Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 4

 

Б.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                         С.Баттамир

Ялтны өмгөөлөгч                            Ж.Туяа

                                                          Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батбайгалийн Ч-т холбогдох эрүүгийн 201609000154 тоот хэргийн дугаартай, 171/2016/0148/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Батбайгалийн Ч- /РД:ТЯ90050532/, 1990 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 14-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Ч- нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-03 тоотод байх өөрийн гэртээ 47 настай эмэгтэй Ч.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Боржигон овогт Батбайгалийн Ч-ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батбайгалийн Ч-т 21 /хорин нэг/ жил хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6, 52.11-д зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан 21 жил хорих ялын зарим хэсэг буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 18 /арван найм/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 256 /хоёр зуун тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,.

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ээс 3.414.200 /гурван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 15-6 тоотод оршин суух Доржийн Уранбат /ТИ63070517/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Тосгоны 4-11 тоотод оршин суух Доржийн Уранчимэг /ТЯ60010705/ нарт олгож, 64100 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор.... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13-т хууль ёсны төлөөлөгч гэж хуулийн дагуу тогтоогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигийг хэлнэ гэжээ. Гэтэл Д.Уранчимэг талийгаачийн садан төрлийн хүн болон гэр бүлийн гишүүн ч биш, байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрх бүхий субьект биш байна.

Давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд хэрэг буцсанаас хойш М.Батболдын маршрут шалгах ажиллагаа дутуу явуулжээ.

Гэрч М.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт “...би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийг Б.Ч-ийнд дагуулж ороогүй.... тухайн өдөр намайг тэмцээнд орохоос өмнө 14 дүгээр байрны эсрэг талын орцны үүдэнд талийгаач А- сууж байсан...” гэх мэдүүлгийг шалгах.

Талийгаач ямар овгийн, хэний А- гэгч хүн нас барсан эсэх нь тодорхойгүй.

М.Батболд гэгч энэ хэрэгт оролцсон эсэх, түүний оролцоог шалгуулах зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“…2016 оны 03 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан зүйл ангиар шалгагдах хугацаанд Г.Хатанзориг байцааагч 03 дугаар сарын 27-нд намайг зодож, дарамтлаж, сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн. Иймд миний сэтгэл санаа хохиролтой байна. Машлайн Батболд нь хэргийг үйлдчихээд байр, машин надад амлан хэргээс санаатайгаар зайлсан. Тэгээд ч зогосохгүй миний төрсөн дүүгээр худал мэдүүлэг өгүүлсэн нь тодорхой байгаа тул миний зүгээс Машлайн Батболдыг шалгуулах хүсэлтэй байна. Иймд энэ хэргийг зөв шудрагаар шүүж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна “ гэв.

Ялтны өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Уг гэмт хэргийг өөр хүн үйлдсэн гэж Б.Ч- мэдүүлж байгааг шалгаж тогтоох ёстой. Заазуурыг өмсөж явсан хувцастайгаа хаясан гэж Б.Ч- мэдүүлж байгаа бол үүнийг тогтоох нь зүйтэй. Дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй” гэв.

Улсын яллагч С.Баттамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тодорхойлох нь

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Ч-ийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан баг 14-3 тоотод байх өөрийн гэртээ 47 настай эмэгтэй Ч.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг 5 удаа заазуурдан, мөн тоосгоор толгойн тус газар нь цохиж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Ч-ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 21 жил хорих ял шийтгэж, оногдуулсан 21 жил хорих ялын зарим хэсэг буюу 3 /гурав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 18 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн 153А дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Ялтан Б.Ч- болон түүний өмгөөлөгч Ж.Туяа нарын “...М.Батболд нь хэргийг үйлдчихээд байр, машин надад амлан хэргээс санаатайгаар зайлсан. Тэгээд ч зогосохгүй миний төрсөн дүүгээр худал мэдүүлэг өгүүлсэн нь тодорхой байгаа тул миний зүгээс М.Батболдыг шалгуулах хүсэлтэй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэх  үндэслэлүүдээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Ялтан Б.Ч- нь Ч.А-ийг онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- р хавтас, хх-ийн 4-11 хуудас/, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас, хх-ийн 23 хуудас/, хохирогч Д.Уранбатын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 25 хуудас/, хохирогч Д.Уранчимэгийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 32 хуудас/,  гэрч Б.Батхааны мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 39, 2-р хавтас хх-ийн 226-227 хуудас/, гэрч Б.Пүрэвдоржийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 44 хуудас/, гэрч С.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 56 хуудас/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 104 хуудас/, гэрч Б.Батбямбын мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 95-96 хуудас/, гэрч Д.Батбайгалийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 228-229 хуудас/, гэрч М.Туяагийн мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 232-223 хуудас/, гэрч Т.Бадамцэцэгийн мэдүүлэг /2-р хавтас хх-ийн 274-275 хуудас/, гэрч Ц.Батбаярын мэдүүлэг /2-р хавтас, хх-ийн 236 хуудас/, шинжээч эмч Д.Туяагийн мэдүүлэг /1-р хавтас, хх-ийн 111-112 хуудас/, 2016 оны 03 сарын 26-ны өдрийн №31 тоот Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний онош /1-р хавтас, хх-ийн 116-117 хуудас/,  2016 оны 04 сарын 07-ны өдрийн №26/16 тоот Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 137 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон бөгөөд ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байх ба М.Батболд уг гэмт хэргийг үйлдсэн гэх байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс ялтны үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийжээ.

Хохирогч нь 3.478.300 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...хохирогч нарыг хохирол төлбөрт 34.783.000 төгрөг нэхэмжилж... хэмээн хохирлын дүнг буруу ташаа бичсэн алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153А дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ч-, түүний өмгөөлөгч Ж.Туяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                     Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                         Б.МАНЛАЙБААТАР