Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01385

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01385

 

 

 

 

 

 

 

2023 07 17 210/МА2023/01385

 

Т Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01754 дугаар шийдвэртэй

Т Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, Зээлийн батлан даалтын сан, У.Д-, У.Б- нарт холбогдох,

Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 276,116,020 төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас 129,725,595 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, хариуцагч Б.У-, хариуцагч Ц Б- ХХК, О.Б-, У.Д-, У.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, Б.Буянжаргал, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нараас үндсэн зээлд 172,997,463 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг нийт 276,116,020 төгрөг гаргуулах, Зээлийн батлан даалтын сан-гаас батлан даалтын гэрээний үүргийн биелэлтэд 129,725,595 төгрөг гаргуулж, хариуцагч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч У.Б-, У.Д- нарын эд хөрөнгийн эрх ашиг хөндөгдөж байсан тул хариуцагчаар татан оролцуулсан ба зээлийн гэрээний үнийн дүнг нэхэмжлээгүй.

Зээлдэгч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар Т Б- ХХК-тай 2018 оны 12 сарын 18-ны өдөр 1038583612 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 445,000,000 төгрөгийг, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Гэрээний үүргийг хангуулахаар 2018 оны 11 сарын 10-ны өдөр 1038513612 дугаартай барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 123 тоот 176 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 0000000000 дугаартай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 1-1 тоот, 2222222222222 дугаартай, улсын бүртгэлийн Г-3333333333 дугаартай, 677 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 2345 тоот, улсын бүртгэлийн 220501122406 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 44444тоот, улсын бүртгэлийн 5555555555 дугаартай, 59.32 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, Хангай модны захын 11.15 тоот талбайд байрлах 2 ширхэг хөрөө, Солонгос улсад үйлдвэрлэсэн 92-26 УБУ улсын дугаартай хюндай маркийн автомашин зэрэг үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 1038514613 дугаартай Батлан даалтын гэрээг Зээлийн батлан даалтын сан, зээлдэгч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар, зээлдүүлэгч Т Б- ХХК нар байгуулсан.

Тус гэрээгээр Зээлийн батлан даалтын сан нь үндсэн зээлийн 445,000,000 төгрөгийн 60 хувийг батлан дааж үүрэг хүлээсэн. Зээлдүүлэгч Т Б- ХХК гэрээний үүргээ гүйцэтгэж 2018 оны 11 сарын 30-ны өдөр зээлдэгчийн 1038-5145-71 дугаартай дансанд 445,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлийг зиг, заг хавтангийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зориулалтаар зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэртэй батлан даалттай зээл байдаг. Зээлдэгч нар зээлийг авч зориулалтын дагуу ашиглаж байсан.

Зээлийн гэрээний үүрэг 2020 оны 02 сараас эхлэн зөрчигдөн хугацаа хэтрүүлж зээлийн муу ангилалд шилжсэн. Энэ хугацаанд зөрчлийг арилгуулахаар 2019 оны 09 сараас эхлэн Т Б- ХХК-аас удаа дараа шаардлага мэдэгдлийг хүргүүлсэн.

Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар зээл авснаас хойш үндсэн зээлд 13,581,300 төгрөг, хүү 74,581,266 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,145 төгрөг, нийт 87,216,712 төгрөг төлсөн бол Зээлийн батлан даалтын сан гэрээний дагуу үндсэн зээлээс 129,725,595 төгрөг төлж нийт зээлээс 202,356,000 төгрөг төлөгдсөн. 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар үндсэн зээлд 302,693,055 төгрөг, хүү 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886,811 төгрөг, нийт 405,847,615.22 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс Зээлийн батлан даалтын сантай байгуулсан 2018 оны 11 сарын 28-ны өдрийн батлан даалтын гэрээний 1.1, 3.1.3, 3.4.2-т зааснаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 302,693,055 төгрөгийн батлан даалтын сангийн үлдэгдэл дүнгийн 50 хувь болох 129,725,595 төгрөгийг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулж, хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нараас үндсэн зээл 172,967,464 төгрөг, хүү 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Энэ нэхэмжлэлийн дүн нь 2022 оны 05 сарын 17-ны өдрөөр тооцсон ба өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй буюу хариуцагч нар нэг жилийн хүүгийн хөнгөлөлт эдэлсэн тул өөр хөнгөлөлт байхгүй. Ковид 19 цар тахалтай холбоотой зээлийн хүүгийн хөнгөлөлтийг Т Б- ХХК-аас үзүүлсэнгүй гэдэг ч цар тахалтай холбоотой зээлийн хөнгөлөлт нь иргэдэд зориулсан зээлд хамаатай юм.

Зээлдэгч Ц Б- ХХК, О.Б-, Б.У- нарын зээлд Зээлийн батлан даалтын сан зээлийн батлан даалт гаргаж батлан даалтыг 2018 оны 11 сарын 28-ны өдрийн батлан даалтын гурвалсан гэрээгээр зохицуулсан. Нэхэмжлэгч нь батлан даалтын гурвалсан гэрээний 1.1, 2.2, 3.1, 3.2-т зааснаар батлан даалтын үнийг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар Зээлийн батлан даалтын сан нь хамтран хариуцлага хүлээгч тул дээрх дүнгээр зээлийг нэхэмжилж байна. Зээлдэгч зээлийн үүргээ биелүүлэхгүй бол батлан даагч зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээж хамтран зээлийн хариуцлага хүлээнэ гэж заасан учраас үүнд ямар нэгэн нөхөх хариуцлагын асуудал байхгүй. Зээлийн батлан даалтын сан нь гэрээний 2.2-Е хэсгийн зохицуулалтаар уг үүргийн 129,000,000 төгрөгийг төлсөн ба зээлдэгч зээлийг төлөх боломжгүй байгаа учраас батлан даалтын үүргийн дагуу ерөнхий гэрээний 2.2-В-д зааснаар үлдэгдэл 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар төлүүлэх шаардлагатай байна гэжээ.

 

2. Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, У.Б-, У.Д- нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Үндсэн зээлийн төлбөрт 172,967,460 төгрөг, хүү 47,954,294 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 886,812 төгрөг, нийт 221,808,566 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин хүүгийн төлбөрөөс 54,313,454 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй ба хариуцагч Ц Б- ХХК нь Ковид-19 цар тахал гарах хүртэл гэрээний үүргээ биелүүлж 87,213,762 төгрөг төлж ирсэн.

Монгол улсын хэмжээнд 2020 оны 01 сарын 26-ны өдөр Засгийн газрын 30 дугаартай тогтоолоор ковид 19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тогтоол, 2020 оны 02 сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн ковид 19 вирусээс сэргийлэх тухай 10 дугаартай зарлиг тус тус гарсан. Зарлигийн хүрээнд Засгийн газар 2020 оны 02 сарын 12-ны өдөр бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолыг албажуулан гаргасан. Хариуцагч Ц Б- ХХК бэлэн байдлын зэрэгт шилжиж байгууллагын үйл ажиллагаа зогссон тул гэрээний үүргээ биелүүлж чадаагүй.

Ц Б- ХХК нь 2020 оны 03 сарын 20-ны өдөр Т Б- ХХК-д зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтийг гаргасан ч хариу өгөөгүй бөгөөд зохицуулахаар эрмэлзээгүй гэж бодож байна. УИХ-аас Ковид 19 цар тахлын улмаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт нөлөөлөх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль, Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 183 дугаартай тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8-т банк, ББСБ, ХЗХ-оос иргэд, аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгаж, 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүүг чөлөөлөх чиглэлийг Засгийн газраас Монголбанкинд өгсөн.

Иймээс хариуцагч Ц Б- ХХК нь цар тахлын хугацаанд буюу 2020 оны 05 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй.

Ц Б- ХХК нь зээлээр үйлдвэрийн өргөтгөл барьж, зиг заг хавтан үйлдвэрлэх зориулалттай үйлдвэр байсан. Модон материалын худалдан авалт зун их, өвөл зогсдог тул өвөл, зунгүй борлуулалттай байх гэж зээл авсан. Гэтэл 2020 онд ковид 19 цар тахал гарч Монгол улсад ажиллаж байсан зиг, заг хавтангийн 11 үйлдвэр дампуурсан. Тиймээс зээлийн хугацааг 2 жилээр хойшлуулж зээлийг хуваан төлөх боломж олгоно уу гэжээ.

 

4. Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2018 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний 2.2-т Т Б- ХХК, Зээлийн батлан даалтын сангийн хооронд байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд зааснаар үүргийг гүйцэтгэнэ, 2.3-т зааснаар батлан даалтын үүрэг гүйцэтгэхээс татгалзана гэж тус тус заасан. Ямар нэгэн зүйл үүссэн тохиолдолд Зээлийн батлан даалтын сан үүрэг хүлээж төлбөр төлөхгүй гэдэг нөхцөл шаардлагыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр Зээлийн батлан даалтын сан, Т Б- ХХК-ийн хооронд байгуулсан ерөнхий гэрээгээр шийдвэрлэнэ гээд гурвалсан гэрээ дээр иш татсан.

Зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргасан тодорхой хувиараа төлнө. 60 хувийг Зээлийн батлан даалтын сан хариуцлаа гэхэд үлдсэн 40 хувийн эрсдэл банкны хүлээх эрсдэл байна гэсэн агуулгатай гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд тодорхой нөхцөлүүд хангагдсан тохиолдолд банкны нэхэмжилсэн үнийн дүнгийн 50 хувийг төлнө гэж заасан. Иймд үүргээ гүйцэтгэж нэхэмжилсэн дүнгийн 50 хувь 129,725,595 төгрөгийг төлсөн.

Үлдсэн 50 хувь 129,725,595 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Үлдэгдэл төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа зээлийн үлдсэн төлбөрөөс өмнө нь өгсөн урьдчилгаа төлбөрийг суутгаад үлдэгдэл дүнгээс төлнө гэсэн агуулгатай заалт. Батлан даалтын гэрээний 2.3-Б-гийн 1-д урьдчилгаа төлбөрийг төлнө гэдэг нь 2.3-Б-гийн 2-т үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулсан талаарх баримт ирсний дараа төлнө гэсэн агуулгатай. Тиймээс батлан даалтын гэрээний үүрэгт үлдсэн төлбөрийг Зээлийн батлан даалтын сан-гаас нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

Батлан даалтын гэрээнд хамтрана гэсэн үг байхгүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д батлан даагч нөхөх хариуцлагыг хүлээнэ гэж, 460.2-т гэрээгээр тохиролцсон бол хамтран хариуцлага хүлээх зохицуулалттай. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээнээс үзвэл 50 хувийн зээлийг чанаргүй болсны дараа, харин үлдсэн зээлийн үлдэгдлийн 50 хувийг барьцааны дараа төлнө гэсэн агуулгатай тул энэ нь зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа гарна. Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан нөхөн хариуцлага хүлээх хэлбэрээр батлан даалт гаргасан гэж үзэж гэрээнд бичигдсэн. Тиймээс зээлийн батлан даалтын сангаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-д зааснаар хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нараас 276.116.020 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-гаас 129.725. 595 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Б- ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 123 тоотод байрлах, 176.4 метр квадрат талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийнгийн 123 тоотод байрлах, 677 метр квадрат талбайтай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 108 тоот, 40 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 60/2 дугаар байрны 22 тоот, 59.32 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, Хангай модны захын 11.15 тоот талбайд байрлах Алтай-900 маркийн хөрөө 1 ширхэг, Тайг-3 маркийн хөрөө 1 ширхэг, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7/1-00 тоот байрлах Солонгос улсад үйлдвэрлэсэн, цагаан өнгийн улсын 92-26-УБВ, арлын KMFGA17PPWC136759 дугаартай, Hyundai Mighty маркийн ачааны автомашиныг дуудлага худалдаагаар худалдах замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2.257.389 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 1.608.730 төгрөг, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-гаас 806.578 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Б.У-, Ц Б- ХХК, О.Б-, У.Д-, У.Б- нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт "Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаартай Тогтоол 8 дугаарт банк, банк бус, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан хэдий ч энэ зохицуулалт үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төл өөлөгч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар нотолж, үгүйсгэж, няцааж чадаагүй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа юм.

 

Тайлбарлавал: Ц Б- ХХК нь Дэлхийн нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал гарч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Монгол Улсын хэмжээнд 2020 оны 01 сарын 26-ны өдөр Засгийн газрын 30 дугаар Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гарч Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлсэн. Мөн 2020 оны 02 сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай зарлиг гарч тус зарлигийг хэрэгжүүлэхээр Зассгийн газрын 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гарч тус тогтоолоор 2020 оны 03 сарын 02-ны өдөр хүртэл бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж /тус заалтад Засгийн газрын 2020 оны 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолоор тус тус өөрчлөлт оруулж хугацааг сунгасан/, Засгийн газар 2020 оны 11 сарын 18-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоол гарсан.

 

Ц Б- ХХК нь бүх нийтээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэний улмаас компанийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлд автсан тул зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон. Зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд давагдашгүй хүчин зүйл тулгарсан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан тул бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч иргэд, хуулийн этгээдэд давагдашгүй хүчин зүйл тулгарсан нь нийтэд илэрхий байхад шүүх энэ байдлыг үл харгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн давагдашгүй хүчин зүйлийн хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Талууд хүсэл сонирхлоо чөлөөтэй илэрхийлж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон давагдашгүй хүчин зүйл тулгарсан тохиолдолдсон хугацаанд үүргээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулсан байхад үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангасныг хуульд нийцсэн гэх үндэслэлгүй. Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар нь зээлээс 221,808,566 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа тул шийдвэрээс 54,307,454 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т Б- ХХК-д хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас шаардах эрх үүссэн эсэх, талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан, гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хэрхэн тусгасан талаар дүгнэлт хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Зээлийн батлан даалтын сан нь Ц Б- ХХК-д батлан даалт гаргаж батлан даалтын гурвалсан гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчтэй 2017 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээний хүрээнд батлан даалт гаргасан тул гурвалсан гэрээний 2.2-т батлан даалтын ерөнхий гэрээнд зааснаар батлан даалтын үүрэг гүйцэтгэнэ гэж заасан. Иймд маргааныг шийдвэрлэхэд Батлан даалтын ерөнхий гэрээнд батлан даалтын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг хэрхэн тохиролцсоныг судлах шаардлагатай байсан ба шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

 

Батлан даалтын ерөнхий гэрээнд батлан даалтын гэрээний үүргийг хоёр хувааж төлөхөөр зааж, банкны нэхэмжилсэн дүнгийн 50 хувийг төлж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг төлөхөөр заасан. Гэрээний 2.3.b.(ii) хэсэгт батлан даалтын нийт дүнгийн үлдсэн 50 хувиас банканд эргэн төлөгдсөн аливаа эргэн төлөлтийн дүнг хасч барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулсны дараа төлөхөөр, мөн шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх ажиллагаа дуусч алдагдлыг хассаны дараа ЗБДС нь өмнө төлсөн дүнг хасаж цэвэр алдагдлын 60-аас илүүгүй хувийг төлнө гэж заасан.

 

Иймд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй байхад Зээлийн батлан даалтын сангийн хариуцах хэмжээг урьдчилан тодорхойлох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлд тус тус зааснаар үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Шүүх хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийг үндэслэл бүхий дүгнэсэн байна. Зээлийн батлан даалтын сан нь уг төслийн зээлд батлан даалт гаргах үндэслэл нь тухайн зээлдэгчийн шаардаж буй эх үүсвэрийн баталгаа хүрэлцэхгүй тохиолдолд 445,000,000 төгрөгийн 60 хувь нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг хангахгүй байсан учраас баталгаа гаргасан. Тухайн зээл нь эрсдэлд орсон учраас зээлийн гэрээнд зааснаар нийт гаргасан 60 хувийн батлан даалтын 50 хувь 129,321,174 төгрөгийг төлсөн. Тухайн зээлийг төлөх эсэх асуудал нь эргэлзээтэй болсон учраас манай банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т Б- ХХК нь хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 172,967,464 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг гаргуулах, хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, У.Б-, У.Д- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-аас 129,725,595 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар нэхэмжлэлээс 221,808,566 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нэхэмжлэлийн бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т Б- ХХК, Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар 2018 оны 11 сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ.

 

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 445.000.000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хариуцагч нарт зээлж, хариуцагч нар зээлийг гэрээнд заасан зориулалгтаар ашиглаж, түүний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн харилцаа үүссэн байна.

 

Барьцааны гэрээгээр Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, У.Билэгт, У.Д- нарын өмчлөл, эзэмшлийн нэр бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэжээ.

 

4. Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар Ковид-19 цар тахлын үед хамаарах 2020 оны 05 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийн хугацааны зээлийн хүү 54,313,454 төгрөгийн шаардлагаас хариуцагч нар чөлөөлөгдөх үндэслэлтэй, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг шүүх харгалзан үзээгүй гэсэн агуулгаар гомдол гаргажээ.

 

4.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 445,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч нарт олгосон, хариуцагч нар зээлийг 2018 оны 12 сарын 15-ны өдрөөс 2028 оны 11 сарын 15-ны өдрийн хугацаагаар ашиглаж, үндсэн зээлийг 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс, зээлийн хүүг 2018 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр тогтсон хуваариар буцаан төлөх үүрэг хүлээсэн ч гэрээний 2.1.6-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэл гаргах 2022 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 77,159,426 төгрөг, хүүнд 175,853,859 төгрөг, нийт 253,013,285 төгрөг төлсөн байх үүрэгтэй байжээ. Нэхэмжлэгчийн тооцсоноор 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 87,216,712 төгрөгийг хариуцагч нар төлжээ.

 

4.2. Дээрхээс үзвэл хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан нь хэргийн баримтаар авагдсан, мөн хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулах хүсэлтэд зээлдэгч зөвшөөрсөн хариу өгөөгүй нь талууд гэрээний үүргийн талаар тохиролцоогүй гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, хүүгийн тооцооллыг 2022 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар гаргаж, зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд 20200 оны 05 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4.3. Хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нар үндсэн зээлд 172,967,464 төгрөг, хүүнд 102,267,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 886,812 төгрөг, нийт 276,116,020 төгрөг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэгч шаардсаныг хариуцагч нар баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.0, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар төлөгдөөгүй үлдсэн зээл, түүний ашигласан хугацааны хүү, зээлийг хуваарьт хугацаанд төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлүүлэхээр эдгээр хариуцагч нараас 276,116,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн баримт, тооцоололд үндэслэгдэж, хуульд нийцсэн байна.

 

4.4. Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж чадаагүй шалтгаан нь дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай тайлбарлаж, энэ хугацаанд буюу 2020 оны 05 сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийн хугацааны зээлийн хүү 54,313,454 төгрөгөөс нэхэмжлэгч чөлөөлөх ёстой байсан гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нарын татгалзлын үндэслэлээ болгож буй Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 141 дүгээр зүйлээр зохицуулсан харилцаа нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний зээл, хүүг буцаан төлөх хугацааг хойшлуулах, хүүгийн төлбөрөөс чөлөөлөхөд хамааралгүй учир хариуцагч нарын энэ тухай давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн Ковид-19 цар тахалтай холбогдуулан гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.2-т заасан зориулалт бүхий зээлд хамаарахгүйн зэрэгцээ, зээлдэгчид зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, чөлөөлөхийг шууд үүрэг болгоогүй байна.

 

Түүнчлэн Ковид-19 цар тахал нь дэлхий нийтийг хамарсан, Монгол Улс, түүний бүх иргэн, хуулийн этгээд цар тахлын нөхцөлд байдалд тохируулан амьдрал, үйл ажиллагааг зохицуулан ажиллаж, амьдарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт, мөн хариуцагч нарт Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдсон гэх тайлбар нь гагцхүү хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нарт давагдашгүй хүчин зүйл бий болсон гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч Т Б- ХХК, хариуцагч Ц Б- ХХК, Зээлийн батлан заалтын сан нарын хооронд 2018 оны 11 сарын 28-ны өдөр БГД-103800514612 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагджээ. Тус гэрээний 1.1-д зээлдэгч нь банкны өмнө зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахыг Зээлийн батлан даалтын сан баталж, чадахгүй бол гэрээнд заасан үүргийг гүйцэтгэхээр тохиролцжээ. Мөн гэрээний 2.1, 2.2-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь олгосон 445.000.000 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалтын үүрэг хүлээх, батлан даалтын үүргийг нэхэмжлэгчтэй 2017 онд байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнд зааснаар гүйцэтгэхээр тохиролцжээ.

 

5.1. Нэхэмжлэгч Т Б- ХХК, хариуцагч Ц Б- ХХК, Зээлийн батлан заалтын сан нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Харин хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нарын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцоогүй, энэ талаар үүрэг хүлээгээгүйг шүүх анхаараагүй байна.

 

5.2. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх БГД-103800514612 дугаартай гурван талт гэрээ, нэхэмжлэгч Т Б- ХХК, хариуцагч Зээлийн батлан заалтын сан нарын хооронд 2017 оны 09 сарын 29-ний өдөр байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээнээс үзвэл хариуцагч Зээлийн батлан заалтын сан нь хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нарын нэгэн адил зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хамтран хариуцагчаар гэрээнд заагаагүй, тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй байхад хариуцагч Зээлийн батлан заалтын сан-аас 129,725,595 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

5.3. Хариуцагч Зээлийн батлан заалтын сан нь нэхэмжлэгчтэй байгуулсан Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-ийн (b)-ийн (i)-т зааснаар батлан даалтын дүнгийн 50 хувь буюу 129,725,595 төгрөгийг 2022 оны 04 сарын 15-ны өдөр төлсөн байна. Харин Батлан даалтын гурвалсан гэрээний 2.1, 2.2, Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-ийн (b)-ийн (ii)-т зааснаар батлан даалтын дүнгээс үлдсэн 50 хувийг зээлийн хувьд банкинд төлөгдсөн дүнг хассаны дараа төлөхөөр заажээ. Ийнхүү төлөхөд банкны зүгээс зээлийг барьцаа хөрөнгөөр төлүүлэх хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авсан байхыг шалгуур болгосон байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч Зээлийн батлан заалтын сан-ийн давж заалдах гомдлыг хангаж, Зээлийн батлан даалтын сан-аас 129,725,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т Б- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

6. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байдлын талаар өмнө дүгнэсэн, анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

Шүүх зээлийн болон барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн талаархи мэдээллийн үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч Б.У-, О.Б- нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 30 гудамжны 1-В тоот хаягт орших 176.4 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших 677 м.кв талбайтай, өмчдлөх эрх бүхий, улсын бүртгэлийн Г-3333333333 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн Б.У-, О.Б-, У.Д-, У.Б- нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 108 тоот хаягтай, 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2202012406 дугаартай, 3 өрөө орон сууц, мөн У.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 60/2 дугаар байрны 22 тоот хаягтай 59.32 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205026806 дугаартай 1 өрөө орон сууц, мөн Сонгинохайрхан дүүргийн Хангай модны захын 11, 15 тоот талбайд байх Алтай-900, Тайг-3 маркийн хөрөө тус бүр 1 ширхэг, мөн арлын KMFGA17PPWC136759, улсын 92-26 УБВ дугаартай, Hyundai Mighty маркийн цагаан өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслүүдийг тус тус дуудлага худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Зээлийн батлан заалтын сан-ийн давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, У.Б-, У.Д- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01754 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б- нараас 276,116,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т Б- ХХК-д олгож, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-гаас 129,725,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т Б- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ... Зээлийн батлан даалтын сан-гаас улсын тэмдэгтийн хураамж 806.578 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай ... гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Зээлийн батлан даалтын сан-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ц Б- ХХК, Б.У-, О.Б-, У.Д-, У.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Зээлийн батлан даалтын сан-гийн төлсөн 806,577.97 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Цолхунбадрах ХХК-ийн төлсөн 429,488 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ