| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 128/2018/1073/З |
| Дугаар | 221/МА2019/0331 |
| Огноо | 2019-06-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0331
Д.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Э.Г, Л.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Д.Б-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 тоот “Гаалийн албанаас халах” тухай тушаалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгуулах, цалин 9.752.369 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр “Сэлгэн томилж ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн үндэслэл болгосон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Авлигатай тэмцэх газар, прокурорын шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.2, 16.1 дүгээр зүйлийн 7, 39.5 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон Сэлэнгэ аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ДМШ/42 дугаар магадлалаар тогтоогдсон байхад дээрх бичмэл хууль хяналтын байгууллагын мэдээллийг шүүхийн 128/ШШ2019/257 дугаар шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэдгийг зөрчсөн. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам, 2 дугаар хавсралт Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хуралдааны дэгийг огт баримтлаагүй. Миний бие болон зөрчилд холбогдсон гэх хүмүүсээс нэг ч тайлбар авч шалгаагүй талаараа дурдсан. ...Шүүх хурлын явцад Гаалийн ерөнхий газар нь “Гүн мөрөн” ХХК-ийн дансанд болон миний бие өөрөө хэдэн төгрөг авсан, аж ахуйн нэгжид ямар үйлдлээр хууль бус ачилт буулгалт хийх зөвшөөрөл олгож хохироосон талаар асуухад огт мэдэхгүй гэж хариулж байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүртэл, хүн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэдгийг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “хэргийн оролцогч төлөөлөгч шүүхэд хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно” гэдгийг зөрчжээ. Надад холбогдох зөрчил гэгчийг огт шалгаж тогтоогоогүй, тэдний хууль хяналтын байгууллагын хууль журам зөрчиж цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн тайлбарлаж байгаа зэргийг хууль бусаар үнэлж шүүхийг Гаалийн ерөнхий газрын талд үйлчлүүлж, миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэдгийг ноцтой зөрчсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь миний нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй гуравдагч этгээдийг татаж, зөвхөн уг хүнээс шалтгаалж, надыг оролцуулахгүйгээр шүүх хурлыг 3-4 удаа хойшлуулсан, мөн нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэхийг шаардаж гаргуулан авсан мөртлөө гуравдагч этгээдэд хамаарах хэсэг нь Иргэний хэргийн шүүхэд хамааралтай гэж шийдвэрлэсэн. Тэрчлэн тушаалд заагдаагүй, үндэслээгүй нотлох баримтыг ГЕГ-с шаардан гаргуулж авсан. Анхан шатны шүүхийн дээрх үндэслэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэдгийг зөрчсөн. Гаалийн ерөнхий газар нь зөрчил гэгчийг Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэмд заагдсанаар шалгаж тогтоогоогүй. Харин 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гарсан Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 9-д “Хэрэв хүн, хуулийн этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ хуулийн дагуу шийтгэл оногдуулах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэжээ. Тэгвэл уг хугацааг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс тооцох бөгөөд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа 7 хоног хэтэрсэн байна. Тэрчлэн Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 11 дэх хэсгийн: Төрийн албаны тухай хуулийн 26.4-д хамаарах хөөн хэлэлцэх хугацааны 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий газар, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно. Энэ хэсэгт заасан 6 сар гэдгийг зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сар дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно гэж тайлбарласан байгаа бөгөөд уг тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гаалийн ерөнхий газар уг хэрэгт хохирогчоор 2016 оны 12 дугаар сарын 26-аас оролцож мэдсэн байсныг харахад арга хэмжээ авах хөөн хэлэлцэх 1 сарын хугацаа 32 сар 18 хоног хэтэрсэн. Гаалийн ерөнхий газарт Сэлэнгэ аймаг дахь прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоол гарч Гаалийн ерөнхий газарт хуулийн хугацаанд хүргэгдсэнээс хойш арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа 22 сар 18 хоног хэтэрсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх цалин 12.611.950 төгрөгийг Гаалийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэн, миний биеийг Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг дахь Гаалийн салбарын эрхлэгчээр томилохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан үзэхэд нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Гаалийн албанаас халах тухай” Б/416 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сэлгэн томилж ажиллуулах тухай” Б/84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 08-р сарын 06-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байх тул зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/416 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 284 дүгээр зүйлийн 284.1, 284.1.5 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.3, 6.9 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Батбаатарыг “Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрхэд халдаж зөрчсөн, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хууль бусаар эдэлсэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох зэргээр сахилгын зөрчил гаргасан” гэх үндэслэлээр гаалийн албанаас халжээ.
Дээрх зөрчлийг Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн тогтоосон байх ба нэхэмжлэгч Д.Батбаатарыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг гаалийн салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа тээврийн хэрэгсэл нэг бүрээс 20.000 төгрөг хураан авч өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Гүн мөрөн” ХХК-ийн харилцах дансанд тушаалгах, өөртөө бэлнээр авах зэргээр аж ахуйн нэгж, байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгжээр хууль бус ачилт буулгалт хийлгэсэн зэргээр Гаалийн тухай хуулийн 2711.1.1.6-д “Гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах” гэж заасан Гаалийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд халдсан, 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан "бүрэн эрхээ хэтрүүлсэн”, “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.3-д заасан “Албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгох” сахилгын зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн.
Ийнхүү Гаалийн ерөнхий газрын Сахилгын хороо нь Д.Б-ын гаргасан сахилгын зөрчлийг тогтоохдоо “Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 4.3-т заасан хянан шалгах ажиллагааг тухайлан хийгээгүй байх боловч Д.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх зөрчил нотлогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор яллагдагч Д.Б-т холбогдох эрүүгийн 201618000366 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/ баримтлан хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарах боловч тухайн этгээдийн гаргасан зөрчлийг үгүйсгэсэн, зөрчил гараагүй болохыг нотолсон нотолгоо биш.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “Энэ зүйлийн 1.1 /гэмт хэргийн шинжгүй/, 1.2 /гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан/-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, ...эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь дээд шатны прокурорт гомдол гаргасан ч гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, гэм буруутай эсэхээ шүүхээр шийдвэрлүүлэх гомдол гаргасан ч өөрөө татгалзсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/268 дугаар захирамжаар “шүүхээр гэм буруугаа тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан”-ыг хүлээн авч хэргийг прокурорын газарт буцаасан үйл баримт тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө цугларсан нотлох баримтуудыг хууль бус гэж үзэхгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ДШМ/42 дугаар магадлалд дурдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр Д.Батбаатарын гаргасан зөрчил нотлогдсон гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоол хүчин төгөлдөр, энэхүү тогтоол нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг нотлох баримт болох ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “хэргийн оролцогч төлөөлөгч шүүхэд хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.
Гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, гаалийн улсын байцаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулдаг Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 “Гаалийн улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна”, 284.1.5 “гаалийн албанаас халах”, 284.3 “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг Засгийн газар батална” гэж заасан бол Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4.1.3-т “гаалийн улсын байцаагч албан тушаалын бүрэн эрхээ хувийн ашиг хонжоо олоход ашиглах, бусдад давуу байдал олгохыг хориглоно”, 6.9-д “Гаалийн улсын байцаагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-д эрүүгийн болон захиргааны хариуцлага ногдуулаагүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд маргаан бүхий акт дээрх хууль, дүрмийн зохицуулалтад нийцжээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан “хууль зөрчиж цугларсан нотлох баримт, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, “...“Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх журам” болон “Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хуралдааны дэг”-ийг огт баримтлаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй” гэх нөхцөл байдал нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй", “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.6-д “...Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад энэ хугацааг баримтлахгүй” гэж тус тус заасан байх ба гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчилтэй холбоотой харилцаанд Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь заалтаар баталгаажуулсан сахилгын дүрмийн зохицуулалтыг илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзнэ.
“Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулан тооцох боломжгүй, энэ нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д /хөөн хэлэлцэх хугацаа тасалдах/ заасныг зөрчихгүй тул Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 07 дугаар тогтоолын хувийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэнээс хугацааг тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэх ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ын “Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сэлгэн томилж ажиллуулах тухай” Б/84 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар дээрх тушаал захиргааны актад хамаарч байхад захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэх боломжгүй.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх нь зөв бөгөөд нэхэмжлэгч Д.Батбаатарыг гаалийн албанаас халсан маргаан бүхий акт хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэсэн тул түүний урьд ажиллаж байсан албан тушаалд гуравдагч этгээд Н.Б-ийг сэлгэн томилсон Б/84 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 26 дугаар зүйлийн 26.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11, 284 дүгээр зүйлийн 284.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Гаалийн албанаас халах тухай” Б/416 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сэлгэн томилж ажиллуулах тухай” Б/84 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН