Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 212/МА2023/00080

 

 

 

 

 

Т.Ж-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж-гүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00349 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****** оршин суух Т.Ж-ы нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Биеийн тамир, Спортын газар /дарга Х.Х-/-т холбогдох,

 

“Тус газрын спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Нэхэмжлэгч Т.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, Спортын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан албан тушаалтнаар туршилтын хугацаагаар томилсон.

1.2. Гэтэл тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтыг тус тус баримталж Т.Ж-ыг Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажлаас нь чөлөөлсөн.

1.3. Нэхэмжлэгч Т.Ж- нь шинээр батлагдсан орон тоонд туршилтын хугацаагаар томилогдон ажилласан ба уг хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд даргын тушаалд дурдагдсан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж байгаа бөгөөд батлагдсан орон тоо хэвээр байхад цуцалсан нь ойлгомжгүй хууль бус шийдвэр гэж үзэж байна.

1.4. Тухайн сул орон тоо хасагдаагүй одоо хүртэл байгаа орон тоо. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй. Баян-Өлгий аймгийн Спортын газрын дарга Х-ын Б/32 дугаартай тушаал нь өөрөө хуульд нийцээгүй, хууль зөрчсөн тушаал юм. Түүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгч шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болон нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүх өөрөө дотоод итгэлээр үнэлээд шийдвэрлэх нь зүйтэй. Т.Ж-ы ажиллаж байсан орон тоо тухайн спортын газарт одоо хүртэл байгаа. Үүнийг Засаг даргын тамгын газрын дарга нь нотлоод байна. Иймд нэхэмжлэгч Т.Ж-ыг тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч Т.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр эс зөвшөөрч байна. Ажил олгогчийн хувьд Т.Ж-ыг тус газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түр томилж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2-д зааснаар Т.Ж-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан.

2.2. Хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтан Т.Ж- зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Т.Ж-ыг уг албан тушаалд түр томилох үед ажил олгогчоос та уг орон тоонд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллана. Учир нь, тус газарт олон жил ажилласан шигшээ багийн дасгалжуулагч нар 2023 онд үргэлжлүүлэн ажиллах асуудал тодорхой бус байгаа. Аймгийн ИТХ-ын жилийн эцсийн хуралдаанаас тус газрын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын 2023 оны цалин хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхгүй бол таныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэхүү албан тушаалаас чөлөөлнө гэж анхааруулж хэлж байсан.

2.3. Энэхүү нөхцөл байдлыг Т.Ж-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ...Х.Х- дарга тухайн үед уг орон тоонд түр хугацаагаар авч ажиллуулж байгаа талаар сануулж байсан гэснээр ч батлагдаж байна.

2.4.Нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны Б/506 дугаартай захирамжаар тус газрын бүтэц, орон тоог батлахад урьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байсан Тогтоол, шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, Биеийн тамирын хэлтсийн дарга ТЗ-7, Биеийн тамирын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 гэсэн 5 албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал буюу ТЗ болгон өөрчлөн баталсан. Одоогийн байдлаар ТЗ-5 -н орон тоонд Б- ажиллаж байна. Харин үлдсэн бусад орон тоо сул байгаа. Үүнд хүн авч ажиллуулах бол цалин хүрэлцэхгүй. Гэвч тухайн үед дээр дурдсан албан тушаалтан нарын ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй, төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан тул албаны ажлын шаардлагаар урьд тус байгууллагад үйлчилгээний статустай ажиллаж байсан Б.С-, А.Р- тэргүүтэй төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл Төрийн албаны зөвлөл, аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг удаа дараа сануулсан юм. Ингээд тус газрын бүтэц, орон тоонд байгаа захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажилтныг ажлаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн томилох нөхцөл байдал 2023 оны эхээр үүсэх байсан. Энэхүү нөхцөл байдлыг ч тухайн үед ажилтан Т.Ж-д анхааруулж хэлж байсан. Ингээд тус газарт он удаан жил ажиллаж байсан урьд тус газарт Биеийн тамирын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.С-ыг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Т.Ж-ы ажиллаж байсан Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар бүр томилсон юм. Одоо Б.С- нь уг албан тушаалд 3 дахь сардаа ажиллаж байна.

2.5. Хэрвээ Т.Ж-ыг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилбол тус газарт 1999 оноос эхлэн 23 дахь жилдээ ажиллаж буй Т.С-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж байна.

2.6. Иймд тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас орон нутгийн төсвөөр санхүүждэг шигээ багийн дасгалжуулагч нарын цалин хөлсийг баталж өгөөгүй учраас шигшээ багийн дасгалжуулагч нарыг цаашид үндсэн бүтэц, орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах, тус газарт он удаан жил ажиллаж байгаа төрийн захиргааны зарим албан тушаалтан нарыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, төрийн үйлчилгээний байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах ажлын шаардлагыг харгалзаж ажилтан Т.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цааших сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтыг үндэслэн тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаас чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С-ын тайлбар:

3.1.Монгол улсын иргэн Б.С- би Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, Спорт чийрэгжүүлэлтийн төвийн даргын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай түр ажилд авах тухай тушаалаар дасгалжуулагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, Спорт хорооны даргын 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ахлах дасгалжуулагчаар томилогдож 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А/506 дугаартай захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг бүтцэд Спортын хэлтсийн даргын албан тушаалыг шинээр бий болгосон. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/07 дугаартай тушаалаар Б.С- намайг спортын хэлтсийн даргаар түр томилж, тухайн албан тушаалд ажиллаж байсан. Уг албан тушаал нь төрийн захиргааны ангилалд багтдаг буюу ТЗ-7 байсан.

3.2. Гэтэл 2022 оны эцэс болон 2023 оны эхээр тус газрын удирдлагад монгол улсын Төрийн албаны зөвлөл, аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон төрийн захиргааны гэх албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг удраа дараа сануулсан юм. Ингээд намайг тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар намайг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилсон. Тус газрын бүтэц, орон тоонд байгаа төрийн үйлчилгээний албан тушаалд бүр томилогдож, ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан одоо хүртэл ажиллаж байна.

3.3. Би тус байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж буй үндсэн ажилтан учраас цаашид уг албан тушаалд ажиллах эрхтэй гэж үзэж байна. Иймд Т.Ж-ы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00349 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ж-ыг Баян-Өлгий Биеийн тамир, спортын газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтаар эгүүлэн томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Жарханы энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

            5.1. Анхан шатны шүүх Т.Ж-ы нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Биеийн тамирын спортын газарт холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.2. Анхан шатны шүүх Т.Ж-ы “Ажилд эгүүлэн томилох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн болон бусад нөхцөл байдлын улмаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

5.3. Ажил олгогчоос ажилтан Т.Ж-ыг тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түр хугацаагаар томилж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2-д зааснаар ажилтан Т.Ж-тай 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Уг хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулж буй учир шалтгааныг Т.Ж- ойлгон хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тухайлбал ажилтан Т.Ж-ыг маргаан бүхий албан тушаалд түр томилох үед ажил олгогчоос“Та уг албан тушаалд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр хугацаагаар ажиллана. Учир нь одоогоор тус газарт олон жилийн турш ажилласан өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчид 2023 онд тус газар үргэлжлүүлэн ажиллах асуудал тодорхой бус байгаа. Аймгийн ИТХ-ын жилийн эцэст хуралдах ээлжит хуралдаанаас тус газрын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын 2023 оны цалин хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөхгүй бол таныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлнө” гэж анхааруулж хэлж байсан. Энэхүү нөхцөл байдал нь тус газрын даргын албаны өрөөнд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Т.Ж-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “ .. Х.Х- дарга тухайн үед уг орон түр хугацаагаар авч ажиллуулж байгаа талаар сануулж байсан" гэснээр нотлогдож байна.

5.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны Б\506 дугаартай захирамжаар тус газрын бүтэц, орон тоог батлахад урьд төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарч байсан тогтоол, шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, биеийн тамирын хэлтсийн дарга ТЗ-7, биеийн тамирын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5, спортын хэлтсийн дарга ТЗ-7, спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5 гэсэн 5 албан тушаалыг төрийн захиргааны албан тушаал буюу ТЗ болгон өөрчлөн баталсан. Гэвч тухайн үед дээр дурдсан албан тушаалтан нарын ажлын байрны тодорхойлолт батлагдаагүй, төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан тул албан ажлын шаардлагаар урьд тус байгууллагад үйлчилгээний статустай ажиллаж байсан Б.С-, А.Р- нарын төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Гэвч Монгол улсын Төрийн албаны зөвлөл, аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй байхад төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажилтнуудыг төрийн захиргааны албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг удаа дараа анхааруулж байсан. Ингээд тус газрын бүтэц, орон тоонд байгаа төрийн захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан .... нарыг ажлаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлэн томилох нөхцөл байдал 2023 оны эхээр үүсэх байсан. Энэхүү нөхцөл байдлыг ч тухайн үед ажилтан Т.Ж-д анхааруулж хэлж байсан. Ингээд тус газарт он удаан жил ажиллаж байсан урьд тус газарт Биеийн тамирын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.С-ыг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Т.Ж- ажиллаж байсан спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар бүр томилсон. Одоо Б.С- нь уг албан тушаалд 3 дахь сардаа ажиллаж байна. Хэрвээ Т.Ж-ыг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилбол тус газарт 1999 оноос эхлэн 23 дахь жилдээ ажиллаж буй Т.С-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзэж байна. Харин төрийн захиргааны албан тушаал болох спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтэн ТЗ-5-аар Х.Б- ажиллаж байна.

5.5. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны А\506 дугаартай захирамжаар тус аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг захирамжийн нэгдүгээр хавсралтаар тус газарт 22 үндсэн ажилтан, хоёрдугаар хавсралтаар 10 дасгалжуулагч байхаар нийт орон тоог 32-аар тогтоосон. Одоо тус газар нь аймгийн Засаг даргын 2022 оны А\506 дугаартай захирамжаар үйл ажиллагаагаа явуулж байгаа боловч 2023 онд өсвөрийн шигшээ багийн 10 дасгалжуулагчийн цалин хөлс нь орон нутгийн төсвөөс батлагдаагүй, төрийн захиргааны 5 албан тушаалд ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаагүй учраас урьд тус байгууллагад олон жилийн турш ажиллаж ирсэн дасгалжуулагч нарыг үндсэн бүтцэд шилжүүлэн ажиллуулах зэргээр амиа аргацаасан байдалтай буюу маш их хүндрэлтэй ажиллаж байна.

5.6. Тус газрын орон тоо, бүтцэд байгаа төрийн захиргааны албан тушаалтан нарыг ажилд томилсон, чөлөөлсөн байдлын тухайд: Тус газрын тогтоол, шийдвэрийн биелэлт, хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн, хуульч мэргэжилтэй С.Б-ийг тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\11 дугаартай тушаалаар түр хугацаагаар томилон ажиллуулж байгаад, тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б\39 дугаартай тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\03 дугаартай тушаалаар Биеийн тамирын хэлтсийн даргаар А.Р-ыг түр хугацаагаар ажиллуулж байгаад тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б\18 дугаартай тушаалаар биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б\34 дугаартай тушаалаар Биеийн тамирын бодлого хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр иргэн Д.Б-ийг тур хугацаагаар ажиллуулж байгаад тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\07 дугаартай тушаалаар уг албан тушаалаас чөлөөлсөн. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\07 дугаартай тушаалаар Спортын хэлтсийн даргаар Б.С-ыг түр хугацаагаар ажиллуулж байгаад тус газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б\17 дугаартай тушаалаар Б.С-ыг спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа.Тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б\35 дугаартай тушаалаар Х.Б-ыг спортын тэмцээн наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаа. Учир нь Х.Б- нь Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангаж байгаа.

5.7. Тус газрын орон тоо, бүтцэд байгаа ард иргэдэд биеийн тамирын үйлчилгээ үзүүлдэг чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажилд томилсон, чөлөөлсөн байдлын тухайд: Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\10 дугаартай тушаалаар Б.Ж-ыг биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилсон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\14 дугаартай тушаалаар хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал хариуцан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\12 дугаартай тушаалаар С.М-ийг өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\08 дугаартай тушаалаар өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа.Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\13 дугаартай тушаалаар А.Х-ыг биеийн тамир, спортын статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\15 дугаартай тушаалаар биеийн тамир, спортын статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\09 дугаартай тушаалаар Б.С-ыг хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын ажилтнаар түр томилон ажиллуулж байгаад тус газрын даргын 2023 оны 02 дүгээр сарын 02-ны өдрийн Б\02 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас чөлөөлсөн.

5.8. Тус газрын орон тоо, бүтцэд байгаа өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч нарыг ажилд томилсон, чөлөөлсөн байдлын тухайд: Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\24 дугаартай тушаалаар М.Д-ыг волейболын дасгалжуулагчаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\11 дугаартай тушаалаар өсвөрийн шигшээ багийн волейболын дасгалжуулагчаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\25 дугаартай тушаалаар А.Н-ыг боксын дасгалжуулагчаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\13 дугаартай тушаалаар өсвөрийн шигшээ багийн боксын дасгалжуулагчаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\26 дугаартай тушаалаар М.Т-ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар түр хугацаагаар ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\10 дугаартай тушаалаар өсвөрийн шигшээ багийн хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны          10 дугаар сарын 03-ны өдрийн Б\27 дугаартай тушаалаар Ш.Е-ыг таеквондогийн дасгалжуулагчаар түр хугацаагаар ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\12 дугаартай тушаалаар өсвөр үеийн шигшээ багийн таеквондагийн дасгалжуулагчаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\28 дугаартай тушаалаар Х.Бе-ыг чөлөөт бөхийн дасгалжуулагчаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\09 дугаартай тушаалаар өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны      11 дүгээр сарын 08-ны өдрийн Б\29 дугаартай тушаалаар М.М-ыг жүдо бөхийн дасгалжуулагчаар түр хугацаагаар ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\04 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б\30 дугаартай тушаалаар И.Ж-ийг сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\03 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б\33 дугаартай тушаалаар Ш.Х-г өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаар түр хугацаагаар ажиллуулж байгаад мөн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б\05 дугаартай тушаалаар хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан.

5.9. Тус газрын орон тоо, бүтцэд байгаа байгууллагад үйлчилдэг чиг үүрэгтэй үйлчилгээний албан хаагчдыг ажилд томилсон, чөлөөлсөн байдлын тухайд: Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\14 дугаартай тушаалаар С.Н-ийг бичиг хэрэг, архивын асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\15 дугаартай тушаалаар Б.Маржаныг нярваар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\16 дугаартай тушаалаар Х.Уатханыг нягтлан бодогчоор томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\17, Б\18, Б\19, дугаартай тушаалаар С.Ба, П.Е, Ш.М нарыг манаачаар томилон ажиллуулж байгаа. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б\20, Б\21, Б\22, Б\23 дугаартай тушаалаар М.Д, Ш.М, Х.С, Х.А нарыг үйлчлэгчээр томилон ажиллаж байгаа. Тус газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б\31 дугаартай тушаалаар Е.Е-ийг манаачаар түр томилон ажиллуулж байгаад мөн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б\06 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн хугацаатай гэрээг цуцалсан.

5.10. Ингэхээр одоогийн байдлаар тус газрын одоогийн орон тоо, бүтцэд байгаа аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар Х.Х-, төрийн захиргааны албан тушаалын ангиллын 4 орон тоо сул ба нэг орон тоонд Х.Б-, биеийн тамир, спортын статистик, гадаад харилцаа, цахим мэдээллийн сангийн асуудал хариуцсан ажилтнаар А.Х, бичиг хэрэг архивын асуудал хариуцсан ажилтнаар С.Н, нягтлан бодогчоор Х.У, нярваар Б.М, манаач-сантехникчээр С.Ба, манаачаар Ш.М, П.Е нар, үйлчлэгчээр М.Д, Ш.М, Х.А, Х.С, хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамирын асуудал хариуцан ажилтнаар Б.Ж, биеийн тамирын арга зүйчийн асуудал хариуцсан ажилтнаар А.Р-, спортын тэмцээн, наадам, спортын холбоодын асуудал хариуцсан мэргэжилтнээр Х.Б-, спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар Б.С-, өсвөрийн шигшээ баг, хүүхдийн спортын хариуцсан ажилтнаар С.М нар тус тус ажиллаж байна. Харин тус аймгийн Засаг даргын захирамжийн хоёрдугаар хавсралтаар баталсан өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч нарын орон тоонд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар Б.Б, таеквондагийн дасгалжуулагчаар Ш.Е, хүндийн өргөлтийн дасгалжуулагчаар М.Т, боксын дасгалжуулагчаар А.Н, волейболын дасгалжуулагчаар М.Д нар ажиллаж байгаа ба уг 5 дасгалжуулагчийн цалин хөлсийг тус газрын орон тоо, бүтцэд байгаа ажлын байранд хараахан төрийн захиргааны албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагдаагүй 4 төрийн захиргааны албан тушаалын цалин хөлснөөс шилжүүлэх замаар түр хугацаагаар цалинжуулж байна. Цаашид уг төрийн захиргааны албан тушаалуудын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдан зохих хүмүүс уг албан тушаалд томилогдсон нөхцөлд одоо тус газарт дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Б, Ш.Е, М.Т, А.Н, М.Д нарыг дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллуулах санхүүгийн боломжгүй байдалд үүсэх төлөв харагдаж байна. Аймгийн орон нутгийн төсвөөс тус газрын бүтэц, орон тоонд байгаа 10 дасгалжуулагчдын цалин хөлсийг баталж өгөөгүй учраас сагсан бөмбөг, жүдо, хөл бөмбөг, шатар, ширээний теннисийн дасгалжуулагчдын орон тоонд 2023 онд хүн авч ажиллуулах боломжгүй байдал үүссэн. Ингээд тус газарт он удаан жил ажиллаж буй өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын заримыг үндсэн бүтцэд төрийн үйлчилгээний албан хаагчаар томилсон, зарим дасгалжуулагч нарын цалин хөлсийг төрийн захиргааны сул орон тооны төсвөөс тур хугацаагаар цалинжуулж байгаа учраас одоо нэхэмжлэгч Т.Ж-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилон ажиллуулах ямар ч боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

5.11. Иймээс тус аймгийн ИТХ-ын хуралдаанаас орон нутгийн төсвөөр санхүүждэг шигшээ багийн дасгалжуулагч нарын цалин хөлсийг баталж өгөөгүй учраас шигшээ багийн дасгалжуулагч нарыг цаашид үндсэн бүтэц, орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах, тус газарт он удаан жил ажиллаж байгаа төрийн захиргааны зарим албан тушаалтан нарыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, төрийн үйлчилгээний байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах ажлын шаардлагыг харгалзан ажилтан Т.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түүнийг ажил олгогчийн шийдвэрээр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1,3, 78.1.9 дэх заалтыг үндэслэн тус газрын спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

5.12. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00349 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Т.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:    

            6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00349 дүгээр шийдвэрээр Т.Ж-ыг Баян-Өлгий Биеийн тамир, спортын газрын Спортын сургалт, дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй.   

6.2. Хариуцагч талаас олон нотлох баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт гэж дүгнэсэн. Т.Ж-ыг аймгаас батлагдсан орон тоонд түр авчхаад дараа нь хугацаа дууссан гэж гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн  64.1, 64.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон.

6.3. Орон тоо байхгүй гэж Т.Ж-ыг гаргачхаад дараа нь түүний оронд өөр хүнийг авчихсан. Б.С-тай хөдөлмөрийн гэрээ хийхдээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ хийчихсэн. Шинэ хүн авахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Т.Ж-ы эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Т.Ж- хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Т.Ж-ыг авч ажиллуул гэсэн боловч авч ажиллуулахгүй, Б.С-ыг ажиллуулаад байгаа. Т.Ж- ямар зөрчил гаргаад ажлаас гаргасан нь тодорхойгүй.

6.4. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 130/ШШ2023/00349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            7. Т.Ж-ы гомдол бүхий Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангасан байна.

 

            8. Ажилтан Т.Ж- нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдуулан тус газрын Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж үндэслэлээ “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, дахин сунгагдахгүй болсон гэх үндэслэл нь хуульд нийцэхгүй бөгөөд миний ажиллаж байсан орон тоо одоог хүртэл хүчинтэй байна” гэж тайлбарлажээ. Хариуцагч гомдлыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ

“Т.Ж-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд түр томилсон ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, тус байгууллагын шигшээ багийн дасгалжуулагч нарын цалингийн санд аймгийн ИТХ-аас орон нутгийн төсвөөс шийдвэрлэж өгөөгүй” гэж тайлбарлаж, талууд тус тус хэрэгт бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгөх зэргээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагджээ.

 

            9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов:

            -  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/506 дугаар захирамж, түүний хавсралтаар тус аймгийн Биеийн тамир, спортын газрын бүтэц, орон тоо болон өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч нарын орон тоог баталсан бөгөөд захиргаа, удирдлага, үйлчилгээний багаас /14 хүний бүрэлдэхүүнтэй/ гадна Биеийн тамирын /4 хүний бүрэлдэхүүнтэй/ болон Спортын /4 хүний бүрэлдэхүүнтэй/ тус бүр 2 хэлтэстэй, мөн өсвөр үеийн шигшээ багийн 10 дасгалжуулагчтай, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулахаар байна.

            - Уг орон тооны бүтэц, бүрэлдэхүүнийг баталсны дараа гуравдагч этгээд Б.С-ыг тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтсийн даргын албан тушаалд түр томилж, мөн нэхэмжлэгч Т.Ж-ыг тус газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар байгууллагын шинэчлэгдсэн бүтэц орон тооны хүрээнд багтааж тус газрын Спортын хэлтэст харьяалагдах Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар мөн өдрөөс эхлэн түр томилж, түүнтэй 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, ажиллуулжээ.

            - Улмаар ажилтан Т.Ж-ыг ажил олгогч байгууллагын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9 дэх заалтуудыг үндэслэж “хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

            - үүний дараа урьд нь тус газрын Спортын хэлтсийн даргаар түр томилогдон ажиллаж байсан Б.С-ыг ажил олгогч байгууллагын дарга 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/17 дугаартай тушаал гаргаж Т.Ж-ы урьд ажиллаж байсан Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар томилж ажиллуулжээ.

 

            10. Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлагдсан бүтэц, орон тоонд багтаж буй Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтсийн Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны байнгын орон тоонд Т.Ж-ыг анхлан томилж ажиллуулахдаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныг ажилд түр томилсон ажил олгогчийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцэхгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Ажилтнаас энэ талаар “батлагдсан орон тоо хүчинтэй байхад гэрээний хугацаа дууссан гэж гэрээг цуцалсан нь хууль бус шийдвэр болсон” гэж гаргасан гомдол үндэслэлтэй ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/506 дугаар захирамж, түүний хавсралт, тухайн ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, ажил байдлын онцлог зэргээс үзвэл, аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтэст харьяалагдах Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь заалтад заасан аль нэг үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            11. Гэтэл ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажиллуулах байнгын орон тоонд хууль зөрчиж хугацаатай гэрээ байгуулж ажиллуулаад, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтад “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн үйл ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл бодитой бус, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул ажил олгогчийн дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

            12. Нөгөө талаар, тус байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсаны дараа гуравдагч этгээд Б.С-ыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Спортын хэлтсийн даргын албан тушаалд, нэхэмжлэгч Т.Ж-ыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтнаар тус тус түр томилсон боловч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Т.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаа нь дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн үндэслэлээр цуцалсан атлаа түүний оронд Спортын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.С-ыг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж томилсон нь хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх тэгш эрхийн зарчмыг болон шударга ёсны зарчмыг ажил олгогчоос алдагдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            13. Ажил олгогчоос ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэлийн талаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өлгий сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл зэргийг иш үндэс болгож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үед ажилтан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, мэдэж байсан гэж тайлбарлах боловч энэ нь ажил олгогч байнгын ажлын байранд, хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг үгүйсгэх, хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

           

14. Мөн ажил олгогчоос ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэл болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлээ “өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нарын цалингийн санг эрх бүхий байгууллагаас баталж өгөөгүй” гэж тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд ажил олгогчоос ажилтан Т.Ж-тай эрх бүхий албан тушаалтнаас батлагдсан орон тооны хязгаарын хүрээнд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын хэлтэст харьяалагдах Спортын сургалт-дасгалжуулалтын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан ажилтны байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, улмаар хугацааг цааш нь сунгагдахгүй болсон гэх нөхцөл байдлыг хариуцагчийн уг тайлбар дэмжих хууль ёсны үндэслэл болохгүйгээс гадна Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/969 дүгээр “Өсвөр үеийн шигшээ баг байгуулах тухай ”тушаал болон 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/506 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагч нарын орон тоог баталсан, мөн Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн132 дугаар тогтоол, түүний хавсралт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

15. Иймд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч буюу ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2023/00349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК