| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 106/2020/0653/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 15.1.1., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 36
Б.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ж.Наранбаяр, хохирогч М.Н, түүний өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
1
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1279 дугаар магадлалтай, Б.Х-д холбогдох 1805002670712 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ж.Наранбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эх барих эмэгтэйчүүдийн төрөх тасгийн их эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,
Хохирогчийн нэхэмжлэлээс нийт 16,474,856 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-аас 5,832,800 төгрөг гаргуулж, хохирогч М.Н-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие Эрүүл мэндийн тухай хууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулан гаргасан “Жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй” удирдамж, Монгол Улсын стандарт MNS 61888:2010 Амаржих газрын бүтэц, үйл ажиллагаа, төрөх тасгийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт зэргийг тухай бүр удирдлага болгон ажиллаж ирсэн бөгөөд М.Н-т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эдгээр хууль, дүрмийн нэг ч заалтыг санаатайгаар зөрчөөгүй. М.Н-т 4 цаг тутамд 1 удаа үзлэг хийж, биеийн байдлыг нь үнэлж байсан. Улмаар түүнийг халуурч байсныг илрүүлсэн ба өгсөх замын халдвартай байж болзошгүй гэж сэжиглэн яаралтай шинжилгээ авч антибиотик эмчилгээг эхлүүлсэн. М.Н-ийг төрөх үед түүний дүлэлт хангалтгүй, ураг бүтэж эхэлсэн учраас удирдамжийн дагуу вакум таталт хийсэн. Энэ нь зөв шийдвэр байсныг төрсөн хүүхэд хүндэвтэр бүтэлттэй төрөөд шууд эхтэйгээ хамт байж ангир уургаа амлаж чадахгүй Няран тасагт бүтэлтийн эсрэг эмчилгээ хийгдсэнээс харагдана. Хэрэв эхийг өөрөө дүлэхийг хүлээж хугацаа алдсан бол хүнд бүтэлттэй хүүхэд төрөх, магадгүй хүүхэд төрөх замдаа эндэх аюултай байсан. Стандартад төрсөн эхийг төрөх өрөөнд 2 цаг хянана гэж заасны дагуу хяналтаа тавьж тухайн хугацаанд эхэд ямар нэг хүндрэл, цус алдалт байхгүй байсныг тусламж үйлчилгээ хяналтын хуудас, төрсний дараах тасагт шилжүүлэх хуудас зэргээс харж болно. Гэтэл М.Н-т үзүүлсэн эмнэлгийн бүх тусламж үйлчилгээ хууль стандартын дагуу хийгдсэн байхад яг ямар хууль, стандарт, удирдамжийг зөрчиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдэд тодорхой хариулаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад ч бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнд гомдолтой байна. Эхийн умайн хүзүүг шалгахад илэрхий цус гарч байгаа урагдал харагдаагүй бөгөөд төрөх орон дээр хянагдах 2 цагийн хугацаанд ч үтрээнээс цус алдаж байгаа шинж тэмдэг илрээгүйг, мөн төрөх үед болон төрсний дараах 2 цагийн хугацаанд нийт 300 мл цус алдсан байсныг хэмжиж төрөлтийн түүхэнд тэмдэглэсэн. Вакум таталт хийх үед хүүхдийн толгой үтрээнд орж ирсэн, толгойн орой хэсэг бэлгийн уруулын завсраар цухуйж, умайн хүзүү хүүхдийн хүзүү орчим байдаг тул вакумын аяга, умайн хүзүү хоёр хоорондоо хүрэлцэх боломжгүй юм. Шинжээчийн 953 дугаартай дүгнэлтийн хариултад “Төрөлтийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэл” гэсэн байтал давж заалдах шатны шүүх “Б.Х-ын үйлдэл нь эмнэлгийн мэргэжилтний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна” гэж дүгнэж эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэлийг санаатай гэмт хэрэг гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Шинжээчийн дүгнэлтүүдээс харахад төрөлтийг удирдсан эмч эхийг төрүүлснийхээ дараа түүнийг тасралтгүй цус алдаад байхад нь огт хянахгүй байсаар төрсний дараах тасагт шилжүүлсэн юм мэт ойлгогдож байна. Гэтэл төрөх орон дээр хянагдах 2 цагийн хугацаанд эхэд ямар нэг хүндрэл гараагүй, цус алдалтгүй байсан нь эх баригчийн 15 минут тутам хянасан тэмдэглэл, төрсний дараах тасаг руу шилжүүлсэн тэмдэглэл, 16 цаг 10 минутад төрсний дараах тасагт хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэргээс харагдана. Төрсний дараах умайн агшилт сулралтын шалтгаант эр үеийн буюу 24 цагийн доторх цус алдалт гэж онош байдаг бөгөөд үүнийг урьдчилан таамаглах боломжгүй байдаг. Тийм ч учраас төрсөн эхийг төрөх орон дээр 2 цаг хянаж 15 минут тутам умайн агшилт үнэлдэг, мөн төрсөн эхийг заавал төрснөөс нь хойш 24 цаг эмнэлэгт хэвтүүлж хянадаг. 4200 грамм хүүхэд төрүүлсэн, төрөхийн өмнө халуурч байсан, умайн агшилтын сулрал үүсэх эрсдэлтэй гэж үзээд 2 цаг хянах хугацаандаа умай агшаах эмчилгээ хийгээд, цаашид үргэлжлүүлэхээр бичсэн. 18 цаг 40 минутын жижүүр эмчийн үзлэгт умайн ёроол баруун хавирганы нуман дор тэмтрэгдэнэ. Амьд сорьцын шинжилгээний хариу нь умайн хүзүүний урагдал, архаг экто-эндоцервицит, сэдэрсэн, эндомиометрит, умайн булчингийн агшил сулрал гэж гарсан зэрэг нь умайн агшилтын сулрал байсныг харуулж байна. Төрсний дараах хяналтыг төрөх өрөөний эмч нар ямар хугацаанд хийх зэргийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой ялгаж өгөөгүй, ямар ч эмч умайн агшилтын сулралыг урьдчилан мэдэх боломжгүй байхад уг хүндрэлийг эрт оношлоогүй гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Шинжээчийн зөрүүтэй дүгнэлтээр намайг буруутгаж байгаа. Хэргийн бодит үнэнийг тогтоож чадаагүй. Умай болон умайн хүзүү гэдэг бол 2 өөр эрхтэн, үүрэг ажиллагаа нь өөр өөр байдаг. Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй удирдамжийг умайн Р-81-д “умайн хүзүүний урагдлын үед урагдлын цаад төгсгөлөөс хөвөрдөж оёно” гэж заасан байдаг. Умайн хүзүүний урагдлын үед умайг шууд авна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй байдаггүй. Гэтэл мэс заслын үед оёх оролдлого хийсэн тухай, яагаад умай үлдээх боломжгүй шууд умайг авч байгаа тухай тэмдэглэл байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдэд энэ нь буруу шийдвэр байсан эсхүл өөр шалтгаантай умай асан эсэхийг тодруулаагүй. Намайг буруутгаж буй дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй. М.Н нь төрснөөсөө хойш 3 удаагийн мэс засалд орсон ба эхний мэс заслаас хойш Эрчимт эмчилгээний тасагт антибиотик эмчилгээ хийсээр байхад идээт халдвар, үжлээр хүндэрч байгаа нь энэ хүн архаг халдвартай байсан эсэх, тэр нь хүндрэл гарах суурь нь болж өгсөн эсэх, архаг халдвар байсан бол хэзээ оношилж эмчлэх байсан талаар шинжээчийн дүгнэлтүүд тодруулж өгөөгүй нь тухайн тохиолдлыг нухацтай шинжилж, өргөн хүрээтэй авч үзсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ энэ хүндрэлийн талаар зурагт үзүүлэн ашиглан онолын үндэслэлтэй тайлбар хийж, прокурор, өмгөөлөгчдийн асуултад хариулсан байтал тог тасарсан шалтгаанаар хурлын тэмдэглэлд энэ хэсгүүдийг нэг бүрчлэн бичигдээгүй, мөн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт огт хадгалагдаагүй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар хэлэхэд шүүгч “шүүх хурал эхлэхэд эрх, үүргийг чинь танилцуулсан уу” гэсэн асуултад хариулт авснаар шүүх хурал хэвийн явагдсан гэж үзсэн нь миний гэм буруугүй гэдгээ нотлохын тулд мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. М.Н умайгаа авахуулсан, дахин төрөх боломжгүй болсон гэдэг бөгөөд миний бие умай авах шийдвэр гаргаагүй, тэр хагалгаанд оролцоогүй. Гэтэл намайг эхийг төрүүлэх үедээ умайн хүзүүг урсан нь умай авах шалтгаан болсон гэж буруутгаж буй нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай салбарт дагаж мөрддөг стандарт, удирдамжид умайн хүзүүний урагдлын үед умай авна гэсэн нэг ч заалт байхгүй, одоо болтол ямар шалтгаанаар умайг авсан нь тодорхойгүй, эргэлзээтэй, хороондоо зөрүүтэй дүгнэлтүүдээр буруутгаж ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “....Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.Х нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, зарим шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт ач холбогдол бүхий гэрч нарыг асуугаагүй, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Өөрөөр хэлбэл хэргийн жинхэнэ байдлыг нотолж чадаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 456 дугаар дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Гэтэл уг хоёр нь хоорондоо зөрүүтэй. 456 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийг вакум таталтын үед умай урагдсан байх боломжтой гэж үздэг. 953 дугаартай дүгнэлтээр хагалгаанд орсон нь гэмтлийн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Хоёр шатны шүүх Б.Х-ыг эмнэлгийн ямар хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилсан сэргийлэх ажлын стандарт, удирдамжийн ямар заалтыг хэрхэн, яаж зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахин мөрдөх ёстой. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар эмнэлгийн ажилтан нь тухайн стандартыг мөрдөн ажиллах ёстой. Миний үйлчлүүлэгчийн хувьд жирэмсний болон төрсний дараах нөхцөл байдалд тусламж үзүүлж ажилласан, стандартыг мөрдөж ажилласан байдаг. Гэтэл холбогдох дүрэм, журмыг хэрхэн яаж зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа болсон гэж үзэж байна. Мөн нарийн мэргэжлийн эмч буюу эх барих эмэгтэйчүүдийн эмчийг шинжээчээр оролцуулах ёстой байсан гэж үзэж байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч буюу ерөнхий мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа. Анхан шатны шүүхэд дахин шинжилгээ хийлгэж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хангадаггүй. Тухайн төрөх үйл явцыг бий болгоход багаараа ажилладаг, эх баригч эмч, нярайн эмч, тухайн ээлжинд гарч байсан хүмүүсийг огт байцаагаагүй бөгөөд хэргийн жинхэнэ бодит байдлыг нотолж чадаагүй. Миний үйлчлүүлэгч 14 цаг 05 минутад хагалгаанд орж, хохирогчийг 16 цаг 10 минутад хүлээлгэж өгсөн ба тухайн үед ямар нэгэн хүндрэл гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хяналт тавьж чадаагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгадаг боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Х нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй, хэргийн жинхэнэ байдлыг тогтоож чадаагүй байхад хоёр шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх магадлалд өмгөөлөгчийн дахин дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх хангасан байна гэж дүгнэлт хийсэн. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаагүй, хэргийг шийдвэрлэсэн буюу оролцогчийн эрхийг хязгаарласан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрэв хэрэгт авагдсан баримтуудаар хэрэг нотлогдон тогтоогдсон гэж үзвэл хамгийн сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтэд М.Н-ийг вакум таталтаар төрүүлэхэд умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд гарсан хүндрэл гэж тусгасан. Өмгөөлөгчийн хувьд хүндрэл нь гэмт хэрэгт тооцогдох боломжгүй гэж үзэж байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байх шинжийг шаардаж байна. Анхан шатны шүүх Б.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх Б.Хыг үйлдэлдээ санаатай, хор уршигтаа болгоомжгүй хэлбэрээр хандсан байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн санаатай үйлдэл байх ёстой бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолсон тохиолдолд гэм буруугийн асуудал яригдах нь зүйтэй. Эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг болон үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг тухайн эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэхдээ дагаж мөрддөг хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичгээс дэлгэрүүлэн иш татаж чухам ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоосон байх шаардлагатай. 1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар талд Б.Х нь төрөлтийг удирдаж дууссаны дараа М.Нийн умайн хүзүүг шалгаж урагдалгүй байна гэсэн тэмдэглэлд байдаг. Хэрэв урагдал байсан бол зохих ёсоор оёогүй байсан бол санаатай үйлдэл харагдана. Эмчийн хувьд шалгаад урагдал байгаагүй учир 2 цагийн хяналтаа зохих журмын дагуу хийгээд шилжүүлсэн байдаг. Б.Х-ын хувьд санаатай үйлдэл харагдахгүй байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 194-195 дугаар талд 2 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хяналтын хуудсанд эх баригч н.О-ийн гарын үсэгтэй тэмдэглэл байдаг бөгөөд 16 цаг 10 минутад төрсний дараа тасагт шилжүүлсэн баримт байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудад дүгнэлт хийгээгүй. Эмчийн мэргэжлийн алдаа болгон гэмт хэрэг болох ёсгүй. Мэргэжлийн алдаа гагцхүү санаатай тохиолдолд энэ зүйл ангиар гэм буруутайд тооцогдох ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар санаатай үйлдэл тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх 456, 953 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгодог боловч эдгээр дүгнэлтүүд нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн, цагаатгах шинжтэй байдаг. Вакум таталтаар төрүүлсэн нь зөв байна гэсэн шинжээчийн дүгнэлт байдаг. 239 дүгээр талд өгсөх замын халдвартай тэр нь сэдэрсэн, эрүүл мэндийн талаар баримт байдаг. Зайлшгүй шалтгаанаар хохирогчийг өөрөөр нь төрүүлж, хүндрэл гарсан учир вакум таталт хийсэн үйлдэлдээ буруу байхгүй. Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлтийн 8, 9 дүгээр хариултад умайг тайрах мэс засал хийсэн эмч нар хэвийн хөндийн түгмэл идээд гялтангаас үүсгэж, идээт хордлого, түүний дайрлага үүссэн ба сэмж, 2 талын үрийн хоолой идээлж тэдгээрийг тайрсан нь эрхтэнгүй болох, үлдэц уршигт байдал үүсгэсэн байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 24-29-ний хооронд эхийг үзэж хянасан эмч нар эхэд үүссэн хэвлийн хөндийн гялтансыг оношлоогүй, эмчилгээг шийдвэрлээгүй хугацаа алдсан алдаа гаргасан байна гэсэн дүгнэлт байдаг. Санаатай үйлдлийг шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримт, мөрдөн шалгах бусад ажиллагаагаар тогтоогоогүй, мөн шаардлагатай нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй учир гэм буруутайд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаанаар анх хэлэлцэхэд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах, шинжилгээ хийлгэх үндэслэлүүдээ дурдаж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Хоёр шатны шүүх хуралдаанд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн зарчмаар шүүх шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа. Гэтэл шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нотлогдохгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг байр суурьтай оролцсон. 953 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 шинжээч, мэргэжлийн салбар зөвлөлөөс 2 шинжээч оролцсон бөгөөд салбар зөвлөлөөс оролцсон шинжээчийг шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нараас хуульд заасан татгалзах үндэслэл байгаа эсэх талаар мөрдөгч, прокурор танилцуулаагүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн байр суурьнаас гомдлоо гаргасан. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянана гэж заасан. Үүнийг үндэслэж хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох үүргээ прокурор, мөрдөгч хэрэгжүүлж чадаагүй. Эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Борхүү хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад тог тасарч тодорхой хугацаанд дуу, дүрсний бичлэг хийгдээгүй, хурлын аудио бичлэг /диктафон/ хийгдсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг хоорондоо зөрүүтэй байна гэдэг зүйл яригдсан боловч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил биш байна гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч эмнэлэгт төрөх гэж очсон боловч эмнэлгээс гарахдаа эд эрхтэнгүй болж гарсан. Б.Х нь миний үйлчлүүлэгчийг халуурсан, халдвартай байна гэдгийг урьдчилсан байдлаар мэдсэн бөгөөд антибиотек эмчилгээ хийгдсэн гэдэг. Хэрэв ийм нөхцөл байдал үүссэн бол нарийвчилсан шинжилгээ, оношилгоонд оруулах ёстой. Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төв нь төв эмнэлэг буюу бүх шаардлагатай техник төхөөрөмжөөр тоноглогдсон гэж ойлгож байгаа. Гэвч нарийвчилсан дүрс оношлогоо, эхо, аппаратыг ашиглаагүй. Төрсний дараагаар цус алдсан, хүндэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тайлбарладаг. Умайн хүзүү урагдсан, умайд ямар нэгэн эмгэг бий болсон уу гэдгийг хараад мэдэх боломжгүй гэж үзэж байна. Үйлчлүүлэгчид маань үзлэг хийгдээгүй бөгөөд 16 цаг 40 минутаас хойш түүнийг хэнд ч хүлээлгэж өгөөгүй, нэг өрөөнд оруулаад орхисон. Бие нь муудаад болохоо байгаад хүний хөлийн чимээ чагнаж тусламж дуудаад 18 цаг 40 минутад хүн орж ирсэн байдаг” гэв.
Хохирогч М.Н шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгч, прокурорыг шүүгдэгчийн талд байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбарыг үргэлжлүүлэн ярихыг зөвшөөрсөн атлаа миний өмгөөлөгчийн яриаг таслан зогсоосон. Шүүгдэгчийн үйлдлээс хамаарч миний амьдрал оронгоороо эргэсэн. Миний сүүлийн 4 жилийн хугацаа амьдрал биш там байсан. Олон жилийн хугацаанд шүүхээр явж байна, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Б.Х-ын буруутай үйлдлийн улмаас сав гэдэг эрхтнээ алдсан, цаашид үр хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болж байгаа. Шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдсэнээр Б.Х нь эмчлэх эрхээ хоёрхон жилээр хасуулна, түүний амьдрал хэвийн үргэлжилнэ. Миний хувьд амьдрал хэвийн үргэлжилж чадахгүй байна. Надад маш хэцүү байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад хоёр шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн яамны сайдын 2002 оны 42 тоот тушаалаар батлагдсан жирэмслэлт, төрөлтийн хүндрэлийг удирдах арга зүй гэсэн удирдамжийн дагуу төрсний дараах хүндрэлд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг талаар заасан стандарт, дүрэм, журам байна. Шүүгдэгч нь энэ дүрэм, журмын ямар заалтыг, ямар үндэслэлээр зөрчсөн, эсхүл ямар эмчилгээ, үйлчилгээ хийгээгүй гэдгийг тодорхой шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ж.Наранбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх тасагт иргэн М.Нийн төрөлтийг удирдаж төрүүлсний дараа эхийн эрүүл мэндэд хяналт тавих, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үл биелүүлж вакум таталтаар төрүүлэх явцад үүссэн умайн хүзүүн урагдалтыг оношилж чадаагүй хугацаа алдсанаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал бий болж, улмаар умайг тайрах мэс засал хийлгэсэн бөгөөд цаашид хэвлийн хөндийн түгээмэл идээт гялтангаас хордлого, түүний дайрлага үүссэн ба сэмж, 2 талын үрийн хоолойг тайрч эрхтнээс хагацуулсан үлдэц уршигт байдал тогтоогдож эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Хы гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Х-д дээрх зүйл, хэсэгт зааснаар эмчээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноос гадна хохирлын хэмжээг үндэслэлтэй тогтоосон байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс шат шатны шүүхүүдэд уг хэргийн нотолбол зохих байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгах, үүнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий гомдлыг гарган мэтгэлцэж, гэм буруугийн асуудал дээр маргасаар иржээ.
Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.Х нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болохыг хохирогч М.Н, гэрч Б.М, Я.Б, Ч.М нарын мэдүүлэг, шинжээчийн 456, 953 дугаартай дүгнэлтүүд болон төрөлтийн түүх зэрэг нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй тогтоосон байх бөгөөд уг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 667 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1279 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Ж.Наранбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН