Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 6

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

                                                           Ц.Амаржаргал

Прокурор                                          О.Доржмаа

Ялтан                                                Г.Б-

Ялтны өмгөөлөгч                             Б.Чинбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Чинбаатарын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Готовын Б-д холбогдох эрүүгийн 201609000411 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 4 дүгээр гудамж 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт Готовын Б-, /РД:ДЮ78092479/ нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг Малчны 4 дүгээр гудамжны 27 тоот Н.Бүрэнзэвсэгийн хашаанд архидан согтуурч хохирогч П.Б-тэй маргалдаж улмаар П.Б-ийн толгойг тоосгоор цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Б-г архидан согтуурсан үедээ хохирогч П.Б-ийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Г.Б-г 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 4 дүгээр гудамжны 27 тоот Н.Бүрэнзэвсэгийн гэрийн хашаан дотор архидан согтуурсан үедээ П.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал хэрэг гарсан байдал, маргаан болсон шалтгаан нөхцөл, согтуурсан үедээ хохирогч гэх П.Б- нь Г.Б-г хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь түрүүлж халдан цохиж унагаасан нөхцөл байдлын талаар гэрч, яллагдагч нар нь ямар нэгэн зөрүүгүй, тодорхой, тогтвортой мэдүүлсэн. Эдгээр нотолгоог үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн хохирогч П.Б- догшин авирлаж байсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр Г.Б-гийн хариу үйлдэлд дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл бусдыг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан өдүүлж, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, эрх чөлөөнд халдаж байгаа хохирогч гэх П.Б-ийн үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй байдалд халдаж байгаа гэмт халдлагын шинжийг агуулсан байхад уг үйлдэл, довтолгооны эсрэг хийсэн Г.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэх гэсэн хуулийн шаардлагыг хангасангүй. Аргагүй хамгаалалтын үндсэн нэг шинж бол өөрийгөө болон бусдыг аюултай халдлагаас хамгаалах зайлшгүй нөхцөл тохиолдол учирсан байхыг шаарддаг бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай давтолгоо халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг. Иймд дээрх байдлуудаас дүгнэхэд аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай хууль бус халдлагаас хамгаалах явцдаа П.Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан байх тул Г.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ээ. Хэрэгт цугларсан байгаа нотлох баримтаар хохирогч П.Б- нь догшин авирлаж, бусдыг хэл амаар доромжлон зүй бус авирлаж эхэлж Г.Б-гийн эрх чөлөөнд халдсан болох нь тогтоож байгаа энэ үед Г.Б- өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөгөө хамгаалах, П.Б-ийн нийгэмд аюултай үйлдлийн эсрэг хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөхийг хүсэж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо ч гэсэн энэ байр сууриа баримтлаж оролцсон бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Б-г цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г.Б- мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад шүүхээс оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Ялтны өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Ялтан Г.Б-гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Энэ хэрэг үйлдэл болсон өдөр Г.Б- нь өглөөнөөс эхлэн энэ хэрэг үйл явдал болж өнгөрсний дараа ч гэсэн архидан согтуурсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон өөрийнх нь болон хохирогчийн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Хохирогч П.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч түүнийг цохисон нь нотлогдсон бөгөөд хохирогчийг түүнийг цохисны дараа түүнээс 4-5 метрийн зайнаас тоосго авч шидэж хохирогчийн толгойд түүний амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь тухайн үед түүнтэй хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр болон хохирогч П.Б-, ялтан Г.Б-гийн өөрсдийнх нь мэдүүлгээр давхар нотлогдсон. Хохирогч П.Б-ийн үйлдэл дууссаны дараа Г.Б- тоосго авч шидсэн бөгөөд түүний энэ үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх боломжгүй. Хохирогчийн ямар нийгэмд аюултай үйлдлийн улмаас өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалсан гэж үзэх вэ. Ялтны өмгөөлөгч энэ саналаа анхан шатны шүүх хуралдааны үед гаргаж байсан. Гэвч энэ санал нь хууль зүйн үндэслэлгүй хэрэгт цугларсан нотлох баримтаар аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн гэдэг нь тогтоогдоогүй. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Г.Б- нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Малчны 4 дүгээр гудамжны 27 тоот Н.Бүрэнзэвсэгийн хашаанд архидан согтуурч улмаар хохирогч П.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  хохирогч П.Б-ийн толгойн тус газарт тоосгоор цохиж түүний амь насанд аюултай гавал тархины ил гэмтэл болох гавлын баруун зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Г.Б-гийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэлгүй, хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Г.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинжтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасан. Түүний давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянахад ялтан Г.Б- нь архидан согтуурч хохирогч П.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой руу тоосгоор цохиж  биед нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад хохирогч П.Б-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, ялтан Г.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан нь буруу биш байна.

Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Чинбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                      ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                   Ц.АМАРЖАРГАЛ