Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01520

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01520

 

 

 

 

 

 

 

2023 08 04 210/МА2023/01520

 

Ч Х Т- ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ны өдрийн 184/ШШ2023/02149 дугаар шийдвэртэй

 

Ч Х Т- ХХК, А И Х Х-, Ө-У ХХК, Т Т- ХХК, А А Т- ХХК, А- ХХК, Ц Х- ХХК, Н А- ХХК нарын нэхэмжлэлтэй,

ХХТЭХ- ТББ-д холбогдох

 

ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан 01, 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ХХТЭХ- ТББ-ын удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын 04 дүгээр тогтоолын хавсралтаар үндсэн болон шинээр элссэн, сэргээсэн нийт 46 аж ахуйн нэгжүүд холбооны гишүүнээр батлагдсан. Тус төрийн бус байгууллагын бүх гишүүдийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар даргалагч Д.Г-, тэргүүлэгч Д.Э-, гишүүн бус В.Ё- нар үгсэн хуйвалдаж эрх олгосон мандатыг гишүүн бус хүмүүст тараан тэднийг санал өгүүлж, гишүүдийн саналыг үл ойшоон хурлын үйл ажиллагааг үймүүлж хууль бус шийдвэр гаргуулсан. Дээрх хуралд 04 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан гишүүн байгууллагаас 18 гишүүнийг нэр дэвшүүлснээс сонгож санал өгүүлэх ёстой байтал ажлын хэсгийн ахлагч Д.Г-, тэргүүлэгч Д.Э- нар гишүүн бус В.Ё-, н.Б-, "Б Х" ХХК-ийн захирал С.С-, , А Ш З-" хоршооны менежер Д.Б-, Б-" ХХК-ийн захирал Ш.Ж-, Ш З И-" хоршооны дарга Ц.М-, Б Ж-" ХХК-ийн жолооч Б-, Б Т-" ХХК-ийн жолооч Ц-, Б Я У" ХХК-ийн механик Б.Э- нарын 10 хүмүүстэй хуйвалдан тэдний нэрсийг бүх гишүүдийн нэрсийн жагсаалтын дор дур мэдэн гараар нэмж оруулан, хууль бусаар мандат олгон санал өгөх эрх өгч нууцаар санал өгүүлэн ТББ-ын хууль дүрмийг ноцтой зөрчсөн.

1.2. Ийнхүү хууль бус үйл ажиллагааны үр дүнд гишүүн бус В.Ё- ХХТЭХ- ТББ-ын тэргүүн болсон. В.Ё- өмнө нь тус ТББ-ын гишүүн, удирдах зөвлөлд ажиллаж байхдаа дүрмийн 5.5.3-т заасныг зөрчиж 1 жилийн татвараа төлөлгүй холбоог хохироосон ба ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж, холбооны дүрэмд заасан үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, зорилт, ёс зүйг ноцтой зөрчсөний улмаас 3 жилийн өмнө холбооноос хасагдсан, түүнээс хойш Улс хоорондын жолооч тээвэрчдийн нэгдсэн холбоо, А Т- ХХК-ийг тус тус үүсгэн байгуулж одоо тус холбооны тэргүүн, компанийн захирлаар ажиллаж байна. Энэ нь гишүүнчлэлтэй ТББ-ын дүрмийн 5.5.3, 6.8.2,7.10 заалтуудыг ноцтой зөрчсөн.

Мөн гишүүн бус Арвин шар хоршооны менежер Д.Б-, Ш З И- хоршооны дарга Ц.М- нар холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч болсон. Гишүүн бус Б- ХХК-ийн захирал Ш.Ж- холбооны хяналтын зөвлөлд орж тус тус дүрэм зөрчсөн. Эдгээр хүмүүсийн хууль бус үйл ажиллагаа нь ХХТЭХ- ТББ-ын дүрмийн 2.3-д Гишүүн иргэд байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах ба ямар нэгэн байгууллага хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах явцуу зорилгод үйлчлэхгүй гэж, 12.1-д Дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, 6.8.2-д Тэргүүн,гүйцэтгэх захирал нь ашиг сонирхлын зөрчилгүй аль нэг ААН байгууллагын төлөөлөлгүй байна гэж, 12.5-д Энэхүү дүрэмтэй зөрчилдөж гарсан Холбооны эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус байна гэж заасныг болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Төрийн бус байгууллагад албадан орохыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн.

1.3. Холбооны дүрмийн 7.11-д Бүрэн эрхийн хугацаа дараагийн тэргүүн ажлаа хүлээн авснаар дуусгавар болно гэж заасан. Гэтэл ХХТЭХ ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Хүрэлхүүгээс ажлаа, тэргүүний эрх, гэрчилгээ, тамга тэмдгээ албан ёсоор хүлээлцээгүй тул өмнөх тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэж үзнэ. Иймд ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус явагдсан болохыг тогтоолгох, мөн өдрийн 01, 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ХХТЭХ- ТББ -ын бүх гишүүдийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг 45 аж ахуйн нэгж, 4 иргэн нийт 49 төлөөлөгч оролцсон ба гишүүдийг нэг саналын эрхтэй оролцуулахаар санал хураахад 100 хувийн саналаар дэмжигдсэн тул холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн дагуу зохих ёсоор хуралдуулсан. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн холбооны дүрмийн 4.2-т бүх хурлын гишүүдийг жилд 1-ээс доошгүй, тайлан, сонгуулийн хурлыг 2 жилд 1 удаа хуралдуулна гэж заасан хэдий ч 2019 оны 09 дүгээр сарын 26-нд хуралдсан. Түүнээс хойш 3 жилийн дараа удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолын дагуу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүх гишүүдийн хурал хуралдсан. Иймд энэ хурлыг хууль бус гэх үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэл гаргасан компаниудын хувьд Ч Х Т- ХХК-ийн инженер Д.О, А И Х Х-ны захирал З.М, Ө-У ХХК-ийн захирал Б.Э, Т Т- ХХК-ийн захирал Г.А, А А Т- ХХК-ийн захирал Н.С, А- ХХК-ийн захирал Д.Д, Н А- ХХК-ийн захирал Х.Б, Ц Х- ХХК-ийн захирал Д.Б нар ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд таслах саналын эрхтэйгээр оролцсон. Мөн хуралд нэхэмжлэгч А И Х Х-ны дарга З.М, Г.А- нар удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж, А А Т- ХХК-ийн захирал Н.С- хурлын тэргүүлэгчээр сонгогдсон. Ц Х- ХХК-ийн захирал Д.Б нь З.М санал болгосноор тооллогын комисст оролцсон. Уг хурал хууль бус гэх үндэслэлгүй нь эдгээр хүмүүсийн ирцийн бүртгэл, хуралд оролцсон тухай тэмдэглэлээс харагдана.

2.3. В.Ё- нь Улс, хот хоорондын жолооч, тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн, мөн ХХТЭХ-ны үүсгэн байгуулагч бөгөөд гишүүн юм. С.С- холбооны гишүүн ба 2020 оны мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар дутагдал арилгах түр зогсоох шийдвэрийн дагуу түр зогссон, энэ шийдвэртэй давхцан ковид-19 цар тахлаас үүдэлтэй УБ-ӨМ.Гурван тэс болон Дархан ДГ Замын үүд гэх шугамууд Монгол улс БНХАУ-ын хил хаалттай байгаа шалтгаанаар одоог хүртэл яваагүйг эрх цуцлагдсан хэмээн мушгин гуйвуулж байна.

УХХЖТЭХ-ны хуулийн зөвлөх Х.Б-да, Б Я У" ХХК-ийн механик Б.Э- нар нь 2022 оны 06 сарын 08-ны өдрийн хуралд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй бөгөөд энэ нь саналын хуудас тараах, бүртгэх, тэмдэглэл, фото зураг зэргээр батлагдана. А Ш З- хоршооны менежер Д.Б-, Б- ХХК-ийн захирал Ш.Ж-, Ш З И- хоршооны дарга Ц.М-, Б Я У ХХК нар нь холбооны гишүүн болох нь 2019 оны 09 сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын бүртгэл, тогтоолоор баталгаажна. Б Ж- ХХК нь холбооны гишүүн ба захирал н.Шийлэгбат орон нутагт ажилтай байсан тул ажилтнаа хуралд оролцуулсан. Б Т- ХХК нь холбооны гишүүн ба хуралд удирдах зөвлөлийн дарга П.Ц-ыг оролцуулсан.

2.4. Гишүүнчлэлийн гэрчилгээ нь холбоонд байсан хуучин аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээтэй давхардсаныг хэрэгт эх хувиар өгсөн. Мөн 40 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ, итгэмжлэлээ өгч хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч компаниуд нь холбооны эсрэг үйл ажиллагаа явуулж, бусад газар руу бичиг өгч, холбооны гишүүдийн дунд цуурхал тарааж, турхирсан учраас 2022 оны 12 сарын 09-ний өдөр гишүүнээс чөлөөлсөн. Хэрэгт авагдсан 36 гэрээнд нэхэмжлэгч талын ярьж буй аж ахуйн нэгжүүд бүгд байгаа ба холбоотойгоо хамтран ажиллах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй, нэхэмжлэгч нар ХХТЭХ- ТББ-д гишүүнчлэлгүй, эрх ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2, 9.4.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хариуцагч ХХТЭХ- ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч Х Т- ХХК, А И Х Х-, Т Т- ХХК, А- ХХК, А А Т- ХХК, Өлтбаян уул ХХК, Ц Х- ХХК, Н А- ХХК нарын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч ХХТЭХ- ТББ-ын тэргүүн гэгдэх В.Ё- тус холбооны дүрмийн 2.3, 5.5.3, 6.13, 6.16-д заасныг зөрчсөн тул 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар холбооны гишүүн, тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөгдсөн тухай 06 дугаар тогтоол хэрэгт авагдсан байтал түүнийг холбооны гишүүнээс чөлөөлөгдсөн эсэхийг дүгнээгүй. Мөн шүүх В.Ё- нарын гурван хүний асуудлаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан. А Ш З- хоршооны менежер Д.Б-, "Б-" ХХК-ийн захирал Ш.Ж-, Шарзам Ирээдүй хоршооны дарга Ц.М-, Баянжинчид ХХК-ийн жолооч Б-, Б Х- ХХК-ийн захирал С.С- нар холбооны гишүүн биш байтал холбооны дүрмийн 5.5.3, 6.16-д заасныг зөрчиж тэднийг холбооны гишүүн гэж дүгнэсэн.

4.2. Б Я У ХХК-ийн механик Б.Э-, Х.Б-да нарт мандат өгч хуралд оруулан ирц 2 хүнээс хэтэрсэн тул тэднийг хурлаас гаргасан.

4.3. 2019 оны 09 сарын 26-ны өдрийн ажил сайжруулах хурлын тэмдэглэлийг хариуцагч тал нотлох баримтад гишүүн гэх бүртгэлтэй 40-өөд аж ахуйн нэгжийн нэрс бичигдсэнээс 2 нь гишүүн бус байсан. 2022 оны 04 сарын 26-ны өдрийн гишүүнээр элсүүлсэн болон эрхийг нь сэргээсэн тогтоолыг нотлох баримтаар үнэлээгүй. Энэ тогтоолоор бидний 12-13 аж ахуйн нэгж шинээр элссэн бөгөөд В.Ё- тэргүүтэй 9 хүнтэй нийлж өөр холбоо байгуулсан "Ц Т-" ХХК, "Н З-" ХХК хоёрын гишүүний эрхийг дахин сэргээснийг тусгасан байсан.

4.4. Шүүх нэхэмжлэгч талын 2023 оны 03 сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг хангалгүй илт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бүх гишүүдийн хурлаар батлагдсан 46 аж ахуйн нэгж, иргэн бүх гишүүдийн хуралд орох байтал гишүүнчлэлгүй 12 аж ахуйн нэгжийг бүх гишүүдийн хуралд бүртгэн нийт 49 аж ахуйн нэгж бүх гишүүдийн хуралд оролцсон ирцтэйгээр санал хурааж илт хууль бус шийдвэр гарсан нотлох баримтуудыг шүүх бодитой дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй. Тус холбоо нь гишүүддээ үйлчилдэг, дүрэмдээ захирагддаг, хуралд гишүүдийн 3/2-оос дээш гишүүд нь оролцсон бол хурлаас гарсан шийдвэрийг хүчинтэйд тооцдог дүрэмтэй.

5.2. Холбооны гишүүдтэй гэрээ байгуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан. Холбооны гишүүн бус иргэд холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулаад холбооны гишүүдтэй нийлж нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

5.3. Бүх гишүүдийн хурал болохын өмнө буюу 2022 оны 04 сарын 26-ны өдөр 15 аж, ахуйн нэгжийг шинээр элсүүлсэн тогтоол гарсан тул талууд маргасан. Энэ талаарх нотлох баримт архивт байсан эх хувиараа 1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр талд авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч Х Т- ХХК, А И Х Х-, Ө-У ХХК, Т Т- ХХК, А А Т- ХХК, А- ХХК, Ц Х- ХХК, Н А- ХХК нар нь хариуцагч ХХТЭХ- ТББ-д холбогдуулан тус холбооны 2022 оны 06 сарын 08-ны өдөр хуралдсан бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан 01, 03 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн тайлбар болон хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ХХТЭХ- ТББ нь 2010 оны 07 сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсаныг мөн оны 07 сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, 2018 оны 06 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсныг мөн оны 07 сарын 16-ны өдөр, Т.Хүрэлхүүг тэргүүлэгчээр томилсныг 08 сарын 07-ны өдөр, Д.Э-ыг удирдах зөвлөлийн даргаар томилсныг 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгэжээ.

Тус холбооны дүрэмд 2018 оны 06 сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинэчлэн найруулсан үйл баримт тогтоогдоогүй байна. /1хх 12, 96/

3.2. Тус холбооны 2019 оны 09 сарын 26-ны өдрийн удирдлагуудын Ажлын хэсэг томилох тухай хурлын тогтоол, уг хурлаас гарсан шийдвэрийг дэмжин оролцсон гишүүн байгууллагууд, түүний удирдлагын нэрсийн жагсаалтад, ажлын хэсэгт нэр бүхий 11 гишүүн орж, 40 гишүүн дэмжин оролцжээ. Тус нэрс дотор нэхэмжлэгч нарын маргаж буй гишүүн бус аж ахуйн нэгжүүд гэх А Ш З- хоршоо, Ш З И- хоршоо, Б Х- ХХК, Б Я У ХХК, Б- ХХК нар багтсан байна. /1хх 111-116/

3.3. ХХТЭХ- ТББ-ын удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг сэргээн, шинэчлэн батламжлах тухай 04 дугаар тогтоолоор бүх гишүүдийн хуралд бэлтгэх ажлын хэсгийн саналыг хэлэлцээд шинээр гишүүнээр элссэн болон гишүүнчлэлийн эрхийг сэргээсэн, үндсэн гишүүдийг дахин баталгаажуулсан нэгдсэн жагсаалтыг баталжээ. Тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар 15 хуулийн этгээдийг шинээр болон сэргээн баталж, 2 дугаар хавсралтаар 31 хуулийн этгээд, 4 иргэний хамт нийт 50 гишүүнтэй болсон байна. /1хх 128-131/

3.4. ХХТЭХ- ТББ-ын дүрмийн 1.6-д үүсгэн байгуулагчдын мэдээлэлд А Т- ХХК-ийн захирал В.Ё- бүртгэгдсэн байна. Тус холбооны Удирдах зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоол, хурлын тэмдэглэлээр ХХТЭХ- ТББ-ын удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, үүсгэн байгуулагч, А Т- ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ё-ын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Холбооны гишүүн, Тэргүүлэгчээс чөлөөлсөн байна. /1хх 59, 60-61/

 

4. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ХХТЭХ- ТББ-ын бүх гишүүдийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн хуралд гишүүн бус В.Ё-, Х.Б-а, "Бумбан" хайрхан ХХК-ийн захирал С.С-, А Ш З-" хоршооны менежер Д.Б-, Б-" ХХК-ийн захирал Ш.Ж-, Ш З И-" хоршооны дарга Ц.М-, Б Ж-" ХХК-ийн жолооч н.Б-, Б Т-" ХХК-ийн жолооч н.Ц-, Б Я У" ХХК-ийн механик Б.Э- нар оролцож санал өгсөн нь хууль бус гэж маргаж, уг хурлыг хүчингүй болгож, хурлаас гарсан 01, 03 дугаартай тогтоолуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулж хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

4.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбараас үзвэл ХХТЭХ- ТББ-ын бүх гишүүдийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн хуралд гишүүн бус этгээд хуралд оролцсон гэж нэхэмжлэгч нарын тайлбарлаж буй 10 хуулийн этгээд, иргэнээс В.Ё-, Х.Б-а, Б Ж-" ХХК нар нь тус холбооны гишүүн болох нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

ХХТЭХ- ТББ-ын дүрмийн 1, 2, 3 дугаар зүйлд холбооны зорилго, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь холбоо гишүүддээ үйлчилдэг, тэдний нийтлэг эрх ашгийг хамгаалж, зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулахаар заажээ. Мөн дүрмийн 4.3, 4.10-т зааснаар бүх гишүүдийн хуралд оролцох эрхтэй гишүүн, бүх гишүүдийн хурлаас шийдвэр гаргах бүрэн эрх болон дүрмийн 5 дугаар зүйлд гишүүнчлэлд тавигдах шаардлага, гишүүний эрх, үүрэгт нь холбооны гишүүн бүх гишүүдийн хуралд саналын эрхтэй оролцох, гагцхүү гишүүн холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлэх эрх эдлэхээр дүрэмд тусгажээ.

4.2. Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хариуцагч ХХТЭХ- ТББ-ын гишүүн бөгөөд тэргүүлэгч В.Ё- (А Т- ХХК)-ыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцээд холбооны гишүүн, Тэргүүлэгч-ээс чөлөөлсөн 06 дугаар тогтоол гаргасан үйл баримт тогтоогджээ. Иймд иргэн В.Ё-ыг ХХТЭХ- ТББ-ын дүрмийн 5.1, 5.4.2-т зааснаар тус холбооны гишүүний хувиар 2022 оны 06 сарын 08-ны өдөр хуралдсан холбооны бүх гишүүдийн хуралд оролцсон, холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн, мөн дүрмийн 4.9, 4.10-т зааснаар холбооны гишүүд дундаасаа В.Ё-ыг өөрсдийгөө төлөөлүүлэхээр ХХТЭХ- ТББ-ын тэргүүнээр сонгосон гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.

4.3. УХХЖТЭХ-ны хуулийн зөвлөх Х.Б-да, Б Ж-" ХХК-ийг төлөөлж оролцсон н.Б- нар нь 2022 оны 06 сарын 08-ны өдрийн хурлын ирцэд бүртгэгдсэн ч хурлын үйл ажиллагаанд оролцоогүй, хуралд оролцуулаагүйг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрчээ. Мөн Х.Б-да, Б Ж-" ХХК нар нь тус холбооны 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Ажлын хэсэг томилох тухай хурлын тогтоол, уг хурлаас гарсан шийдвэрийг дэмжин оролцсон гишүүд, түүний удирдлагын нэрсэд нэр нь байхгүй, түүнчлэн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг сэргээн, шинэчлэн батламжлах тухай 04 дугаар тогтоол, түүний хавсралтад заасан гишүүнчлэлийн бүртгэлд нэр нь ороогүй байна.

4.4. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хариуцагч ХХТЭХ- ТББ-ын тэргүүнд холбооны гишүүн бус этгээд нэрээ дэвшүүлсэн, улмаар хуралд оролцсон гишүүдээс В.Ё-ыг холбооны гишүүн гэж итгэн, гишүүдийн дундаас өөрсдийн төлөөллийг холбооны тэргүүнээр сонгож итгэл хүлээлгэсэн гэж үзэхээргүй, тус холбооны дүрэм болон Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлд заасанд нийцээгүйг шүүх анхаараагүй байна.

4.5. Ийнхүү хариуцагч ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас иргэн В.Ё-ыг холбооны тэргүүнээр сонгосон нь дүрэм, хуульд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар хууль бус шийдвэр хүчингүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж, ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 01 дүгээр Тогтоолын 2 дахь заалтыг бүхэлд нь, мөн 03 дугаар Тогтоолын 2.1 дэх заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нараас гишүүн бус гэж маргаж буй 7 хуулийн этгээд болох "Бумбан" хайрхан ХХК /төлөөлж гүйцэтгэх удирдлага нь С.С-/, А Ш З-" хоршоо /төлөөлж менежер Д.Б-/, Б-" ХХК /төлөөлж гүйцэтгэх удирдлага Ш.Ж-/, Ш З И-" хоршоо /төлөөлж хоршооны дарга Ц.М-/, Б Ж-" ХХК /төлөөлж жолооч н.Б-/, Б Т-" ХХК /төлөөлж жолооч н.Ц-/, Б Я У" ХХК /төлөөлж механик Б.Э-/ нар нь тус холбооны гишүүн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, эдгээр хуулийн этгээдүүдийг гишүүнээс чөлөөлсөн, хассан үйл баримт тогтоогдсонгүй.

5.1. Нэхэмжлэгч нар энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй байна. Хариуцагч талаас дээрх хуулийн этгээдүүд нь холбооны гишүүн болохыг нотолсон хурлын шийдвэрүүд, гишүүний татвар төлсөн баримт, гишүүнтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасныг нэхэмжлэгч нар нотлох баримтаар няцааж үгүйсгээгүй байна.

5.2. Зохигчийн хооронд маргаан үүсээгүй байсан буюу тус холбооны 2019 оны 09 сарын 26-ны өдрийн Ажлын хэсэг томилох тухай хурлын тогтоол, хавсралтад нэр дурдсан гишүүдийн нэрсийн жагсаалтад А Ш З- хоршоо, Ш З И- хоршоо, Б Х- ХХК, Б Я У ХХК, Б- ХХК, Цэгээн хайрхан зам /Ц Х З-/ ХХК, Г А- ХХК, Ц Т- ХХК, Н З- ХХК нар багтжээ. Мөн хэрэгт Б Т- ХХК нь 2017 оны 04 сарын 17-ны өдөр тус холбоонд гишүүнээр элсэхээр өргөдөл гаргаж байсан, улмаар 3-р хавтаст хэргийн 142-250 дахь талд дээрх компаниуд хариуцагчтай гишүүний хувьд ХХТЭХ-нд гишүүнээр элссэн аж ахуйн нэгж, иргэдийн хамтран ажиллах санамж, бичиг байгуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

5.3. Хариуцагч ХХТЭХ- ТББ-ын удирдах зөвлөлийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн Шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг сэргээн, шинэчлэн батламжлах тухай 04 дугаар тогтоол, түүний хавсралтад дээрх хуулийн этгээдүүд гишүүнчлэлтэй байх бөгөөд уг хугацаанаас хойш гишүүнээс чөлөөлөгдсөн, хассаныг нэхэмжлэгч нар нотлоогүй байна. Түүнчлэн 3-р хавтаст хэргийн 107-119 дахь талд авагдсан ХХТЭХ- ТББ-ын Төрийн банкны 102500155532 тоот дансанд жагсаалтад А Ш З- хоршоо, Ш З И- хоршоо, Г А- ХХК, Ц Х З- ХХК нар 2022 оны 04-09 сарын хугацаанд гишүүнчлэлийн татвар төлж байсан байна.

5.4. Эдгээр хуулийн этгээдүүдийг хариуцагч ХХТЭХ- ТББ-ын гишүүн бус гэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн, дээрх хуулийн этгээдүүдийг ХХТЭХ- ТББ-ын гишүүн бус гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд ...анхан шатны шүүх холбооны дүрмийн 5.5.3, 6.16-д заасныг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжүүдийг ХХТЭХ- ТББ-ын гишүүн гэж дүгнэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Хариуцагч ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд 58 гишүүн хуулийн этгээд, иргэн оролцохоор бүртгэгдсэн байх боловч 6 гишүүн хуулийн этгээд хуралд оролцоогүй, хурал 49 гишүүнтэйгээр хуралдсан хурлын тэмдэглэлээр тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нийт гишүүдийн тоог нэхэмжлэгч тал 46, хариуцагч тал 51 гэж тайлбарласан ба зохигч энэ талаарх шаардлага, татгалзлаа анхан шатны шүүхэд үндэслэл бүхий байдлаар нотлоогүй байна. Иймд хариуцагч ХХТЭХ- ТББ-ын бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн тоо, нэрсийн талаар зохигчийн маргаснаас бусад иргэн, хуулийн этгээдийн гишүүнчлэлийн эрхийг шүүх хөндөхгүй, дүгнэхгүй.

6.1. Хариуцагч ХХТЭХ- ТББ-ын дүрмийн 4.2-т Бүх гишүүдийн хурлыг жилд 1-ээс доошгүй, тайлан, сонгуулийн хурлыг 2 жилд 1 удаа хуралдуулна гэж заажээ. Дээрх 58 гишүүнээс гишүүн бус В.Ё-, Х.Б-да, Б Ж- ХХК нарыг хасахад холбоо нь 55 гишүүнтэй гэж үзэхээр бөгөөд хуралд оролцоогүй 6 гишүүн хуулийн этгээдийг хасч тооцвол бүх гишүүдийн хурал нь дүрмийн 4.6.-д гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирсэн бол гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасантай нийцсэн, хуралд 49 гишүүн оролцсон, хурлын ирц 89.09 хувьтай байжээ.

6.2. Өөрөөр хэлбэл, холбооны бүх гишүүдийн хуралд нийт гишүүдийн 2/3 буюу 36 нь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болохоор дүрэмдээ заасан учир 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр байна. Иймээс хуралд гишүүн бус этгээдийг оролцуулж ирцийг тооцсон, энэ үндэслэлээр хурал хүчин төгөлдөр бус бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж маргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй.

6.3. Түүнчлэн гишүүн бус В.Ё-, Х.Б-да, Б Ж- ХХК нар хуралд оролцсон, В.Ё- санал өгсөн, тэргүүнээр сонгогдсон нь бүх гишүүдийн хурлын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд уг шалтгаанаар хурал болон хурлаас гарсан 01, 03 дугаартай шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Харин гишүүн бус В.Ё- холбооны тэргүүнээр сонгогдсонтой холбоотойгоор хурлаас гарсан 01, 03 дугаартай тогтоолыг В.Ё-ад холбогдох хэсгийг хүчингүй болгосныг өмнө дүгнэсэн.

 

7. Нэхэмжлэгч нараас 2023 оны 03 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хариуцагч ХХТЭХ- ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд өөр ТББ-ын баримт, мэдээллийг гаргуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, шүүх хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч талын эрхийг хязгаарлаагүй байна.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчийн маргаагүй асуудлаар буюу хариуцагчийн эрх зүйн байдалд холбогдох Төрийн бус байгууллагын болон Иргэний хуулийн холбогдох заалт, түүнчлэн Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг шийдвэрт баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүх залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт мөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 25-ний өдрийн 184/ШШ2023/02149 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 01 дүгээр Тогтоолын 2 дахь заалт /ХХТЭХ--ны тэргүүн В.Ё-ад даалгасугай. Үүнд: 2.1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээс гарсан дүрмийн өөрчлөлтийн төслийг боловсруулах хуулийн зөвлөх түр хугацаагаар ажиллуулж тэргүүлэгчдийн хуралд төслийг хэлэлцүүлж батлуулах, 2.2. Түр хугацаагаар ажилуулах хуулийн зөвлөхийн цалинг 500,000 төгрөг байхаар тогтоон цалинжуулахыг нягтлан бодогч Э.Амарзаяа-д зөвшөөрсүгэй/,

мөн 03 дугаар Тогтоолын 2.1 дэх заалт /ХХТЭХ--ны Тэргүүн Т.Хүрэлхүүг чөлөөлж В.Ё-ыг сонгосугай/ гэснийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс үлдэх ХХТЭХ- ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан 01 дүгээр тогтоолын 2 дахь заалт (2, 2.1, 2.2)-аас бусад хэсэг, мөн 03 дугаар тогтоолын 2.1 дэх заалтаас бусад хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ... нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХХТЭХ- ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талын төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ