Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0319

 

“Б А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Б.Н, М.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0161 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б А” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Г, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0161 дүгээр шийдвэрээр: ”Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 252201767 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Б А” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А давж заалдах гомдолдоо: “Акт нь Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангаж ажиллах зарчмаа зөрчсөн.

        Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний 348 дугаар тогтоолын 1.1-д “Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино” гэж заасан нь ил тодын хуулиар зөвхөн хөрөнгө, орлого бус үйл ажиллагаа хамаарагдахыг тодорхойлсон. Үйл ажиллагаа гэдэг бол орлого зарлага аль алийг нь хамрах ойлголт юм.

        Манай компани нийтдээ нуун дарагдуулсан 706,9 сая төгрөгийн орлого, үйл ажиллагаагаа ил тод болгон тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого 706,9 сая төгрөгөөр нэмэгдэж 70,7 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн юм. Ил тод болгосон 706,9 сая төгрөгийн орлого үйл ажиллагааны дүн дотор шалгалтаар илэрсэн 132,1 сая төгрөгийн зөрчил багтаж байгаа болно. Хэрэв 132,1 сая төгрөгийг 54 дүгээр мөрөнд тавьсан бол 4 дүгээр мөрөнд тавьсан 706,9 сая төгрөг маань 132,1 саяар буурч 574,8 сая төгрөгөөр бичигдэж, эцсийн дүнгээрээ 55 дугаар мөрөнд 70,9 сая төгрөг болж чөлөөлөгдөх татварын дүн 70,7 сая төгрөгт ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй болно.

        Татварын ерөнхий газрын 2015 оны 909 дүгээр сарын 22-ны өдрийн А/186 тушаалаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Шинээр тайлагнах тайлангийн маягт, зааварт 54 дүгээр мөрөнд тоо тавигдахгүй ба “Хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн /мөр 54/-д тавигдах дүн нь худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүн /мөр 49/-ээс 50 дугаар мөрийг хасч тодорхойлсон дүн байна” гэсэн буюу дээрх 49, 50 дугаар мөрөнд тоо тавихад автоматаар бодогддог мөр болно. Манай компани шинэчилсэн тайлангаар татварын аливаа өр авлага илүү төлөлт үүсгээгүй. Татварын ерөнхий газрын албан ёсны сайтад тавигдсан нийтэд нээлттэй Маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүдийг уншиж үзэхэд манай компанитай ижил төстэй зөрчил гаргасан татвар төлөгчдийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулан нөхөн татвар, торгууль, алдангиас чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

        Татварын улсын байцаагч нарын акт нь зааврыг буруу ашигласан, эсвэл холбогдох заалтад хамааралгүй тайлбар өгсөн байх талтай гэж үзэж байна.

        Иймд шийтгэврийн хуудсаар ногдуулсан 13,2 сая төгрөгийн нөхөн татвар, 3,9 сая төгрөгийн торгууль, 6,5 сая төгрөгийн алданги нийт 23,8 сая төгрөгийн төлбөрөөс Татварын ерөнхий газар, “Т-Өр” ерөнхий боловсролын сургуульд хийсэн агааржуулалтын ажлын хөлс 1.187.808,45 төгрөгийн орлогод ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг манай компаниар төлүүлж, үлдэх нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй 5 ш падаантай холбоотой 132.134.727, 73 /Нэг зуун гучин хоёр сая нэг зуун гучин дөрвөн мянга долоон зуун хорин долоон төг 73 мөнгө/ төгрөгт ногдох нөхөн татвар, торгууль, алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Гомдол гаргагч “Б А” ХХК-аас “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 252201767 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг шүүхэд гаргажээ.

        Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.3 /Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй/-д зааснаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлыг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулах үүрэг хамаарахааргүй байжээ.

        Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсоноор шүүх гомдлоор үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

        Үүнтэй холбогдуулж энэхүү захиргааны хэрэгт анхан шатны шүүхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 /Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ/-д заасан үүргийн дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

        Тухайлбал, нотлох баримт цуглуулах замаар нэхэмжлэгч гаргасан нотлох баримтыг авахаас гадна шүүх гомдол гаргагч “Б А” ХХК-ийн маргаж байгаа үндэслэлүүдэд дүгнэлт хийх, ялангуяа “Их үйлсийн эрэлд” ХХК-аас 2012 онд 0013043004, 2013 онд 0013350661, 0013350708 дугаартай, “Г Н Э” ХХК-аас 2013 онд 0012385581, 0013408305 дугаартай хуурамч бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 131.134.727.73 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчлөө хүлээн зөвшөөрч, “2012, 2013 онд “И Ү Э” ХХК, “Г Н Э” ХХК-уудаас худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падаанаас үүдэлтэй, 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу залруулж мэдүүлсэн” гэх,

        хариуцагч нарын “гомдол гаргагч “Б А” ХХК-аас тухайн үед хий бичилтийн баримтыг бичих мөр байгаагүй учир орлогоо хасч тооцсон” гэх тайлбаруудад дүгнэлт хийх шаардлагатай байна.

        Хэдийгээр гомдлыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хэргийн оролцогчдоос “нэмж гаргаж өгөх, шүүхэд хүсэлт гаргах байдлаар цуглуулах нотлох баримт үгүй, шүүх нотлох зарчим, мэтгэлцэх зарчим алдагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх хязгаарлагдаагүй болохоо илэрхийлсэн” гэх боловч энэ нь дээр дурдсан “шүүх нотлох зарчим”-д нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

        Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0161 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТБААТАР