Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00084

 

 

 

М.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00335 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Ж овогт М-ны Х-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух Б овогт А-ын М-, Х овогт М-ийн С- нарт  холбогдох,

 

“2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр А.М-тай байгуулсан 29 дугаартай үйлчилгээ явуулах гэрээг цуцалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгч М.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып /цахим сүлжээгээр/, хариуцагч А.М-,  хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие М.Х- нь 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Х.Ш-ээс Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх газар эзэмшүүлэх тухай” захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшиж байгаа.

1.2.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв эзэмшлийн газрынхаа тодорхой хэсгийг иргэн А.М-тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Үйлчилгээ явуулах гэрээ” байгуулан түрээсэлсэн. Үүнд: түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор бэлнээр төлж түрээслүүлэгчтэй тооцоо хийх, гэрээний 2.1.3-т заасан заалтыг зөрчвөл тухайн сарын төлбөрийн үнийн дүнгээс өрийг бүрэн төлж дуустал календарийн хоног тутамд 0.5% алданги төлөх буюу 2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг бүрэн барагдуулж, тус гэрээний 2.1.8-т заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

 

1.3. Гэтэл А.М- нь гэрээний дагуу түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний 2.1.3-т түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор түрээсээ төлөхгүй жил гаруй хугацаанд үүргээ зөрчсөн.

1.4. Үйлчилгээ явуулах гэрээний 3.2-т тус гэрээний 2.1.3-т заасан заалтыг зөрчвөл тухайн сарын төлбөрийн үнийн дүнгээс өрийг бүрэн төлж дуустал календарийн хоног тутамд 0.5% алданги төлөх буюу 2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг бүрэн барагдуулж, тус гэрээний 2.1.8-т заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөхөөр хүлээх хариуцлагыг тусгасан.

1.5. Тус шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээг цуцалж, газраас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс түрээсийн гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь заалт, 320.4 дэх заалтуудад заасныг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Түрээслүүлэгч би Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь заалт, 320.4 дэх заалтуудад заасны дагуу түрээсийн жил дуусахаас өмнө, мөн түрээсийн жилийн эхэнд мэдэгдэл өгч, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түрээсийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн.

1.6. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай А.М-тай байгуулсан үйлчилгээ явуулах гэрээг цуцалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Ах дам захын эзэн гэх Ш.Амантай, Х.Ш-, М.Х- нар нь төрийн өмчийн мэдлийн газрыг нэг нэгэндээ газар шилжүүлэх нэрийдлээр хувьцаагаа хуваарилахад ийм боллоо, тийм боллоо гэж хоорондоо газар наймаалцчихаад эцэс сүүлд нь бидний газар эзэмших гэрчилгээгүй гэсэн үзлээр бидний 72 м.кв газрыг булаан авах санаархал гаргаж улайран зүтгэж байгааг эсэргүүцэж байна.

2.2. Нэхэмжлэгч М.Х- нь 2021 оны 5 дугаар сард бидний эмийн сан байрлаж байгаа 72 м.кв газрыг түрээслэнэ гэж удаа дараа шаардсан боловч гэрээний нөхцөлүүд нь маш хатуу хэт нэг талыг барьсан буюу түрээслэгч талд л ашигтай гэрээ байсан тул бид гэрээний хатуу нөхцөлийг эс зөвшөөрч гэрээ хийлгүй 6 сар гаруй явсан. Дараа нь М.Х- дахин гэрээ хийхээр тулган шаардсан тул байнга хэрүүл хийхгүй байхыг эрхэмлэн хүндэтгэн үзэж гэрээ хийсэн. М.Х- түрээсийн гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний дуустал нэг жилээр хийсэн.

2.3. Гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслэгч тал гэрээгээ дүгнэлгүй төлбөрөө дутуу төлсөн гэж бидэнд хэлэлгүй 2021 оны 9 дүгээр сарын 21-нд шүүхэд газар чөлөөлүүлж авахаар нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй байсан. Гэрээнд заасны дагуу төлбөрийг бид 2021 оны 9 дүгээр сарын 31-ний  өдрийг дуустал төлсөөр ирсэн боловч М.Х- өөрөө төлсөн төлбөрөөс татгалзаж бидний сүүлд төлсөн 250,000 төгрөгийг авахгүй гээд буцааж манай КОСКОС ХКомпанийн дансанд тушаасан байсан. Үүнээс үзэхэд М.Х- 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байгуулсан гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалж гэрээнд заасан нөхцөлүүдээ өөрөө эхэлж зөрчсөн. Тэрнээс биш бид 2021 оны 1 дугаар сар дуустал бүрэн төлж тооцоо дуусгах төлөвлөгөөтэй байсан.

2.4. Төлбөрөө тасалдаж төлсөн шалтгаан нь эмийн санч миний эхнэр М.С- 2021 оны 7 дугаар сарын 10-аас эхлэн 9 сарын эхэн хүртэл Ковидоор өвчилж тусгаарлагдсанаас болж түрээсээ тасалдуулж төлсөн нь үнэн. Аймгийн төвд ковидын дэгдэлт эрс хүчтэй тархсанаас болж Засаг даргын захирамж гарч 2021 оны 9 дүгээр сарын 05-аас эхлэн 10 хоног хатуу хөл хорио дэглэм хэрэгжүүлснээс иргэд гудамжинд явж чадахгүй гэр орондоо хоригдсон нь борлуулалтад огцом нөлөөлсөн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө тасалдуулж төлсөн.

2.5. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөөр гэрээ хийсэн өдөр 2021 оны 4 дүгээр сарын 01-нд М.Х- надаас 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 8 сарын түрээсийг сарынхыг 90,000 төгрөгөөр бодож 720,000 төгрөг, мөн дээр нь нэмж 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 3 сарыг 90,000 төгрөгөөр тооцож 270,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 2 сарын 150,000 төгрөгөөр тооцож 300,000 төгрөг, нийтдээ 1,290,000 төгрөгийг надад өгөх мөнгөнөөс суутган тооцож авсан. Мөн дээр нь 2021 оны 6 дугаар сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний дуустал сарын 150,000 төгрөгөөр тооцож авахаар гэрээндээ тусгасан. Үүнээс бид 2021 оны 7 дугаар сарын 12-нд 150,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 06-нд 200,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-нд 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөгийг төлсөн. Үүнээс үзэхэд М.Х- бид 2020 оны түрээсэнд 1,290,000 төгрөг, 2021 оны түрээсэнд 600,000 төгрөг, нийтдээ 1,890,000 төгрөгийг төлсөн болно.

2.6. М.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ биднийг бараг түрээсийн төлбөр огт төлөөгүй мэтээр тайлбарлаж ирсэнд гомдолтой байна. М.Х- харин ч биднээс 2020 оны 5 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 8 сарыг 90,000 төгрөгөөр бодож 720,00 төгрөгийг илүү авсан. Учир нь, гэвэл М.Х- нь аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх гэрчилгээ авсан байдаг. Үүнээс үзэхэд М.Х- надаас нэг жилийн өмнө газраа аваагүй байх үеийн түрээсийн төлбөр авч намайг хохироосон. Мөн дээр нь манай энгийн халаалтын зуухаас манай байрны хажуу талын өөрийн мэдлийн 2 өрөө байрандаа 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл халаалт авчхаад дараа нь тооцоо хийе гэж хэлчхээд нэг ч төгрөг төлөөгүй.

2.7. Хариуцагч А.М-, М.С- бид 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж иргэн Б.Л-, А.А нарын өмчлөлийн 72 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 8,000,000 /найман сая/ төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлийн Y-1213001908 дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гардан авч өмчлөх эрх”-ийг баталгаажуулсан.

2.8. Мөн энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдан хөрөнгө худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 2 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тухайн 72 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.М-, М.С- бид хоёр олж авч, 2009 оноос эхлэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу Эмийн сан ажиллуулж тасралтгүй 13 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж өмчлөх эрхийг хэрэгжүүлж байгаа билээ. Мөн бидний өмчилж буй энэхүү үл хөдлөх хөрөнгийн доорх 72 м.кв газрыг Х.Ш- гэгч нь М.Х-т худалдсан нь буруу гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, энэ газар нь төрийн өмч буюу аймгийн төвийн А зэрэглэлд байрлалтай учир дуудлага худалдаа явуулахгүйгээр Х.Ш- гэгч иргэн төрийн мэдлийн газрыг бусдад худалдах эрх байхгүй юм байна. М.Х-ийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие Монголханы Х- 2021 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р багт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Хайсагийн Ш-ээс худалдаж авсан гэж мэдэгдсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2.9. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөнд хамаарна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ гэж зааснаар А.М-, М.С- бид 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн Y-********* дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бидэнд шилжсэн тул бид эд хөрөнгийн өмчлөгч мөн юм.

2.10. Хариуцагч А.М-, М.С- бид хоёр Өлгий сумын 11-р багт байрлах “Ак дам” ХХК-ний хүнс, техникийн захын хажууд байршилтай үйлчилгээний зориулалттай КОСКОС нэртэй Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа 72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн Y-********* дугаартай гэрчилгээ ёсоор өмчлөгч гэдэг нь батлагдаж байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасан газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн заалт, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан өөр эрхтэй салшгүй холбоотой,түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэсэн заалт ёсоор тухайн 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч А.М-, М.С- бидний эзэмшлийн газар байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 87.1-д заасан 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс салангид бие дааж хэрэгжих боломжгүй салгаж үл болох эрх юм. Үүнийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 120/ШШ2022/00058 дугаар бүхий шийдвэр нь нотлох баримтад буруу дүгнэлт хийснээс болж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 84.3, 87.1 дэх заалтыг хэрэглээгүй орхиж, буруу шийдвэр гаргаж байсан. Тухайлбал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар маргаан бүхий 72 м.кв талбайтай байр нь А.М-, М.С- бидний өмчлөлд 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шилжсэн байхад нэхэмжлэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаар захирамжаар эзэмших эрх олж авсан зэрэг цаг хугацааны хувьд ч гэсэн зөрчилдөж байна. Шуудангаар ирсэн мэдэгдэх хуудсыг авахаа татгалзаж явуулсан маань үнэн. Гэрээ цуцлуулах тухай мэдэгдсэн. Иймд М.Х-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 295 дугаар зүйлийн 295.1, 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 321 дүгээр зүйлийн 321.7 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Х- болон хариуцагч А.М- нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээг цуцалж, М.Х-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Ш.Ногай-1 гудамжны, 118в хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 740 м.кв газрын зарим хэсэг болох 72 м.кв газрыг хариуцагч А.М-, М.С- нарын эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М-, М.С- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны  өдрийн 130/ШШ2023/00335 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч болон хариуцагч А.М- нарын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээг цуцалж, М.Х-ийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг, Ш.Ногай-1 гудамжны 118в хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 740 м.кв газрын зарим хэсэг болох 72 м.кв газрыг хариуцагч А.М-, М.С- бид нарын эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэснийг эс зөвшөөрч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны      журмыг ноцтой зөрчсөн” үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

5.2. Хариуцагч А.М-, М.С- бид нар маргаан бүхий 72 м.кв газрын асуудлаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын өөрийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн  гэрчилгээг бусдад          шилжүүлж газар эзэмшүүлэх тухай” А/204 дугаартай захирамжаар иргэн М.Х-т эзэмшүүлсэн 740 м.кв газраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг “Ах дам” ХХК-ийн техникийн захын байранд байршилтай, 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны доор байгаа 72 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, А/204 дугаартай захирамжийн маргаан бүхий 72 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад, Засаг даргын захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

5.3. Тухайн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болж, мөн өдрийн 110/ШШ2023/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Бид энэ шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаартай албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байсан. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс М.Х-ийн нэхэмжлэлтэй А.М-, М.С- бид нарт холбогдох “Түрээсийн гэрээг цуцалж, газрыг чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 13:30 цагаас товлосон учир дээрх иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг А.М-, М.С- бидний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж өгөх хүсэлтийг шүүх хуралдаан эхлэх үед бичгээр гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч А.Жархынгүл бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж дээрх шийдвэрийг гаргасан.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэх”-ээр хуульчилсан. А.М-, М.С- бидний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрхэн эцэслэн шийдвэрлэснээс шалтгаалан иргэний хэргийг хянан шийдвэрлэх ба захиргааны хэргийн эцсийн шийдвэр гараагүй байхад энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй учир бид хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгч бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг ноцтой зөрчсөн.

5.5. Бидний Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг тус шүүх 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2023/0007 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь М.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бидний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хянан шийдвэрлэх боломжгүй байсныг давхар нотолж байна. Цаашид нэхэмжлэгч тал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн тохиолдолд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж, хяналтын шатны шүүхийн зохих шийдвэр гарч хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

5.6. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00335 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

            6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

            6.1. Нэхэмжлэгч: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

 

            7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргахад шүүх уг хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд зааснаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүхээс захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэртэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломжтой гэж хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн ингэж шийдвэрлэсэн нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

7.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүх А.М-, М.С- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн гэж байгаа боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авч, бүрэн эхээр нь танилцаагүй. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий газрыг А.М-, М.С- нарт эзэмшүүлж шийдвэрлэсэн эсэх нь одоогоор тодорхой бус байгаа. Уг захиргааны хэрэг хяналтын журмаар бас хянан шийдвэрлэгдэх байх. Хэрэв маргаан бүхий газрыг А.М-, М.С- нарт эзэмшүүлж шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, газрыг А.М-, М.С- нарт эзэмшүүлэх тухай сумын Засаг даргаас шийдвэр гарсан тохиолдолд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч М.Х- нь хариуцагч А.М-, М.С- нарт холбогдуулж талуудын хооронд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн газар түрээслэх гэрээг цуцалж, М.Х-ийн эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 740 м.кв талбайтай газраас 72 м.кв газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, тодруулбал хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэх үед хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, үндэслэлээ “А.М- нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдуулж ... иргэн М.Х-т эзэмшүүлсэн 740 м.кв газраас ... 72 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг газрыг А.М-, М.С- нарт эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа, эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.М-д эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, хүсэлтдээ А.М-ы нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хүргүүлсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар албан бичгийг хавсаргажээ.

 

11. Анхан шатны шүүх хариуцагч А.М-аас гаргасан дээрх хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1416 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, үндэслэлээ “А.М- нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг ... 72 м.кв газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх тухай иргэний хэрэгт хамааралгүй, хэрэв А.М- нарын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч нараас иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах боломжтой...” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

 

12. Хэрэгт хариуцагч нараас гаргаж өгсөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, зохигчийн тайлбар, захиргааны болон иргэний хэргийн шүүхэд тус тус гаргасан нэхэмжлэлүүдийн шаардлага ба үндэслэл зэргийг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч М.Х- нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 740 м.кв талбайтай газрын 72 м.кв талбайтай газрыг А.М-, М.С- нарын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргасан бол хариуцагч нар М.Х-т эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 740 м.кв талбайтай газрын 72 м.кв талбайтай уг газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус 72 м.кв газрыг А.М-, М.С- нарт эзэмшүүлэхийг эрх бүхий байгууллага болон албан тушаалтанд даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан, уг нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шийдвэрийг эс зөвшөөрч А.М- нь давж заалдах гомдол гаргаснаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн талаарх баримтат мэдээлэл иргэний энэ хэрэгт авагдаагүй нөхцөл байдал тогтоогджээ

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн “А.М- нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг ... 72 м.кв газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх тухай иргэний хэрэгт хамааралгүй” гэх дүгнэлт илт үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэвэл зохих А.М-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газарт холбогдох “М.Х-т эзэмшүүлсэн 740 м.кв газраас ... 72 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, уг газрыг А.М-д эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа, эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.М-д эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай” захиргааны хэргийг шийдвэрлэхээс өмнө М.Х-ийн хариуцагч А.М-, М.С- нарт холбогдуулж гаргасан “2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн газар түрээслэх гэрээг цуцалж, М.Х-ийн эзэмшлийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 740 м.кв талбайтай газрын 72 м.кв газрыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлөх тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болох нь илэрхий тогтоогдож байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

 

13. Тиймээс хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн үндэслэл бүхий хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт нийцээгүйгээс гадна шүүгчийн уг захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар тухайн захирамжид хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, хуульд заасан тохиолдолд тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг ноцтой зөрчжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэтэл шүүх хариуцагчаас гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад хамаарах хүсэлтийг мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэж шийдвэрлэж, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн уг захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах боломж, хугацаа олгоогүйн дээр гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, мэтгэлцэх, хэргийн оролцогчийн процессын эрхийг хангах зарчим болон процессын шударга байдалд нийцээгүй байна.

 

14. Түүнчлэн шүүх хариуцагчаас гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч нараас “иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг” шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах бүрэн боломжтой...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан хуульчилсан зарчимд нийцээгүйг тэмдэглэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж зааснаар хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагч А.М-, М.С- нарын давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж А.М-, М.С- нарт буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК