөөцөлдөөд хөрөнгө оруулалт олдоогүй. Талийгаач Л.Нацагдорж 1996 онд даргаар ирсэн ч “Төмөртэйн” орд газрын лицензийг тус үйлдвэрт олгох боломжгүй байсан.

Ийм байхад талийгаачийг үйлдвэрийн нэр дээр лицензийг зориуд авалгүй төрийн өмчийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож байна гэж бичсэн нь үнэхээр муйхар гүтгэлэг, хэлмэгдүүлэлт болж байна.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр “Төмөртэйн” ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 2 дугаар үйлдвэрийг барих хөрөнгийн чадваргүй байсан. 1996-1998 онд Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт “Төмөртэйн” ордыг эргэлтэнд оруулж, ангижруулах үйлдвэр барьж байгуулахаар тусгасан. Тухайн үед инфляци 100 гаруй хувьтай, төсвийн алдагдал 50-60 хувьтай байсан ба үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн бодлогыг засгийн газар баримталж байсан.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр уналтанд орж өөрийгөө авч явж чадахгүй болсон байсан учир “Төмөртэйн” ордыг хувийн хэвшилд өгөх шийдвэр гарсан.  Би Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу “БЛТ” ХХК-ийг байгуулсан. “Төмөртэйн” орд газрын ашиглалтын лицензийг ч хуулийн дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр авч гадны хөрөнгө оруулагчийг авч ирж хамтарсан компани байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлж татвар, хураамжийг зохих журмын дагуу төлсөн гэдгийг анхан шатны шүүх  үндэслэлтэй зөв дүгнэж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Л.Б- миний бие нь 18 жил хилс хэрэгт яллагдаж эрүүл мэнд амьдралаараа хохирч, талийгаач Л.Нацагдорж амь насаараа хохирсон байхад илт хууль бусаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хохирогчоор тогтоож хохирогчийн эрх эдлүүлж намайг яллаж байгаад гомдолтой байна. Иймд Төмөрлөгийн үйлдвэрийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа: Хэрэгт цугларсан нотлох баримтуудад Л.Б-ыг буруутгасан, түүнийг гэм буруутай болохыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй ээ. Яллах дүгнэлтэнд Л.Б- нь Л.Нацагдоржтой хуйвалдан Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан “Төмөртэйн” орд газрыг авч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК болон улсад онц их хэмжээний хохирол учруулсан  гэж дурьдсан байна. Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоол 1990 онд гарсан, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК 1994 онд ашиглалтанд орсон. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК ч баригдаагүй, техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад ямар  учраас газрыг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-т өгсөн байх вэ. Ер нь Засгийн газар “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-т “Төмөртэйн” ордыг өгөхгүй НҮБ-ын “ЮНИДО” болон өөр сонирхогч улс орнууд болон олон улсын байгууллагад өгье гэж хуралдсан байдаг. Ер энэ хэргийн мөрдөн байцаагч болон хяналт тавьж байсан прокурорууд нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн эзэмшилд байсан “Төмөртэйн” орд гэсэн буруу  ойлголттойгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийсэн.

Энэ хэрэгт мөрдөн байцаагчаар ажилласан н.Ганхуяг Л.Б-ыг байцаахдаа энэ тухай асуусан байдаг. Хохирогчийн өмгөөлөгчийн яриад давж заалдах гомдолдоо бичээд байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь ашигт малтмалын лиценз олгох асуудалд ямар ч хамаагүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хууль 1997 онд гарахаас өмнө Сайд нарын зөвлөлийн 1990 оны 416 дугаар тогтоолоор баталсан дүрмийн дагуу олгодог байсан юм байна. 

Л.Б-ыг шүүхэд хэрэг ирсний дараа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, гадагшаа гарч шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг БНХАУ-ын Бээжин хотод эмчилгээ хийлгэсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдсан. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл хаана ч байхгүй үнэхээр өвдөж яах ч аргагүй эмчилгээ хийлгэхгүй бол амь насанд аюул учирвал би ч гэсэн л гэр орныхонд хэлэхгүй явах шаардлагатай болвол явна. Түүнийг эмчилгээ хийлгэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед эмчилгээ хийлгэхээр яаралтай яваад дараа нь эмчилгээтэй холбоотой бүх баримтыг шүүхэд ирүүлсэн. Тийм болохоор түүнийг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэслэл болохгүй ээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240 дүгээр зүйлд шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд ирэхээс зайлсхийсэн бол түүнийг эзгүйд хэргийг хэлэлцэж болохоор зохицуулсан байхад Л.Б-ыг эзгүй хурлыг хийж болох байсан. Иймд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Л.Б-ыг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням: Улсын яллагчийн эсэргүүцэл нь хуулийн шаардлага хангаж байгаа нь эргэлзээтэй байна. Сая шүүх хуралдаанд танилцуулснаар бол улсын яллагч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гардаж аваад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эсэргүүцэл бичиж шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хүлээж авсан гэж байна. Тэгэхээр улсын яллагчийн эсэргүүцэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсгийг зөрчсөн учраас тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байхад хүлээн авч түүний эсэргүүцлийг хэлэлцэж байгаа нь процессийн алдаа болж байна.

Хохирогч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” нь давж заалдах гомдолдоо зөвхөн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулах үндэслэлээр гаргасан учраас тогтоолыг бүхэлд нь дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбоотой асуудалд хангалттай дүгнэлт хийсэн. Анхнаасаа Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт лиценз олгосон нь тодорхой бус буюу огт олгоогүй байна. Төмөрлөгийн үйлдвэрийн гаргасан зардлуудыг Л.Б-ын үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй ээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийг хэрэглээгүй байж гэм буруутайд тооцсон байдаг. Иймд Л.Б-ыг цагаатгах эсвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Л.Б- нь 1994-1996 онд Дархан хотын Хар төмөрлөгийн комбинатын Улаанбаатар хот дах төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугацаандаа ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр өөрийн эхнэр Л.Туяагийн төрсөн ах 1996 онд Дархан Төмөрлөгийн комбинатын захиралаар томилогдож ажиллаж байсан Л.Нацагдоржтой урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн:

- тус үйлдвэрийн эзэмшилд байсан, улсын төсвөөс нийт тухайн үеийн ханшаар 22.531.394 төгрөгийн зардлаар урьдчилсан хайгуул хийж нөөцийг нь тогтоосон “Төмөртэйн” орд газрын төмрийн хүдрийг ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй, Хөдөө аж ахуй, Үйлдвэрийн яаманд “хөрөнгө оруулалтаа олчихсон, төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина” хэмээн худал ташаа танилцуулж 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан “БЛТ” ХХК-ний нэр дээр гаргуулсан. Улмаар “БЛТ” ХХК-ний 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хустайн ерөө” ХХК, “Төмөртэйн хүдэр” ХХК-иудын нэр дээр 2004-2005 онд “Төмөртэйн орд” газраас нийт 127 132 080 401 төгрөгийн үнэ бүхий 362 167 650 тонн төмрийн хүдрийг олборлож БНХАУ-руу экспортонд гаргаж төрийн өмчийг ашиглаж улсад 12 735 739 434.1 төгрөгийн, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-д 425 907 208.3 төгрөгийн нийт 13 161 646 642.4 төгрөгийн хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан.

-Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж прокуророос хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд 2007 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэж нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3  дахь хэсгүүдийг  журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Л.Б-од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний төлөөлөгч О.Болор-Эрдэнийн гаргасан давж  заалдах гомдол болон улсын яллагч Д.Дашмаагийн бичсэн давж заалдах эсэргүүцлийн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийсэн гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр нийслэлийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:

1. Хэрэгт цугларсан нотлох баримаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн хүдэр олборлох ил уурхайг 1994 онд багтаан байгуулахын хамт тус уурхай болон хар төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг Хар төмөрлөгийн комбинат болгон зохион байгуулахаар 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоол гарч, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн Нийгэм эдийн засгийн улсын хороо, Геологи уул уурхайн яамнаас өгөгдсөн даалгаврын дагуу Геологийн шинжилгээний “Алмааз” ХК нь Төмөртэйн 17 дугаар ангийг шинээр байгуулан 1990-1994 онд төслийн дагуу улсын төсвөөс 62.6 сая төгрөгийн зардлаар хайгуулын ажил хийж, Дархан Хар төмөрлөгийн комбинатын дарга С.Ганжууржавтай зөвшилцөн Төмөртэйн уурхайн сахиул Н.Нямсүрэнд 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төмөртэйн 17 дугаар ангийн дарга Х.Дашзав 738 ширхэг хайгуулын “керн” /хайгуулын өрөмдлөгийн дээж гулдмай/ хүлээлгэн өгсөн баримт,

1995 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Улсын эрдэс баялагийн зөвлөлийн 01/02 тоот тогтоолоор “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордын хүдрийн нөөцийг улсын эрдэс баялагийн нөөцөд бүртгэж авахаар шийдвэрлэсэн, тус ордыг улсын нөөцөд бүртгэсний дараа 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Дархан Хар төмөрлөгийн комбинатын даргын 143, 146 дугаартай албан тоотоор  Үндэсний хөгжлийн газар болон Худалдаа аж үйлдвэрийн яаманд “Төмөртэйн” орд газрын Ил уурхай болон Ангижруулсан төмрийн үйлдвэрийн техник-эдийн засгийн урьдчилсан тооцоог хүргүүлэн, үзэж танилцаад саналаа ирүүлэх тухай албан бичиг,

1996 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Төмөрлөгийн комбинатын ерөнхий захирлын 170, 171 дугаартай Эрчим хүч, геологи уул уурхайн яамны Уул уурхайн газрын ерөнхий захирал З.Төмөрбаатарт Төмөртэйн төмрийн хүдрийн орд газрыг эзэмших зөвшөөрөл авах тухай, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газарт Эдэлбэр газар олгохыг хүсэх тухай албан тоотууд,

Сэлэнгэ аймгийн засаг даргын 1996 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай  Уурхайн эзэмшлийн газар олгох тухай захирамжинд тус аймгийн Ерөө, Хүдэр сумын нутгаас Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн комбинатад зурагт заагдсан хэмжээний дагуу 75250 га газар эзэмшүүлэхийг Ерөө, Хүдэр сумын засаг дарга нарт зөвшөөрсөн захирамж,

1996 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Төмөрлөгийн комбинатын ерөнхий захиралын 377 албан тоотоор явуулсан Хөдөө аж ахуй, Үйлдвэрийн яамны сайд Л.Нямсамбуу болон Монгол Улсын ерөнхийлөгч П.Очирбат нарт Дарханы Хар  төмөрлөгийн комбинатын цаашдын зорилтын тухай танилцуулга,

1996 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Сэлэнгэ аймгийн засаг даргын 223 дугаар Тусгай нөөцийн газрын хамгаалалтанд авах тухай захирамжинд Хүдэр, Ерөө сумдын нутаг дэвсгэр дэх Төмөртэй, Баянгол, Хустайн хүдрийн ордуудыг түшиглэн Хүдэр сумын нутагт шууд ангижруулсан төмрийн иж бүрэн комплекс байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан уг барилга байгууламжийг ашиглалтанд орох хүртэл тусгай хамгаалалтанд авч уг орд газруудын хүрээнд төмрийн хүдэр ба бусад эрдэс баялагуудад геологийн хайгуул хийх, олборлох зөвшөөрөл олгохгүй байхыг даалгасан зэрэг нотлох баримтуудаар энэ хэргийн хохирогч гэх “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр “Төмөртэйн” төмрийн хүдрийн ордыг түшиглүүлэн хүдрийн ил уурхай, ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 160 дугаар тогтоолын заалтыг биелүүлэх зорилгоор 1990-1996 онуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан болох нь нотлогдож байгаа боловч “Төмөртэйн” орд газрыг Дархан Төмөрлөгийн комбинат эзэмших бодитой үр дүнд хүрсэн эсэх /эзэмшилд нь байсан эсэх нь/ нь нотлогдоогүй,  дээрх үйл ажиллагаануудын санхүүжилт нь хаанаас гарч байсан, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний санхүүгийн тайлан, балансад тусгагдсан эсэх, Дархан Төмөрлөгийн комбинатын ерөнхий захирлын 1996 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны Уул, уурхайн газрын ерөнхий захиралд явуулсан “Төмөртэйн” төмрийн хүдрийн орд газрыг эзэмших зөвшөөрөл авах тухай Төмөрлөгийн комбинатын хүсэлт, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр сумаас уурхайн эдэлбэр газар олгох зэрэг асуудлуудыг эрх бүхий байгууллагууд хэрхэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 “Төмөртэйн” төмрийн хүдрийн орд нь төрийн эзэмшил эсвэл Дархан Төмөрлөгийн комбинатын эзэмшилд байсан эсэхийг бодитойгоор тогтоохгүйгээр Л.Б-, Л.Нацагдорж / талийгаач / нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай яллах үндэслэл нотлогдоогүй гэж үзэх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээр дурдсан  ажиллагаануудыг хийж “Төмөртэйн” төмрийн хүдрийн орд газрын эзэмшлийн асуудлыг нарийвчлан тогтоохгүйгээр /уг ордод хайгуулын лизенз олгохоос өмнөх/ хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

2. Дээрхи хэргийг зохион байгуулсан гэх Л.Б-ын бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулсан байдлыг шалгаж тогтоох өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн обьектив талын буюу Л.Б-ын гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг нарийвчлан  тогтоосны үндсэн дээр түүнд холбогдох хэргийг зүйлчлэх,

3. “БЛТ” ХХК-д “Төмөртэйн” орд газрын ашиглалтын лицензийг олгосон үйл ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэх, хэдийгээр тухайн үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу лиценз олгосон гэж байгаа боловч яагаад ашиглалтын лиценз олгохдоо 1996 онд байгуулагдсан, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаггүй, мэргэжлийн биш компанийг  сонгох болсон,  ил уурхай болон ангижруулах үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг ямар байгууллагаар хэрхэн боловсруулсан зэрэг асуудлыг шалгаж тогтоох, Засгийн газрын хуралдаанаар 1994, 1996 онд “Төмөртэйн” төмрийн хүдрийн ил уурхай, ангижруулах үйлдвэр байгуулах түүний ТЭЗҮ-ийг боловсруулах асуудлыг удаа дараа хэлэлцэж, тодорхой үүрэг даалгавар өгөгдөж байсан, тухайн үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Төмөртэйн” ордыг түшиглэн байгуулсан “Дархан Төмөрлөгийн комбинат” дээрх орд газрыг эзэмших, ил уурхай, төмрийн хүдрийн ангижруулах үйлдвэр байгуулахаар мэргэжлийн байгууллагын хувьд  олон жил идэвхтэй хөөцөлдөж техник-эдийн засгийн урьдчилсан үндэслэл боловсруулж холбогдох яам, хороод танилцуулахаар хүргүүлсэн, үүний дотор Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд танилцуулга хүргүүлж байсан байхад ашиглалтын лиценз олгох асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох төрийн байгууллага болох Төрийн өмчийн хороо болон мэргэжлийн яам, эрх бүхий байгууллагаас санал дүгнэлт авсан эсэх нь тодорхойгүйгээр “БЛТ” ХХК-г сонгож ашиглалтын лиценз олгосон асуудлыг шалгасны үндсэн дээр гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар улсын яллагч Д.Дашмаад анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийтгэх тогтоолыг хүргүүлэхээр шууданд хийж, шуудан хүлээж авсан тэмдэг дарагдсан байх бөгөөд дээрх шийтгэх тогтоолыг улсын яллагч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эсэргүүцэл бичиж 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр шууданд хийснээс дүгнэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эсэргүүцэл бичигдэж шууданд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хуулийн хугацаанд эсэргүүцэл гаргасан гэж давж заалдах шатны шүүх үзсэн бөгөөд дээрх эсэргүүцэл нь Дархан хотын шууданд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу баасан гарагт ирж улмаар тус шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу даваа гарагт хүлээж авсан тэмдэг дарагдсан.

Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авахдаа шууданд хийсэн дугтуйн дээр дарагдсан шуудангийн огноогоор тооцож хүлээж авдаг тул давж заалдах эсэргүүцэл хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй болохыг тэмдэглэж байна.

Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн гэж үзэж  нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан тул хохирогчийн давж заалдах гомдол болон улсын яллагчийн давж заалдах эсэргүүцлийн үндэслэлийн талаар болон шүүгдэгч Л.Б- түүний өмгөөлөгч П.Сарантуяа, Ц.Цэрэнням нарын хохирогчийн давж заалдах гомдол, улсын яллагчийн давж заалдах эсэргүүцэлд гаргасан тайлбар, мэдүүлгүүдийн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Баяцогтод холбогдох эрүүгийн 20646228 тоот 8 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр нийслэлийн Прокурорын газраар дамжуулан буцаасугай.

2. Л.Б-од авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг нийслэлийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                         ШҮҮГЧИД                                            Б.БАТЗОРИГ

                                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ