Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил, Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 1395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08ы өдрийн 1308 дугаар магадлалтай, Ц.Д-д холбогдох 1906014671250 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил, Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн  2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд 1997 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 428 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Л овогт Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Д-д 6 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид 6 жилийн хорих ял оногдуулсан ба давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийг хохирогч н.Ц-ын цээжин тус газар нь хутгалж, түүний биед хүнд гэмтэл учруулсан гэж яллаж байгаа. Гэвч хутгаар хохирогчийн биед гэмтэл учруулсан уу, тухайн шарх нь хутганы шарх мөн үү, үгүй юу гэдгийг шууд заасан нотлох баримт хэрэгт байхгүй. Хэргийн газрын нөхөн үзлэгээр Ц.Д-ын гэрээс хутга, заазуур зэргийг хураан авч шинжилгээ хийлгэсэн ба хохирогчийн шарханд нь аль хутга хүрэх боломжтой, аль хутга таарах вэ гэдэг байдлаар таамаглалын шинжтэй дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Мөн хураан авсан хутга, заазуурт гарын мөр, хээний шинжилгээ хийсэн боловч илрээгүй. Түүнчлэн цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 4-9 талд авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтууд /хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд/ нь эргэлзээтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн биед хэрхэн, яаж гэмтэл учруулсан болохыг тогтоолгохоор удаа дараа өмсөж явсан хувцсыг шинжилгээнд хамруулах, жижүүр эмчээс мэдүүлэг авах зэрэг хүсэлтийг гаргасан анхан шатны шүүх ажиллагаа хийж заавал тодруулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан бусад ажиллагааны үр дүнгээр няцаагдаж байна гэх тодорхойгүй, ойлгомжгүй үндэслэлийг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Ц.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс залруулалгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Мөн 8 дахь хэсгийн 8.4-д өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Хохирогч нь тухайн өдөр хэнтэй уулзсан, юу хийсэн талаар тодорхой мэдүүлдэггүй буюу санадаггүй ба гэнэт Ц.Д-ын гэрийн хаалгыг оролдож байхдаа ухаан орсон мэт ярьдаг. Хохирогчийг гэртээ орсноос хойш 5 цаг хагас буюу эмнэлгийн тусламж дуудтал ямар нэг арга хэмжээ аваагүй байдаг. Гэдсээ зүссэн юм шиг байна, цус гараад байна гэхэд хадам аав нь ирээд хутганы шарх биш байна, согтуу явж байгаад хашаа, хайлс дээр унаад гэдсээ цоолчихлоо гэдэг асуудал ярьдаг.

Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хүлээн авч хагалгаа хийсэн эмч энэ байдлыг давтан ярьдаг. Мөрдөгч шинжээчид хутганы шарх уу, язарсан, урагдсан шарх уу гэдэг асуултыг тухайлан тавьдаг. Гэтэл хохирогчийн хадам аав, эмчээс мэдүүлэг аваагүй атлаа Ц.Д-ыг хутгалсан байна гэдэг өрөөсгөл дүгнэлт хийдэг. Шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан ба биологийн ул мөр үлдээгүй байна, учир нь хоёр хоногийн дараа хураан авсан учир ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзсэн. Гэтэл хоёр сарын дараа түүний гэрээс хутганы төрлийн бүх зүйлийг хураан авсан ба шархтай ойролцоо өргөнтэй, зузаантай хутгаар үүсгэсэн байх боломжтой гэж дүгнэж байгаа болохоос энэ хутгаар үүсгэсэн байна гэсэн асуудал яриагүй. Тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч боломж илүү, магадлал өндөр байна гэсэн таамаглалд тулгуурлаж байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчиж байна. Ц.Д хаалгаа онгойлгоод хувцсыг нь сөхөж байгаад хутгалсан мэт зүйл яриад байгаа. Энэ байдлыг тогтоож өгнө үү, өмсөж явсан хувцасны зүсэгдсэн, урагдсан, цоорсон байдлыг шалгуулъя гэхээр ажиллагаа хийдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээШүүх Ц.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ буюу түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцохдоо дан ганц хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Шинжээчийн дүгнэлт, гэр бүлийн гишүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэг, тухайн цаг хугацааны нөхцөл байдалд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтуудаар нотлон тогтоосон. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тохирох ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Оргил, Г.Баяржаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны орцонд буюу өөрийн гэрийн үүдэнд хохирогч Д.Ц-ыг “гэрийн хаалга оролдсон” гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоох үүнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий гомдлыг гаргасан байх боловч шүүгдэгч Ц.Д дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ц, гэрч П.С, М.Т, шинжээч эмч С.Наранцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсоноос гадна эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Ц-ын гэрийн хаалга андуурсан үйлдлийг хулгайч хэмээн бодит нөхцөл байдлыг буруу төсөөлөн андуурч түүнийг хутгалсан нь эрүүгийн эрх зүй дэх гэм буруугийн андуурал гэж үзэж хөнгөрүүлэх үндэслэлтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Ц.Д-д холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 6 жил хорих ялыг 5 жил болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг хоёр шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 1395 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08ы өдрийн 1308 дугаар магадлалд:

 

“Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                    Б.БАТЦЭРЭН 

                         Ч.ХОСБАЯР

                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН