Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0175/Э/ Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Т.Энхжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Иргэдийн төлөөлөгч П.Гэрэлтболор, Улсын яллагчаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашмаа, Хохирогч байгууллагын өмгөөлөгч Ж.Батзоригт, Хохирогч Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлж О.Болор-Эрдэнэ, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, П.Сарантуяа, Шүүгдэгч Л.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самдан Луузандамбын Баярцогтод холбогдох эрүүгийн 20646228 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, Самдан Луузандамбын Баярцогт, 1951 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч, хуульч мэргэжилтэй, Төмөртэйн хүдэр ХХК-ний ерөнхий захирал, БЛТ, Хустай-Ерөө ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ганцаараа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Бага тойруугийн 28 дугаар байрны 48 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШЗ51050878 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Баярцогт нь 1994-1996 онд Дархан хотын Хар Төмөрлөгийн комбинатын Улаанбаатар төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр өөрийн эхнэр Л.Туяагийн төрсөн ах Л.Нацагдоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн: 1996 онд Дархан хотын Хар төмөрлөгийн комбинатын захирлаар томилогдон ажиллаж байсан Л.Нацагдорж нь тус үйлдвэрийн эзэмшилд байсан, улсын төсвөөс нийт 22531394 төгрөгөөр урьдчилан хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон Төмөртэйн орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн яаманд хөрөнгө оруулалтаа олчихсон төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина хэмээн худал ташаа танилцуулж, 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан БЛТ ХХК-ний нэр дээр гаргуулсан. Улмаар БЛТ ХХК-ний 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан Хустай ерөө, Төмөртэйн-Хүдэр ХХК-иудын нэрээр 2004-2005 онд Төмөртэйн орд газраас нийт 127 132 080 401 төгрөгийн үнэ бүхий 362167650 тонн төмрийн хүдрийг олборлож, БНХАУлс уруу экспортонд гарган төрийн өмчийг завшиж улсад 12 735 739 434,1 төгрөгийн, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-нд 425,907,208,3 төгрөгийн нийт 13 161 646 642,4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, Дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан прокуророос холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд 2007 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Л.Баярцогтын мөрдөн байцаалтад өгсөн: ...Анх 1996 онд байгуулсан бөгөөд 1 гишүүнтэй, манай эхнэр Туяагийн нэр дээр компаний гэрчилгээ олгогдсон байдаг. Гэхдээ энэ компаний захирал нь би өөрөө. Манай эхнэр компаний үйл ажиллагааны талаар юу ч мэдэхгүй. Тус компани нь уул, уурхайн чиглэлээр байгуулагдсан бөгөөд одоо ч гэсэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Би өөрөө БЛТ ХХК-ний дэд захирал гэж явдаг. БЛТ ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн орд газрын ашиглалтын лицензийг авснаар Төмөртэй болон Хуст уулын орд газруудад Хустай Ерөө, Төмөртэй-Хүдэр ХХК-уудыг байгуулан ажиллаж байна. Эдгээр компаниуд нь хятадтай хамтарсан компаниуд бөгөөд Хустайн Ерөө ХХК-ийг 2004 оны 8 дугаар сард байгуулсан. Компаний 30% Монгол, 70% нь БНХАУ-ын Чин Лун корпорацийн эзэн Ли Шао Мин гэдэг хүн эзэмшдэг. Эдгээр компаниудын үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг надаас асууж болно. Ерөнхийд нь би Монгол талыг хариуцсан захирал юм. Би 1994 оны 4 сараас 1996 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед үйлдвэр дөнгөж ашиглалтад орж байсан бөгөөд бүх үйл ажиллагааг би Улаанбаатар хотоос удирдан явуулж байсан. 1996 оны 8 дугаар сард Л.Нацагдоржийг захирал болоход ажлаасаа халагдсан. Учир нь Нацагдорж нь манай эхнэр Л.Туяагийн төрсөн дүү юм. Л.Нацагдорж нь философийн багш мэргэжилтэй хүн. Төмөртэй орд газрыг ашиглах тусгай зөвшөөрлийг анх 1997.6.21-нд авсан. ХААҮ-ийн сайдын а/108 тоот тушаалаар БЛТ ХХК-д олгосон. 1998.01.22-нд Төмөртэйн орд газрыг ашиглах 939А тоот гэрчилгээг авсан. Хустайн орд газрыг ашиглах 940А тоот ашиглалтын лицензийг ч мөн анхнаасаа хамт авч явсан юм. Одоо хустайн орд газрын лиценз нь БЛТ ХХК-ний нэр дээр байгаа. Төмөртэйн орд газрынхаа лицензийг Монгол, Хятадын хамтарсан Төмөртэйн хүдэр ХХК-ийхаа нэр дээр шилжүүлээд үйл ажиллагаа явагдаж байгаа. Би Төмөртэйн Хүдэр ХХК-ний ерөнхий захирал, Хустайн Ерөө ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажилладаг. 1994 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс Төмөртэйн орд газрын геологич Хүдэрбат энэ орд газрыг ашиглалтад оруулчих юмсан, хүдэр боловсруулах үйлдвэр байгуулчих юмсан гэж хэлдэг байсан ба тэр үеэс л надад Төмөртэйн орд газар хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах санаа төрсөн. Төмөртэйн орд газар нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байгаагүй, тусгай зөвшөөрөл орд газрыг ашиглах лиценз лав байгаагүй. Хүдэрбат нь одоо миний геологичоор ажиллаж байгаа. Тэгэхдээ компаний хувь эзэмшдэггүй цалинжаад л явдаг хүн. Ганбат Л.Нацагдоржийн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан. ...манай компаниуд 2004-2006 онд нийтдээ 362167650 тн төмрийн хүдэр экспортонд гаргасан. Зах зээлийн үнээс шалтгаалан янз бүрийн үнээр зарж байгаа, борлуулалтаа манай Хятад тал хариуцдаг. Манай БЛТ ХХК 2004 онд БНХАУ уруу 16294,53 тн төмрийн хүдэр экспортолсон, алдагдалтай ажилласан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 8 960 500 төгрөг төлсөн. Хустай Ерөө ХХК 2004-2005 онд нийт 18148,96 тн төмрийн хүдрийн экспортолсон. ...манай эхнэр уурхайтай холбоотой асуудлыг мэдэхгүй, би өөрөө бүх юмаа мэднэ, эхнэрийнхээ нэрээр компанийг байгуулсан болохоос биш үйл ажиллагааг нь би өөрөө удирдан явуулдаг юм. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан 3 компанийн бүх үйл ажиллагааг нь би өөрөө удирддаг гэж ойлгож болно гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134, 153-161-р хуудас/, Шүүгдэгч Л.Баярцогтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Яллах дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, бодит байдлыг гуйвуулсан тул зөвшөөрөхгүй байгаа. Төмөртэйн орд нь Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан, энэ орд газарт тулгуурлан үйлдвэр барина гэж худал тайлбарласан. Төмөртэйн орд нь Төмөрлөгийн үйлдвэрийн өмч байгаагүй. 2007 оны 11 дүгээр сараас энэ орд газрын лицензийг Төмөрлөгийн үйлдвэр авсан. Намайг хууль бусаар энэ орд газрын лицензийг авсан гэж үзэж байгаа нь буруу гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хууль 1997 онд батлагдан гарсны дараа Төмөртэйн ордын тусгай зөвшөөрлийг Дархан төмөрлөгийн үйлдвэр эзэшиж байсан талаар хаана ч бүртгэл байхгүй тухай лавлагаа байгаа. Төмөртэй орд нь Төрийн болон, орон нутгийн өмчийн тухай хуулинд зааснаар төрийн нийтийн зориулттай өмч гэж заасан байна. Дархан хотын Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь Япон улсаас авсан зээлээр 100,000 тн ган цувимал үйлдвэрлэх чадвартай. 1992 оны 160 дугаар тогтоол гээд байгаа нь Монгол улс Төмөрлөгийн үйлдвэр барихад Японы Иточү пүүстэй гэрээ байгуулсныг зүйтэй гэж үзсэн тийм тогтоол. Төмөр цувих үйлдвэрийг 1990-1993 онд байгуулах, Төмөртэйн ордыг түшиглэн Төмөрлөгийн үйлдвэрийг барина гэсэн байдаг болохоос тэр тогтоол дээр Төмөртэйн ордыг Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд өгөв гэсэн үг үсэг байдаггүй. Сэлэнгэ аймгийн нутагт Дархан хоттой хамгийн ойрхон төмрийн хүдрийн орд нь Төмөртэй орд юм. Тухайн үед Монгол улсад хаягдал төмөр их хэмжээтэй байсан, сайд нарын зөвлөл нь төмрийн хогийг Монголдоо боловсруулах, Дархан хотод энэ төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах болсон тогтоол. Энэ үйлдвэр нь хаягдал төмөр хайлуулж, цувих жижиг үйлдвэр. Энэ үйлдвэр 1990-1993 оны хооронд баригдаад 1994 онд улсын комисс хүлээж авсан байдаг. Тухайн үед Төмөрлөгийн үйлдвэр нь эргэлтийн хөрөнгө байхгүй, өр ширэндээ баригдсан байгууллага байсан. 600,000 сая төгрөгийн эргэлийн хөрөнгөтэй байсан бол Төмөрлөгийн үйлдвэр нь ажиллаж болох байсан. БЛТ ХХК-ийн нэр дээр хууль бусаар тус орд газрын тусгай зөвшөөрөл гаргуулсан гэдэг нь худал. Тухайн үед орд газрыг шилжүүлэх дүрэм батлах тухай 1990 оны дүрэм батлагдсанаар тус дүрмийн дагуу орд газруудыг эзэмшүүлдэг байсан. Дундын комисс нь акт үйлдэж үйлдвэрийн газарт орд газрыг эзэмшүүлэхээр хүлээлгэж өгдөг байсан. ...тухайн үеийн нийгмийн харилцаа өөрчлөгдөж, эдийн засгийн зах зээлд шилжих болсон, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн газрыг хувь хүнд өгч эргэлтэд оруулж байсан учраас би энэ орд дээр төсөл боловсруулж, үйлдвэр барихаар зүтгэсэн юм. БЛТ ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Төмөртэйн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан, энэ төслийг боловсруулсан хүмүүсийн нэр нь байна. Үүнд: Авирмэд, Энхсайхан, Энхтуяа гэдэг хүмүүс Төмөртэй ордыг ашиглах төслийг боловсруулсан, би төслийг хуурамчаар боловсруулсан зүйл огт байхгүй. Энэ төсөл дээр ордыг хэрхэн ашиглах талаар бүх зүйлийг тусгасан байгаа, би өөрийн компаний нэр дээр энэ төслийг боловсруулсан. Засгийн газрын тэмдэглэл байдаг түүн дээр 1994 онд Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь тухайн үедээ эдийн засгийн хүндрэлд орсон, 2 дугаар үйлдвэрээ байгуулах боломжгүй байсан, Нэгдсэн Үндэсний байгууллагын УНИДО гэдэг байгууллагаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хөрөнгө оруулалт хий гэсний дагуу эдийн засгийн үндэслэлийг Хүнс хөдөө аж ахуйн яаманд танилцуулж, 1994 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу яаманд өгсөн. Тус яамны уул уурхайн газрын шинжлэх ухаан техникийн хурал дээр хэлэлцээд БЛТ ХХК-д Төмөртэйн ордыг өгөх нь зүйтэй гэсэн байдаг. Нямсамбуугийн мэдүүлэгт Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн 2 дугаар үйлдвэрийг байгуулах боломжгүй байсан. Засгийн газар үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарласан байсан. 1996 оны 12 дугаар сард Төмөртэйн орд газрыг хувийн хэвшилд өгөх нь зүйтэй гэж үзсэн байдаг. ...Орон нутгаас нь зөвшөөрсөн захирамж гаргах ёстой гэхэд нь би өөрөө Сэлэнгэ аймагт очиж хөөцөлдөж Төмөртэйн орд газар 380 га, Хустай 80 га орд газрыг эзэмшүүлэх тухай захирамж гаргуулсан. Эдгээр захирамжуудаа бариад ирэхэд, Хөдөө аж ахуйн яамны сайдаас Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар, 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хүдэр, Ерөө сумын ордын тусгай зөвшөөрлийг манай компанид өгсөн. 1998.01.18-ны өдрийн 08 дугаар тушаалыг гаргаж, 1998.01.22-ны өдөр лицензийн төлбөрийг нь төлсөн бөгөөд 1998.01.28-ны өдөр БЛТ ХХК-д өгсөн. Лиценз аваад очиход маш сайхан байгаль байсан өөр юу ч байгаагүй. Газрын зураг байхгүй байхад нь газрын зураг хийсэн. Үйлдвэр байгуулах төсөл бичсэн. Төмөртэй ордыг ашиглах тооцоо хийсэн. 60 жилийн 29 сая тн-ын нөөцтэй орд байсан. Төмөртэйн ордыг түшиглэн 3-5 сая тн төмөрлөгийн үйлдвэрийг байгуулах, ДТҮ-ийн түүхий эд болгох, 2010 онд үйлдвэр байгуулах үүсгэн байгуулах гэсэн төлөвлөгөөтэй байдаг. ...2005.3.07-ны өдөр 939А лицензийг БЛТ ХХК-д шилжүүлсэн, төмрийн хүдрийг Хятад улс руу гаргасан 2006.9. 25-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоосон. 240,000 тн хүдэр олборлох боломжоо алдсан. Худал танилцуулж, хууль бусаар олж аваагүй, ордыг зарсан зүйл байхгүй, тухайн үед үйлчилж байсан бүх хуулийг баримталж үйл ажиллагаа явуулж байсан. Төмөртэй хүдэр ХХК-ийн олборлосон төмрийн хүдрийг төрийн өмч гэж тайлбарлаж байгаа нь буруу, боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг төрийн өмч гэж үздэггүй. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-д зааснаар Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж заасан байдаг бөгөөд эзэмших эрхтэй гэж үзэж байна. Төмөртэй хүдэр ХХК-ний өмч мөн гэж үзэж байна. Энэ ордын лиценз Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмч байгаагүй. Энэ ордыг ашиглахаар 50,000,000 доллар зарцуулсан, 2005 онд Хятад улсаас зээл олгох хэлэлцээрт 200,000,000 юанийг Төмөртэй ордод зарцуулна гэж заасан байсан, миний эхлүүлсэн төмөр зам явж байгаа. Анхны хувийн хэвшлийн төмөр зам юм. Миний үйл ажиллагааг хууль бусаар зогсоогоогүй байсан бол Төмөрлөгийн үйлдвэрийг хангаад, гангийн үйлдвэр байгуулах байсан. Лицензийг хуулийн дагуу авсан байна гэсэн 2006 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна. Гарсан шийдвэрүүд нь бусдын эзэмшлээс булааж, хулгайлж аваагүй гэдгийг нотолсон байдаг. 362,000 тн төмрийн хүдэр нь манай компанийн өмч мөн. Захиран зарцуулах эрх нь манай компанид байгаа. Улсын дээд шүүхийн 2013 оны 102 тоот тогтоолоор Төмөртэй хүдэр ХХК-ний өмч гэдгийг нотолж байгаа юм. Одоо болтол төмөрийн хүдрийг урагшаа зөөсөн хэвээрээ л байгаа. 2013-2014 оны үйлдвэрийн гарсан зардлаа надаас хохирол болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний болон захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Хавтаст хэргийн 25-45 дугаар хуудсанд цагаатгах талын нотлох баримтууд хангалттай авагдсан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй эрүүл мэндийн улмаас 5 жил эмнэлэгт хэвтсэн, шүүх ажиллагаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Ийм учраас намайг оргон зайлсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, хүндэвтэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшилд байсан Төмөртэйн орд газрыг 1997 онд хууль бус аргаар тухайн үед үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Л.Нацагдорж гэгч нь өөрийн ах дүү нарын БЛТ ХХК-д өгсөн, албан тушаалаа урвуулан хувьдаа завшсан болох нь тогтоогдож байгаа. Дархан Сэлэнгийн сав газар дахь Төмөртэйн бүлэг орд газрууд нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн бааз бөгөөд энэ ордуудыг түшиглэн тус үйлдвэрийг барьж байгуулсан. Төмөртэйн орд газар бол БНМАУ-ын СнЗ-ийн 1990 оны 160 дугаар тогтоолоор Төмөрлөгийн комбинатын эзэмшилд өгсөн орд газар бөгөөд Засгийн газрын энэ шийдвэр нь одоо ч хүчин төгөлдөр байгаа. Төмөртэйн орд газартай холбоотой асар их зардалууд гарсан байдаг. Тухайлбал энэ орд газарт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр удаа дараа хайгуулын ажил хийгдсэн. Төмөртэйн орд газарт хайгуул геологийн ажил хийх, гадаад дотоод явж туршлага судалгаа хийх, туршлага судлах, харуул манаа гэх мэтчилэн ажилд зардал гарсан. Зардлыг дотор нь дараахи байдлаар ангилж үзсэн. 1.БНМАУ-ын СнЗ-ийн 160 дугаар тoгтоол гаргахаас өмнө зардал. Уг зардал нь 2 хуваагдана. а/.Хайгуулын зардал. Үүнд:1961-1984 онд 10.908.500 төгрөг. б/.Шинжилгээ судалгааны зардал. 1984 онд 506 000 төгрөг төрөөс зарцуулсан. 2.БНМАУ-ын Сн3-н 160-р тогтооыг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан зардал.Энэ зардлыг 3 хуваасан. а/.Хайгуулын зардал. 1990-1992 онд 12 755 600 төгрөг. б/.Шинжилгээ судалгааны зардал. 1994 онд дотоодын шинжилгээ судалгаанд 2 225 000 төгрөг зарцуулсан. Харин гадаад буюу Англи улсын Дэви, Герман улсын Лурге пүүст хийлгэсэн шинжилгээний зардлын тооцоог бүрэн гаргаж чадаагүй,тухайн үед энэ зардлыг Японы Иточу корпорациас урьдчилан төлсөн бөгөөд дараа нь манай үйлдвэрээс энэ зардлаа нэхэмжилсэн. Уг зардлыг Засгийн газраас 2000 оны үед төлсөн боловч энэ талаархи мэдээллийг Сангийн ямнаас олж чадаагүй байгаа. Японы Иочу корпориацаас төлбөртэй холбоотой тодорхойлолт авах гэж байгаа. Үүний дараа гадаад шинжилгээ судалгааны зардлыг нийт дүн тодорхой болно. в/.Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг 1990-1994 онд барьж байгуулах зардал, Үндсэн тоног төхөөрөмжийг худалдан авахад 75 000 000 ам доллар, тоног төхөөрөмжийг тээвэрлэж авч ирэх зардал, сургалт ба мэргэжилтний зардал 8 000 000 ам доллар, үйлдвэрийн барилга угсралтын ажилд 7 600 000 ам доллар, 457 800 000 төгрөгийн зардал гарсан байсан. Мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс Төмөртэйн орд газрыг ашиглах, хүдэр боловсруулах II үйлдвэрийг барьж байгуулах асуудалтай холбогдож гарсан гадаад, дотоод томилолт үйл ажиллагааны зардал байна. Энэ зардлыг дотор нь 1990-1994 он хүртэл хайсан ашиглалтын өмнөх захиргааны үед гарсан зардал, үйлдвэр байгуулагдсаны дараа гарсан зардал гэж хувааж болно. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 1990 онд 233,961 төгрөг 50 мөнгө, 1991 онд 401,668 төгрөг 60 мөнгө, 4,711 ам доллар, 1992 онд 188,470 төгрөг, 1993 онд 141,390 төгрөг, 332 ам доллар, 1994 онд 8028 төгрөг, 1995 онд 1,841,798 төгрөг, 1996 онд 233,560 төгрөгийг Төмөртэйн орд газрыг ашиглахтай холбоотой зарцуулсан байна. Үүнээс гадна 1990-1997 онд Төмөртэйн ангижруулах үйлдвэрийн асуудал хариуцан ажиллаж байсан хүмүүсийн цалингийн зардал бий. Өөрөөр хэлбэл инженер, техникийн ажилтнуудад, сахиул манаа гэх мэт хүмүүсийн цалин гэсэн үг л дээ. Үүнд: 1990-1997 онд 3 371 343 төгрөг зарцуулсан байна. Мөн Төмөртэйн сахиул айл үйлдвэрийн 111 толгой мал дутагдуулсан бөгөөд тэр үеийн үнэлгээгээр 1 155 000 төгрөгийг Нацагдорж захирал нэхэмжилж бүх шатны шүүхийн шийдвэр гаргуулж авсан байдаг. Үүнийг яагаад хэлж байна гэхээр Нацагдорж захирал Төмөртэйн орд газар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсныг мэдээгүй гэж одоо ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр Нацагдорж захирал Төмөртэйн сахиулаас малынхаа мөнгийг нэхэмжилж байсныг үзэхэд Төмөртэйн орд газар Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой гэдгийг маш сайн мэдэж байсныг нотолж байгаа юм. Л.Нацагдоржид ажил хүлээлцүүлэхэд Төмөртэйн орд газартай холбоотой баримт материалыг хүлээлцүүлж өгсөн. Тэр байтугай Дархан төмөрлөгийн үйлдвэрийн бүтэц хөгжлийн хэлтэс гэж 3 хүний бүрэлдэхүүнтэй нэгж байсан. Энэ дээр төмөртэйн орд газрыг ашиглахтай холбоотой бүх судалгаа материал байсан. Мөн архивт Төмөртэйн ордтой холбоотой материал байсан. Энэ бүгдийг Нацагдоржид хүлээлгэн өгсөн. Тухайн үед Нацагдоржид ажил хүлээлцүүлэх комисст би байсан. Дээрхи зардлуудыг тооцож гаргахдаа үйлдвэрийн архивт байгаа бүх санхүүгийн болон бусад бичиг баримтуудыг үндэслэж гаргасан бодитой зардал юм. Ингээд одоо төмөртэйн орд газрыг алдсанаар үйлдвэрт учирсан шууд хохирлыг орд газар албан тушаалаа урвуулан өөрийн төрөл садан, ах дүү нарын БЛТ ХХК-д хууль бусаар өгч үйлдвэрийн их хэмжээний хөрөнгийг хувьдаа завшсан Л.Нацагдорж, энэ хэрэгт хамтран оролцсон БЛТ ХХК-ний захирал Л.Баярцогт нараас нэхэмжилж байна. Төмөртэйн орд газартай холбоотой хохирол бол маш том хохирол юм. Үүнээс учирсан хор уршиг нэлээд гүнзгий юм. Энэ шууд хохиролд дараах хохирол орно. Үүнд: 1.Төмөртэйн орд газрыг ашиглахтай холбогдож 1990-1996 онд үйлдвэрээс гарсан зардал 3,048,876,1 төгрөг, 5043 ам доллар, 2.Төмөртэйн ордыг хариуцан ажиллаж байсан хүмүүсийн цалингийн зардал 3,371,343 төгрөг, 5,043 ам долларын зардал гарсан. Өссөн дүнгээр бус тухайн үеийн хохирлын дүнгээр хохирлыг тооцож нийт 6,740,828,3 төгрөгийг хууль бус аргаар орд газрыг авсан БЛТ ХХК-иас, Төмөртэйн орд газрыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нэхэмжилж байна. Гэхдээ тэр үеийн мөнгөний ханш өнөөдрийн мөнгөний ханш 2 асар их зөрүүтэй, энэ байдлыг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Нарийвчилсан хайгуулын зардлыг Сангийн яам нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Төмөртэйн ордтой холбоотой 8 хавтас баримт манай байгууллагад байгаа, эх хувь нь яг тэр чигээрээ манай архивт байгаа гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-85, 2-р хх-ийн 245-р хуудас/, Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч О.Болор-Эрдэний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...урьд нь энэ хэрэгт тус үйлдвэрийн Хөгжил хэтийн төлөвийн хэлтсийн дарга Ц.Мөнхжаргал оролцож байсан. Түүний мэдүүлснээр тухайн үед 6,740,828,3 төгрөгийн хохирол үйлдвэрт шууд учирсан байгаа ба хохирлын задаргааг түүний мэдүүлгээс харж болно. Тухайн үед Төмөртэйн хүдэр, Хустай Ерөө, БЛТ ХХК-иудын олборлосон төмрийн хүдрийн хэмжээгээр учирсан хохирлыг нэхэмжлэх нь зүйн хэрэг. Мэдээж эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа учир тухайн үеийн үнэ ханшаар нэхэмжилж байна. Мөн Төмөртэй хүдэр ХХК болон Хустай Ерөө ХХК-иуд нь дээрх ордуудаас исэлдсэн өндөр агуулгатай төмрийн хүдрийн сорчлон олборлосон нь уурхайн технологийг алдагдуулж, хөрсний хоцрогдолд оруулсан. Мөн уурхайн олборлолтын үйл ажиллагааг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу явуулаагүйн улмаас уурхайн хүрээн дотор баяжуулах үйлдвэр, хөрсний овоолго, хаягдал овоолгыг байгуулсан нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хохирол болсон. Энэ зардлыг би хүснэгтээр гаргаж өгч байгаа ба 2013, 2014 онд БЛТ ХХК, Төмөртэйн Хүдэр ХХК-ний 2002-2006 оны хооронд уулын ажлын гүйцэтгэлээр үүссэн хөрсний болон хаягдлын овоолгуудаас Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ний Төмөртэйн зүүний баруун уурхайн эцсийн хүрээнд орсон овоолгуудыг зөөсөн зардлууд юм. Үүнд 2013, 2014 онд хөрс, овоолго шилжүүлсэн зардал нь 19,508,767 төгрөг, 2011 онд баяжмал тээвэрлэхэд хяналт хийсэн ажилчдын хөдөлмөрийн зардал 2,711,820 төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн гэрээгээр БЛТ ХХК-д ногдох нь 20,690,680 төгрөгийг манай үйлдвэр нөхөн төлөөд явж байгаа гэх мэт хохирлууд үйлдвэрт шууд учирсан ба нийт 425,907,208 төгрөгийн зардлыг мөн нэмж нэхэмжилж байна. Л.Баярцогт энэ орд дээр 50,000,000 долларын хөрөнгө хийсэн гээд байгаа тийм их хөрөнгө оруулалт хийгээгүй. Энэ нөхдүүд ордоос сорчлон олборлосон, уурхай дээр хэдэн Хятадууд үхэж байсан тохиолдол байгаа. Гангийн үйлдвэр байгуулах гэж байсан нь худал. Олон байгууллагуудын шалгалтаар бичиг баримт байхгүй, стандартын дагуу олборлолт явуулаагүй, хууль зөрчсөн болох нь тогтоогдсон байдаг. Эдний компани хууль зөрчсөн учраас үйл ажиллагааг нь зогссон. Манай талаас эдний буруу газар овоолго хийсэн байгааг шилжүүлсэн зардал, тоног төхөөрөмжийг зайлуулсан зардал, уг үйл ажиллагааг гардан хийсэн ажилтнуудын цалин, мөн нөөц ашигласны төлбөрийг нэхэмжилж байгаа. Бид нөөц ашигласны төлбөрийг бүтнээр нь төлж байгаа. Энэ асуудал нь өнөөдөр олон улсын хооронд гэрээг зөрчсөн гэдэг талаар Гаагийн шүүх дээр явж байгаа. Өнөөдрийн шүүхийн маргаан энэ асуудалд бас нөлөөлнө. Манай компани өнөөдөр уул уурхай металлургийн цогцолбор барьж байна. Одоогийн байдлаар 800,000 сая долларын хөрөнгө оруулж байгаа. 600 гаруй уурхайчдын асуудал яригдаж байгаа. Энэ их ач холбогдолтой асуудал юм. Эдний компани 861,000 тн нөөц хөдөлгөсөн, 491,000 тн нөөц авсан гэсэн байгаа, овоолго дээрээс 212,000 тн баяжмал нүүлгэсэн. Ашигт малтмалын газар дээр гаргасан хэмжээ нь 491,000 тн авсан байна гэсэн байгаа тул энэ хэмжээгээр нь нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 222-223-р хуудас/, Хохирогч байгууллагын төлөөлөгч Ч.Батбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: БЛТ ХХК-ийг уг лицензийг хууль бусаар авсан гэж үзэж байгаа. Төмөртэйн орд газар Монгол улсын төсвийн зардлаар нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг тогтоосон билээ. Тодруулж хэлбэл геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа геологийн хайгуулын 3723,4872 тоот тайланд тэр үед төсвөөс гарсан зардлыг тодорхой дурьдсан байна. 1981-1984 онд тэр үеийн ханшаар 6,150,634 төгрөг, 1990-1994 онд 16,380, 760 төгрөг буюу нийт 22,531,394 төгрөгийн зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлж, геологи хайгуулын тайлан дээр зардлыг тусгасан байдаг. Иймд энэ зардлыг нэхэмжилнэ. Мөн БЛТ ХХК, Төмөртэйн Хүдэр, Хустайн Ерөө ХХК нь 2004-2006 онд нийт 362,167,650 кг төмрийн хүдрийг БНХАУ-д экспортонд гаргасан бөгөөд уг төмрийн хүдрийн үнэ 10,628,684,49 ам доллар буюу 12.713.208.040.1 төгрөгийг, Төмөртэйн орд газар нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байхад уг ордыг хууль бусаар БЛТ ХХК-д лицензийг олгосон гэж үзэж байгаа тул экспортолсон төмрийн хүдрийн үнийг нэхэмжилж байна. Ингээд Сангийн яам улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардал, хууль бус экспортонд гаргасан төмрийн хүдрийн үнийг нийлүүлээд нийт 12,735,739,434,1 төгрөгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна. Төмрийн хүдрийн үнийг манай яам тогтоохгүй. Нэг кг төмрийн хүдэр нь он бүрт өөр өөр үнэтэй байсан. Иймд ХХК-дын 2004-2006 онд төмрийн хүдэр БНХАУ уруу экспортолсон төмрийн хүдрийн үнийг гаалийн баримтыг үндэслэн нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92, 2-р хх-ийн 132, 244-р хуудас/, Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч А.Даваажаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Уг хэрэгт учирсан хохирлын талаар Сангийн яамнаас урьд нь хохирогчоор тогтоогдож байсан Ч.Батбаатарын мэдүүлгийн адил байр суурьтай байна. Одоо буруутай этгээдээс Ч.Батбаатарын өгсөн мэдүүлгийн дагуу дараах байдлаар хохирлыг нэхэмжилж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдээр нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Үүнд: Улсын төсвөөс хайгуул хийсэн ажлын төсөв болох нийт 22,531,394 төгрөг, БНХАУ-д 361,167,650 кг төмрийн хүдэр экспортолсон үнэ болох 12,713,208,040,1 төгрөгийг буюу нийт 12,735,739,434,1 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлын үнийн задаргааны талаар урьд буюу тухайн үед хэргийн хохирогчоор тогтоогдож байсан Ч.Батбаатарын мэдүүлэгт дэлгэрэнгүй дурьдсан байгаа гэх мэдүүлэг /7-р хх-ийн 95-р хуудас/, Гэрч Л.Мажаагийн мөрдөн байцаалтад өгсөн: …1994 оноос эхлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт анх чанар шалгагчаар ажилд орсон. Нацагдорж захирал болохын өмнө боловсон хүчний эрхлэгч хийж байсан, тэгээд Нацагдорж захирал болоод би өөрөө албан тушаалд томилогдсон. Төмөртэйн орд газартай холбоотой материалуудыг Нацагдоржид хүлээлгэн өгсөн бөгөөд Нацагдорж захирал Төмөртэйн орд газрыг Төмөрлөгийн үйлдвэрийн мэдлийнх гэдгийг мэдэж байсан. Төмөртэйн орд газартай холбоотой 2 билүү 3 боть материал хүлээлгэн өгч байсан. Төмөртэйн ордтой холбоотой материалыг хүлээн авсан юм чинь СнЗ-ийн 1990 оны 160 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр гэж тухайн үед мэдэж байсан. Угаасаа үйлдвэрийн хүн болгон тэр тогтоолыг мэддэг байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247-р хуудас/, Гэрч Т.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтад өгсөн: …БЛТ ХХК, Төмөртэйн Хүдэр, Хустайн Ерөө ХХК нь 2004-2006 онд нийт 10,628,684,49 ам доллар буюу 12,713,208,040 төгрөгийн үнэ бүхий 362,167,65 тн төмрийн хүдэр экспортонд гаргасан байна. Компани тус бүрээр тодруулбал: 2004 онд …БЛТ ХХК, Хустайн Ерөө ХХК нь 425,732,763,9 төгрөгийн үнэ бүхий 33492,12 тн төмрийн хүдэр, 2005 онд Хустайн Ерөө ХХК нь 5,642,957,254 төгрөгийн үнэ бүхий 175608,22 тн төмрийн хүдэр, 2006.7.31-ний өдрийн байдлаар Төмөртэйн Хүдэр, Хустайн Ерөө ХХК хамтран 6,3220,674,470,2 төгрөгийн үнэ бүхий 153067,1 тн төмрийн хүдэр гаргасан байна. Төмрийн хүдэр экспортонд гаргахад гаалийн татвар байхгүй, зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж авдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-р хуудас/, Гэрч Д.Дашзэвэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Төлбөрийн хэмжээг холбогдох эрхийн актуудын үндсэн тодорхой аргачлалаар бодож тогтоосон. Төмөртэйн орд газарт хийгдсэн хайгуулын зардлын тооцоог Монгол Улсын Геологийн мэдээллийн төвд хадгалагдаж байгаа 3723,4872 тоот Төмөртэйн хүдрийн ордын хайгуулын ажлын тайлангаас авсан болно. Эдгээр тайланд хавсаргасан зардлын тооцоогоор 1981-1984 онд тус ордод хийгдсэн эрэл, үнэлгээ, урьдчилсан хайгуулын зардал 6,150,634 төгрөг, 1990-1993 онд хийсэн нарийвчилсан хайгуулын зардал 16,350,760 төгрөг буюу нийт тухайн үед төсвөөс гарсан зардал нь 22,543,100 төгрөг болж байгаа юм. Геологийн хайгуулын тайланд байгаа зардлын тооцоо бүрэн үндэслэлтэй, тэр үед гарсан бүх зардлыг тусгасан бодитой мэдээлэл юм. Бүх тайлангуудад зардлын тайлан нь давхар байдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/, Гэрч С.Ганжууржавын мөрдөн байцаалтад өгсөн: …БНМАУ-ын СнЗ-ийн 1990.04.04-ний өдрийн 160 дугаар тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэр комбинат байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Энэ тогтоолоор Дархан хотод Хар төмөрлөгийн үйлдвэрийг Япон улсын зээл тусламжаар байгуулах, Төмөртэйн орд газрыг түшиглэн төмрийн хүдэр олборлох ил уурхайг 1994 онд багтаан байгуулах, түүн дээр үндэслэн хүдэр ангижруулах үйлдвэрийг байгуулан, нийтэд нь Дарханы төмөрлөгийн комбинат болгон байгуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн дагуу эхний ээлжинд Япон улсын зээлээр 1994 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Тус үйлдвэр нь хаягдал төмөр боловсруулан, ган цувимал үйлдвэрлэх зориулалттай байгуулагдсан үйлдвэр юм. Төмөртэй, Хустай уул, Баянголын орд газрууд бол нэг бүлэг орд газар бөгөөд Дархан Сэлэнгийн бүлэг орд гэж нэрлэдэг. Хар төмөрлөгийн комбинатыг энэ бүлэг орд газрыг түшиглэн байгуулах, тэр чиглэлээр тогтоол шийдвэрүүд нь гараад явж байсан. Дараагийн гол асуудал бол Төмөртэй орд газрыг түшиглүүлэн хүдэр олборлох уурхай, ангижруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил байсан боловч хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс энэ ажил хойшлогдсоор цаг алдсан. Тэгэхдээ Төмөртэй орд газрын нарийвчилсан хайгуулын ажил 1992-1994 онд хийгдсэн бөгөөд үйлдвэр байгуулах зорилгоор гадаад улс орнуудад тендер зарласан. Энэ тендерт үйлдвэр худалдааны сайдын тушаалаар байгуулсан экспертизмийн групп уг тендерийг шалгаруулж, Англи улсын Деви Маки компанийг шалгаруулсан. Монгол Улсын засгийн газрын 1994.12.21-ний өдрийн хуралдаанаас Төмрийн хүдэр олборлох уурхай, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага Юнидагийн оролцоотой боловсруулж Засгийн газарт танилцуулах, тендерт ялсан Деви Маки компантай үйлдвэр байгуулах гэрээ хэлцэл хийх ажлыг гүйцэтгэхийг холбогдох яам агентлагуудад өгсөн. Ингээд үйлдвэр байгуулагдах гэрээ хэлцэл хийгдэх, үйлдвэр байгуулагдах шатны өмнө 1957.07.15-наас Үйлдвэр худалдааны сайдын тушаалаар намайг Төмөрлөгийн үйлдвэрийн захирлын ажлаас чөлөөлсөн. Уг гэрээ хэлцэл хийх ажлыг надаар хийлгэнэ гэж ажлаас чөлөөлөхдөө хэлсэн боловч оролцуулаагүй. Дэви Маки компани мэргэжлийн хүмүүстэй үйлдвэр байгуулах ажлыг тохиролцоно гээд хүлээж аваагүй юм билээ. Ингээд 1996 онд төр засаг солигдож улмаар гэрээ хийх, үйлдвэр байгуулах ажил замхарсан. 1996 оны 7 дугаар сард Л.Нацагдорж гэж хүн үйлдвэрийн захирлаар томилогдож 2004 оны 4 сар хүртэл ажилласан. Энэ хүнийг ажиллаж байх хугацаанд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн Юнидагаар хийлгэсэн техник эдийн засгийн үндэслэл, Деви Маки, Лурге компаниудаас ирсэн тендерийн материалууд бүгд алга болсон. Үүний дээр хамгийн гол асуудал бол Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүдэр боловсруулах II үйлдвэр байгуулагдах гол орд газар болох Төмөртэйн орд газрыг эзэмших эрх алдагдсан. Засгийн газрын тогтоолоор Төмөрлөгийн үйлдвэрт өгсөн орд газрыг хууль бусаар БЛТ ХХК-д шилжүүлж лиценз олгосон. Энэ бол цэвэр албан тушаалаа урвуулсан хуйвалдааны шинжтэй үйл ажиллагаа болсон. СнЗ-ийн 160 дугаар тогтоол хүчинтэй, энэ тогтоолоор байгуулагдсан хар төмөрлөгийн комбинатын эхний хэсэг болох Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. СнЗ-ийн 160 дугаар тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын шийдвэр, УИХ-ийн тогтоол хэзээ ч гараагүй байгаа болохоор хүчинтэй гэж үзэхээс өөр аргагүй. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө үйлдвэрт орд газрыг эзэмших лиценз байгаагүй. Шууд Засгийн газрын тогтоолоороо Төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан орд юм. Тус орд газрыг манай үйлдвэр 1994 оноос эхлэн харуул хамгаалалт тавьж эзэмшиж байсан. Энэ Төмөртэйн орд газарт 1992-1994 онд төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн. Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд өгчихсөн хүдэр боловсруулах үйлдвэр, уурхай байгуулах гэж байсан гол орд газрыг хуйвалдаанаар хувийн компанид шилжүүлэн авсан юм. Энэ орд газрыг тухайн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Л.Нацагдорж нь албан тушаалаа урвуулан санаатайгаар хураамжийг төлж лицензийг авалгүй өөрийн ах дүү төрөл садны хүмүүст өгсөн байгаа ба энэ нь хэний ч нүдэнд ил бөгөөд одоо Төмөртэйн орд газрын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа БЛТ ХХК-ний захирал Л.Туяа гэгч нь Л.Нацагдоржийн төрсөн эгч, Л.Туяагийн нөхөр Л.Баярцогт гэгч нь тухайн үед манай Төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан хүн юм. Мөн одоо Төмөртэйн орд газар шинээр байгуулан ажиллаж байгаа Монгол Хятадын хамтарсан Төмөртэйн хүдэр ХХК-ний Монгол талыг хариуцан ажиллаж байгаа Ганбат гэгч нь Л.Нацагдоржийн үед манай нягтлан бодогч хийж байсан төрөл садны холбоотой хүн байгаа юм. Төмөртэйн орд газрын хайгуулын ажлыг хийсэн геологич Хүдэрбат гэдэг хүн өөрөө БЛТ ХХК-ний ерөнхий геологич хийж байгаа. Тухайн үеийн үйлдвэрийн удирдлагад байсан эдгээр хүмүүс хуйвалдан санаатайгаар орд газрыг эзэмших лицензийг авахгүй байсаар өөрсдийн хувийн компанид шилжүүлэн авсан нь ойлгомжтой байгаа. Энэ бол эртнээс төлөвлөсөн санаатай үйл ажиллагаа байсан гэж үзэж байгаа. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа үйл ажиллагаа юм. Үйлдвэр Төмөртэйн орд газрыг алдсаныг дуулаад Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын дарга Жаргалсайхан гэдэг хүнтэй уулзаж яагаад Засгийн газрын тогтоолоор улсын үйлдвэрийн газрын мэдэлд өгсөн орд газрыг хувийн компанид өгсөн юм бэ гэж асуухад танай үйлдвэрт лиценз ээ ав гэсэн бичгийг явуулсан, Нацагдорж захирал авахгүй гээд аваагүй шүү дээ гэсэн хариултыг өгсөн. Нацагдорж нь манай үйлдвэр лицензийн хураамжийг төлөх мөнгөгүйдээ орд газрыг эзэмших эрхийг алдаагүй санаатайгаар авахгүй байсаар ах дүү нараараа нийлж хувьдаа авсан нь ойлгомжтой байгаа. Улсын төсвийн 12.8 гр, тн агууламжтай шороог хилээр гаргасан. Энэ нь лаборитарын дүгнэлтээр ард түмний шахалтаар энэ ажлыг нь зогсоогоод байгаа. Тэгэхэд дэлхийн жишиг шороон ордод 1-2гр/тн байдаг ингээд бодоход асар их баялагийг Хятад руу зөөж гаргасан нь тодорохой байгаа юм. Манай Төмөртэйн орд газрын төмрийн агууламж нь 65-72%-ийн маш өндөр агууламжтай байгалаас бидэнд заяасан баялаг юм. Дэлхийн жишигт бол хүдрийн агууламж 35-52% хэлбэлзэж байдаг, 60-аас дээш хувийн агууламжтай хүдэр маш дээд зэргийн хүдэрт хамаардаг. Ийм төрлийн хүдэр одоо дэлхийд бараг байхгүй болсон. Хятад улс л гэхэд өөрийн төмрийн хүдрээ олборлодоггүй шүү дээ. Нацагдорж нарын хийсэн алсаас бодсон луйварыг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. СнЗ-ийн тогтоолоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн комбинат байгуулахаар шийдвэрлэсэн. Тийм ч учраас 1994 онд байгуулагдсан цагаасаа Дарханы Төмөрлөгийн комбинат нэртэй тамга, тэмдэг, албан бланк, улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд СнЗ-ийн тогтоолоор батлагдсан байсан. Гэтэл Нацагдорж нь Төмөртэйн ордыг хувийн болгож авсаныхаа дараа комбинат гэдэг нэрийг өөрчилж үйлдвэр нэртэй болгосон. Энэ бол их том бодлоготой хийсэн үйл ажиллагаа шүү дээ. Төмөртэйн хүдэр боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах орд газрыг хариуцаж байсан Д.Энхтөр гэж хүн байсаныг Нацагдорж ажлаас нь халсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-104-р хуудас/, Гэрч Д.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн: …Би 1990.06.04-ний өдрөөс 1999 оныг дуустал Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн суурийг тавьж эхэлсэн бөгөөд тэр үед ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдаж, тэнд би 2-р үйлдвэр буюу Төмөртэйн орд газар түшиглэн барих хүдэр ангижруулах үйлдвэрийн төслийн инженерээр 1996 он хүртэл шахуу ажилласан даа. Миний гол хариуцаж байсан ажил бол шинээр байгуулах хүдэр боловсруулах үйлдвэрийн технологийн судалгааны ажлыг хийж байсан. Өөрөөр хэлбэл хаанахын ямар технологи, ямар тоног төхөөрөмжөөр үйлдвэр барьж байгуулах вэ, мөн дэлхий дахины ижил төстэй үйлдвэрийн туршлагыг судлхх гэх мэт байсан. Угаасаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төмөртэй дэх төмрийн орд газрыг түшиглэн байгуулсан. Тийм учраас Дархан хотод байгуулагдсан төмөр боловсруулах, хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажил 2 салшгүй холбоотой анхнаасаа хамтдаа энэ чиглэлийн ажлууд хийгдэж байсан. Тухайн үед СнЗ-ийн 160 дугаар тогтоолоор үйлдвэр барьж байгуулах, дараагийн шатанд Дархан Сэлэнгийн сав газар дахь Төмөртэй, Хустай, Баянголын бүлэг орд газруудыг түшиглэн хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах, тэгсэнээр Төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах чиглэлтэй ажиллаж байсан. Хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар дэс дараатай арга хэмжээнүүд авагдаж байсан. 1991 онд ХААҮйлвэрийн яамнаа олон улсад хандан хүдэр боловсруулах үйлдвэр барьж байгуулах тендер зарласан. Энэ тендерийн дагуу олон пүүс, компаниуд санал ирүүлсний дотор Герман улсын Лурге пүүс 64 сая ам доллараар, Англи улсын Деви Маки корпораци 42.0 сая доллараар хүдэр боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах саналаа ирүүлсэн. Засгийн газраас томилогдсон комисс нь Дэви Маки корпорацийг 1993 онд шалгаруулсан санагдаж байна. Нацагдорж гэдэг хүн 1996 оны 9 дүгээр сард томилогдож ирээд намайг үндсэн ажлаас чөлөөлж боловсон хүчин болгосон. 1998 оны 1 сард Нацагдорж захирал намайг дуудаад ерөнхий сайдын Австри, Унгар улсад болох айлчлалын бизнес группт намайг дуудаж явуулсан. Ингээд Австри улсын Энержи Ресурс компанитай үйлдвэрийн талаар ярилцаж 5 сард тэдний төлөөлөгч нар Монголд ирж газар дээр нь танилцахаар тохироод хүрч ирсэн. Ирээд Нацагдорж захиралд танилцуулахад захирал ерөөсөө хүлээж авахгүй байсан. Дараа нь Австрийн талаас факс хүртэл ирүүлсэн. Тэгээд Нацагдорж захирал энэ асуудлыг ярих шаардлаггүй гээд эрс эсэргүүцсэн. Нацагдорж СнЗ-ийн 160 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа гэдгийг мэдэж байсан, Төмөрлөгийн үйлдвэрийнх гэдгийг нь бүгд л мэднэ. 1990-1992 оны хооронд хийгдсэн нарийвчилсан хайгуулын ажлын тайланг 1996 он хүртэл бид авч үзэж чадаагүй. Уг нь хайгуулын ажлын тайлан 3% хийгдээд 1% нь геологийн төв фондод хадгалагдах ёстой боловч геологич Хүдэрбат гэдэг хүн тайлангаа өгөхгүй энэ асуудлыг бид удаа дараа тавьж шаардаж байсан. Төмөртэйн орд газрын материалыг би авч явсан гэдэг нь худлаа, огт үндэслэлгүй зүйл. Яагаад гэвэл 1990-1992 онд Төмөртэйн орд газарт хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүн хайгуул хийсэн геологич нарын өмч, тайлангаа хамгаалсны дараа улсын геологийн фондод тушаагддаг. Үүнээс өмнө хэн ч түүнийг авч үзэх эрхгүй. Иймд тэр Төмөртэйн ордны материалыг би авч явсан гэдэг нь зөвхөн нарийвчилсан хайгуулын тайланг л хэлнэ. 1994 оны Ашигт малтмалын хуулийн дагуу орд газрыг ашиглах тохиолдолд ХААҮ-ийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгодог журамтай байсан. Манай үйлдвэр яагаад энэ зөвшөөрлийг аваагүй вэ гэхээр Нэгт: Төмөртэйн ордод хийгдсэн нарийвчилсан хайгуулын тайлан нь геологийн төв фондод байгаагүйг, улсын эрдэс баялагийн нөөцөд бүртгэгдээгүй болохоор гэрчилгээг авах боломжгүй байсан. Нэгэнт хайгуулын тайлан нь тушаагдаагүй учраас хайгуулын ажил нь дуусаагүй гэсэн үг шүү дээ. Ер нь Нацагдорж захирал болсноос хойш орд газартай холбоотой асуудал огт яригдахаа больсон. Төмөрлөгийн үйлдвэр 1994 онд ашиглалтад орсон үеэс Баярцогт гэдэг хүн үйлдвэрийн түүхий эдийг Хятадаас нийлүүлдэг, манай үйлдвэрийн Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгчөөр ажилллаж байсан. Ли Ши Мен гэсэн Хятад нэртэй иргэнтэй хамтарч ажилладаг байсан. Гэтэл одоо энэ хүмүүс бүгд нийлээд Төмөртэйн орд газрыг эзэмшиж байгаа. БЛТ ХХК гэдэг бол Л.Баярцогтын компани, эхнэр нь Л.Нацагдоржийн төрсөн эгч Л.Туяа гэж хүн байдаг. 1997 оны үед Баярцогт БЛТ ХХК-ийг байгуулаад Үнэн сонины байранд суудаг байсан. Тэгэхэд геологич Хүдэрбат гуай Баярцогттой хамт ажиллаж байсан. Төмөртэйн орд газар бол Төмөрлөгийн үйлдвэрийн гол бааз байсан, энэ баазгүйггээр Төмөрлөгийн үйлдвэр цааш явахгүй шүү дээ. Хүдэр боловсруулах үйлдвэрийг барьж байгуултал хаягдал төмрөөр түүхий эд хийхээр тооцоолсон байдаг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-107, 2-р хх-ийн 134-р хуудас/, Гэрч Ш.Гунгаадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...1990.03.31-нээс 1990.09.20-ний өдөр хүртэл БНМАУ-ын СнЗ-ийн даргаар ажилласан. Энэ үед буюу 1990.4.14-ний өдөр БНМАУ-ын СнЗ-ийн 160 дугаар тогтоол гарсан юм. Уг тогтоолоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн цогцоор нь барьж байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Цогцолбор гэдэг нь эхний шатанд Дархан хотод хаягдал төмөр боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулан нийтэд нь цогцолбор комбинат барьж байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолоор эхний ээлжинд Дархан хотод хаягдал төмөр боловсруулах үйлдвэрийг Япон улсын тусламжтайгаар 1990-1993 онд барьж байгуулах, 1993-1995 онд хүдэр боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Ингээд 1994 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод түүний дараа Төмөртэйн орд газар дахь хүдэр боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах асуудал яригдаж байсан. Дараа нь Төмөртэйн орд хувийн компанид шилжсэн байсан. Энэ бол маш харамсалтай Монгол улсын хөгжил, эдийн засагт маш их хор хохирол учруулсан үйл ажиллагаа гэж боддог. Төмөртэйн орд газрыг Төмөрлөгийн комбинатад өгсөн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж би үзэж байгаа. Хэдийгээр тухайн үед СнЗ нэртэй байсан ч энэ нь ялгаагүй тухайн үеийн Монгол улсын Засгийн газрын шийдвэр шүү дээ. Хэрвээ тогтоолыг хүчингүй болгосон УИХ болон Засгийн газрын шийдвэр гарсан бол өөр хэрэг, гэтэл ямар ч тийм шийдвэр гараагүй шүү дээ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-р хуудас/, Гэрч Х.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: …1992-1996 онд ҮХЯ-ны дэд сайд, 1996-1998 онд ХААҮЯ-ы аж үйлдвэрийн газрын дарга, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 1989-1994 он хүртэл Баянгол хустай, Төмөртэйн орд газрын нарийвчилсан хайгуулын захиалагч нь ҮХЯам байсан. 1994 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орсны дараа ҮХЯ-тай хайгуултай холбоотой бүх ажлыг Төмөрлөгийн үйлдвэрт шилжүүлсэн. Нарийвчилсан хайгуулын зардал улсын төсвөөс буюу геологи хайгуулын төвлөрсөн сангаас санхүүжиж байсан. 1996 оны 8 сар хүртэл ҮХЯ-ы дэд сайдаар ажиллаж байхад Төмөртэйн орд газар нь төрийн өмчит буюу Хар төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байсан. ХААҮЯамны үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхад миний харьяанд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр байсан. Ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь миний хариуцсан ажилтай хамааралгүй, энэ асуудлыг ХААҮЯ-ны уул уурхай, эрдэс баялгын газар хариуцдаг байсан. Би Төмөртэйн орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг БЛТ ХХК-нд олгосныг тухайн үед үнэндээ мэдээгүй. Хэрэв мэдсэн бол орд газрыг БЛТ ХХК-д олгохын эсрэг арга хэмжээ авах байсан, зөвшөөрөхгүй байсан. Учир нь энэ орд газрыг түшиглэж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан. Өөрөөр хэлбэл энэ Төмөртэй, Хустай, Баянголын бүлэг ордыг түшиглэн 2 дахь шатны хүдэр ангижруулах үйлдвэр барьж байгуулна, эндээс төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр хангана, бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолно гэсэн цогц бодлого явуулж байсан. Төмөртэйн орд газрыг түшиглэн хүдэр ангижруулах үйлдвэр барьж байгуулах нь улс орны хөгжилд асар их хувь нэмэр оруулах Эрдэнэт үйлдвэртэй дүйцэхүйц том бүтээн байгуулалт болно гэж төлөвлөж холбогдох арга хэмжээнүүдийг үе шаттай авч байсан. Төмөрлөгийн үйлдвэрийн захирал Л.Нямдорж манай газрын энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн Ганболд нар Төмөртэйн орд газрыг БЛТ ХХК авч байгаа талаар надад огт мэдэгдээгүй. 1998 онд БЛТ ХХК, Төмөртэйн орд газрыг өөрийн нэр дээр авсныг мэдсэн, түүнээс хойш энэ орд газрыг буцааж авах талаар асуудал тавьж эхлэнгүүт намайг ажлаас чөлөөлсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/, Гэрч Л.Нямсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 1996 оны 8 дугаар сараас 1998 оны 4 дүгээр сар хүртэл ХААҮЯ-ны сайдаар ажилласан. Л.Баярцогтыг танина. 1996 оны сүүлээс Төмөртэйн ордтой холбоотой асуудлыг хөөцөлдөж эхлэх үеэс нь таних болсон. Манай Засгийн газрын хөтөлбөрт төмөртэйн ордыг эргэлтэд оруулахаар тусгасан юм. Ингээд эргэлтэнд оруулна гэхээр Английн пүүс шалгарсан гэдгийг би мэдээгүй. Гэтэл БЛТ ХХК нь одоог хүртэл Төмөр ангижруулах үйлдвэр байгуулаагүй, зөвхөн хүдэр чигээр нь гаргаж байгаа, мөн төсвөөс гарсан мөнгийг нөхөн төлөөгүй байгаа зэргээс үзэхэд, би энэ орд газрыг бас л буруу хүнд өгч дээ гэдгийг ойлгож байна. Намайг шийдвэр гаргах үед БЛТ ХХК-ний төсөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түүхий эдээр хангана гэж заасан байсан. Энэ орд газар хичнээн төгрөгөөр хайгуул хийснийг би мэдэхгүй. Уг нь энэ орд газарт үйлдвэр баривал улс орны эдийн засагт боломжийн мөнгө оруулах ёстой байсан юм. Би ямар ч хээл хахууль аваагүй гэдгээ тангаргалья гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140-р хуудас/, Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 1992 оны 2 сард ҮХЯ-ы үйлдвэрийн газрын орлогч даргаар томилогдон ирсэнээс хойш Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй холбогдсон. ҮХЯ яагаад Дарханы металургын комбинатыг хариуцаж байсан бэ гэхээр захиалагч тал нь Монгол талаас ҮХЯ байсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж угсралт барилгын хяналтын ажлыг Япон тал хариуцаж, барилга угсралтын ажлыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг барих барилга угсралтын контор барьж байсан боловч сүүлдээ хугацаандаа амжихгүй болохоор нь Дарханы Совинвест гэдэг ОХУ-ын барилга угсралтын компианийг туслан гүйцэтгэгчээр оруулж дараа нь ерөнхий гүйцэтгэгч болгосон юм. 1970 оноос Монгол улсад металургын үйлдвэр барьж байгуулах асуудал эхэлсэн. Энэ үеэс гадаад дотоодын экспертүүдийг урьж авч ирэн ямар үйлдвэр хаана барьж байгуулах нь ашигтай вэ гэдгийг шийдэхээр ажиллаж байна. Мөн ямар шатны үйлдвэр барих, үйлдвэрийн технологийн сонголт хийлгэхээр олон хүмүүсийг гадагш дотогш нь явуулж ижил төрлийн үйлдвэрийг судлуулсан. Их олон орноор олон хүмүүс явсан даа. Ингээд эцэст нь Японы технологийг сонгож, тус улсын талтай гэрээ хэлцэл хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч 1987 онд СНЗ-ийн тогтоол гарсан санагдаж байна. Ингээд Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаар гарсан тогтоол гарсан түүхтэй. Төсөвт их хэмжээний орлого оруулна гэж тооцсоны үндсэн дээр энэ ажлуудыг хийж байсан нь ойлгомжтой. Геологи хайгуулын ажил хийсэн Алмаас ХК-иас өгсөн тодорхойлолтоор 1990-1994 онд хүдэр төмөртэйн хүдрийн ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийг тогтооход улсын төсвөөс 62.6 сая төгрөг зарцуулсан байгаа юм. 1994 онд хүдэр ангижруулах үйлдвэр байгуулахаар олон улсын тендер зарлаж шалгаруулалт хийгээд Засгийн газарт оруулсан дэлхийд нэртэй Английн алдартай Деви маки гэдэг компанийг шалгаруулсан. Энэ дагуу засгийн газрын 64 дүгээр тогтоол гарч тус пүүстэй үйлдвэр байгуулах талаар гэрээ хэлцэл хийх үүргийг өгсөн боловч үйлдвэрийн төсөл хийлгэх, техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэх, гадаад валютын нөөцгүйгээс энэ ажил зогссон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-119-р хуудас/, Гэрч Н.Хүдэрбатын мөрдөн байцаалтад өгсөн: …Би өөрийнхөө ажлын үр дүнг үзэх, энэ Төмөртэйн орд газрыг ашиглалтанд оруулах талаар тэр үеийн яам холбогдох хүмүүстэй уулзаж ярьж хөөцөлдөж байгаад 1994 онд БЛТ ХХК-ний Баярцогттой танилцсан. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Баярцогт бид нар хамт явж байгаа. Төмөртэйн ашиглалтын лицензийг 1997 онд авсан. Ингээд одоо Төмөртэйн болон Хустайн уулын орчимд Хустайн ерөө, Төмөртэйн хүдэр нэртэй Монгол Хятадын хамтарсан компаниудыг байгуулан хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж байна. Би энэ компаниудад хувь эзэмшдэггүй, зөвхөн геологчийн ажил хийж байгаа нь үнэн. 1982-1984 онд урьдчилсан хайгуулын ажлыг Төмөртэйн орд газарт явуулсан, урьдчилсан хайгуулаар тус орд газрын нөөцийг 130 сая тн төмрийн нөөцтэй гэж тогтоосон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121, 2-р хх-ийн 133-р хуудас/, Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: …1996 оны 11 сард төрийн өмчийн хороотой хамтарсан шалгалтын бүрэлдэхүүнд орж Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг шалгасан. Тэр үед Нацагдорж захиралтай танилцсан. Нацагдорж гуай надад манай үйлдвэрийн ерөнхий ня/богоор ажиллаач гэсэн санал тавьсан. Ингээд 1997 оны 2 сараас тус үйлдвэрийн ерөнхий ня/богоор 2000 оны 3 сар хүртэл ажиллаж байгаад гарсан. 2004 оны 8-р сарын 25-ны өдрөөс Хустайн ерөө, БЛТ, Төмөртэйн хүдэр ХХК-уудын ерөнхий нягтлангаар ажиллаж байгаа ба Баярцогт намайг өөрийн уурхайд ажиллахыг санал болгосон. Хустайн Ерөө, Төмөртэй Хүдэр ХХК-уудын санхүүгийн тайлан балансыг гаргадаг. 2004 оны 12 дугаар сард Хустайн ерөө ХХК-ны салбарыг Сэлэнгэ аймагт байгуулан салбарын захирал албан тушаалд миний тушаалыг гаргасан. Би эдгээр компаниудад ямар ч хувь эзэмшдэггүй цалин авдаг л ажилчин нь. Төмөртэйн орд газрын ашиглалтын лицензийг БЛТ ХХК эзэмшдэг байсан тэгээд 2005 онд хамтарсан Төмөртэйн Хүдэр ХХК-даа лицензийг шилжүүлсэн. Төмөртэйн орд газар нь Төмөрлөгийн үйлдвэртэй ямар холбоотойг би нарийн мэдэхгүй. Засгийн газрын 160-р тогтоолд Төмөртэйн орд газрыг түшиглэн Төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар дурдсан байдаг. Манай компани аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээж ашиг олох бизнесийн зорилгоор хүдэр экспортонд гаргаж байгаа. БЛТ ХХК нь 2004.07.30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ныг хүртэл БНХАУ-д 16.294 тн төмрийн хүдрийг экспортолсон. Алдагдалтай ажилласан учир ААН-ийн албан татвар төлөөгүй. 2004.10.08-ны өдрөөс Хустайн Ерөө ХХК-ний нэр дээр төмрийн хүдэр экспортлох болсон ба тус ХХК 2005.12.31-ний өдрийг хүртэл 15.185.33 тн төмрийн хүдэр эксдортолсон. Алдагдалтай ажилласан учир ААН-ийн албан татвар төлөөгүй, 2005 онд 166,298,63 тн төмрийн хүдрийг экспортолсон. Аж ахуй нэгжийн албан татварт 10 000 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-127-р хуудас/, Гэрч Д.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: …би 1993.6.20-оос 2006 оны 11 сар хүртэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Нацагдорж захирлын үед архивын бичиг баримт маш замбараагүй, бүртгэл журнал хөтлөөгүй, маш их бичиг баримт алга болж үрэгдсэн. Миний санж байгаагаар Төмөртэй орд газартай холбоотой хэдэн хавтас бичиг баримт лавлагаа алга болсон. Японы цэнхэр зузаан хавтастай 3 боть байдаг байсан. Архив хариуцсан эрхлэгч гэж байсан боловч тэр хүмүүс нь байнга солигддог их замбараагүй байсан. Архивын журам манай үйлдвэр дээр дэндүү хэрэгжээгүй. Шаардлагатай бичиг баримт хэрэг болоход тэр нь олддоггүй, тэгээд би архиваа журамлаачээ гэж олон удаа хэлж байсан. Энэ бол одоогийн Төмөрлөгийн үйлдвэрийг луйвардаж авчихаад байгаа хүмүүсийн санаатай үйл ажиллагаа гэж би бодож байгаа. Төмөртэйн орд газар бол яах аргагүй Төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн орд газар шүү дээ. Энэ орд газрыг түшиглэж энэ үйлдвэрийг байгуулсан болохоос биш зүгээр нэг үйлдвэр барьж байгуулаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129-р хуудас/, Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн: …1997.6.05-нд УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ дагуу 1997.5.30-нд Засгийн газрын тогтоол гарч ХААҮЯ-ны харьяанд АМХЭГ-ыг шинээр байгуулж анхны даргаар нь би томилогдсон. Кадастрын албанаас ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг олгож эхэлсэн. АМХЭГ байгуулагдахаас өмнө тусгай зөвшөөрлөөр орд газруудыг эзэмшүүлж байсан. Хуучин Худалдаа аж үйлдвэрийн сайдын олгож байсан Тусгай зөвшөөрөл-ийг шинэчлэн бүртгэх ажиллагаа явагдсан ба тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийг 3 сарын дотор шинэчилсэн бүртгэлд хамрагдаж лицензээ авчрахыг даалгасан. Төмөртэйн орд газрын хувьд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар байгуулагдахаас өмнө Худалдаа аж ахуй үйлдвэрийн сайдын олгосон тусгай зөвшөөрөлтэй байсан. Ингээд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж лицензээ авсан. БЛТ ХХК нь Худалдаа аж ахуй үйлдвэрийн яамнаас зөвшөөрөл авчихсан байсан учраас бид хуулийн дагуу шинэчилсэн бүртгэл хийж лицензүүдийг олгосон. Олон жилийн өмнөх асуудал учир Нацагдоржид бичиг явуулсан эсэхээ сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-р хуудас/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 164-р хуудас/, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компаниас БЛТ ХХК-тай холбогдох 117 хуудас баримт, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9-р сарын 19-ний өдрийн 826 дугаар шийдвэрийн хуулбар, Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11-р сарын 22-ны өдрийн 88 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2013 оны 02-р сарын 21-ний өдрийн 102 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 8-р сарын 21-ний өдрийн 6/2477 албан тоотын хуулбар, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс хураан авсан Төмөртэйн орд газартай холбоотой 6 хавтас баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан тогтоол, түүнд авагдсан бичиг баримтууд /7-р хх-ийн 31-р хуудас/, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрээс эд мөрийн баримтаар хураагдсан тус үйлдвэртэй болон Төмөртэйн орд газартай холбоотой 6 хавтас бичиг баримтад мөрдөн байцаагчаас үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /6-р хх-ийн 8-11-р хуудас/, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-иас Улсын мөрдөн байцаах газарт ирүүлсэн 1-1/532 дугаартай албан тоот /1-р хх-ийн 169-р хуудас/, Улсын Ерөнхий прокурорын газраас яллагдагч Л.Нямсамбууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2007.02.10-ны өдрийн 01 дугаартай тогтоол /2-р хх-ийн 143-р хуудас/, Ам долларын ханшийн лавлагаа /1-р хх-ийн 87, 90, 2-р хх-ийн 94-101-р хуудас/, Монгол Улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/108, 1997 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/121, 1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 тоот тушаалууд /2-р хх-ийн 20-22-р хуудас/, Геологи уул уурхайн газрын ШУТЗөвлөлийн 1997 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол /2-р хх-ийн 24-25-р хуудас/, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газраас Улсын мөрдөн байцаах газарт ирүүлсэн 10/2816, 10/350 дугаартай албан тоотууд /1-р хх-ийн 240-241, 2-р хх-ийн 150-151-р хуудас/, БЛТ, Хустайн-Ерөө, Төмөртэй Хүдэр ХХК-иудын төмрийн хүдрийн экспортын тайлан /1-р хх-ийн 244-247-р хуудас/, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7-3468 дугаартай албан тоот /2-р хх-ийн 15-р хуудас/, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Улсын мөрдөн байцаах газарт ирүүлсэн 2/152 дугаартай албан тоот /2-р хх-ийн 1-р хуудас/, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаартай тогтоол /2-р хх-ийн 2-р хуудас/, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр /2-р хх-ийн 7-р хуудас/, Монгол улсын Үйлдвэр худалдааны яамны 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2738 дугаартай албан тоот /2-р хх-ийн 11-р хуудас/, Х.Хүдэрбат нарын геологчдын 1990-1992 онд хайсан Төмөртэйн төмрийн хүдрийн ордын нөөцийг хэлэлцсэн Улсын Эрдэс баялагийн Зөвлөлийн 1995 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01-2 дугаартай тогтоол /1-р хх-ийн 206-211-р хуудас/, Эрчим хүч, Геологи уул уурхайн яам, Геологийн шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хуралдааны 1994 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаартай протокол /1-р хх-ийн 212-214-р хуудас/, Төмөртэйн хүдрийн ордод Алмаас ХХК-ний 1990-1993 онд нарийвчилсан хайгуулын гүйцэтгэсэн ажлын тооцоо /1-р хх-ийн 215-р хуудас/, БЛТ ХХК-ийн Улсын бүртгэлийн 2084473 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 217-р хуудас/, Төмөртэй Хүдэр ХХК-ний Улсын бүртгэлийн 2715201 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 228-р хуудас/, Монгол-БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай Төмөртэй Хүдэр ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 228-р хуудас/, Гаалийн Ерөнхий газрын 10/2816 дугаартай албан тоот /1-р хх-ийн 240-р хуудас/, Ашигт малтмал, Газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 902 дугаартай шийдвэр, 7-4553 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 18-19-р хуудас/, Ашигт малтмалын газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 6/15 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 129-р хуудас/, БЛТ, Төмөртэй Хүдэр ХХК-иудын 2002-2006 оны хооронд уулын ажлын гүйцэтгэлээр үүссэн хөрсний болон хаягдлын овоолгуудаас Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ний Төмөртэйн зүүний баруун уурхайн эцсийн хүрээнд орсон овоолгуудыг зөөсөн зардлын тооцоо /6-р хх-ийн 224-р хуудас/, Яллагдагч Л.Баярцогтод эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол /1-р хх-ийн 143-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 490, 491, 2008 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаартай албан тоотууд, шүүхээс Л.Баярцогтын эрж хайсан тухай барммтууд /4-р хх-ийн 53-54, 162, 181-212-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 33А дугаартай захирамж /4-р хх-ийн 216-р хуудас/, Хилийн лавлагаанууд /4-р хх-ийн 169, 5-р хх-ийн 172, 6-р хх-ийн 118-р хуудас/, Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын 2008.8.08-ны 10/1-4452, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 35, 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай тогтоолууд /5-р хх-ийн 30, 174, 6-р хх-ийн 19-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэрэг болно. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.Баярцогтыг 1994-1996 онд Дархан хотын Хар Төмөрлөгийн комбинатын Улаанбаатар төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор, шунахай сэдэлтээр өөрийн эхнэр Л.Туяагийн төрсөн ах Л.Нацагдоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн: 1996 онд Дархан хотын Хар төмөрлөгийн комбинатын захирлаар томилогдон ажиллаж байсан Л.Нацагдорж нь тус үйлдвэрийн эзэмшилд байсан, улсын төсвөөс нийт 22531394 төгрөгөөр урьдчилан хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон Төмөртэйн орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн яаманд хөрөнгө оруулалтаа олчихсон төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина хэмээн худал ташаа танилцуулж, 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан БЛТ ХХК-ний нэр дээр гаргуулсан. Улмаар БЛТ ХХК-ний 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан Хустай ерөө, Төмөртэйн-Хүдэр ХХК-иудын нэрээр 2004-2005 онд Төмөртэйн орд газраас нийт 127,132,080,401 төгрөгийн үнэ бүхий 362,167,650 тонн төмрийн хүдрийг олборлож, БНХАУ уруу экспортонд гарган төрийн өмчийг завшиж улсад 12,735,739,434.1 төгрөгийн, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-нд 425,907,208.3 төгрөгийн нийт 13,161,646,642.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, дээрх хэргийн мөрдөн байцаалтын явцад 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдан прокуророос холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд 2007 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад Л.Баярцогтын Л.Нацагдоржтой бүлэглэн шунахай сэдэлтээр аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.2 дах хэсэгт заасан ... нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Прокуророос Л.Баярцогтыг ... урьдчилан хайгуулын ажил хийж нөөцийг нь тогтоосон Төмөртэйн орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр авалгүй, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн яаманд хөрөнгө оруулалтаа олчихсон төмөр зам тавина, орд газарт хүдэр ангижруулах үйлдвэр барина хэмээн худал ташаа танилцуулж 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эхнэр Л.Туяагийн нэр дээр үүсгэн байгуулсан БЛТ ХХК-ний нэр дээр гаргуулсан. Улмаар БЛТ ХХК-ний 30 хувь, БНХАУ-ын 70 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан Хустай ерөө, Төмөртэйн-Хүдэр ХХК-иудын нэрээр 2004-2005 онд Төмөртэйн орд газраас нийт 127,132,080,401 төгрөгийн үнэ бүхий 362,167,650 тонн төмрийн хүдрийг олборлож, БНХАУ уруу экспортонд гарган төрийн өмчийг завшиж улсад 12,735,739,434.1 төгрөгийн, Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-нд 425,907,208.3 төгрөгийн нийт 13,161,646,642.4 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Л.Нацагдоржтой хэрхэн яаж үгсэн тохиролцож Төмөртэйн орд газрын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг зориуд тус үйлдвэрийн нэр дээр аваагүй болох талаарх баримт хэрэгт авагдаагүй, 1997 онд уг ордыг ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа хууль бусаар авсан байдал тогтоогдохгүй байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаартай тогтоол /2-р хх-ийн 2-р хуудас/-д Төмөртэйн ордыг түшиглэн гэж заасан нь уг ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг 1990 онд Хар төмөрлөгийн үйлдвэрт олгосон гэж үзэх үндэслэл болохгүй ба 1997 оны 6-р сарын 05-ны өдөр Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл хугацаанд уг ордыг ашиглах лицензийг хэн нэг этгээд эзэмшиж байгаагүй байна. Дархан Төмөрлөгийн үйлдвэр 1994 онд баригдаж дууссан байх ба 1994 онд баригдаж дуусан ашиглалтад орсон аж ахуйн нэгж байгууллагад байгуулагдаагүй байхад нь лиценз, ашиглах эрх олгох боломжгүй ба Ашигт малтмалын тухай хууль батлагдах хүртэл хугацаанд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор батлагдсан дүрмээр хайгуул хийсэн ордыг ахуйн нэгж байгууллагад шилжүүлэх өөрөөр хэлбэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй лиценз олгох харилцааг зохицуулж байсан байх ба уг дүрмийн дагуу Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт Төмөртэйн ордыг хүлээлгэж өгсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй байна. 1997 онд хууль батлагдсанаар дүрмээр зохицуулагдаж байсан ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, олборлох харилцааг хуулиар зохицуулах болсон ба уг хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан аль ч аж ахуйн нэгж байгууллага Төмөртэйн ордыг ашиглах лицензийг эзэмшихээр өргөдөл гаргах эрх нээлттэй байжээ. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 1997-2006 оны хооронд уг лицензийг эзэмших талаар холбогдох байгууллагад өргөдөл хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байх ба 2006 онд Цагдаагийн байгууллагад хандан лицензийг хууль бусаар авсан талаар гомдол гаргажээ. Төрийн эрх бүхий байгууллагаас аж ахуйн нэгжид лиценз олгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үүний улмаас эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Захиргааны хэргийн шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэн эрх ашгаа хамгаалах боломжтой ба дээр дурдсан Төмөртэйн орд газрыг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд огт эзэмшиж байгаагүй этгээдийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь үндэслэлгүй байна. Л.Нацагдорж нь эс үйлдлээр Төмөртэйн ордыг ашиглах лицензийг аваагүй гэж буруутгаж байх боловч уг лицензийг авах талаар холбогдох байгууллагаас тушаал заавар чиглэл өгч байсан баримт хэрэгт авагдаагүй байх ба Л.Нацагдоржийн ... уг ордын лицензийг авах талаар мэдээгүй... гэх мэдүүлгийг үгүйсгэсэн баримт мөн хэрэгт авагдаагүй байна. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу лиценз эзэмшигч нь ... тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах, өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах, уурхайн эдэлбэрээс ашигт малтмал ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээл дээр зах зээлийн үнээр борлуулах эрхтэй тул хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд төрийн эрх байгууллагаас ашигт малтмалын тодорхой ордыг ашиглах лиценз олгох үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан тохиолдолд уг лицензийг эзэмшин үйл ажиллагаа явуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Л.Баярцогтын Төмөртэйн ордын лицензийг авсан болон түүнд лиценз олгосон үйлдэл хууль бус байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Харин Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн, кадастрын албаны дарга Т.Занаширын 2007.03.23-ны өдрийн 7-1577 дугаартай албан бичигт БЛТ ХХК нь ашигт малтмалын лицензүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байна /6-хх-ийн 201-р хуудас/ гэжээ. Иймд Л.Баярцогтын аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ нь БЛТ ХХК-ийн олборлолт явуулахдаа буруу газар байршуулсан овоолгыг тээвэрлэн өөр газар байршуулсан зардал, тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлсэн, хайгуулын ажлын зардалд төлж буй төлбөрөөс БЛТ ХХК-ийн олборлож борлуулсан төмрийн хүдэрт ногдох төлбөр, төмрийн хүдрийн баяжмал ачихад инженер техникийн ажилчид хяналт тавьж ажилласны цалин хөлсний зардал нийт 425,907,208 төгрөг нэхэмжилж байх боловч дээрхи зардлуудыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан этгэээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨҮГ нь дээрхи нэхэмжлэлээ иргэний журмаар жич гаргах эрхийг нээлттэй үлдээж, бусдын эд хөрөнгийг завшсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Монгол Улсын Сангийн яамны 12,735,739,434.1 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийн тухайд Л.Баярцогт нь эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2007 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, улсын хилээр гарсан, орсон лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байх ба гэм буруутай эсэх талаар маргаж байгаа нь хуулийн байгууллагаас дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх, хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраа өөрчлөх эрхийг олгохгүй юм. Л.Баярцогт нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өвчний учир БНХАУ руу явсан, эмчилгээнд явсан талаараа шүүхэд мэдэгдсэн гэж байх боловч зайлшгүй гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд мэдэгдээгүй, хилээр гарсны дараа мэдэгдсэн байх тул түүнийг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Л.Баярцогт нь 2007 оны 9-р сарын 2-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхбатын 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зйүлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, /6-хх-ийн 28-29/ Улсын Ерөнхий прокурорын албаны үүргийг түр орлон гүйцэтгэгч УЕП-ын орлогч , Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогтын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1/110 дугаартай тогтоолоор хэргийг сэргээж мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулан тоолохгүй байх үндэслэлгүй ба Л.Баярцогт 2011 оны 10-р сарын 04-ний өдөр Монгол Улсын хилээр орж иржээ. Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш сэргээн мөрдөн байцаалт явуулсан хугацааг оруулан тооцвол 5 жил 4 сарын хугацаа өнгөрчээ. Шүүгдэгч Л.Баярцогт нь шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72-р зүйлийн 72.1.2-т заасан хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Баярцогтыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн 6 хавтас /1 дүгээр хавтас 209 хуудас, 2 дугаар хавтас 64 хуудас, 3 дугаар хавтас 151, 4 дүгээр хавтас 194, 5 дугаар хавтас 203, 6 дугаар хавтас 103 хуудас/ санхүүгийн баримтууд, Төмөрлөгийн үйлдвэр ХК-ны шүүх хуралдаанд өгсөн 117 хуудас баримт, CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, Шүүгдэгч Л.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй байсан 88-81 УНЧ улсын дугаартай Форд мустанг маркын автомашин /Л.Туяагийн нэр дээр шилжсэн/ /6-р хх-ийн 40-р хуудас/, 03-08 УБХ улсын дугаартай Тоёото ланд круйкер 100 маркын автомашин /Ц.Цэрэннямын нэр дээр шилжсэн/ /6-р хх-ийн 47-р хуудас/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат, 14 дүгээр байрны 15 тоот орон сууц /Л.Булганы нэр дээр шилжсэн/ /6-р хх-ийн 50-р хуудас/-ыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхэд иргэний баримт ирээгүй, шүүгдэгч Л.Баярцогт нь энэ хэрэгт 2006 оны 8 дугаар сарын 17-ноос 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл /1-р хх-ийн 139, 141-р хуудас/ цагдан хоригдсон 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Баярцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Л.Баярцогтыг прокуророос хэргийг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байх хугацаанд 2007 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр гадагш гарч шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хулуийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Л.Баярцогтыг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Л.Баярцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Монгол улсын Сангийн яамны 12 735 739 434,1 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь 425 907 208,3 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай. 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Баярцогтын нэр дээр бүртгэлтэй байсан 8881УНЧ улсын дугаартай Форд мустанг маркийн автомашин /Л.Туяагийн нэр дээр шилжсэн/, 0308УБХ улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн автомашин /Ц.Цэрэннямын эзэмшилд шилжсэн/, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгатын 14-р байрны 15 тоот орон сууц /Л.Булганы нэр дээр шилжсэн/-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 хавтас баримт, 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7.Иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Баярцогт нь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Баярцогтод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ Г.ГЭРЭЛТ-ОД