Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1395

 

 

 

 

 

 

 

 

  2020            07            30                                      2020/ШЦТ/1395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр  нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч А.Билгүүнтөгс,

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, С.Халиунаа,

Хохирогч Д.Цогтбаатар,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 1906 01467 1250 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 дугаар байрны орцонд Д.Цогтбаатарыг хаалга оролдсон гэх шалтгаанаар цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ц.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 19-ний өдөр гэртээ ирсэн. Талийгаач буюу манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан. Орой 200 гр “Хараа” архи уусан. Зурагт үзэж байхад хаалга онгойлгох гээд, тэгээд энэ хүн “өө ахаа уучлаарай” гээд явсан. Тэгээд би 7:30 гээд эмнэлэг явах гэтэл манай хаалганы гадна түлхүүр зоолттой байсан. Тэгээд би аваад эмнэлэг рүү явсан. Цагдаа ирж манай гэрт нэгжлэг хийгээд нэг сар гаран болоод намайг дуудсан. Шинжээчийн дүгнэлт уншуулсан. Дахиад мөрдөгч Алтанзул утастаад хэмжээс авахаа мартчихаж гэхээр нь 1 дэх өдрийн өглөө очсон. Тэгээд 20 гаруй хоносон. Манай гэрийн ямар ч юманд хэрэглэгддэггүй хар хутгыг 2 дахь шинжилгээгээрээ магадлалтай гэж гаргаж ирсэн” гэх мэдүүлэг,[1]

 

Хохирогч Д.Цогтбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр хаалга андуураад тэгээд хаалга онгойлгоод хүн гарч ирээд гэдэс рүү цохисон. Тэр үед хутга гэж би мэдээгүй. Кино дээр гардаг шиг юм болсон юм шиг зүйлийг өмгөөлөгчид яриад байдаг тийм зүйл болоогүй” гэх мэдүүлэг,[2]

 

Шүүгдэгч Ц.Дын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаалганд түлхүүр тааруулж байгаа чимээ гарсан. Миний сэрснээс хойш сонсоод хэвтэхэд 2-3 минут үргэлжлэхээр нь босоод шууд явж очоод хаалгаа нээгээд шууд тийрээд унагаасан. Хаалгаа хаагаад буцаад унтсан. Өглөө нь манай хаалганд түлхүүр зоолттой байсан...” гэх мэдүүлэг[3],

 

Хохирогч Д.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн орчим гэртээ орох гэж явж байгаад 2 давхрын манай харалдаа доор байдаг айлын хаалгыг цохисон юм шиг байгаа. 40 орчим насны өндөр, буурал толгойтой, туранхай залуу гарч ирээд гэдэс рүү цохих шиг болоод эргээд гэртээ яваад орсон. Тэгээд хэвлийгээ үзтэл зүсэгдсэн байхаар нь гэртээ ороод тухайн болсон зүйлийг хэлээд яаралтай түргэн тусламжаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг[4],

 

Хохирогч Д.Цогтбаатарын дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр хэнтэй ч нийлж хаагуурч яваагүй. Уг нь 100 айл орж гагнуурын багжны шил авна гэж байсан аваагүй. Явсан газар бол “Дондогмаа” гэх 44 дүгээр сургуулийн хажуу талын хувийн цэцэрлэг, гэр хоёрын хооронд л явсан. Манай байранд камер байсан бол миний тэр хавиар байсан нь тогтоогдох л байсан байх. Би дахиж дэлгүүр ороогүй, нэг л шил архи авсан, тэрийгээ л тэр өдөр уусан. Тухайн өдрийн өглөө 08 цаг 30-40 минутын орчим хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд, харих замаараа замд байдаг дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” архи аваад гэртээ ороод уусан. Би ер нь хүнтэй уудаггүй, тэр хавиар нийлдэг таних хүн байхгүй. Эхнэр үглээд байдаг учир “00” орохдоо ч юм уу, бага багаар уугаад гарч ороод яваад байсан. Гадаа орцны үүдээр сууж байгаад, ороод нэг балгаад тэгээд яваад байсан. Би угаалгын өрөөнд авсан архиа нуусан байсан. Орой хүүгээ цэцэрлэгээс авах гээд гарах үед миний авсан архи бага хэмжээтэй үлдсэн байсан байх. Би дуусгаагүй гэж бодож байна. Хүүгээ авах гээд очиход охин дүүгээ аваад гараад ирсэн учир хамт гэр лүү алхсан. Ер нь би тэр өдөр 3 удаа гэрээсээ орж гарсан. Өглөө хүүгээ хүргэж өгөх гээд, өдөр тамхилах гэж, үдээс хойш хүүгээ авах гэж, орой бас тамхи татах гэж гараад гэртээ орох гэж хаалгаа андуураад 3 давхрын айлын хаалга түлхүүрдээд энэ асуудал үүссэн. Би тасарчихсан согтуу байгаагүй, анхнаасаа буурал толгойтой хөгшин намайг гэдэс рүү цохичихлоо гэж үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч П.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө би жижүүр эмч байсан ба 01 цаг 50 минутанд яаралтай түргэн тусламж 103-р Д.Цогтбаатар гэх хүн хутгалуулсан гэх өгүүлэмжтэй хүргэгдэн ирсэн ба хүнээ үзтэл хэвлийн зүүн хажууд хавирганы доогуур 1.5 см орчим өргөнтэй дээрээсээ доош, гаднаас дотогш чиглэлтэй шархтай. ЭХО-д шалгахад хэвлийн сул шингэнтэй байсан тул амь насны заалтаар яаралтай журмаар хагалгаа хийсэн. Хагалгаа хийж хэвлийг шалгахад зүүн хавирганы нум доогуур хэвлий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруулах хэсгийн урдуур нэвтэрч хэвлийн гялтангийн арын ханан дээр 1.5 см орчим босоо байрлалтай шарх байсныг томруулан шалгахад хэвлийд болон гялтангийн арын зайд 600-700 м орчим шингэн цус бүлэн байсныг соруулан үзэхэд бөөрний гадарга, үүдэвч босоо тэнхлэгийн дагуу байрлалтай 3 см орчим урттай урагдаж язарсан шарх байсанд эрхтэн хадгалах зорилгоор зангилаат оёдлуудыг тавьсан...” гэх мэдүүлэг,[6]

 

Гэрч М.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 ны 2 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн орчим манай нөхөр Д.Цогтбаатар Баянзүрх дүүргийн 16-р хороо 10 байрны 41 тоот гэртээ, согтуу орж ирсэн ба орж ирэхдээ намайг доод давхрын айлын хүн хутгалчихлаа би айл андуураад хаалгыг нь тогшсон болохоор гэхээр нь би гараад харахад орцонд хүн байгаагүй болохоор нь би 1 давхар хүртэл үзчихээд эргээд гэртээ орж ирсэн чинь манай охин Нямжаргал надад хандан аавын зүүн талын хавирганы доод хэсгээс цус гарч байна гэхээр нь нөхрийнхөө фудволкийг сөхөж үзтэл хавирганы доод хэсэгт зүсэгдсэн цус бага зэрэг шүүрэлттэй гарч байхаар би сандраад дүү Туул руу залгаж учир байдлыг хэлсэн ба Туул гэч хадам аав Дашзэвэг рүү залгаж хэлсэн гэсэн” гэх мэдүүлэг,[7]

 

Шинжээч эмч С.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх цусан хураа гэмтэл нь хутгалуулсны дараа шууд үүсэх боломжтой. Хугацааг нарийн тогтоох боломжгүй. Өөрт бол шархиндаа зовиур илрэнэ, тухайн гэмтлийн үед идэвхитэй хөдөлгөөн хийгээд яваад байх боломжтой, цусан хураа үүсч байгаа нь өөрт нь мэдэгдэхгүй. Хэрэв мэдэгдэх тохиолдолд их хэмжээгээр цус алдахад толгой эргэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хэвийн ЭХО-р харах үед цусан хураа үүссэн байгаа эсэх нь мэдэгдэх боломжтой. Д.Цогтбаатар гэх хүний дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэвлийн хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсэг бөөрний урд хэсгийг гэмтээсэн. Мэс заслын эмчийн тэмдэглэгээнд 600 мл цус байсныг авсан байсан. Энэ нь хурц цус алдалтанд хүрэх хэмжээнд байгаагүй...” гэх мэдүүлэг[8],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай:

1. Д.Цогтбаатарт цээжний хөндий рүү нэвтэрч, цусан хураа, хэвлийн арын зайн цусан хураагаар хүндэрч, зүүн бөөрийг гэмтээж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ны 3.1.12-д заасан хүнд зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй” гэх дүгнэлт,[9]

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн шинжээчийн:

1. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЦТЭ-ийн гэмтлийн эмчийн үзлэгээр Д.Цогтбаатарын биед хэвлийн зүүн талд, зүүн хавирганы сүврэг доогуур 1.5 см хэмжээтэй шарх гэмтэл, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн яаралтай мэс заслын тэмдэглэлээс үзэхэд уг шарх нь хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний уруудах хэсэгт 1 см, бөөрний урд хэсэгт 3 см шарх үүсгэсэн нь тогтоогдсон.

2. Дээрх шархыг 1-8 тоотой хайч, заазуур, хутга зэргийн хэмжээтэй нэг бүрчлэн харьцуулан үзэхэд Д.Цогтбаатарын биед учирсан дээрх шархыг 8 дугаартай хутгаар үүсгэсэн байх боломж илүү байна” гэх дүгнэлт,[10]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1244 дугаартай:

1. Хохирогч Д.Цогтбаатарын биед учирсан хэвлийн зүүн хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч зүүн бөөрийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн дэх цус хуралдалт, зүүн талын гялтангийн арын зайн цусан хураа зэрэг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2. Хутга нь гэмтэл үүсгэгч ир үзүүртэй зүйлд хамаарагддаг бөгөөд хутгаар зүсэгдсэн, хатгагдсан, хатгагдаж зүсэгдсэн шарх үүсдэг, урагдсан шарх үүсдэггүй болно.

3. Д.Цогтбаатарын хэвлийн зүүн хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархыг эгц урдаас нь харж байгаа хүн учруулж болох ба баруун гараар үүсгэх магадлал өндөр байна... гэх дүгнэлт,[11]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1221 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хутга, 2 ширхэг заазуур, 2 ширхэг хайч, 1 түлхүүрээс гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт[12],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1485 дугаартай:

            Ногоон өнгийн иштэй заазуур 1 ш, шар өнгийн наалддаг туузаар ороосон иштэй заазуур 1 ш, бор өнгийн иштэй хутга 1 ш, ногоон наалддаг туузаар ороосон иштэй хутга 1 ш, хар өнгийн иштэй хутга 1 ш, шаргал өнгийн иштэй хутга, гэртэйгээ 1ш, хөх өнгийн иштэй хайч 1 ш, улаан өнгийн иштэй хайч 1 ш, хар оосортой 2 ш түлхүүр дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт[13],

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт[14],

Эд  мөрийн баримт хураан авсан тэмдэглэл[15],

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Төрбатын бичсэн “Илтгэх хуудас”[16],

Мөрдөгчийн тэмдэглэл[17],

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл[18]

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,[19]

Өвчний түүх,[20]

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,[21]

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт[22],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[23],

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[24]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, [25]

Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар[26]зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[27] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 дугаар байрны орцонд Д.Цогтбаатарыг хаалга оролдсон гэх шалтгаанаар цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Д.Цогтбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр хаалга андуураад тэгээд хаалга онгойлгоод хүн гарч ирээд гэдэс рүү цохисон. Тэр үед хутга гэж би мэдээгүй...” гэх,[28]

Хохирогч Д.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн орчим гэртээ орох гэж явж байгаад 2 давхрын манай харалдаа доор байдаг айлын хаалгыг цохисон юм шиг байгаа. 40 орчим насны өндөр, буурал толгойтой, туранхай залуу гарч ирээд гэдэс рүү цохих шиг болоод эргээд гэртээ яваад орсон. Тэгээд хэвлийгээ үзтэл зүсэгдсэн байхаар нь гэртээ ороод тухайн болсон зүйлийг хэлээд яаралтай түргэн тусламжаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн...” гэх[29],

Гэрч П.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 21-нд шилжих шөнө би жижүүр өгч байсан ба 01 цаг 50 минутанд яаралтай түргэн тусламж 103-р Д.Цогтбаатар гэх хүн хутгалуулсан гэх өгүүлэмжтэй хүргэгдэн ирсэн ба хүнээ үзтэл хэвлийн зүүн хажууд хавирганы доогуур 1.5 см орчим өргөнтэй дээрээсээ доош, гаднаас дотогш чиглэлтэй шархтай. ЭХО-д шалгахад хэвлийн сул шингэнтэй байсан тул амь насны заалтаар яаралтай журмаар хагалгаа хийсэн...” гэх,[30]

Гэрч М.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Цогтбаатар орж ирэхдээ намайг доод давхрын айлын хүн хутгалчихлаа би айл андуураад хаалгыг нь тогшсон болохоор...” гэх мэдүүлгүүд,[31] Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай дүгнэлт,[32] Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт,[33] Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1244 дугаартай дүгнэлт,[34] Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өрийн 1244 дугаартай дүгнэлт,[35] Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,[36] Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол[37] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Д нь хохирогчийн цээжин тус газарт хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д.Цогтбаатарт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай дүгнэлтээр “цээжний хөндий рүү нэвтэрч, цусан хураа, хэвлийн арын зайн цусан хураагаар хүндэрч, зүүн бөөрийг гэмтээж хатгагдсан шарх гэмтэл” тогтоогдсон байх бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ны 3.1.12-д заасан хүнд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбар: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Цогтбаатарыг зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.Цогтбаатарын цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “хохирогч нь шүүгдэгчийн орон байрны халдашгүй байдалд халдсан үйлдэл гаргасан, хутга байсан гэж хохирогч, шүүгдэгч хэн аль нь мэдүүлдэггүй, хэрэг болох үед хохирогчийн өмсөж байсан хувцсыг хураан авч, шинжээчийн дүгнэлт гаргах ёстой байтал энэ ажиллагааг хийлгүй орхигдуулсан, түргэн дуудахдаа юу гэж дуудлага өгсөн болохыг шалгаж тогтоох шаардлагатай, хэрэг болох өдөр хохирогч хаагуур явсан талаар маршрутыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, шүүгдэгч нь хэрэг болсон өдрийн маргааш өглөө нь түлхүүр зоолттой байсныг авч, мөрдөгчид гаргаж өгсөн байгаа нь гэм буруугүй гэдгийг нотлож байгаа, хэрэгт хураагдсан хутга болон хайчаас ямар нэгэн биологийн эд эс, цус олдоогүй, гэрч М.Түмэнжаргал нь “хадам аав согтуудаа хашлаганы ирмэг дээр унасан байж магадгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгсөн, мөн эмнэлгийн тусламж үзүүлсэн хүн хохирогчид урагдсан шарх гэж мэдүүлсэн зэргээс хутгалсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна, мөн түргэн 5 цагийн дараа ирсэн нь уг гэмтлийн зэргийг хүнд гэж гарахад нөлөөлсөн ба ямар учраас 5 цагийн дараа түргэн ирсэн нь эргэлзээ төрүүлж байгаа, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулсан эсэх нь бүрэн нотлогдохгүй байх ба үндэслэл бүхий эргэлзээ их байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

 

2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчим Д.Цогтбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 10 дугаар байр болох өөрийн гэр лүүгээ орохдоо 2 давхрын өөрийн гэртэй харалдаа хаалгыг андуурч түлхүүрээ хийж, хаалгыг оролдоход тухайн орон сууцанд амьдарч байсан Ц.Д нь унтаж байгаад сэрч, хулгай хийх гэж байна гэж ойлгон өөрийн гэрийн хаалгыг онгойлгож, Д.Цогтбаатарын цээжин тус газар хутгалсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.Д, болон түүний өмгөөлөгч нар нь хохирогч Д.Цогтбаатарыг шүүгдэгч нь хутгалаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй буюу хохирогч, шүүгдэгч хэн аль нь хутга байсан гэж мэдүүлдэггүй ба хураагдсан хутга хайчинд биологийн эд эс, цус олдоогүй гэж мэтгэлцдэг.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1485, 1221 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгчийн орон сууцнаас хураагдсан хутга, хайч, түлхүүрээс гарын мөр болон цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй гэх боловч уг хураагдсан эд зүйлүүд хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа хураагдсан ба энэ хугацаанд гарын мөр болон цус, биологийн гаралтай ул мөр арилах боломжтой тул дээрх нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй.  

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн “...гэртээ орох гэж явж байгаад 2 давхрын манай харалдаа доор байдаг айлын хаалгыг цохисон юм шиг байгаа. 40 орчим насны өндөр, буурал толгойтой, туранхай залуу гарч ирээд гэдэс рүү цохих шиг болоод эргээд гэртээ яваад орсон. Тэгээд хэвлийгээ үзтэл зүсэгдсэн байхаар нь гэртээ ороод тухайн болсон зүйлийг хэлээд яаралтай түргэн тусламжаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг, Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн шинжээчийн “...2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ЦТЭ-ийн гэмтлийн эмчийн үзлэгээр Д.Цогтбаатарын биед хэвлийн зүүн талд, зүүн хавирганы сүврэг доогуур 1.5 см хэмжээтэй шарх гэмтэл, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн яаралтай мэс заслын тэмдэглэлээс үзэхэд уг шарх нь хэвлийн хөндийд нэвтэрч, бүдүүн гэдэсний уруудах хэсэгт 1 см, бөөрний урд хэсэгт 3 см шарх үүсгэсэн нь тогтоогдсон. Дээрх шархыг 1-8 тоотой хайч, заазуур, хутга зэргийн хэмжээтэй нэг бүрчлэн харьцуулан үзэхэд Д.Цогтбаатарын биед учирсан дээрх шархыг 8 дугаартай хутгаар үүсгэсэн байх боломж илүү байна” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан болох нь тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэг болох өдөр хохирогч хаагуур явсан талаар маршрутыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэрч М.Түмэнжаргал нь “..хадам аав согтуудаа хашлаганы ирмэг дээр унасан байж магадгүй гэж хэлсэн..” гэх мэдүүлгийг өгсөн, мөн эмнэлгийн тусламж үзүүлсэн хүн хохирогчид урагдсан шарх гэж мэдүүлсэн зэргээс хутгалсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж мэтгэлцсэн.

 

Хохирогчийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ[38] хэрэг болсон өдөр хаагуур явсан талаар нэг бүрчлэн мэдүүлсэн бөгөөд мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн байх бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 41 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Наранцэцэгийн мэдүүлэг, 1244 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэргээр хохирогч нь хашлаганы ирмэг дээр унасны улмаас тухайн шарх үүсэх боломжгүй болохыг тогтоосон, харин хохирогчид учирсан гэмтэл ир, үзүүртэй зүйл буюу хутгаар нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болох нь тогтоогдож байгаа.

 

 Мөн хохирогчийн өмсөж байсан хувцсыг хураан авч, шинжээчийн дүгнэлт гаргах, ямар учраас 5 цагийн дараа түргэн дуудсан, түргэн дуудахдаа юу гэж дуудлага өгсөн болохыг шалгаж тогтоох зэрэг ажиллагааг зайлшгүй хийж, шалгаж тодруулах шаардлагагүй ба хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурьдав.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Д.Цогтбаатар нь шүүх хуралдаанд “Хохирол төлбөр нэхэмжлэхгүй”  гэсэн  тул хохирогчийг хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хамгийн боломжит доод ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтүүдийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.6-д  заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Дд 6 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ

 

     ШҮҮГЧИД                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                 Т.ШИНЭБАЯР       

 

                       

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтас хэргийн 117 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 15-16, 17-19 дүгээр хуудас

[5] [5] Хавтас хэргийн 60-62 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 24-25 дугаар хуудас

[7] Хавтэс хэргийн 28-30 дугаар хуудас

[8]  Хавтас хэргийн 86-88 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн 45-46 дугаар хуудас

[10] Хавтас хэргийн 84-85 дугаар хуудас

[11] Хавтас хэргийн 194-195 дугаар хуудас

[12] Хавтас хэргийн 47-48 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн 49 дүгээр хуудас

[14] Хавтас хэргийн 4-9 дүгээр хуудас

[15] Хавтас хэргийн 10 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн 37 дугаар хуудас

[17] Хавтас хэргийн 38 дугаар хуудас

[18] Хавстас хэргийн 72-80 дугаар хуудас

[19] Хавтас хэргийн 63-71 дүгээр хуудас

[20] Хавтас хэргийн 90-103 дугаар хуудас

[21] Хавтас хэргийн 104 дүгээр хуудас

[22] Хавтас хэргийн 200-204 дүгээр хуудас

[23] Хавтас хэргийн 52 дугаар хуудас

[24] Хавтас хэргийн 54-56  дугаар хуудас

[25] Хавтас хэргийн 118 дугаар хуудас

[26]Хавтас хэргийн 120-121 дугаар хуудас

[27]Хавтас хэргийн 31-33 дугаар хуудас

[28] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[29] Хавтас хэргийн 15-16, 17-19 дүгээр хуудас

[30] Хавтас хэргийн 24-25 дугаар хуудас

[31] Хавтэс хэргийн 26 дугаар хуудас

[32] Хавтас хэргийн 45-46 дугаар хуудас

[33] Хавтас хэргийн 84-85 дугаар хуудас

[34] Хавтас хэргийн  дугаар хуудас

[35] Хавтас хэргийн 194-195 дугаар хуудас

[36] Хавтас хэргийн 63-71 дүгээр хуудас

[37] Хавтас хэргийн 104 дүгээр хуудас

[38] Хавтас хэргийн 60-62 дугаар хуудас