Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00646/И |
Дугаар | 00843 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00843
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-22-19 тоотод оршин суух Эрдэнэбат овогтой Одбаярын /УД-93102137 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-72 тоотод оршин суух Насантогтох овогтой Мөнхтөрд /ФД-75042315/ хариуцагдах 20,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч Н.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Одбаяраас авсан итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.Э.Одбаяр нь Н.Мөнхтөрд 2014-01-28-ны өдөр 20,0000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн байна.Гэвч орон сууцны энэхүү урьдчилгааг Н.Мөнхтөрд бус харин зээл олгох банкны дансанд байршуулах учиртайг тухайн үед мэдэлгүй Н.Мөнхтөрийн эзэмшлийн Хаан банкны 5091281283 тоот дансанд Э.Одбаяр нь шилжүүлсэн байна.Гэтэл Э.Одбаяр нь дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг банкинд байршуулж чадаагүйгээс болж одоог хүртэл орон сууцаа худалдан авч чадаагүй байх тул Н.Мөнхтөрөөс 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Орон сууцны урьдчилгаа 20 000 000 төгрөгийг Н.Мөнхтөрийн хувийн дансанд шилжүүлсэн.Банкны зээлд хамрагдах гэтэл мөнгө нь байхгүй болсон байсан.Байр авах боломжгүй болсон тул мөнгөө нэхэмжилж байна.Одбаяр Айргийн хоолой ХХК-тай гэрээ байгуулаагүй.Мөнхтөртэй л харьцаж байсан гэдэг гэжээ.
Хариуцагч Н.Мөнхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мөнхтөр би иргэн Э.Одбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан Н.Мөнхтөрийн дансанд 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууцны урьдчилгаа болгон шилжүүлсэн 20000000 төгрөгийг нэхэмжлэж байна” гэсэн нэхэмжлэлтэй танилцлаа.Энэ нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэл гаргагч Э.Одбаяр нь орон сууцны урьдчилгаа гэж 20000000 төгрөгийг миний дансаар шилжүүлсэн нь үнэн. Гэвч тухайн мөнгийг тэр үед баригдаж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-22 дугаар байрнаас арктай 1 өрөө байр худалдан авахаар Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболдтой байгуулсан гэрээний дагуу түүнд шилжүүлэх мөнгөө миний дансаар шилжүүлсэн юм.Тухайн үед би 6-22 дугаар байр буюу орон сууцны барилга дээр тухайн орон сууцыг бариулж байсан Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболдтой харилцан тохиролцсоны үндсэн дээр даамлын үүрэг гүйцэтгэж байсан, тийм учраас тухайн мөнгийг тэр даруйд нь барилгын ажил хийж байсан ажилчдад цалин гэж тараасан юм.Тэр үед барилга дээр ажиллаж байсан ажилчид дээрх барилгын эзэн болох Ч.Дашболдоос цалингаа шаардаж Ч.Дашболд нь цалингаа тавьж чадахгүйд хүрээд байсан юм.Э.Одбаяр нь зөвхөн миний данс руу мөнгөө шилжүүлсэн болохоороо надаас 20000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг хариуцах жинхэнэ эзэн нь Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК юм.Үүнийг Э.Одбаярын Ч.Дашболд буюу Айргийн хоолой ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно гэж үзэж байгаа учраас тэрхүү гэрээг нэхэмжлэгч Э.Одбаяр болон Айргийн хоолой ХХК-ийн захирал Ч.Дашболд нараас гаргуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргасны үндсэн дээр Э.Одбаяр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нараас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Мөнхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Орон сууц барих газрыг би худалдаж авч байсан.Айргийн хоолой ХХК-ний Дашболд,Гантөмөр нартай тохирч газрыг эдгээр хүмүүст шилжүүлээд орон сууцны зориулалттай барилга хамтарч барих болсон.Би барилгын даамал хийж байсан.Мөнхтөр байр ирж үзээд сонгоод миний Хаан банкны дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн.Тэр үед бид ажилчдын цалин тавих мөнгөгүй байсан тул Дашболдод хэлэхэд “ажилчдын цалингааа тараа” гэсэн тул яг тэр үед нь цалинд тарааж өгсөн.Одбаяр банкны зээл хөөцөлдөөд эхлээд банк нь өөрчлөгдөж Капитал банкыг сонгосон.Гэтэл банк заавал урьдчилгаа мөнгөө байршуулахыг шаардсан.Мөнгө байхгүй болсон байсан.Иймд би төлөх үндэсгүй.Айргийн хоолой ХХК-ны Дашболд хариуцах учиртай гэжээ.
Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Одбаяр хариуцагч Н.Мөнхтөрөөс 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 3-р хуудаст авагдсан Хаан банкны 20,000,000 төгрөгний орлогын баримтад үндэслэсэн.Хариуцагч тайлбар гаргаж оролцсон.
Хэрэгт авагдсан Хаан банкны орлогын баримт болон зохигчдын тайлбараар ,Э.Одбаяр нь Н.Мөнхтөрийн 5091281283 дугаарын дансанд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдсон ба энэ талаар хариуцагч маргаагүй.Харин хариуцагч “...Мөнхтөр байр ирж үзээд сонгоод миний Хаан банкны дансанд 20 000 000 төгрөг шилжүүлсэн.Тэр үед бид ажилчдын цалин тавих мөнгөгүй байсан тул Дашболдод хэлэхэд “ажилчдын цалингаа тараа” гэсэн тул яг тэр үед нь цалинд тарааж өгсөн.Айргийн хоолой ХХК-ны Дашболд хариуцах учиртай гэжээ” гэж тайлбарласан.
Зохигчдын тайлбараар,хариуцагч Н.Мөнхтөр бусадтай хамтарч орон сууцны барилга барьсан ба уг орон сууцнаас нэхэмжлэгч Э.Одбаяр байр захиалахаар урьдчилан 20,000,000 төгрөг Н.Мөнхтөрийн хувийн дансанд шилжүүлсэн,уг мөнгө үрэгдсэн бөгөөд банкинд байршуулаагүй тул Э.Одбаяр орон сууцны зээлд хамрагдаж чадаагүй болох нь тогтоогдож байна.Харин хариуцагчийн, “уг мөнгийг ажилчдын цалинд тараасан,Айргийн хоолой ХХК хариуцах ёсто” гэсэн тайлбар ямар нэг баримтаар нотлогдоогүй.
Хариуцагч нь ,Э.Одбаяр Айргийн хоолой ХХК-ны Дашболдтой гэрээ байгуулсан гэж тайлбарлан хүсэлт гаргаж уг гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шүүх шийдсэн боловч Ч.Дашболд “гэрээг би хийгээгүй.Н.Мөнхтөр мэднэ” гэж шүүхэд тайлбарлажээ.
Хариуцагч Н.Мөнхтөр нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч үрэгдүүлсэн болох нь нотлогдсон, Айргийн хоолой ХХК-ны ажилчдын цалинд тараасан гэдэг тайлбарынхаа үндэслэлийг нотлоогүй байх тул түүнээс уг мөнгөө гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.Иймд нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл,тайлбар,түүнтнй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Н.Мөнхтөрөөс 20,000,000 төгрөг гаргуулан Э.Одбаярт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 257 950 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 257 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ