Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01438

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 21 210/МА2023/01438

 

 

Х З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01452 дугаар шийдвэртэй

Х З- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М- ХХК-д холбогдох,

Авто замын чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Саруултүшиг, Я.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, П.Цэцгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхмандах, түүний өмгөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярантын хилийн боомт хүртэл 100-120 тоннын даацтай хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр барихаар М- ХХК нь 2009 оны 05 сарын 01-ний өдөр Авто замын газартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. Тус гэрээнд авто зам барих ажилд Х З- ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан.

Х З- ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 30 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2008 оны 06 сарын 10-ны өдөр эхэлж 2009 оны 08 сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 31 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2009 оны 08 сарын 10-ны өдөр эхэлж 2011 оны 08 сарын 10-ны өдөр, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлыг 2009 оны 10 сарын 05-ны өдөр эхэлж 2010 оны 05 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 12 сарын 21-ний өдрийн 390 дугаартай тушаалаар Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярант боомт чиглэлийн хатуу хучилттай 305 км авто замын барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг газар дээр нь шалгаад 2011 оны 12 сарын 23-ны өдөр 03/114/2011 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт үйлдэж уг замыг Нүүрс тээвэрлэх зам гэж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Х З- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 30 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 6,748,565 ам.доллар, Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн 31 км авто замын барилгын ажлын гүйцэтгэл 1,168,101.12 ам.доллар, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлын гүйцэтгэл 333,237.68, нийт 8,249,904 ам.доллар болсон. Ерөнхий гүйцэтгэгч М- ХХК туслан гүйцэтгэгч Х З- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлсний 95% болох 7,854,071 ам.долларыг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан. Харин Х З- ХХК-ийн хийж гүйцэтгэсэн нийт ажлын хөлснөөс 395,833 ам.долларыг чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан.

Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Шинээр барьж байгуулсан авто зам, замын байгууламжийн чанарын баталгаат хугацаа нь гүйцэтгэгч болон техник, технологийн хяналт тавьсан хуулийн этгээдэд тус бүр гурван жил байна гэж зааснаар гүйцэтгэгч Х З- ХХК-иас хийж гүйцэтгэсэн замын ажлын чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон 3 жилийн хугацаа 2014 оны 12 сарын 23-ны өдөр дууссан. Дээрх хугацаанд туслан гүйцэтгэгч Х З-" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замын барилга угсралтын ажилд технологийн алдаа болон ямар нэгэн эвдрэл, гэмтэл гараагүй.

Гэтэл ерөнхий гүйцэтгэгч М- ХХК нь туслан гүйцэтгэгч Х З-" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395,833 ам.долларыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ам.долларын ханш өсөж 2023 оны 01 сарын 11-ний өдрийн байдлаар нэг ам.доллар 3,457.70 төгрөг байна. Иймд хариуцагч М- ХХК-ийн автозамын чанарын баталгааны 5 хувиар бодож авч үлдсэн 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд ямар нэг гэрээ, хэлцэл аман болон бичгээр байгуулагдаагүй. Манай компани Ховд аймгийн Дарви суманд байх Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч бөгөөд өөрийн хөрөнгө оруулалтаар Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Булган боомт хүртэл 311,2 км хүнд даацын хатуу хучилттай авто замыг барьж байгуулан 2011 оны 12 сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус замыг барьж байгуулахаар зөвхөн БНХАУ-ын хоёр компанитай гэрээ байгуулан ажиллаж гүйцэтгэгч нар нь ажлаа бүрэн хийж хүлээлгэн өгсөн тул манайх төлбөрөө барагдуулсан бөгөөд М- ХХК нь энэ хугацаанд Монгол улсад бүртгэлтэй дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай ямар нэг хуулийн этгээдтэй зам бариулах талаар гэрээ байгуулаагүй.

Харин Х З- ХХК болон Э- ХХК-ийн хооронд зам барилгын нийт 3 гэрээ байгуулагджээ. 2008 оны 05 сарын 30-ны өдөр Э- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдаж үнийн дүн 6,750,000 ам доллар. Уг зам нь Хөшөөтийн уурхайгаас эхлэх буюу тэг цэгээс 30 км зам юм. Х З- ХХК нь гэрээний төлбөр гэж 6,748,565.60 ам доллар хүлээн авсан байна. 2009 оны 06 сарын 30-ны өдөр Э- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд 30 км авто зам барих барилгын ажлын гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл өмнө барьсан 30 км замаасаа үргэлжлүүлж барих гэрээ хийсэн байна. Гэрээний үнийн дүн 4,092,000 ам доллар. Гүйцэтгэгч нь 31 км замын зөвхөн шороо далангийн ажил хийсэн тул гэрээнд заасан 4,092,000 ам доллар биш 1,168,101.12 ам долларыг хүлээн авсан байна. 2009 оны 10 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлын гэрээг Э- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд байгуулсан байдаг. Гэрээний дүн нь 372,037.68 ам доллар. Үүнээс гүйцэтгэгч нь 333,237.68 долларыг авсан байдаг. Дээрх мэдээллийг М-" ХХК нь Х З- ХХК-ийн 2012 оны 01 сарын 05-ны өдөр ирүүлсэн албан бичгийг ирүүлэхдээ 2011 оны 09 сарын 25-ны өдөр захиалагч Э- ХХК болон гүйцэтгэгч Х З- ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт баримтыг ирүүлснээр мэдсэн. Уг актад энэ талаар тодорхой бичээд 2011 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар захиалагч нь гүйцэтгэгчид 829,040.69 ам.долларын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтэд ногдох өглөгтэй болох талаар хоёр тал баталгаажуулсан байна.

М- ХХК-тай гэрээ байгуулсан БНХАУ-ын хоёр компани нь Монгол улсын 20 орчим компаниудтай гэрээ байгуулан ажилласан байдаг. Энэ үйл ажиллагаанд М- ХХК оролцоогүй. Замын ажил дуусч улсын комисс ажиллах болоход ганц Х З- ХХК биш хэд хэдэн туслан гүйцэтгэгч компаниуд манай компанид шаардлага тавьсан ба үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэхгүй бол улсын комиссыг ажиллуулахгүй, эсэргүүцэн, жагсаал зохион байгуулна гэснээр манай компани өөрийн гүйцэтгэгч Хятад улсын компанид хандахад бид Монгол улсад ямар нэг компани, салбар байхгүй тул та бүгд манай өмнөөс тухайн Монгол компаниудад холбогдох төлбөрийг төлж манай гэрээнээс суутган шийдвэрлэж болно гэсэн хариу өгсөн. Энэ дагуу 2011 оны 10 сарын 03-ны өдөр М- ХХК-аас өөрийн гүйцэтгэгч компанид албан бичиг явуулж, А- бид товчилж САС гэж нэрлэж байсан (монгол орчуулга нь Агаарын боомтын зүүн хойд бүс нутгийн барилгын газар) нь хоёр компанийн хооронд 2010 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний 2.1. 2.2-т заасны дагуу 829,040.69 ам долларыг шилжүүлж өгөхийг баталгаажуулж хариу өгсөн тул М- ХХК нь уг төлбөрийг САС компанийн нэрийн өмнөөс гэж хоёр удаагийн гүйлгээ хийж уг төлбөрийг барагдуулсан. Энэ үйл ажиллагаа нь 311 км замыг аль болох хурдан улсын комисст хүлээн авах, комисс ажиллахад ямар нэг саад учруулж хойшлуулахгүй байхад чиглэсэн юм. Эдгээр баримтуудаас үзвэл Э- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд удаа дараа буюу нийт 3 гэрээ байгуулагдаж эрх зүйн харилцаа бодитоор үүсч төлбөр төлөгдсөн болох нь хэргийн материалд авагдсан гэрээнүүд, банкны баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд М- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд ямар нэг гэрээ байгуулагдаж, эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул Х З- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч М- ХХК-аас 1,103,950,528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х З- ХХК-д олгож, үлдсэн 264,722,411.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х З- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,159,265 төгрөгөөс илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М- ХХК-аас 5,677,703 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х З- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Х З- ХХК-ийн нэхэмжилж буй 395,833 ам доллар нь Э- ХХК болон Х З- ХХК-ийн хооронд 2011 оны 09 сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актад бичигдсэн нь хэргийн баримтаар тогтоогддог. Уг актад Х З- ХХК, Э- ХХК-ийн хооронд авто замын ажил гүйцэтгэхээр Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн нүүрс тээвэрлэх 30 км авто зам барилгын ажлын гэрээ (2008.05.30), мөн Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн Нүүрс тээвэрлэх 31 км авто зам барилгын ажпын гэрээ (2009.06.30), мөн Ховд аймгийн Алтай сумын Улаан амны зам засварын ажлын гэрээ (2009.10.01) гэсэн 3 төрлийн гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан.

4.2. Х З- ХХК-ийн Хаан банкны дансны хуулгаар дээрх гэрээнүүдийн дагуу Э- ХХК-иас олон сая ам долларын төлбөр авсан нь тогтоогддог. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Х З- ХХК нь Э- ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр тооцоог М- ХХК-иас шаардсаныг анхан шатны шүүх тусдаа хоёр өөр этгээдийн хоорондын төлбөр тооцоог М- ХХК-иас гаргахаар шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэлгүйг харуулах гол нөхцөл юм.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж хуульчилсан тул Х З- ХХК нь Э- ХХК-тай 2008, 2009 онуудад байгуулагдсан гэрээ, 2011 оны 09 сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн актад дурдсан асуудлаар 2020 оны 05 сарын 22-ны өдөр шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 12 жилийн дараа, Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 9 жилийн дараа шүүхэд хандсан нь илэрхий байгаа.

Тэгвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн хуулийн зохицуулалтаар гурван жил биш 9 жил, 12 жил өнгөрсөн асуудлыг ч шүүх хүлээн авч шийдвэрлэсээр байх эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгөхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэсллэгүй байна. Нэхэмжилж буй 395,833.34 ам.доллар нь М- ХХК-ийн барилга байгууламж, улсын комиссын актаар тухайн объектыг 2011 онд хүлээн авсан. Х З- ХХК замыг үе шат бүрээр М- ХХК-д хүлээлцсэн баримт хэрэгт баримтаар авагдсан. Анхан шатны шүүхэд хариуцагч талаас уг төлбөрт маргаагүй бөгөөд төлөхгүй гэх байдлаар хандаж байсан. Х З- ХХК нь зохих маршрутын дагуу авто замыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн М- ХХК-д хүлээлгэн өгсөн. М- ХХК-ийн ерөнхий захирал Е.Нацагдорж нь Зам тээврийн яаманд М- ХХК-ийн замын ажлыг Х З- ХХК-аас 70 хувийн гүйцэтгэлтэй хийснийг тодорхойлж байсан.

Талуудын хооронд эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд 395,833.34 ам.долларыг чанарын баталгаанд суулгаж авсан нь нотлогдож байна. 2011 оноос хойш Х З- ХХК-ийн захирал, нягтлан Я.Энхтуяа нар байнга н.Оюунчимэгтэй уулзаж, төлбөр авах хүсэлтээ гаргаж байсан. Уг асуудалд тухайн 395,833.34 ам.долларыг манай байгууллагын дансанд байгаа боловч дээд удирдлагуудаас зөвшөөрөл ирээгүй учраас шийдэх боломжгүй байна гэж тайлбарласан. Мөн 2017 онд Хонг Конг руу очиж уулзаад ир гэж хэлсний дагуу очиж уулзахад Монголд очиж байгаад шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. 2011 оны 12 сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн акт, 2014 оны 12 сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаа дуусах байсан. Гэтэл 2014 оны 09 сарын 08-ны өдөр 395,833.34 ам.долларыг гаргуулахаар албан бичиг өгсөн. Хэрэгт ажил хүлээлцсэн бүх актууд авагдсан ба санхүүгийн тооцоог үе шатаар нь хийхээс гадна км бүрээр нь хийсэн ажлыг хүлээн авсан актууд байдаг. Уг актад захиалагч М- ХХК, гүйцэтгэгч нь Х З- ХХК гэж талууд гарын үсэг зурж, хүлээлцсэн байдаг.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг 9 жилийн дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн хавтаст хэрэгт ажил хүлээлцсэн акт үйлдэж хавсаргасан байдаг. Хариуцагч нь хөрөнгө оруулагчийн хийсэн ажлын төлбөрийг өгөхгүй гэж хандаж байна. Хэрэгт улсын комиссын байцаагч нарын актууд авагдсаныг анхан шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х З- ХХК, хариуцагч М- ХХК-д холбогдуулан авто замын чанарын баталгааны 5 хувиар бодож суутгаж авсан 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. М- ХХК нь Авто замын газартай 2009 оны 05 сарын 01-ний өдөр 52 дугаартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээгээр Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн уурхайгаас Дэтгийн даваа, Барлагийн хавцал, Үенчийн улаан үзүүр, Булган сумын урд орших Цоохор нуурын араар гарч, Дашваанжил уулын араар орон Ярантын заставын ойролцоох Булган голыг гатлан Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэл 30 км нийт 337 км зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж 2011 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

3.2. Уг ерөнхий гэрээний дагуу гүйцэтгэх автозамын ажлыг гүйцэтгүүлэхээр М- ХХК нь БНХАУ-ын Xinjiang construction road bridge engineering co.ltd компанитай 2008 оны 07 сарын 07-ны өдөр Замыг шинэчлэн засах ажлын гүйцэтгэлийн гэрээ, мөн БНХАУ-ын А- /Агаарын боомтын зүүн хойд бүс нутгийн барилгын газар/ компанитай БНХАУ-ын Ташкент боомтоос Монгол Улсын Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай хүртэлх замын хучилтын ажлын гүйцэтгэлийн гэрээ-г 2010 оны 04 сарын 09-ны өдөр тус тус байгуулж, автозамын ажлыг гүйцэтгүүлжээ.

3.3. Дээрх автозамын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр М- /Э-/ ГХО-тай ХХК, Х З- ХХК нарын хооронд Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх авто зам барилгын ажлын болон замын засварын ажлын гэрээ нэртэй гурван гэрээ байгуулсан. Үүнээс 01 тоот гэрээг 2008 оны 05 сарын 30-ны өдөр байгуулж, Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлын гэрээний үүргийг 6,750,000 ам.долларын төсөвт өртгөөр 2009 оны 06 сарын 10-ны өдрөөс 2009 оны 08 сарын 10-ны өдрийн хооронд гүйцэтгэхээр, мөн 02 тоот 2009 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн нүүрс Тээвэрлэх 31 км авто зам барилгын ажлыг 4,092,000 ам.долларын төсөвт өртгөөр 2009 оны 08 сарын 10-ны өдрөөс 2011 оны 08 сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар, мөн 01 тоот 2009 оны 10 сарын 01-ны өдөр байгуулсан гэрээгээр Ховд аймгийн Алтай сумын Улаан амын замын засварын ажлыг 372,037.68 ам.долларын төсөвт өртгөөр 2009 оны 10 сарын 05-ны өдрөөс 2010 оны 05 сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар тус тус харилцан тохиролцсон байна.

3.4. Дээрх гэрээний дагуу Х З- ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн тус бүр 30, 31 км автозамын ажил, мөн Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажилд туслан гүйцэтгэгч компаниар оролцож, дурдсан авто замын ажлуудыг 2008 оны 06 сараас 2010 оны 05 сарын хооронд хийж гүйцэтгэсэн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 12 сарын 23-ны өдрийн 03/114/2011 дугаар акт, Улсын мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2008 оны 12 сарын 09-ний өдрийн № 06/52/4108 тоот дүгнэлт болон Улсын байцаагчийн 2018 оны 12 сарын 09-ний өдрийн № 06/52/243 тоот акт, мөн М- ХХК-ийн 2010 оны 05 сарын 26-ны өдрийн № 218/01 тоот тодорхойлолтоор Х З- ХХК нь 61 км зам барилгын ажлыг гүйцэтгэж байгааг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам-д гаргаж байснаар тогтоогджээ.

3.5. Гурван гэрээний нийт үнийн дүн 8,249,904 ам.доллар байх бөгөөд үүнээс Х З- ХХК нь 7,854,071 ам.долларыг М- ХХК, М- ХХК нараас хүлээн авсан талаар маргаагүй, хариуцагч М- ХХК-аас 2011 оны 10 сароын 14-ны өдөр 532,032,724 төгрөг, мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр 553,625,075 төгрөгийг тус тус Х З- ХХК-д шилжүүлжээ.

3.6. Эдгээр төлбөр буюу 829,040.69 ам.долларыг Х З- ХХК-д шилжүүлэх эсэхийг 2011 оны 10 сарын 03-ны өдрийн албан захидлаар М- ХХК нь БНХАУ-ын А- компаниас тодруулга хүсч тус компаниас зөвшөөрсөн хариу ирсний дагуу БНХАУ-ын А- компанийн нэрийн өмнөөс тус компанийн туслан гүйцэтгэгч Х З- ХХК-д 829,040.69 ам.долларыг шилжүүлсэн талаар маргаангүй гэж зохигч тайлбарласан байна.

 

4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр аливаа этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө, хөрөнгийн үнийг буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгийг хүлээн авсан болон шилжүүлсэн хоёр этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд ийнхүү шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

4.1. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагч М- ХХК нь Авто замын газартай байгуулсан гэрээний дагуу автозам барилгын ажлыг гүйцэтгэсэн, уг автозамын ажилд оролцсон гүйцэтгэгч нарын хувьд ерөнхий захиалагч болохын хувьд ажлын санхүүжилтийг гүйцэтгэгчид бүрэн олгоогүйгээс нэхэмжлэгч Х З- ХХК-д нөхөн олгогдох байсан авто замын чанарын баталгааны 5 хувь болох 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй талаархи үйл баримт, шалтгаант холбоог зөв тогтоосон байна.

4.2. Хариуцагч М- ХХК нь Авто замын газартай 2009 онд байгуулсан Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний дагуу Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт, мөн Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэлх нийт 337 км зам барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэн 2011 онд ашиглалтад хүлээлгэн өгөх ажлын хүрээнд гүйцэтгэгч компаниудтай зам барилгын ажлын гэрээ байгуулсан, гүйцэтгэгч нар нь туслан гүйцэтгэгч компаниудтай мөн адил гэрээ байгуулжээ. Эдгээр гэрээний санхүүжилтийг хариуцагч М- ХХК хариуцан төлөх үүрэгтэй нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна.

4.3. Түүнчлэн М- ХХК, Х З- ХХК нарын хооронд 2008, 2009 онд байгуулсан авто зам барилгын болон замын засварын ажлын гэрээнүүдэд захиалагч талыг төлөөлж ерөнхий захирал Г.Нацагдорж гарын үсэг зурсан бөгөөд энэ цаг хугацаанд Г.Нацагдорж нь хариуцагч М- ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан нь бусад гүйцэтгэгч нартай байгуулсан Авто зам барилгын ажлын гэрээ, Ховд аймгийн Дарви сум Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомтын чиглэлийн 307.7 км автозамын Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэрэг баримтаар тогтоогджээ.

Иймд М- ХХК, хариуцагч М- ХХК-иуд нь хоорондоо харилцан мэдээлэл солилцох боломжгүй, нэхэмжлэгч Х З- ХХК-ийн М- ХХК-тай байгуулсан гэрээг хариуцагч мэдэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Энэ үүргээ нэхэмжлэгч Х З- ХХК биелүүлж хариуцагч М- ХХК-аас авто замын чанарын баталгааны 5 хувиар тооцон суутгасан 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөгийг шаардах эрхтэй болохоо нотолсон, харин хариуцагч нь М- ХХК-тай хамааралгүй, уг компанийн Х З- ХХК-тай байгуулсан гэрээний ажлын үр дүнг хүлээн аваагүй, төлбөр төлөх үүрэггүй болохоо нотлоогүй гэж үзнэ.

Дээрх үйл баримтаар М- ХХК, М- ХХК-иуд нь харилцан мэдээлэл солилцох боломжтой компаниуд гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхай-Олон булаг чиглэлийн 61 км авто зам, Ховд аймгийн Алтай сумын Бага улаан амны зам засварын ажлыг хүлээн авсан нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 03/114/2011 тоот акт, мөн авто зам барилгын ажлын явцын талаархи мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлага, дүгнэлт болон гүйцэтгэгч компаниудын ажлын явцын тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хариуцагч М- ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт, мөн Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэлх нийт 337 км зам барилгын ажлын ерөнхий захиалагч, уг автозамыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг бүхий этгээдийн хувьд ерөнхий гүйцэтгэгч байна.

4.5. Энэ тохиолдолд 2008-2011 оны хооронд дээрх авто зам барилгын ажлыг гүйцэтгэсэн талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ. Мөн хуулийн 347 дугаар зүйлд зааснаар туслан гүйцэтгэгч Х З- ХХК-ийн ажлын үр дүнг гүйцэтгэгч болох БНХАУ-ын Airport Northeast construction болон М- ХХК нар ерөнхий захиалагч М- ХХК-ийн өмнө хариуцах үүрэгтэй.

Гэвч хэргийн баримтаар туслан гүйцэтгэгч Х З- ХХК өөрийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч (Х З- ХХК-ийн хувьд захиалагч) М- ХХК бус ерөнхий захиалагч М- ХХК-ийн өмнө хариуцжээ. Нэхэмжлэгч Х З- ХХК, М- ХХК нарын хооронд байгуулсан гэрээний Тусгай нөхцөл-ийн 26.0-д зааснаар баталгааны хугацааг 365 хоног, харин ерөнхий захиалагч М- ХХК, гүйцэтгэгч БНХАУ-ын Airport Northeast construction компани нарын хооронд байгуулсан гэрээний 9, 10.2-т баталгааны хугацаа 20 сараас хэтрэхгүй байхаар заасан ч гэрээний талууд энэ хугацааг баримтлаагүй, Авто замын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацааг баримталсан гэж үзэхээр байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн гүйцэтгэсэн авто замд үүссэн замын хэсгийн асфальтан хучилт нөхөх ажлыг 2013, 2014 онуудад гүйцэтгэж байсан нь Ш- ХХК-ийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн хариуцагчид хандсан мэдэгдлээр нотлогдож байна.

4.6. Хариуцагч нь авто зам барилгын ажлын ерөнхий захиалагч болохын хувьд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнгийн чанарын баталгааг Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч нараас бус туслан гүйцэтгэгчээс шаардсан, авто замыг байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш уг хугацаа хуульд зааснаар 2014 оны 12 сарын 23-ны өдөр дуусгавар болжээ.

БНХАУ-ын А- компаниас 829,040.69 ам.долларыг Х З- ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч хариуцагчид ирүүлсэн захидалдаа нэхэмжлэгчийг ... манай туслан гүйцэтгэгч ... гэж тодорхойлж, өөрийнх нь өмнөөс авто замын ажлын төлбөр шилжүүлэхийг зөвшөөрснөөс үзвэл нэхэмжлэгчийн 2008, 2009 онд М- ХХК-тай байгуулсан 3 гэрээний үүрэгт хариуцагч болон түүний ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын А- компани нар хамааралгүй, тус 2 компанийн хооронд үүссэн гэрээний үүрэг хариуцагчид хамааралгүй гэх байдал үгүйсгэгдэнэ.

Энэ үндэслэлээр хариуцагч М- ХХК нь туслан гүйцэтгэгч Х З- ХХК-ийн ажлын хөлс 829,040.69 ам.долларыг гүйцэтгэгч М- ХХК, БНХАУ-ын А компани нарын өмнөөс нэхэмжлэгчид шилжүүлж байсан болон гүйцэтгэгчид гэрээт ажлын хөлс 488,240,949 юанийг бүрэн төлсөн буюу уг төлбөрт авто замын чанарын баталгааны 5 хувийн төлбөр багтсан болохоо нотлоогүй тул нэхэмжлэгч Х З- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн баталгааны төлбөрийг дээрх гүйцэтгэгч нарын өмнөөс хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагчийн М- ХХК-тай хамааралгүй болон гүйцэтгэгч БНХАУ-ын А компанитай холбоотой гэрээний үүргээ дуусгавар болсон гэх үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт, мөн Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэлх нийт 337 км зам барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ч зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй талаархи шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Гэвч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд хамаарах авто замын чанарын баталгаат хугацааны төлбөр 395,833.34 ам.доллар буюу 1,368,672,939 төгрөгийг хариуцагч, нэхэмжлэгчид нөхөн олгоогүй нь хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуульд заасан үндэслэлийг бий болгоно.

Зохигчийн хооронд гэрээтэй холбоотой мөнгөн төлбөрийн үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчээс баталгааны төлбөрийг төлөх үүрэг бүхий хариуцагчаас дээрх төлбөрийг шаардсанаар хариуцагчийн хувьд 1,368,672,939.718 төгрөгийн хэмжээгээр өмчлөх эрх нь үгүйсгэгдэх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас 1,368,672,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

6. Хариуцагч талаас М- ХХК-тай холбоотой асуудлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй талаар тайлбарласан ч зохигч хэн аль нь М- ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс мөн тус компанийг хамтран хариуцагчаар оролцуулахаар шаардлага гаргаагүй байна. Энэ нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар М- ХХК-ийг хариуцагч, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрх хэмжээгүй тул энэ үндэслэлээр шүүхийг буруутгахгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх буруу тооцсон гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй. Авто замын барилгын ажлыг улсын комисс 2011 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авснаар авто замын чанарын баталгаат хугацаа тоологдох бөгөөд уг хугацаа 2014 оны 12 сарын 23-ны өдөр дуусжээ. Нэхэмжлэгч уг хугацаа өнгөрснөөр баталгааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан 10 жилийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцэх тул хариуцагч талын энэ талаар гаргасан гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хууль хэрэглээнд хууль зүйн техникийн болон найруулгын алдаа гаргасан байгааг, мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх тус тус залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас 1,103,950,528 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х З- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 264,722,411.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ