Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01519

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01519

 

 

С.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны 101/ШШ2023/02857 дугаар шийдвэртэй

С.Ч-гийн нэхэмжлэлтэй,

М-Э ХХК, Б.Э- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт М-Э ХХК-аас 313,650,000 төгрөг, Б.Э-ээс 117,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. С.Ч- нь М-Э ХХК-тай 2021 оны 10 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 209,100,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу 2021 оны 10 сарын 29-ний өдөр зээлдэгч М-Э ХХК-ийн Голомт банк дахь 0000000000 тоот дансанд 209,100,000 төгрөгийг зээл өгөв гэсэн утгаар шилжүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд хүү тогтоохгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон.

1.2. 2021 оны 10 сарын 31-ний өдөр М-Э ХХК-ийн захирал Б.Э- дахин мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч компанийнхаа зээлтэй хамт буцааж төлнө гэсний дагуу түүнд 2021 оны 10 сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 117,450,000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийг Б.Э-эд олгохдоо түүнд итгэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тогтоогоогүй. Гэвч М-Э ХХК болон Б.Э- нар нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Зээлдэгч М-Э ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 сарын 29-ий өдөр дуусч өнөөдрийг хүртэл 376 хоног хэтэрсэн бөгөөд гэрээний 2.3-т зааснаар 209,100,000 төгрөгийн алданги 393,108,000 төгрөг /209,100,000*0.5%=1,045,500 төгрөг*375 хоног/ болсныг хуульд нийцүүлэн 104,550,000 төгрөг шаардаж байна.

1.3. Мөн иргэн Б.Э-ээс зээлдүүлсэн 117,450,000 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч Б.Э- нь зээлийн мөнгөн хөрөнгийг юунд зарцуулах нь өөрт нь хамааралтай бөгөөд койн, крипто валют авсан гэж тайлбарлах хэдий ч тухайн хүний өөрийнх нь асуудал бөгөөд зээлдүүлэгч хамааралгүй юм.

Иймд хариуцагч М-Э ХХК-аас зээлийн үндсэн төлбөр 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг, хариуцагч Б.Э-ээс зээлийн гэрээний төлбөрт 117,450,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М-Э ХХК-ийн төлөөлөгч Б.Э-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.Э- нь М-Э ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 2021 оны 10 сард Б.Т-гийн хамт С.О-д хийх гэж буй шинэ койн гаргах болон Крипто биржийн үйл ажиллагаа эхлэх талаар сонирхуулан хөрөнгө оруулалт хийх талаар санал тавьсан. Гэвч С.О- нь сонирхсон боловч ганцаараа хийхгүй хамтрагчтайгаа хамт хөрөнгө оруулна гэснээр С.Ч-тэй танилцуулж хөрөнгө оруулахаар болсон. Хөрөнгө оруулах төслийг аль компанид явуулах талаар ярилцсанаар миний 100 хувь эзэмшдэг М-Э ХХК-ийн хувьцааг худалдан авч орохоор тохиролцсон ч С.Ч- болон бусад гишүүд бүгд энэ компанид хувь эзэмших болон үйл ажиллагаа явуулах юм чинь энэ компанид зээлдүүлж байгаа гэсэн гэрээ хийе гэж хэлснээр С.Ч-гийн нэхэмжлэл гаргаж байгаа зээлийн гэрээ үүссэн.

2.2. 2021 оны 10 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ хийхийн өмнө бүх гишүүдтэй би М-Э ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэвч С.Ч- энэ компани хаагдах гэж байгаа юм байна гээд шинээр И Л- ХХК-ийг нийт 4 гишүүнтэй байгуулж Б.Э- гүйцэтгэх захирлаар 33 хувь, Б.Т- 33 хувь, С.О- 17 хувь, С.Ч- 17 хувь эзэмшсэн. Төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтыг төсөлд бүрэн зарцуулсан ба төсөл амжилттай явж байхад С.Ч-, С.О- нар койн худалдан авсан хүмүүсийн койныг ямар ч эрсдэлгүй гэх үүднээс буцаан худалдан авалт хийе гэж зар сурталчилгаанд нэмэлт өөрчлөлт оруулж хийснээр төслийг алдагдалтай болгоход хүргэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч М-Э ХХК-иас 313,650,000 төгрөг, хариуцагч Б.Э-ээс 117,450,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М-Э ХХК, Б.Э- нараас 2,313,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ч-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,450 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Б.Э- би 2023 оны 06 сарын 05-аас 2023 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл эмчилгээ хийлгэж, эмнэлгийн магадлагааг өөрийн дүүгээр шүүгчийн туслахад хүргүүлсэн. Гэтэл шүүх эмнэлгийн магадлагаа хүчин төгөлдөр бус, хүндэтгэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж хариуцагч миний болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хууль дээдлэх, мэтгэлцэх зарчим, тэгш байдлыг хангах зарчмуудыг хангаж шийдвэрлээгүй төдийгүй хариуцагч миний хуулиар олгогдсон эрх, ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Тухайн өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй, хариуцагч Б.Э-ийн хувьд акт ирүүлсэн боловч холбогдох дүрэм журамд нийцээгүй байсан. Тухайн эмнэлгийн ерөнхий эмч батламжлаагүй, тамга тэмдэг дарж баталгаажаагүй акт ирүүлсэн учир хүсэлтийг хангахаас татгалзсан. Шүүх хэргийг бүрэн бодитой шинжлэн судалж, асуудлыг зөв шийдвэрлээгүй гэх гомдол гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд энэ талаарх баримтаа өөрөө бүрдүүлж, цуглуулах үүрэгтэй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Нэхэмжлэгч С.Ч-, хариуцагч М-Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг нийт 313,650,000 төгрөг, хариуцагч Б.Э-эд холбогдуулан зээлд 117,450,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2023 оны 02 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 4960 дугаартай захирамжид ...М-Э ХХК, Б.Э- нарт... холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, хариуцагч М-Э ХХК-д 2023 оны 02 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч Б.Э-эд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй байна.

Улмаар нэхэмжлэгчийн хариуцагч Б.Э-ээс 117,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд хариуцагч тайлбар гаргах, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах, хэргийн үйл баримтын талаар хариуцагч Б.Э- мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Мөн хариуцагч М-Э ХХК-ийн хувьцааг Б.Э- 100 хувь эзэмшдэг, тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилладаг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ч бие даасан хэргийн оролцогч буюу хариуцагчийн хувьд 2023 оны 02 сарын 27-ны өдөр Мон Экспо ХХК-д нэхэмжлэлийн хувь гардуулсныг хариуцагч Б.Э-эд гардуулсан гэж үзэх эсэхийг Б.Э-ээс тодруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Давж заалдах шатны шүүхээс талуудын маргааныг дүгнээгүй тул хариуцагч Б.Э-ийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны 101/ШШ2023/02857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,300,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ