Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01382

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01382

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02034 дугаар шийдвэртэй

Ч.Г-ын нэхэмжлэлтэй,

Ц.Г-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч Ц.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би, Ч.Г-тай 2022 оны 06 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан KIA маркийн Bongo Frontier загварын ачааны автомашиныг 20,500,000 төгрөгөөр худалдсан. Худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг төлж автомашиныг эзэмшилд шилжүүлэн авч, үлдэгдэл төлбөрийг 2022 оны 07 сарын 10-ны дотор хэсэгчлэн төлөхөөр үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь үлдэгдэл төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй ба худалдагчтай уулзах, утсаар холбогдох, хугацаа сунгуулах оролдлого хийлгүйгээр өдийг хүрсэн. 2023 оны 03 сарын 02-ны өдөр түүний 90070905 дугаарт холбогдон шүүхэд хандах болсноо дуулгахад ирж уулзан гэрээний үүргийг хүлээн авах эрхгүй хүнд төлбөр шилжүүлсэн гэж ямар ч нотолгоогүй тайлбар тавьсан.

Гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч нь 2022 оны 07 сарын 10-ны дотор 15,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэрээний 3.6-д зааснаар худалдан авагч гэрээний хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр заасан ба 2022 оны 07 сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл алданги тооцоход 15,500,000 төгрөгийг х 0.5 хувь = 77,500 төгрөг, нийт 77,500 төгрөг х 228 хоног = 17,670,000 төгрөг байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 7,750,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ц.Г-аас үндсэн төлбөр 15,500,000 төгрөг, алданги 7,750,000 төгрөг, нийт 23,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Ч.Г-аас Bongo Frontier маркийн автомашиныг 20,500,000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлөн авч явсан. Би 07 сарын 10-ны дотор үлдэх 15,500,000 төгрөгийг төлөх ёстой ч ажил зогссоноос хугацаандаа мөнгөө төлж чадаагүй. 2022 оны 08 сард нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед холбож өгсөн Г.Т- надтай байнга холбогдон машины төлбөр нэхэж байсан.

 

Иймд би 2022 оны 08 сарын 10, 2023 оны 02 сарын 08,24-ны өдрүүдэд 10,300,000 төгрөгийг Г.Т-ын дансанд /5003869641/ шилжүүлсэн. Г.Т- нь өдөр бүр ярьж надруу шилжүүл, би чиний өмнөөс бүх мөнгийг төлж дууссан, надад үлдэх мөнгөө төлөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед Ч.Г- ахад миний өмнөөс төлбөр төлсөн байна гэж бодсон. Нийтдээ 15,300,000 төгрөг төлсөн, 5,200,000 төгрөг дутуу гэж байтал 3 сард Ч.Г- надаас мөнгөө нэхээд ирсэн. Би Г.Т-д 10,300,000 төгрөгийг төлсөн талаараа хэлэхэд мэдээгүй гээд шүүхэд өгсөн. Би Г.Т-аас 10,300,000 төгрөгийг аваад өгнө, одоо үлдэх 5,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алданги 7,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Г.Т-аас болж ийм байдалд орсон гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Ц.Г-аас 19,375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,875,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Г-аас 254,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Г.Т- нь автомашины төлбөрийг чиний өмнөөс Ч.Г-т төлсөн, 15,500,000 төгрөгийг надад төлнө гэж итгүүлсний дагуу Г.Т-д 10,300,000 төгрөгийг шилжүүлснийг шүүх ойлгоогүйд гомдолтой. Ц.Г- нь Г.Т-ын дансруу ямар шалтгаанаар мөнгө шилжүүлснийг шүүх анхаарч үзээгүй.

 

Шүүхэд хариуцагч талаас гэрч Г.Т-ыг хамтран хариуцагчаар оролцуулах, эвлэрэх зэрэг хэд хэдэн санал тавьсан ч нэхэмжлэгч саналыг хүлээн аваагүй ба шүүх шийдвэрээ гаргахдаа нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

 

Хариуцагч Ц.Г- нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан хугацаа 2022 оны 07 сарын 10-ны дотор төлбөрийг төлөх байсан ч төлбөрөө төлөөгүй тул 2022 оны 08 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөгийг Г.Т-д шилжүүлсэн үйлдэл нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж итгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Миний бие н.Тогтохжаргалтай хамааралгүй учраас анх гэрээ байгуулсан Ц.Г-ыг хариуцагчаар татсан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч Ц.Г-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 15,500,000 төгрөг, алданги 7,750,000 төгрөг, нийт 23,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 15,500,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх 7,750,000 төгрөгийн алданги гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 06 сарын 02-ны өдөр 03-31 УЕВ улсын дугаартай, КИА Бонго Фронтер /КIA Воngo Frontier/ маркийн тээврийн хэрэгслийг 20,500,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч тээврийн хэрэгслийн үнээс 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, тээврийн хэрэгслийг хүлээн авсанд зохигч маргаагүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнээс 15,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоныг үндэслэл бүхий дүгнэж, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, хариуцагч Ц.Г-аас гэрээний үнийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрөөс 10,300,000 төгрөгийг гэрч Г.Т-аар дамжуулан нэхэмжлэгчид төлсөн гэх тайлбарыг гаргасан ч Г.Т-ын гэрчийн мэдүүлгээр уг мөнгийг тэрээр өөртөө авсан, Ц.Г-т өгөөгүй нь тогтоогдсон байх тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэ үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болох бөгөөд энэ нь гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлт, зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаа юм. Нэхэмжлэгч нь Ц.Г-ыг Г.Т-аар солих хүсэлт гаргаагүй, Ц.Г-ыг жинхэнэ хариуцагч гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс тодруулж асуух болон түүний зөвшөөрөлгүйгээр 10,300,000 төгрөгийг Г.Т-д төлсөн нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөхгүй ба энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн алданги 7,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар багасгаж 3,875,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна. Учир нь хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг 2022 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид төлөх хугацааг хэтрүүлснээс нэхэмжлэгч гэрээний 3.6-д зааснаар алданги тооцон нэхэмжилсэн ба хэргийн баримтаар нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагчаас шаардсан үйл баримт тогтоогдоогүй, шаардаагүй нь анзын хэмжээ ихэсэхэд хүрсэн гэж үзнэ. Харин анхан шатны шүүх хариуцагч өөрийн буруугаас гэрээний үнийг өөр этгээдэд төлснийг алдангийн хэмжээг багасгах үндэслэл болгосон нь буруу.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолдоо улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ