Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/0130

 

“У” ХХК-ийн гомдолтой,

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

Татварын хяналт шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч А.Ө,

Ч.Б нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            М.Батсуурь

           Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг  

            Шүүгчид:                           Х.Батсүрэн

                                                       Ц.Цогт                                                                      

            Илтгэгч шүүгч:                   Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0205 дугаар шийдвэр,

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 167 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, Х.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагч татварын улсын байцаагч А.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нарыг /цахимаар/ оролцуулан хянан хэлэлцэв.           

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нарын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар шийтгэлийн хуудсын үлдсэн хэсэг болох 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд ногдох 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн алданги, нийт 399,130,932.4 төгрөгийн шийтгэл ногдуулсныг тус тус хүчингүй болгуулах

Хэргийн нөхцөл байдал:

2. “У” ХХК нь өргөн дэлгэцийн кино театрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч аж ахуйн нэгж бөгөөд дэлхийн шилдэг кинонуудыг өөрийн кино театруудаар үзүүлэхээр БНСУ-ын “Б р” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Кино үзүүлбэрийн гэрээ”-г байгуулжээ.

3. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч А.Ө, Ч.Б нар нь “У” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нийт 12 төрлийн зөрчил тогтоон, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар шийтгэлийн хуудсаар 407,126,897.7 төгрөгийн нөхөн татвар, 182,978,939.2 төгрөгийн торгууль, 114,202,181.7 төгрөгийн алданги, нийт 704,308,018.60 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

4. Дээрх шийтгэлийн хуудсыг “У” ХХК эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 31 дүгээр тогтоолоор “54,549.3 төгрөгийн торгууль, 36,368.0 төгрөгийн алданги, бүгд 90,917.3 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 2,033,907,779.0 төгрөгийн зөрчилд хамаарах 203,390,778.0 төгрөгийн нөхөн татвар, 61,017,232.4 төгрөгийн торгууль, 40,678,157.0 төгрөгийн алданги, нийт 305,086,167.4 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгохоор, 2,650,543,074.0 төгрөгийн зөрчилд 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн хүү, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсыг өөрчилсөн”, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 31 дүгээр тогтоолыг хэвээр үлдээжээ.

5. Татварын улсын байцаагчийн маргаан бүхий ..... дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан бөгөөд Маргаан таслах зөвлөлөөс хэвээр үлдээж шийдвэрлэсэн буюу 399,130,932.4 төгрөгт холбогдох хэсгийн үндэслэлээ хариуцагчаас “... “У” ХХК нь өргөн дэлгэцийн кино театрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, БНСУ-ын “Б р” ХХК-тай байгуулсан “Кино үзүүлбэрийн гэрээ”-ний дагуу 2015, 2016, 2017 онд нийт 2,033,907,779.09 төгрөгийн кино борлуулсны орлогыг БНСУ-ын “Б р” ХХК руу шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 7.1.1, 7.3, 7.3.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2015) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн”, “... 2016, 2017 онд нийт 607,709,009.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хууль (2008)-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.8, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн заалтыг үндэслэсэн” гэжээ.

6. “У” ХХК-иас маргаан бүхий ..... дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 399,130,932.4 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... “Б р” компани руу мөнгө шилжүүлж байгаа нь шинээр дахин борлуулсан болон импортоор оруулсан, экспортод гаргасан зүйл биш, мөн киноны тасалбар борлуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн, “У” ХХК нь киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй, өмчлөл шилжээгүй, хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн кино борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан, ...  татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчсөн, зөрчил гэж үзсэн үйлдэл нь 2015, 2016 онд болсон байхад Зөрчлийн тухай хууль хэрэглэж торгууль алданги ногдуулсан нь хууль бус... ” гэж маргасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

7. “... “Б р” ХХК-аас хүлээн авч байгаа кинонуудад гаалийн бүрдүүлэлт хийж, мэдүүлэх боломжгүй тул өөрийн ... кинонуудыг “У” ХХК-ийн өргөн дэлгэцийн кино театраар үзүүлэн ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлж орлого олсон “Б р” ХХК нь ... Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй. ... “У” ХХК нь ... “Б р” ХХК-д /орлого шилжүүлэхдээ/ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авах ёстой байсан. ... Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 4 дүгээр зүйлд зааснаар ...Татварын ерөнхий хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хүртэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтууд үйлчилнэ, ... хариуцагчаас шийтгэл ногдуулсан нь  Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн. ...” гэх дүгнэлтүүд хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

8. Гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, “... БНСУ-ын “Б р” компани нь “У” ХХК-тай байгуулсан “Кино үзүүлбэрийн гэрээ”-ний дагуу дэлхийн шилдэг кинонуудыг “У” ХХК-ийн кино театруудаар үзүүлж ашиг олж байгааг Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа буюу киногоо борлуулсан гэж үзэх бөгөөд энэхүү орлогоос хуульд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй гэж буруутгасан маргаан бүхий шийтгэлийн хуудсын холбогдох хэсэг хууль зөрчөөгүй. ... “У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй.  ...  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 1.1-д зааснаар хариуцагч улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийх явцад зөрчил илрүүлж, уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар ажиллагаа явуулсан тул татварын хяналт шалгалт хийх журмыг зөрчсөн гэх үндэслэл хамааралгүй, энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. ... Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д зааснаар, 2017 оны зөрчлийн тухайд шийтгэлийн хуудас гарах үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1-д зааснаар оногдуулах шийтгэлийн хэмжээг тодорхойлох боловч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг алдангийн тухайд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль байна, ... хариуцагч улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй ...” гэх дүгнэлтүүд хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн “гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16 дугаар зүйлийн 16.1.2, Татварын ерөнхий хуулийн /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэсэн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.У нараас шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9. “Анхан шатны шүүхээс “... “Б р” ХХК нь гадаад улсын хуулийн этгээд болохын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй. ... “Б р” ХХК-иас суутган авах ёстой байсан 10 хувийн татвараа акт ногдуулах замаар “У” ХХК-иас авч байгаа нь зүйд нийцнэ” гэж дүгнэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. “У” ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй 14 жилийн хугацаанд өргөн дэлгэцийн кино театрын үйл ажиллагааг явуулж байна. 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “У” ХХК нь БНСУ-ын хуулийн этгээд болох “Б р” ХХК-тай “Кино үзүүлбэрийн гэрээ” буюу хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг талаас БНСУ-ын “Б р” ХХК киногоо, нөгөө талаас “У” ХХК кино театр, үйлчилгээг хариуцан гаргаж хамтран ажиллаж байгаа болно. Кино үзүүлсэн орлогоос 50, 50 хувиар хуваан авахаар харилцан тохиролцсон. Кино тасалбарыг худалдан борлуулаад олсон орлогоос НӨАТ 10 хувийг төлсөн. Олсон орлогыг шууд “Б р” ХХК-д авах боломжгүй байсан учир “У” ХХК-аар дамжуулан 2015 онд 553,523,185.1 төгрөгийн, 2016 онд 686,725,190.0 төгрөгийн, 2017 онд 793,659,404.0 төгрөгийг “Б р” ХХК-д шилжүүлсэн.

11. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус зааснаас үзвэл, тухайн бараа, ажил, үйлчилгээ хэдэн удаа борлуулагдана төдий удаа татвар ногдохоор, мөн НӨАТ-ын борлуулалтын ажил гүйлгээ бүрд шат дамжлагаар эцсийн хэрэглэгч хүртэл гинжин хэлхээгээр татвар ногдож, эцсийн хэрэглэгч төлж буй татвар юм. Гэтэл “Б р” ХХК-руу мөнгө шилжүүлж байгаа нь шинээр дахин борлуулсан болон импорт оруулсан, экспортод гаргасан зүйл биш болно. Мөн киноны тасалбар борлуулж олсон орлогоос НӨАТ 10 хувийг төлсөн болно.

12. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14.1.2, 14.1.3-т зааснаар үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор заасан. Тиймээс “У” ХХК нь БНСУ-ын “Б р” ХХК-аас кино худалдан авч гаргадаг бол түүнд шилжүүлсэн мөнгөн дүнгээс НӨАТ төлнө. Харин дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухайн төлсөн татварыг “У” ХХК-ийн тасалбар борлуулан төлсөн НӨАТ-аас хасч тооцвол эцсийн дүндээ нийт орлогоос 10 хувийн НӨАТ бодогдох юм. ГТЕГ-ын даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/150 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгаж баталгаажуулах, гааль татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэл хөтлөх журмын 4.5, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмын 2.1.1, 2.2.1-д заасны дагуу хасалтыг тооцно.

 13. Жишээ нь, “У” ХХК 11,000 төгрөгөөр “Б р” ХХК-аас нэг кино худалдан авлаа гэхэд 1000 төгрөгийн НӨАТ төлнө. Харин тухайн киног өөрийн дэлгэцээр гаргаж тасалбар борлуулан 22,000 төгрөг оллоо гэхэд 2000 төгрөгийн НӨАТ суутган төлөх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015/ 14.1.2, 14.1.3-т зааснаар “Б р” ХХК-аас нэг кино худалдан авахдаа төлсөн 1000 төгрөгийг хасч тооцоход эцсийн дүндээ төсөв төлөх татвар нь 2000 төгрөг байна. Үүнээс үзэхэд “У” ХХК нь тасалбар борлуулахдаа НӨАТ-ын 10 хувийг суутган төлсөн буюу эцсийн дүндээ хэрэглэгч 10 хувийн НӨАТ татварыг төлсөн болно. Тодруулбал, “У” ХХК-ийн нэмүү өртөг шингээн олж байгаа орлого нь дээрх жишээнээс үзэхэд 10,000 төгрөг бөгөөд түүнд НӨАТ-ыг нэмж тооцоход 11,000 төгрөг, кино худалдан авсан зардлыг нэмж тооцоход 22,000 төгрөг болно. 

14. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.2-т “оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө” гэж заасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэн хилээр оруулахад нь гаалийн байгууллага ногдуулан хураан авч төсөвт төлүүлдэг. Гаалийн хилээр нэвтрээгүй барааг худалдан авалт хийж буй оршин суугч этгээд төлбөр төлөхдөө НӨАТ-ын тооцоог нэмж авч төсөвт төлнө. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан гадаадын этгээдийн Монгол Улсад хийсэн борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татвар авах арга замууд бөгөөд аль аль нь оршин суугч бус этгээдээс оршин суугч буюу суутган төлөх үүрэг бүхий этгээд тухайн бараа, үйлчилгээг худалдан авсан байхыг шаардаж байна. “У” ХХК киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй өмчлөл ямар нэгэн байдлаар шилжээгүй болно. НӨАТ нь борлуулалтын шат дамжлага бүрд ногдох нь зөв боловч энэ тохиолдолд хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн киноны борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан. Гэтэл татварын байцаагч нар нэг шат дамжлага нэмж борлуулалт, худалдан авалтыг зохиомлоор үүсгэн НӨАТ нөхөн ногдуулж торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчсөн.

15. Тодруулбал, “У” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу “Б р” ХХК-ийн киног өөрийн кино театраар дамжуулан гаргаж хамтран ажиллахдаа тухайн киног борлуулсан тасалбар бүрт НӨАТ-ыг 10 хувиар тооцон төлсөөр ирсэн. Гэтэл гадаад улсын хуулийн этгээд “Б р” ХХК-ийн төлөх ёстой байсан 10 хувийн татварыг “У” ХХК-аас авах нь зүйтэй гэж шүүхээс дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчиж байна.

16. Иймд, Татварын байцаагч нар НӨАТ-ыг төлөөгүй хэмээн үзэж “Б р” ХХК-руу шилжүүлсэн 2015 оны 553,523,185.09 төгрөгийн гүйлгээнд 55,352,318.5 төгрөгийн нөхөн татвар, 16,605,695.6 төгрөгийн торгууль, 11,070,464 төгрөгийн алданги, 2016 оны 686,725,190 төгрөгийн гүйлгээнд 68,672,519 төгрөгийн нөхөн татвар, 20,601,755.7 төгрөгийн торгууль, 13,734,504 төгрөгийн алданги, 2017 оны 793,659,404 төгрөгийн гүйлгээнд 79,365,940 төгрөгийн нөхөн татвар, 23,809,782.1 төгрөгийн торгууль, 15,873,188 төгрөгийн алданги бүхий шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

17. Давж заалдах шатны шүүхээс “... “У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй гэх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй. ... ” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

18. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчиж “У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй.

19. Мөн хариуцагч нар нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.3.1-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө утсаар, шуудангаар, цахим хаягаар эсвэл мэдэгдэл бичиж татвар төлөгч буюу түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодогч зэрэг хүмүүсийг бэлэн байлгах талаар урьдчилан мэдэгдэж ... Маягт ХШ-05-ийг хүргүүлнэ”, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.1-д “Татварын улсын байцаагч нь зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ... урьдчилан мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж хууль журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс “... процесс ажиллагааны журмын зөрчил нь Зөрчлийн тухай хуулиар шинжийг нь тодорхойлсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чаддаггүй” гэж хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

20. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0205 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

21. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

22. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан ... бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд, 7.2.5“оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд нэмэгдсэн өртгийн албан татвар тус тус ногдохоор, 16 дугаар зүйлийн 16.1.2“/албан татвар суутган төлөгч нь/ оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх-өөр тус тус заасан байх тул БНСУ-д бүртгэлтэй “Б р” ХХК-ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн дэлхийн шилдэг кинонууд-ад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно; энэ тохиолдолд эдгээр кинонууд нь гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй буюу хийлгэх боломжгүй бараа тул гэрээний дагуу “Б р” ХХК-нд төлбөрийг шилжүүлж байгаа “У” ХХК уг үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байна.

23. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох гурван тохиолдлыг нэрлэн заасан, үүнийн нэг нь бараа, ажил үйлчилгээг гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан” бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул энэ тохиолдол нь тухайн бараа, ажил үйлчилгээг борлуулсан эсэхээс үл хамаарах буюу импортоор оруулсан-аар тухайн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, импортоор оруулж ирж буй этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үр дагавар үүсэх юм.

24. Хуулийн энэ зохицуулалтын дагуу барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулахдаа тухай бүр төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг мөн хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан журмын дагуу албан татварын хасалт, буцаалт хийх замаар, нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан борлуулах зорилгоор гадаад улсаас импортоор оруулж ирсэн этгээд биш, албан татвар төлөгч буюу хэрэглэгч төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар-ын агуулгыг хангах буюу эцсийн хэрэглэгч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх зохицуулалтыг хуулиар журамласан байна.

25. Тухайн тохиолдолд, “У” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт, буцаалттай холбоотой асуудлаар маргаагүй, энэ нь татварын улсын байцаагчийн маргаан бүхий ..... дугаар шийтгэлийн хуудсын үндэслэлд заасан зөрчил, шийтгэл оногдуулсан үндэслэлд хамаарахгүй тул энэ асуудлаар шүүх дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй; гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.У нарын гаргасан ... нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалтын шат дамжлага бүрд ногдох нь зөв боловч энэ тохиолдолд хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн киноны борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан ... кино тасалбарыг худалдан борлуулаад олсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувийг төлсөн /байхад/ ... татварын байцаагч нар нэг шат дамжлага нэмж борлуулалт, худалдан авалтыг зохиомлоор үүсгэн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж торгууль, алданги ногдуулсан нь хууль зөрчсөн гэх гомдлыг хүлээж авахгүй.

26. Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2... бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг”, 4.1.4" ... үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг” тус тус ойлгохоор заасан, БНСУ-ын “Б р” ХХК-ийн  “У” ХХК-ийн кино театруудаар дамжуулан гаргаж байгаа дэлхийн шилдэг кинонууд нь энэ тохиолдолд бараа бөгөөд, хоёр талын хооронд байгуулсан гэрээгээр тохирсон тасалбар борлуулсны үнийн дүнгийн 50 хувь нь  “Б р” ХХК-ийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа борлуулсны орлого, үлдэх 50 хувь буюу “У” ХХК-ийн орлогыг “Б р” ХХК-нд үйлчилгээ үзүүлсний орлого гэж үзэхээр байна.

 27. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.У нарын ... Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээг гаалийн мэдүүлгээр бүрдүүлэн хилээр оруулахад нь гаалийн байгууллага ногдуулан хураан авч төсөвт төлүүлдэг. Гаалийн хилээр нэвтрээгүй барааг худалдан авалт хийж буй оршин суугч этгээд төлбөр төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог нэмж авч төсөвт төлнө. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан гадаадын этгээдийн Монгол Улсад хийсэн борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татвар авах арга замууд бөгөөд аль аль нь оршин суугч бус этгээдээс оршин суугч буюу суутган төлөх үүрэг бүхий этгээд тухайн бараа, үйлчилгээг худалдан авсан байхыг шаардаж байна. “У” ХХК киног ямар нэгэн байдлаар худалдан аваагүй өмчлөл ямар нэгэн байдлаар шилжээгүй болно, ... нэмэгдсэн өртгийн албан татвар нь борлуулалтын шат дамжлага бүрд ногдох нь зөв боловч энэ тохиолдолд хоёр хуулийн этгээдийн хооронд нэг нь киног борлуулсан, нөгөө нь худалдан авсан зүйл байхгүй бөгөөд зөвхөн киноны борлуулалтын орлогыг тэнцүү хувааж авахаар тохиролцон ажилласан ... /тул нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авах ёсгүй/” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

28. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1“бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, ... түүнчлэн борлуулсан бол тухай бүрд /албан татварыг ногдуулах/”-аар, 16 дугаар зүйлийн 16.1албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1“тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж нарийвчлан журамласан; гомдол гаргагч “У” ХХК дээрх байдлаар БНСУ-ын “Б р” ХХК-нд борлуулалтын орлого шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварыг тухай бүр суутган авч, төсөвт төлөөгүй, нийт “2,650,543,074.0 төгрөгийн зөрчил, 203,736,119.8 төгрөгийн нөхөн татвар, 121,907,154.9 төгрөгийн торгууль, 73,487,657.7 төгрөгийн хүү, нийт 399,130,932.4 төгрөгийн төлбөр”-ийн үнийн дүнд талууд маргаагүй тул татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн маргаан бүхий ..... дугаар шийтгэлийн хуудсаар татварыг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр  нөхөн төлөх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцож, торгууль ногдуулсан нь Татварын ерөнхий хууль (2008)-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 43.8, 60 дугаар зүйлийн 60.3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг зөрчөөгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 (энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) дахь заалтад нийцсэн, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

29. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, ... “У” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, өмгөөлөгч авах боломж олгоогүй, ... хууль журмын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй гэх зэрэг нотлох баримтын үнэлгээнд холбогдох гомдол, маргаануудыг эцэслэн шийдвэрлэсэн, эдгээр асуудлаар хяналтын шатны шүүх давтаж дүгнэлт хийхгүй.

30. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 294 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ч.У нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                   Ч.ТУНГАЛАГ  

ШҮҮГЧИД                                                                      Х.БАТСҮРЭН

                                                                                       Ц.ЦОГТ

                                                                                       Д.МӨНХТУЯА