Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00087

 

Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** оршин суух Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух А.Е-д холбогдох,

 

“Машины үнэд өгсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

 Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга:   

1.1.Миний бие 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Е-аас **** УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгслийг бэлэн 3,000,000 төгрөгөөр авч байсан. Гэтэл тус тээврийн хэрэгслийн аржатр, таван бул нь эвдэрхий явахгүй машин байсан. Тухайн үед А.Е-ад хэлж машиныг авч ирэхээр нь буруугаа хүлээж, уг машиныг авч үлдсэн. Тэрнээс хойш 4 сар хүлээсэн ба арай гэж 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шөнийн 01 цагийн үед А.Е- нь **** БӨТ улсын дугаартай Sonata-5 маркийн тээврийн хэрэгслийг хүнээр бариулж авч ирээд үлдээгээд явсан. Гэтэл тус тээврийн хэрэгслийг маргааш нь харахад банк нь цоорхой, аржатр ажилддаггүй, эвдэрхий, бензин их иддэг, явдаггүй машин байсан.

1.2. Мөн энэ машин нь А.Е-ын эзэмшлийн машин байгаагүй өөр хүний машин байсан ба 2018 оноос хойш техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, ямар ч татвар төлбөр төлөгдөөгүй тээврийн хэрэгсэл байсан. Тус тээврийн хэрэгслийг 09 дүгээр сард арай гэж Өлгийд авч ирээд А.Е-ын хашаанд оруулаад буцааж өгсөн. Иймд А.Е- нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

1.3. А.Е- нь эрхийн болон биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан нь тодорхой болж зохих байгууллагаас тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугаарыг хурааж авсан тул би цаашид хууль ёсоор эзэмших, ашиглах, бусдад шилжүүлэх боломжгүй болж машиныг буцаасан тул машины үнэд өгсөн 3,000,000 төгрөгийг А.Е-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Миний бие автомашины наймаа хийдэг. 2022 оны 3 дугаар сарын дунд үед Увс аймгаас **** УВА улсын дугаартай Тоёота камер маркийн автомашиныг бусдад худалдахаар авч ирсэн. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын дунд үед Буянт сумын иргэн Ц.Ц- хажуудаа жолооч ажилтай гэх онц тээвэрчин Дорж гэдэг хүний хамт манай хашаанд автомашин худалдаж авахаар очсон. Ингээд тэд манай хашаанд 7-8 машин байсныг үзээд эцэст **** УВА дугаартай Тоёота камер маркийн машиныг авахаар тохиролцож уг автомашиныг 3,000,000 төгрөгөөр худалдсан. Мөнгийг надад Ц.Ц- бэлнээр өгсөн. Ингээд Ц.Ц- болон хажууд байсан хүн уг автомашиныг асааж өөрсдөө унаад манай хашаанаас гараад явсан.

2.2. Гэтэл 2022 оны 5 дугаар сарын дунд үед Ц.Ц- хажуудаа нөхөр Г- болон өөр хүнээр миний сарын өмнө худалдсан автомашиныг бариулж ирээд надад энэ автомашины аржатрыг халааж байгаад хагалчихлаа гэж хэлэхээр Өлгий сумын 12 дугаар багт автомашин засдаг Рамазан гэдэг хүн дээр очиход тэнд уг машины аржатар байсан ба 200,000 төгрөгөөр зарна гэж бидэнд хэлсэн. Тэгээд би Ц-, нөхөр болох Г- нарт та нар 200,000 төгрөгөөр энэ аржатрыг аваарай. Уг аржатрыг автомашинд би угсарч өгье гэж хэлэхэд бидэнд аржатар авах бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд уг автомашиныг манай хашаанд орхиод эхнэр Ц.Ц- буцаад Буянт сум руу явсан ба харин нөхөр Г- манайд 2-3 хоног байсан. Энэ үед нөхөр Г-д би “манай хашаанд Соната-5 маркийн машин байна, үүнийг авах уу” гэж хэлэхэд “эхнэртэй ярьж байгаад шийдье” гэж нөхөр нь буцаад явсан.

2.3.Тэгээд хэд хоногийн дараа нөхөр Г- над руу ярьж, “Та нөгөө Соната-5 маркийн машиныг Буянт суманд хүргэж өгөөрэй” гэсэн. Ингээд би шатахуун хийж аваад 2022 оны 5 дугаар сарын 20-ны үед Соната-5 маркийн автомашиныг Буянт сумын Хөх эрэгт байдаг Ц.Ц-, Г- нарын гэрт хүргэж өгсөн. Энэ үед би хоёр автомашинтай очсон. Энэ үед Г- надад “танд баярлалаа” гэж нэг хонь өгсөн. Ингээд би Соната-5 маркийн автомашиныг тэнд үлдээгээд өөрийн автомашинаар Өлгийд буцаж ирсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын үед Улаанбаатар хотод явж байхдаа манай хүүхдүүд надад “Аав таны нөгөө Буянт суманд худалдсан Соната-5 автомашиныг Буянт сумын хүмүүс унаж ирээд хашаанд үлдээгээд явсан.” гэсэн. Тэр үед манай хүүхдүүд “Манай аав хотод байгаа, одоо та энэ автомашиныг аав хотоос ирсний дараа авч ирээрэй” гэж хэлэхэд тэд хүчээр шахуу автомашиныг манай хашаанд тавиад явсан байна.

2.4. Соната автомашин Цэнгэл сумын иргэн К гэдэг хүний нэр дээр байсан ба би 2022 онд Ц-д хандаж уг автомашиныг та нарын нэр дээр буулгаж өгье. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас К ирсэн байна, торгууль болон бусад төлбөрийг төлж өгье гэж хэлж байсан боловч өөрсдөө бид хөдөө байна тэгж байгаад очно гэж хэлээд маш их цаг алдагдуулсан. Иймээс Ц.Ц- нь 2022 оны 5 дугаар сард худалдаж авсан автомашиныг бараг нэг жил гаруй унаад авч ирж өнөөдөр надаас 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00316 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.Е-аас 3,000,000 (гурван сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ц.Ц-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 (жаран хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 62950 (жаран хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Анхан шатны шүүх Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй А.Е- надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэгч Ц.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

4.2. Зохигчдын хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Иргэний хуулийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.Ц- нь тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254.1-д заасныг ноцтой зөрчиж байна. Ц.Ц- нь А.Е-ын автомашиныг худалдаж авснаас хойш 7 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан тусгай шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 130/ШШ2023/00316 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүх Ц.Ц- миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн 00316 дугаартай шийдвэр нь хууль ёсонд болон шударга зарчимд нийцсэн үндэслэл бүхий болсон, хохирсон иргэний эрх ашгийг хамгаалж гарсан шийдвэр гэж үзэж байна.

5.2. Иргэний хуулийн 254.6-д заасан 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн заалтыг дурдсан байна. Үүнд доорх тайлбарыг хэлье.

5.3. Анхны машиныг өгөөд тун удалгүй эвдэрснийг нь мэдээд мөнгийг өгье гээд уучлалт хүсээд уг машиныг буцааж авсан. Уучлалт хүсээд яваа учир нь А.Е-ын эхнэр нь манай сумын урианхай бөгөөд манай хамаатан юм.

5.4. Энэ машиныг буцааж авсны дараа мөнгийг маань буцааж өгнө гэж явсан А.Е- нь нэг шөнө манай гэрт машинтай ирж хоносон. Тэр шөнөдөө А.Е- нь бидэнд “Та нарт маш сайн чанарын машин авч ирсэн. Одоо энэ машин та нарт урт хугацаагаар ашиглагдах болно.” гэж хэлж машиндаа суулгаад биднийг авч явж тэр хэсэг газраар явж үзүүлж магтахаар нь бид уг машиныг нь түүнд итгээд мөнгөнийхөө оронд авч үлдсэн. А.Е- нь маргааш нь явах үедээ бидэнд “Би бусдаас эвдэрсэн машин худалдаж авч нэг нэгэнд нь сэлбэн засаж сайжруулсан тул чанартай болсон. Хэрэв ямар нэгэн эвдрэл согог байвал авч ирж өгөөрэй, засаж өгнө, эсвэл мөнгийг чинь өгнө. Асуудал байхгүй” гэж хэлсэн байсан.

5.5. Гэтэл тэр машин нь бас эвдэрхий байсан болохоор Өлгий очихдоо бид түүнд машин чинь эвдэрхий байна. Түүнийгээ буцааж ав гэж хэлэхэд Е- нь “Авч ирээд өгөөрэй” гэсэн. Бид Е-ад “машин чинь эвдэрхий юм байна буцааж ав” гэж уг машиныг авч ирсний хорин хэдэн хоногийн дараа Өлгийд гэрт нь очиж хэлсэн. “Авахгүй бол авч ирээд өгөөрэй. Засахаар бол засъя. Хэрэв боломжгүй бол мөнгийг чинь өгнө” гэж А.Е- хэлсэн. Тэгээд удалгүй хөдөө байхдаа машиныг нь арай гэж бусдаар засуулж авч ирж Е-ад хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд энэ машиныг хүлээж аваад буцаад өгсөн хугацаа нь удлаа гэхэд 2-3 сар л болсон. Гэхдээ бид машиныг Е- бидэнд өгсний дараа эвдэрхий машин байна гэдгийг нэг сарын дотор мэдэгдэж буцааж өгнө гэдгийг хэлсэн.

5.6. Харин машиныг асааж хүргэж өгөх үед эвдрэлийг нь бусдаар засуулж янзлах гэж нэг сар өнгөрөх хугацаа болсон. Тэгэхээр А.Е-ын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж байгаа шалтгаан нь үндэслэлгүй.

5.7. А.Е- нь над мэтийн Буянт сумын малчин хэд хэдэн иргэдэд эвдэрсэн, зассан гэх машинуудыг өгч тэр нь хэл ам болоод байгаа бөгөөд малчид томоотой тулдаа сүүлдээ заргалдалгүй хаясан юм.

5.8. Би А.Е-ад нэг биш 2 удаа залилуулсан. Бензин шатахуун, сэлбэгийн зарим үнийг нь төлж олон байдлаар хохирсон ч гэсэн нутгийн хүргэн гээд нэхэмжлээгүй. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, Ц.Ц- хариуцагч А.Е-ад холбогдуулан  “машины үнэд өгсөн 3.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            7. Нэхэмжлэгч Ц.Ц- болон хариуцагч А.Е- нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч Ц.Ц- нь А.Е-ад 3.000.000 төгрөг бэлэн өгч **** УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч,  нэхэмжлэгч Ц.Ц- нь мөнгө өгч хариуцагч  А.Е- нь автомашин өгснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хэрэгт хуульд заасан үндэслэлээр цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад нэхэмжлэгч Ц.Ц- нь **** УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгсэл нь доголдолтой гэх үндэслэлээр буцаасан боловч хариуцагч А.Е- нь худалдсан гэх дээрх тээврийг хэрэгслийг өөрөө буцаан авсан боловч 3,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй, оронд нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр **** БӨТ дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн машиныг нэхэмжлэгч Ц.Ц-д өгчээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц- нь гэрээний зүйл болох автомашин нь доголдолтой, (банк нь цоорхой, радиатор нь ажилладаггүй, эвдэрхий, 2018 оноос хойш техникийн үзлэгт хамрагдаагүй, торгууль төлбөр төлөгдөөгүй) эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг цуцлах тухай хариуцагч А.Е-ад мэдэгдэн, тухайн машиныг дахин буцаасан байна. №******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр **** БӨТ улсын дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн, суудлын автомашины өмчлөгч нь хариуцагч А.Е- биш, харин иргэн Т.К болох нь тогтоогджээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц- нь гэрээний зүйл болох автомашиныг доголдолтой, эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээг цуцлах эрхтэй ба талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Ц- нь **** БӨТ дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч А.Е-ад буцаасан тул, хариуцагч А.Е-аас 3.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-д олгож шийдвэрлэсэн нь маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

10. Хариуцагч А.Е-ын “...Зохигчийн хооронд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Иргэний хуулийн 254.6-д заасан 6 сарын хугацааг хэтрүүлж, 7 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан тусгай шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье...” гэх давж заалдах гомдол нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

11. Анх худалдах-худалдан авах гэрээ 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан боловч **** УВА улсын дугаартай Sunny маркийн тээврийн хэрэгслийг доголдолтой гэх үндэслэлээр буцаасан, талууд харилцан зөвшилцөж анхны гэрээг дахин тохиролцон 2022 оны 10 дугаар сарын сарын 15-ны өдөр **** БӨТ дугаартай HYUNDAI, Sonata 5.0 маркийн машиныг худалдагчаас худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч уг эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг дахин цуцлах тухай худалдагч А.Е-ад худалдан авагч мэдэгдэн, тухайн машиныг буцаасан, түүнийг худалдагч хүлээн зөвшөөрч буцаан хүлээн авсан  үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэргийн оролцогчийн гаргаж өгсөн, тэдгээрийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хэмжээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын талаар үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

            12.  Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 130/ШШ2023/00316 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                                                                                          

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ