Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2023/00071

 

Т.К-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00287 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Т.К-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга /Т.А/-д холбогдох,  

 

“Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/569 дугаартай захирамжаар Цэнгэл сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Т.А нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж Т.К- надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн болно.

1.2.Миний бие тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус Хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Өнгөрсөн онд би сахилгын зөрчил гаргаагүй байхад сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.

1.3.Гэтэл Цэнгэл сумын Засаг дарга Т.А- нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №Б/34 дугаартай захирамжаар Т.К- нь тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна.

1.4.Ажил олгогчийн маргаан бүхий гэх 2022 оны Б/34 дугаартай захирамж нь Т.К- нь тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна.

1.5. Урьд нь энэ асуудлаар шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байсан ба анхан шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Иймд уг нэхэмжлэлийг шүүх хянан хэлцээгүй буцаасан тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болно.

1.6. Дээрх зөрчлийг ажил олгогч 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн байгаа. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцлага тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан зөрчлийг илрүүлснээсээ хойш 1 сарын дотор арга хэмжээ авах хэрэгтэй гэснийг зөрчиж байгаа. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн өөрт нь хаягласан албан тоот очсон байгаа. Хавсралтад нэхэмжлэгчийн цэцэрлэгчийн тэмдэг дарагдсан байгаа. Үүнийг хариуцагч өөрөө шүүхэд ирсэн тайлбартаа тодорхой дурдсан байгаа. Мөн эдгээр асуудлаас болж нэхэмжлэгч улсад хохирол учруулсан асуудал байхгүй. Зөрчлийн шийтгэвэр оногдуулсан байсныг төлж барагдуулсан байгаа. Энэ талаарх эрх бүхий байгууллагаас арга хэмжээ авсны дараа дахин арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй юм.

1.7: Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №Б/34 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбарша сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар бүхий албан бичиг нь Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бичигт бичигдэж, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбарша өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон баг хооронд хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан.

2.2.Дээрх зөрчлийн талаар Засга даргын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны үед мэдсэн ба энэ тухай Цэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан С.Айгерим нь мэдэгдсэн. Үүний дагуу сумын Засаг даргын зүгээс сонсох ажиллагаа явуулсан боловч эрхлэгч нарын зүгээс бичгээр тайлбар өгнө гэсэн. Сумын Засаг даргын хувьд Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх журам зөрчсөн эсэхийг шууд тогтоох боломжгүй байсан тул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөрчил мөн эсэхийг тогтоолгохоор хандсан. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийг засаг дарга зөрчил мөн эсэхийг нь шууд илрүүлэх боломжгүй байгаа. Яагаад гэвэл төрийн албан хэрэг хөтлөлтийн ерөнхий журмын дагуу эхлээд ирсэн албан бичиг нь санхүүгийн хяналтын албаны даргад цохогдож, үүний дараа засаг даргад ирүүлдэг. Мөн тухайн цэцэрлэгийн тамга дарагдсан албан тоотод дарагдсан тамга тэмдгийг ялгах боломжгүй байдаг.

2.3. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр засаг даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаагаар тамга тэмдэг ашиглах журам зөрчсөн мэдүүлэг авахад эрхлэгч нар тайлбар авахаас татгалзаж, дараа нь бичгээр тайлбар өгье гэсэн. Үүний дараа сумын засаг дарга зөрчлийг шууд илрүүлэх боломжгүй болж байгаа тул 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөрчил шалган шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн газрын Амангүлд хандсан байдаг. Харин Амангүл нь хяналтын байцаагч Еркегүлд цохолт хийж Еркегүл нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүний дараа нэхэмжлэгч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Зөрчил тогтоогдсоны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Засаг даргаас дахин сонсох ажиллагаа явуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар өөрөөс нь тайлбар авч, сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Бид нарын зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчил гаргасан. Үүнийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу улсын бүртгэлийн хэлтсээс зөрчлийн хэрэг нээж нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэсэн даруйд зөрчил илрүүлсэн гэж үзэж байгаа. Үүний дараа 10 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байгаа.

2.4. Т.К-ын үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфт хадгална”, 6.2-т “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан бус хэрэгцээнд ашиглах бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ гарахыг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0145182 дугаар шийтгэлийн хуудсаар Т.К-ыг 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.5. Мөн Т.К- нь тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна гэсэн ба Т.К-ын сахилгын шийтгэл ногдуулсан нь давхардуулан шийтгэл оногдуулж байгаа явдал биш бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас гаргасан зөрчилд нь торгох шийтгэвэр оногдуулсан нь ажил ологчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00287 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.К-ын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.К-ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Анхан шатны шүүх Т.К-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн явдалд гомдолтой байна.

4.2. Ажил олгогчоос ажилтан Т.К-ад сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01\450 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “ ..Тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбарша сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичиг нь Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бланкад бичигдэж, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Айбарша өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг, уг албан бичгийн хавсралтад Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон багш хооронд хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан.” гэжээ.

Ингэхээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Т.А-ы өөрт нь хаяглан ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга Т.А-ы 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б\34 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 “...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна'' гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дүгээр сарын 24-ны өдрийн 130\ШШ2023\00287 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Т.К-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдох гомдлоор авч хэлэлцэх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянав. 

 

            7. Ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/34 дүгээр захирамжаар тус сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К-ыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 8.1.7, 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 6.1, 6.2-т заасныг зөрчиж, байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан ашиглуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1, 7.2-т заасан үндэслэлээр “үндсэн цалинг 3 сар  хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

8. Ажилтан Т.К- нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн байхад давхардуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан ба түүний гомдол нь маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан хугацаа, урьдчилсан шаардлагыг зөрчөөгүй.

 

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажилтан Т.К-ын үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан буюу талуудын гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Т.К-ыг ажилд томилох тухай” Б/11 дүгээр захирамж /хэргийн 5 дахь тал/, 2022 оны 10 дугаар сарын 11-ний, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хэргийн 29-39 дэх тал/, талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 40-46 дахь тал/, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн материал /хэргийн 47-65 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.К- нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цэцэрлэгийн тэмдгийг зохих журмын дагуу, ажлын байранд, цоожтой шүүгээ, сейфт хадгалаагүй, бусдад буюу хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид ашиглуулж, тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээний 7.3.9 дэх заалтад хамаарах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хангалттай тогтоогджээ.

 

11. Ажилтан Т.К-аас  ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн байхад ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж давхардуулан шийтгэл оногдуулсан” гэж тайлбарласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь ажилтан Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчих зөрчлийн хэрэг үйлдэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3, 123.7 дахь хэсгийг үндэслэвэл, ажилтан Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн нь хууль буюу гэрээгээр хүлээсэн ажил, үүрэгтэй нь шууд холбогдолтой байвал ажил олгогчоос тухайн асуудлаар түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл шалтгаан болохгүй.

 

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Т.А-ы өөрт нь хаяглан ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга Т.А-ы 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б\34 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 “...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна'' гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх гомдлыг гаргажээ.

 

12.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар, ажил олгогч Цэнгэл сумын Засаг дарга Т.А- нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №01/333 дугаартай Зөрчил шалгуулах тухай албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтсийн даргад явуулснаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүл нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийг тогтоож, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэж, Т.К-ыг 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Улмаар хариуцагч Цэнгэл сумын Засаг дарга нь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчаас зөрчлийг тогтоосны дараа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин сонсох ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

12.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан “хугацаа нь ...сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж хуульчилсан. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн “...ажилтны гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогдсоноос хойш нэг сарын дотор буюу /19 хоногийн/ дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК