Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00842

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18-65 тоотод оршин суух, Бэсүд овгийн Мөнхчулууны Алтанхуягийн /ФА-89101014 / нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд хариуцагдах  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

          Нэхэмжлэгч М.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мөнхчулуун овогтой Алтанхуяг нь БОЭТ-ийн Хүүхдийн шүдний кабинетэд шүдний эмчээр ажиллаж байгаад 2014-10-1-ний  өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан тул Сум дундын шүүхэд хандасны дагуу 2015-01-26-ны өдрийн 112-р шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон боловч ажилд авалгүй байсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагаар дамжуулан 2015-3-12-ны өдөр тушаал гаргуулан ажилдаа орсон. Миний оронд Ж.Сарнай гэх эмчийг авч ажиллуулж байсан ба намайг эргэж ажилдаа ороход Ж.Сарнай эмчийг хэвээр нь ажиллуулж намайг Ж.Сарнай эмчтэй зохицож ажилла гэсэн. Гэтэл гэнэт 2015-4-8-ны өдөр Б/146-р тушаал гарган намайг Түргэн тусламжийн тасагт дагалдан эмчээр ажиллуулж цалинг 50 хувиар бууруулсан. Мөн удалгүй 2015-5-12-ны өдөр Б/172 тушаал гарч намайг Түргэн тусламжийн тасагт диспетчер эмчээр ажиллуулсан. Энэ асуудлыг Мэргэжлийн хяналтын газраар шалгуулахад хууль бус гэсэн дүгнэлт гаргаж өгсөн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасаны дагуу ажилдаа эргүүлэн тогтоогдсон. БОЭТ Улсын дээд Шүүхэд өргөдөл гаргасан ч Улсын дээд шүүхээс 2015-11-19-ний өдөр 955-р тогтоол гаргаж намайг ажилд маань эргүүлэн тогтоосон.

        Тогтоолын дагуу 2016-1-5-ны өдөр Б/06 тушаалаар хуучин ажилдаа орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Мөн тэр үед нэг өрөөнд Ж.Сарнай эмчтэй зохицож ажилла гээд ажиллах нөхцөл бүрдүүлж өгөлгүй ажиллуулсан.Ингээд ажлаа хийж байтал 2016-3-23-ны  өдөр Б/138-р тушаал гарч намайг орон тоон хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөллөө.Энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

       1.Бүтэц орон тооны цомхотголд би орох ёсгүй бөгөөд шүүхээс намайг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдер шийдвэр байгаа учир би ажилдаа үлдэх ёстой гэж үзэж байна.

        2. Ж.Сарнай гэх эмчийг ажиллуулахын тулд албаар орон тооны илүүдэл үүсгэн, намайг ажлаас үндэслэлгүй халсан. Одоо орон тооны цомхтголд би биш миний оронд орсон хүн хамрагдах ёстой. Би  зүгээр ажлаа хийж явж байгаад намайг ажлаас үндэслэлгүй халсан нь тогтоогдсон байхад заавал Ж.Сарнайг авч үлдээд намайг дахин халж байгаа энэ асуудлыг миний бие, анхаасаа намайг чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг маань хаасан, зориуд санаатай үйлдэл гэж үзэж байна.

          3.Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.3-д зааснаар миний албан тушаал цомхотгогдсон бол намайг өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй тул намайг үндэслэлгүйгээр халлаа гэж үзэж байна.Иймд намайг ажилд маань эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин  болон нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлж өгнө үү”  гэжээ.

           Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж ажилдаа эгүүлэн тогтоолгох,нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлага гаргаж байгаа.2013 оны 9 сард анх БОЭТ-д ажилд ороход хэн нэгний оронд түр ажилд авлаа гэж хэлээгүй.Хүний нөөцөд нь бүртгүүлсэн байж байгаад орсон.Үндсэн орон тоонд шүдний эмчээр орсон.Харин Сарнай гэдэг эмч шүдний кабинетэд надаас хойш ирж байсан.Сүүлд ажилд орсон гэж орон тоо хасч ажлаас чөлөөлсөн нь үндэсгүй гэж үзэж байна.2014 онд ажлаас халж шүүхийн шийдвэрийн дагуу ажилд тогтоосны дараа үндэслэлгүйгээр ажлын байр өөрчилж,дахин шүүхэд хандсан ба шүүх ажилд эгүүлэн тогтоосны дараа дахин ажлаас чөлөөлсөн.Намайг 2013 онд ажилд ороход шүдний кабинет 3 эмч ажиллаж байсан.Би 4 дэх эмчээр орсон.2015-3-12-нд дахин ажилдаа ороход 3 эмч байсан.Би 4 дэх эмчээр орж байсан.Ажлаас чөлөөлөх үед тэтгэмж олгохдоо цалингийн данс руу хийсэн байсан.Банк зээлд суутгаж авсан байгаа гэжээ.

          Хариуцагчийн итгнэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: М.Алтанхуяг нь БОЭТ-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд тус төвийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар шүдний эмчийн орон тоо нь хасагдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 03 сарын 23-ны өдрийн Б/138 дугаартай захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан, хамтын гэрээний 2.2.а-д 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

          Хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл нь тус М.Алтанхуяг болон ажил олгогчоос үл хамаарах шалтгаанаар буюу бүтэц орон тоог цөөрүүлсэн шалтгаан бөгөөд л үл хамаарах шалтгаан байсан. Ийнхүү дээрх шаардлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэж, энэ тухай мэдэгдлийг мэдэгдсэн бөгөөд түүний зүгээс “зөвшөөрөхгүй” тайлбар бичиж тус мэдэгдлийг хүлээн авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдсэн байна.Нөгөө талаас нэхэмжпэгч М.Алтанхуяг нь өөрийнхөө бус харин эмч ....Сарнай хөдөлмөрийн гэрээг цуцлах ёстой байсан гэж тайлбарласан нь үндэслэл муутай бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлал үүсэхгүй байх үүднээс хамгийн сүүлд ажилд орсон ажилтан болох М.Алтанхуягийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Нөгөө талаас М.Алтанхуяг нь өөрийгөө орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлах Сарнай эмчийг халах ёстой байсан мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан нь үндэслэл муутай бөгөөд Сарнай эмч нь М.Алтанхуягийг ажилд орохоос өмнө ажиллаж байсан бөгөөд жирэмсний амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан юм.Түүнээс Алтанхуягийг халахдаа Сарнай эмчийг ажилд авсан зүйлгүй.Мөн Сарнай эмчтэй зохицож ажиллаарай гэдэг нь Алтанхуяг өөрөө хамт олонтойгоо таардаггүй, хамт олны дунд нэр хүнд муутай байсан учраас хамт олонтойгоо зохицох талаар сануулсан үг гэж ойлгож байна.

          М.Алтанхуяг нь шүүхийн шийдвэр, тогтоолын дагуу ажилдаа эргэн томилогдсоноос хойш тухайн албан тушаалын цалинг олгож байсан бөгөөд энэ талаар өөрөө ч гомдол гаргаж байгаагүй болно.Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тохиолдолд 40.5-д заасны дагуу мэдэгдсэн, нөгөө талаас орон тоо нь хасагдаж  байгаа ажилтныг өөр ажлын байраар хангах боломжгүй, хуулиар ийм үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.М.Алтанхуяг нь ажлаас халагдсаны тэтгэмжээ авахыг зөвшөөрсөн бөгөөд түүнд тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс өгсөн баримт болон бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа.Алтанхуяг анх 2013 оны 9 сард шүдний эмчээр хүний оронд орж байсан.БОЭТ-д 2016 онд бүтэц орон тооны цомхтгол хийсэн.Шүдний эмчийн орон тоо хасагдсан тул хамгийн сүүлд ажилд орсоноор нь М.Алтанхуягт мэдэгдэл өгч түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан.Хөдөлмөрийн хууль хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж олгосон.Алтанхуяг тэтгэмжийг авсан.Сарнай эмч бол урьд нь ажиллаж байсан эмч юм гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч М.Алтанхуяг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний Төвийн шүдний эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

        Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний Төвийн /БОЭТ/ шүдний кабинетийн их эмчээр ажиллаж байсан М.Алтанхуягийг БОЭТ-ийн захиралын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,42 дугаар зүйлийн 42.1,40.5 дахь заалт,Хамтын гэрээний 2.2а заалт, БОЭТ-ийн захиралын 2016-1-20-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 23 тоот тушаал,Хүний нөөцийн албаны 2016-2-22-ны өдрийн 01 тоот мэдэгдэл зэргийг үндэслэн “Амбулаторийн тасгийн шүдний кабинетийн их эмчийн орон тоо БОЭТ-ийн 2016 оны зохион байгуулалтын бүтцээс хасагдсан тул” гэж зааж ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар,хэргийн 5 дугаар хуудаст авагдсан тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

          М.Алтанхуягийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 794 дүгээр шийдвэрээр БОЭТ-ийн шүдний кабинетийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоосны дараа 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан байх ба үүний дараа 2016 оны 3 сарын 23-ны өдөр “орон тоо хасагдсан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

           Нэхэмжлэгч М.Алтанхуяг ажил олгогчийн Б/138 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа:1... шүүхээс намайг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдер шийдвэр байгаа учир би ажилдаа үлдэх ёстой гэж үзэж байна. 2... орон тооны цомхтголд би биш миний оронд орсон хүн хамрагдах ёстой.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.3-д зааснаар миний албан тушаал цомхотгогдсон бол намайг өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй тул намайг үндэслэлгүйгээр халлаа гэж үзэж байна”  гэж үндэслэсэн.

         Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд М.Алтанхуягийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлахдаа “Шүдний эмчийн орон тоо хасагдсан тул хамгийн сүүлд ажилд орсоноор нь М.Алтанхуягт мэдэгдэл өгч түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан” гэж тайлбарласан.

           Хэргийн 41-52 дугаар хуудаст Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захиралын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай “2016 онд ажиллах орон тоо батлах тухай” тушаал,түүний 01 дугаартай хавсралт зэрэг авагдсан байна.Тушаалын хавсралтын /хх48/ “Поликлиник” гэсэн хэсгийн 6 дугаарт “шүдний эмч”-1,16 дугаарт “шүдний их эмч”-1,17 дугаарт “шүдний эмч”-1 гэж заасан байна.

         Хэргийн 3-4 дүгээр хуудаст байгаа М.Алтанхуягийн ажил олгогчтой 2016-1-05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-д ажлын байрны буюу албан тушаалын нэр:хүүхдийн шүдний эмч”,хэргийн 10-14 дүгээр хуудаст байгаа ажлын байрны тодорхойлолтын “нэгжийн нэр”: Хүүхдийн шүдний кабинет,ажлын байрны нэр: Нүүр амны их эмч” гэж тус тус заажээ.

          Хариуцагчийн Б/138 дугаар тушаалд “Амбулаторийн тасгийн шүдний кабинетийн их эмчийн орон тоо БОЭТ-ийн 2016 оны зохион байгуулалтын бүтцээс хасагдсан тул” гэж заасан.

         Эдгээр баримтаас дүгнэхэд, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Поликлиникийн хэмжээнд 2016 онд шүдний кабинетэд шүдний эмч -2,шүдний их эмч-1,нийт 3 эмч ажиллахаар орон тоо баталсан байх ба урьд хэдэн шүдний эмч ажиллаж байснаас хэдийг хассан нь тодорхойгүй.

        Зохигчдын тайлбарлаж байгаагаар 1 эмчийг хассан гэх ба хасагдсан 1 орон тооны ажлын байр, албан тушаал нь Хүүхдийн шүдний кабинетын хүүхдийн шүдний их эмч биш,”шүдний кабинетийн их эмч”ийн ажлын байр хасагдсан гэж үзэхээр байна. Поликлиникийн Шүдний кабинет нь дотроо “хүүхдийн шүдний эмч”ийн ажлын байр,албан тушаалтай болох нь М.Алтанхуягтай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ ажлын байр албан тушаалыг орон тоо бүтцээс хасаагүй болох нь дээрхи баримтуудаар нотлогдож байна.

           Түүнчлэн М.Алтанхуяг нь “Шүдний кабинетэд хамгийн сүүлд ажилд орсон тул хасагдсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэл муутай, баримтаар нотлогдохгүй байна.

         М.Алтанхуяг нь тус БОЭТ-д 2013 оны 9 сард ажилд орсон гэх ба үүнээс хойш ажил олгогч 2 удаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд бусад шүдний эмч нарын ажилд орсон хугацаа тодорхойгүй байх тул М.Алтанхуягийг хамгийн сүүлд ажилд орсон гэж дүгнэх боломжгүй.

          Нөгөө талаар,”шүдний кабинетийн их эмчийн орон тоо хасагдсан” гэх тушаалын үндэслэл, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь хоорондоо зөрчилтэй байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “...орон тоо хасагдсан,эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан нь 2 өөр агуулгыг илэрхийлэх бөгөөд орон тоо хасагдсан гэхийг тухайн ажлын байр,ажил албан тушаал байхгүй болохыг ойлгох тул “хамгийн сүүлд ажилд орсон тул” гэх тайлбар энэ үндэслэлд хамаарахгүй.Хэрэв “хамгийн сүүлд ажилд орсон хүнийг орон тоо цөөрүүлэн цомхтгож байгаа бол Нэхэмжлэгчийн “Орон тооны цомхтголд би биш миний оронд орсон хүн хамрагдах ёстой”гэх тайлбар үндэслэлтэй.Гэтэл Б/138 тоот тушаалд “орон тоо хасагдсан” гэж үндэслэжээ.

          Хариуцагчийн 2016-1-20-ны өдрийн Б/23 тоот тушаалд нэгдүгээр хавсралтад заасан цалин нэмэгдлийг 2016-1-01-нээс бодож олгохоор заасан байх боловч М.Алтанхуягийг 3 сарын 25-ны өдөр хүртэл ажиллуулсан нь ойлгомжгүй байна.

           Хариуцагчийн Б/138 дугаар тушаал ийнхүү зөрчилтэй, хуулийн болон бодит үндэслэл муутай байх тул М.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

           Хариуцагч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр М.Алтанхуягийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авсаны дараа өөр үндэслэлээр чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.3 дахь заалт хамаарахгүйг дурьдах нь зүйтэй.

         Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж,хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,156 дугаар зүйлийн 156.1.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан М.Алтанхуягийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн шүдний эмчийн ажилд эгүүлэн тогтоож,нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт журмын дагуу бичилт хийхийг Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд даалгасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ

.