Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 205/МА2023/00023

 

Завхан ******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2023/00244 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан ******* ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй Н.*******, Г.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 5.144.761 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан ******* ******* ******* ХХК хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 5.144.761 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Н.******* нь хамтран зээлдэгч Г.*******ийн эзэмшлийн автомашиныг барьцаалан Завхан ******* ******* ******* ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан 3,330,000/ гурван сая гурван зуун гучин мянга/төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр хэрэглээний зээл зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 03 дугаар сараас хойших хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээл төлөх талаар тавьсан удаа дараагийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул зээлийн төлбөр 3,330,000 төгрөг хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийн төлбөрийг зээлдэгч Н.******* хамтран зээлдэгч Г.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* хариу тайлбартаа: Анх 2019 онд Г.******* гэдэг найзынхаа эзэмшлийн автомашиныг барьцаалж 2019 оны 03 сарын 28-ны өдөр Завхан ******* ******* ******* ХХК-иас 2.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, хүргэн ах ******* мод түлээ хийнэ, эргэлтийн мөнгө өгөөч гэхээр түүнд зээлсэн. Би хүргэн ах *******аас одоог хүртэл ганц ч төгрөг аваагүй. Үүнээс хойш сар бүрийн эргэн, төлөлтийг хугацаанд нь төлж, 2019 оны 04 сарын 30-ны өдөр 120,000 төгрөг, 2019 оны 05 сарын 28-ны өдөр 66.000 төгрөг 2019 оны 06 сарын 27-ны өдөр 126,000 төгрөг, 2019 оны 07 сарын 30-ны өдөр 126,000 төгрөгийг төлөөд би ******* компани руу явж 1 сар гаруй хугацаанд сургалтад сууж, цаашид ажилгүй тогтмол цалингүй болсон учир сар бүрийн эргэн төлөлтийг төлөлгүй явсаар 2020 оны 02 сарын 13-ны өдөр 130,000 төгрөг, 2020 оны 06 сарын 16-ны өдөр 130.000 төгрөг нийт 698,000 төгрөг төлсөн байна. Н.******* миний бие ажилгүй болсны улмаас сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй явж байтал 2021 онд Завхан ******* ******* ******* ХХК- иас яриад сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийхгүй бол шүүх рүү өгөх гэж байна. Тиймээс ирж гэрээгээ шинэчил гэхээр нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр очиход 2,000,000 сая төгрөг маань хүү болон алданги тооцогдож 3,330,000 төгрөг болсон байсан ба 2021 оны 11 сарын 29-ний өдрийн ******* тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. 2022 оны 01 сарын 03-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-ны өдөр 200,000 төгрөг нийт 340,000 төгрөгийг төлсөн байна. Би сар бүр эргэн төлөлтийг төлж явсан ч ажилгүй болсны улмаас, төлж чадахгүй байдалд хүрсэн. Би тогтмол орлоготой байх үедээ хугацаанд нь төлж байсан. Завхан ******* ******* ******* ХХК нь зээлийн төлбөр 3,330,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийг нэхэмжилсэн. Би үндсэн 2,000,000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 1,038,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Г.******* хариу тайлбартаа: Миний бие Завхан ******* ******* ******* ХХК-иас Н.******* зээл авахад батлан даагчаар зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх талаар зээлдүүлэгчийн хүсэлтээр хэд хэдэн удаа ярилцсан. Н.******* хэлэхдээ би зээл авч хэрэглэсэн тул чамд ямар ч хохирол учруулахгүйгээр би өөрөө төлнө гэж хэлсэн.Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 5,144,761 төгрөг нь зээлийн төлбөр, хүүгийн төлбөрөөс 270,396 төгрөгөөр зөрүүтэй байгаа тул тодруулж өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2023/00244 дугаар шийдвэрээр

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******, Г.******* нараас зээлийн төлбөрт 3.300.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 270.396 төгрөг, нийт 5.144.761 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Завхан ******* ******* ******* ХХК-нд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,266 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.*******оос 48,633 төгрөг, хариуцагч Г.*******оос 48,633 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.******* Г.******* нарын зээлийн гэрээний үүрэгт нийт 5,144,761 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 140/ШШ2023/00244 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

"Завхан ******* ******* *******" ХХК-иас Н.******* би онд Г.******* гэдэг найзынхаа эзэмшлийн автомашиныг барьцаалан 2019 оны 03 сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөгийг хэрэглээний зээл зориулалтаар авсан. Энэ мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй. Хүргэн ах ******* мод түлээ хийх гэсэн эргэлтийн мөнгө өгөөч гэхээр нь түүнд өгсөн. Гэтэл хүргэн ах ******* одоог хүртэл надад нэг төгрөг ч өгөөгүй. Би өөрөө хохирсон

Үүнээс хойш сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж

1. 2019 оны 04 сарын 30-ны өдөр 120,000 төгрөг,

2. 2019 оны 05 сарын 28-ны өдөр 66,000 төгрөг

3. 2019 оны 06 сарын 27-ны өдөр 126,000 төгрөг,

4. 2019 оны 07 сарын 30-ны өдөр 126,000 төгрөгийг төлөөд би ******* компани руу явж 1 сар гаруй хугацаанд сургалтад сууж, цаашид ажилгүй тогтмол цалингүй болсон учир сар бүрийн эргэн төлөлтийг төлөөгүй.

5. Ингээд 2020 оны 02 сарын 13-ны өдөр 130,000 төгрөг

6. 2020 оны 06 сарын 16-ны өдөр 130,000 төгрөг нийт 698,000 төгрөг төлсөн байна.

2019 оны сүүлээр буюу 2020 оны 1 дүгээр сараас эхлээд дэлхий нийтээр цар тахал гарч хөл хорио тогтоосноор би ажилгүй болсны улмаас сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй байтал 2021 онд Завхан ******* ******* ХХК-иас утсаар яриад сар бүрийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийхгүй бол шүүх рүү өгөх гэж байна. Тиймээс ирж гэрээгээ шинэчил гэхээр нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр очиход 2,000,000 сая төгрөг маань хүү болон алданги тооцогдож 3,330,000 төгрөг болсон байсан ба 2021 оны 11 сарын 29-ний өдрийн ******* тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан.

2022 оны 01 сарын 03-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 03 сарын 31-ны өдөр 200,000 төгрөг нийт 340,000 төгрөгийг төлсөн байна. Ингээд 1,038,000 төгрөгийг төлсөн. Би сар бурд нь эргэн төлөлтийг төлж явсан ч ажилгүй болсны улмаас төлж чадахгүй байдалд хүрсэн. Би тогтмол орлоготой байх үедээ хугацаанд нь төлж байсан. Би тогтмол орлогогүй болсны улмаас зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлж чадахгүй байна гэдгээ "Завхан ******* *******" ХХК-д хэлж байсан.

Гэтэл Завхан ******* ******* ******* ХХК нь зээлийн төлбөрт 3,330,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,544,365 төгрөг, нийт 5,144,761 төгрөгийг нэхэмжилсэн. Би үндсэн 2.000.000 төгрөгийн зээл авсан ба үүнээс 1,038,000 төгрөгийг төлсөн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд нь гомдолтой байна. Учир нь 2.000.000 төгрөгийн зээл авсан ба мөнгөтэй боломжтой болсон үедээ нийт 1,038,000 төгрөгийг Завхан ******* ******* ******* ХХК-д зээлийн төлбөрт төлсөн, үүнийг нийт зээлийн төлбөр болох 5,144,761 төгрөгөөс хасч тооцоогүй. Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 140/ШШ2023/00244 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч 3авхан ******* ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн төлбөр 3.300.000 төгрөг, хүү 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270.396 төгрөг нийт 5.144.761 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Завхан ******* ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******, Г.******* нартай харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 3300.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд Hyundai starex маркийн  улсын дугаартай автомашин барьцаалсан болох нь тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлж, маргаагүй байна.

Иймд үндсэн зээл 3.330.000 төгрөг, зээлийн хүү 1.544.365 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 270.396 төгрөг нийт 5.144.761 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийн 242.дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2023/00244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ