Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01437

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01437

 

 

Б Т Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/02202 дугаар шийдвэртэй

Б Т Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Т-ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,352,537 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.Т-той 2022 оны 03 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар автомашин худалдан авахад нь зориулан зээлдүүлсэн бөгөөд түүний өмчлөлийн 00-00 УНХ улсын дугаартай Audi A1 маркийн суудлын автомашиныг Б Т Н- ХХК-ийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон.

Хариуцагч зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 446,933 төгрөг, зээлийн хүүд 2,986,867 төгрөг нийт 3,433,800 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийг зөрчиж өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээл төлөх боломжит хугацааг олгосон ч төлөөгүй.

Зээлдэгчийн үүрэгт зээл 2023 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар зээл 12,553,067 төгрөг, хүү 3,015,291 төгрөг, алданги 21,324,265 төгрөг нийт 36,892,623 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс нэхэмжлэл алдангийн дүнг бууруулан тооцож зээлийн үлдэгдэл 12,553,067 төгрөг, зээлийн хүүд 3,015,291 төгрөг, алданги 7,784,179 төгрөг нийт 23,352,537 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг 00-00 УНХ улсын дугаартай Audi A1 маркийн автомашинаар хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.3-т зааснаар хариуцагч Ж.Т-оос 15,568,358 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Т Н- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,784,179 төгрөг гаргуулах, 00-00 УНХ улсын дугаартай Audi AI-8Х маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,714 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 235,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, тодруулбал алданги 7,784.179.000 гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч байна. Шүүхээс ... Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул гэрээний үүргийг буюу алданги шаардах эрхээ алдана гэж дүгнэн алдангийн дүн болох 7,784,179 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн дараах байдлаар үндэслэлгүй байна.

Энэ хэргийн зохигчид нь 2022 оны 03 сарын 08-ны өдөр 202203082 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээний 2.1.6, 7.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн учир гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон. Нэхэмжлэгчээс хариуцагчийн төлөх алдангийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцоход 21,324,265.10 төгрөг хуримтлагдсан ба хуульд нийцүүлэн 7,784,179 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл шүүхээс зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд хуримтлагдсан алдангийг авах эрхээ алдана гэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч шүүх хуралдаанд оролцоогүй тул нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан ч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй.

Дээрх үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний үүрэгт 23,352,537.00 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б Т Н- ХХК, хариуцагч Ж.Т-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 12,553,067 төгрөг, хүү 3,015,291 төгрөг, алданги 7,784,179 төгрөг, нийт 23,352,537 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2022 оны 03 сарын 08-ны өдөр 202203082 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б Т Н- ХХК нь 13,000,000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай Ж.Т-ид зээлдүүлэх, Ж.Т- нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдөр 202203082 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр 00-00 УНХ улсын дугаартай Audi AI-8Х маркийн автомашиныг Б Т Н- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Б Т Н- ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т-оос зээлийн төлбөр 12,553,067 төгрөг, хүү 3,015,291 төгрөг, нийт 15,568,358 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Т Н- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлээс алданги 7,784,179 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

5.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар гэрээг 36 сарын хугацаатай буюу 2025 оны 03 сарын 08-ны өдөр гэрээ дуусгавар болохоор тохиролцжээ. Хариуцагч гэрээний 2.4.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь гэрээний 6.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийг хүүгийн хамт буцаан төлүүлэхээр шаардах эрхийг үүсгэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эс зөвшөөрсөн алин болохыг илэрхийлсэн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарыг баримтын хамт шүүхэд ирүүлээгүй. Энэ тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй гэх үндэслэл болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

5.2. Хариуцагч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ нэг талын санаачилгаар цуцлагджээ. Нэхэмжлэгч нь гэрээ хүчин төгөлдөр байх хугацааны алдангийг гэрээний 2.1.5-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч алдангийн тооцооллыг 2023 оны 03 сарын 13-ны өдрийн байдлаар тооцож хариуцагчаас 7,784,179 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь гэрээг цуцлахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд үндэслэгдээгүй байна.

 

5.3. Иймд хариуцагчаас зээлийн гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги 7,784,179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Ж.Т-оос алданги 7,784,179 төгрөгийг нэмж гаргуулан нэхэмжлэгч Б Т Н- ХХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/02202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Т-оос 23,352,537 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б Т Н- ХХК-д олгож, 00-00 УНХ улсын дугаартай Audi AI-8Х маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын 235,791 төгрөг гэснийг 274,712 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,497 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЭНЭБИШ