Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01401

 

 

 

АК- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/02234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АК- ХХК-ийн хариуцагч АД- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгуулах болон 7,309,694 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэгт 130,609,590 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

АК- ХХК нь АД- ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Polaris apartment хотхоны цонх угсралтын ажлыг Барилгын стандарт, норм дүрмийн дагуу үйлдвэрлэж, чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа материалаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл АД- ХХК ажлыг доголдолгүй гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй дараах доголдол илэрсэн. Үүнд:

1. 57А байр 2 дугаар орц 101 тоотын цонхны бариулууд суларсыг засварлах, вакум хаалт хийх;

2. 57А байр 1 дүгээр орц 1201 тоотын цонх, тагтны шал хооронд зай их, үүнийг засварлах;

3. 57А байр 1 дүгээр орц 1306 тоотын тагтны цонх сул зайг засварлах;

4. 57А байр 2 дугаар орц 1402 тоотын блокны дамжих шатаар бороо ордог. Үүнийг засварлах;

5. 57A байр 1 дүгээр орц 404 тоотын цонх, тагтны хаалганы зайг засварлах;

6. 57Б байр 1 дүгээр орц 406 тоотын цонх сийгдэг, тавцан муу, үүнийг засварлах талаар албан бичиг хүргүүлсэн боловч үр дүн гараагүй.

АК- ХХК-ийн барилгын бригад цонхны нугас, түгжээ, резин, шил солих, цонхны тохиргоо хийх, хаалтын бэхэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. Иймд доголдлыг арилгахыг хариуцагчид даалгаж өгөх, доголдлыг арилгахад гаргасан зардал 7,309,694.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

АК- ХХК болон АД- ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Polaris apartment хотхоны 3,521.12 м.кв талбай цонх болон 4,671.65 м.кв талбай балконыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэж, захиалагч нь ажлын хөлсөнд 930,405,120 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээ хэрэгжих явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр цонхны хэмжээг 3,291.928 м.кв, балконы хэмжээг 4,842.376 м.кв гэж өөрчилсөн. Улмаар компанийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авсан. Захиалагч гэрээний төлбөрт 227,020,940 төгрөгийг бэлнээр, 640,422,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууцыг өгөхөөр тохиролцсон боловч давуу байдлаа ашиглан улсын бүртгэлийн байгууллагад орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой баримтыг хүргүүлэхгүй байна. Манай компани ажлаа бүрэн хийж 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцыг хүлээн авахад айл бүрт цонхны 3 жилийн баталгааны хуудсыг гардуулж өгсөн. Түүнээс хойш цонхны засварыг хийсэн. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А блокны 2 дугаар орц, 2020 оны 01 дүгээр сарын 12, 19, 26-ны өдрүүд, 2 дугаар сарын 02,09,16-ны өдрүүд, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр А, Б блокны 1, 2 дугаар орцны айлуудад бүхэлд нь орж засвар үйлчилгээг хийсэн. Ингээд хамгийн сүүлд 2020.11.10-нд айлуудаар орсон, 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон бөгөөд баталгаат хугацаа 2021 оны 09 дүгээр дууссан тул нэхэмжлэлд дурдсан доголдол манай компанийн гүйцэтгэсэн ажилд хамааралгүй. Доголдол бодитой эсэх нь тодорхойгүй, улмаар манай компанийн хариуцах зүйл мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх ёстой. 57А байрны 2 дугаар орц, 101 тоот (Б.Норжмаа)-ын вакуум хаалт хийх, 57А байр 1 дүгээр орц 1201 тоот (М.Ууганбаяр)-ын цонх, тагтны шал хооронд зай их, үүнийг янзлах, 57А байр 2 дугаар орц 1402 тоот (Н.Солонготуяа)-ын балконы дамжих шатаар бороо ордог зэрэг доголдол нь манай компанид хамааралгүй.

Харин 57А байрны 2 дугаар орц, 101 тоот (Б.Норжмаа)-ын цонхны бариул суларсныг засварлах, 57А байр 1 дүгээр орц 1306 тоотын тагтны цонх сул зайтайг засварлах, 57A байр 1 дүгээр орц 404 тоот (С.Азжаргал)-ын цонх, тагтны хаалганы зайг завсарлах, 57Б байр 1 дүгээр орц 406 тоот (Солонго)-ын цонх сийгдэг, цонхны тавцанг засварлах ажлыг баталгаат хугацаа дууссан хэдий ч засварлахыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

АД- ХХК нь АК- ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Polaris apartment хотхоны 3,521.12 м.кв талбай цонхыг 1 м.кв-ыг 140,000 төгрөгөөр, 4,671.65 м.кв талбай балконыг 1 м.кв-ыг 90,000 төгрөгөөр гүйцэтгэх, ажлын хөлсөнд 930,405,120 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр цонхны хэмжээг 3,291.92 м.кв-ыг 4,842.376 м.кв болгон өөрчилсөн. Барилгыг улсын комиссын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн актаар 3,627.6 м.кв талбай бүхий цонх буюу 507,864,000 төгрөгийн ажил, 4,962.8 м.кв талбай балкон буюу 446,652,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн. Манай компани ажлын хөлсөнд 227,020,940 төгрөгийг бэлнээр, 640,422,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууцыг авсан. Гэтэл АК- ХХК давуу байдлаа ашиглаж улсын бүртгэлийн байгууллагад холбогдох материалыг хүргүүлэхгүй байна. АК- ХХК нь ажлын хөлс 954,516,000 төгрөгөөс 867,442,940 төгрөг төлсөн, үлдэгдэл 87,073,060 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 8.4-д Захиалагч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Иймд АК- ХХК-аас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 87,073,060 төгрөг, түүний 50 хувь болох 43,536,530 төгрөгийн алданги, нийт 130,609,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

АК- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 697,842,000 төгрөг бүхий 387.69 м.кв орон сууц, бэлнээр 257,020,940 төгрөг, нийт 954,862,940 төгрөгийг АД- ХХК-д шилжүүлсэн. Тодруулбал, АД- ХХК нь 355.79 м.кв талбай бүхий нийт 640,422,000 төгрөгийн 6 орон сууц, бэлнээр 227,020,940 төгрөгөөс гадна 31,9 м.кв орон сууц болон 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. АД- ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тодорхойлолтын дагуу Polaris apartment хотхоны С блок орон сууцнаас 31,9 м.кв орон сууцыг О.Ч-д шилжүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, АД- ХХК нь 31,9 м.кв орон сууц авах эрхээ О.Ч-д шилжүүлсэн. АД- ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн талууд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээний 2.3-т тус гэрээтэй холбоотой аливаа маргаан гаргахгүй гэж тохиролцсон. АК- ХХК нь АД- ХХК-д ажлын хөлсөнд 87,073,060 төгрөг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр 946,889,600 төгрөгийн цонхны ажил гүйцэтгэсэн гэж дүгнэснээс гүйцэтгэгчид төлсөн 867,442,940 төгрөг хасаж 79,446,660 төгрөг төлнө. Үүнээс 31,9 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож 57,420,000 төгрөгийг хасахад 22,026,660 төгрөг болно. АД- ХХК-ийн захирал Х.Алтанцэцэг нь өөрсдийн авах авлагаас 20,800,000 төгрөгийг хасуулах хүсэлт гаргасан. Иймд үлдэгдэл 1,226,660 төгрөг, түүний алданги 613,330 төгрөг, нийт 1,839,990 төгрөг төлнө гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч АД- ХХК-д Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 57А байрны 2 дугаар орц, 101 тоот (Б.Норжмаа)-ын цонхны бариул суларсан байгааг засварлах, 57А байр, 1 дүгээр орц, 1306 тоотын Тагны цонх сул зайтай байгааг засварлах, 7A байр 1 дүгээр орц 404 тоот (С.Азжаргал)-ын цонх, тагтны хаалга зай завсар үүссэн байгааг засварлах, 57Б байр 1 дүгээр орц 406 тоот (Солонго)-ын цонх сийгдэг, цонхны тавцан муу байгааг засварлах зэрэг доголдлыг арилгахыг даалгаж,

5.2. Хариуцагч АД- ХХК-аас ажлын доголдол арилгахад гарсан зардалд 7,309,694.81 төгрөг гаргуулах, 57А байрны 2 дугаар орц, 101 тоот (Б.Норжмаа)-ын вакуум хаалт хийх, 57А байр 1 дүгээр орц 1201 тоот (М.Ууганбаяр)-ын цонх, тагтны шал хооронд зай их байгааг засварлах, 57А байр 2 дугаар орц 1402 тоот (Н.Солонготуяа)-ын блокны дамжих шатаар бороо орж байгааг засварлахыг даалгах тухай нэхэмжлэгч АК- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан АК- ХХК-аас 44,397,750 төгрөг гаргуулан АД- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,211,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч АД- ХХК-аас шинжээчийн зардалд 1,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч АК- ХХК-д, АК- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 379,939 төгрөг гаргуулан АД- ХХК-д олгож, АК- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,106 төгрөгийг, АД- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968,949 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгч шүүхэд О.Ч-гийн байрны захиалга 20,800,000 төгрөг хасуулах талаарх баримтыг өгсөн. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 25/03 дугаар АД- ХХК-аас АК- ХХК-д гэрээнд өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай албан бичгээр бартерын үнийн дүнгээс дүү О.Ч-гийн байрны захиалгад 20,800,000 төгрөгийг тооцож хасуулах хүсэлтээ илэрхийлсэн. Шүүх үүнийг үнэлээгүй. Мөн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт захиалагчид буюу О.Ч-д шилжүүлж өгөхийг зөвшөөрснийг тусгасан. Нэхэмжлэгч засвар үйлчилгээнд 7,309,694 төгрөг гаргасан талаар компанийн тайланд тусгасан. Манай компаниас доголдлын талаар албан бичиг хүргүүлж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд О.Ч- нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө 31.9 м.кв-ын орон сууцыг 34,000,000 төгрөгөөр авсан. Үүнээс 14,000,000 төгрөгийг дансаар авсан. Иймд О.Ч-гоос 14,000,000 төгрөг шилжүүлсэн талаар баримт-ыг гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан. Талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч ус гоожиж байгаа 6 айлын доголдлыг үзэх санал гаргасан. Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь хянаж үзээгүй.

АК- ХХК нь доголдлыг арилгахад 7,309,694 төгрөгийн зардал гарсныг нотлохоор иргэдийн гомдол, доголдол илэрсэн зураг, тухайн доголдлыг арилгасан ажилчдын хөлс өгсөн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрдүүлсэн. Талууд гэрээний төлбөрөөс 20,800,000 төгрөг хасуулахыг зөвшөөрч үүнтэй холбоотой 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт гэрээний 2.3-т тус гэрээтэй холбоотой аливаа маргаан гаргахгүй гэж заасан. Үлдэгдэл 1,226,660 төгрөг, алданги 613,330 төгрөг, нийт 1,839,990 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх АК- ХХК-аас 44,397,750 төгрөгийг гаргуулж АД- ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 86,211,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх АД- ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлтээр 31,9 м.кв талбай бүхий 57,420,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаас татгалзсан. Шүүх үндсэн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай нэмэлт гэрээг байгуулахаас өмнө 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/15 дугаар ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний 3-д Гэрээний 3.1,3.2, мөн 3.4-т заасан ...АК- ХХК Polaris apartment хотхоны орон сууцны үнийг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож 398.63 м.кв талбай бүхий орон сууцнаас 355,7 м.кв орон сууцан дээр А блокны 2 дугаар орцны 1 давхрын 42,91 м.кв талбай бүхий 103 тоот орон сууцыг нэмж олгож төлбөр тооцоог бүрэн барагдуулна гэж тохиролцсон. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д 31,9 м.кв талбайг С блокноос өгөхөөр хадгалуулсан хэсэгт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, тус орон сууцыг хадгалуулсан хэсгийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр дугаар нэмэлт гэрээгээр татгалзсан. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийсэн ажил болон төлбөрийн зөрүүг арилгаж илүү төлбөрийг хассан нь ажлын хөлсийг нэхэмжлэх эрхийг хязгаарласан. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлоор хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч АК- ХХК хариуцагч АД- ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгах, доголдол арилгахад гарсан зардал 7,309,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч зарим доголдлыг арилгахыг зөвшөөрч, ажлын хөлс 87,073,060 төгрөг, алданги 43,536,530 төгрөг, нийт 130,609,590 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч АД- ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Polaris apartment хотхоны цонх угсралтын ажлыг Барилгын стандарт, норм дүрмийн дагуу үйлдвэрлэж, чанарын шаардлага хангасан биет байдлын догодолгүй, эрхийн зөрчилгүй бараа материалаар, товлосон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч АК- ХХК ажлын хөлсөнд 930,405,120 төгрөгөөс 25 хувь буюу 232,601,280 төгрөгийг бэлнээр, 116,300,640 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 5 хоногийн дотор, үлдэх 116,300,640 төгрөгийг угсралтын ажлыг гүйцэтгэхэд, үлдэгдэл 697,803,840 төгрөгт 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 387.6 м.кв талбай бүхий орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. (1хх-ийн 129-130)

Дээрх гэрээнд талууд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаар, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/15 дугаар гэрээгээр тус тус өөрчлөлт оруулж,

цонхны хэмжээг 3,521.12 м.кв байсныг 3,291.928 м.кв гэж, ажлын хөлсийг 498,556,800 төгрөг гэснийг ...460,869,920 төгрөг гэж,

балконы нийт хэмжээ 4,671.65 м.кв гэснийг 4,842.376 м.кв гэж, нийт үнийг 420,448,320 төгрөг гэснийг 435,813.840 төгрөг гэж,

нийт төлбөрийн 25 хувь 232,601,280 төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож үлдэгдэл төлбөр 697,803,840 төгрөгт орон сууцнаас, гэрээт ажлын нийт төлбөр 930,405,120 төгрөг гэснийг гэрээт ажлын нийт төлбөр 908,083,760 төгрөг бөгөөд үүнээс 190,540,100 төгрөгийг гүйцэтгэгчид бэлнээр олгох ба үлдэгдэл 717,543,660 төгрөгт 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 398.63 м.кв талбай бүхий орон сууцыг олгохоор тохиролцжээ.

Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

1.2. Гүйцэтгэгч АД- ХХК нь 1,174 ширхэг буюу 3,627.6 м.кв цонх, 928 ширхэг буюу 4,962.816 м.кв балконы хаалт хийсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн цонх суулгасан актаар тогтоогджээ. (1хх-ийн 95-98)

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч АД- ХХК нь гэрээнд заасан ажлыг доголдолгүй гүйцэтгэх үүрэгтэй.

Талуудын хооронд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нэхэмжлэгч АК- ХХК нь хариуцагч АД- ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч АК- ХХК нь Polaris apartment хотхоны оршин суугчдаас тус орон сууцны сууц өмчлөгчдийн холбоонд гаргасан өргөдөл, цонх сийгдэг гэх айлуудын жагсаалт, цонхыг засварласан талаар баримтыг үндэслэн хариуцагч АД- ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж дүгнэх үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нөгөө талаар 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн цонх суулгасан акт хэрэгт авагдсан байх бөгөөд уг актад гүйцэтгэгч АД- ХХК цонх үйлдвэрлэх, угсралтын ажлыг зургийн дагуу барилын стандартын дагуу угсарсан, чанар сайн гэж талуудын төлөөлөгч нар баталгаажуулсан байна.

Иймд нэхэмжлэгч АК- ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгахтай холбогдон гарсан зардалд 7,309,694 төгрөгийг хариуцагч АД- ХХК-аас шаардах эрхгүй.

Харин хариуцагч АД- ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 57А байрны 2 дугаар орц, 101 тоотын цонхны бариул суларсныг, 57А байр, 1 дүгээр орц, 1306 тоотын тагны цонх сул зайг, 7A байр 1 дүгээр орц 404 тоотын цонх, тагтны хаалганы зайг, 57Б байр 1 дүгээр орц 406 тоотын цонх сийгдэг, цонхны тавцанг тус тус засварлахыг зөвшөөрсөн тул анхан шатны шүүх дээрх доголдлыг арилгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцнэ.

 

1.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын Гэрч О.Ч-гоос нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

2. Хариуцагч АД- ХХК нэхэмжлэгч АК- ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс 87,073,060 төгрөг, алданги 43,526,530 төгрөг, нийт 130,609,590 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч АК- ХХК нь хариуцагч АД- ХХК-д 867,442,940 төгрөг төлсөн, 57,420,000 төгрөгийн үнэ бүхий 31,9 м.кв орон сууц, 30,000,000 төгрөг бэлнээр, 20,800,000 төгрөгийг гэрээний үнээс хасахаар тохиролцсон тул үлдэгдэл төлбөр 1,226,660 төгрөг, алданги 613,330 төгрөг, нийт 1,839,990 төгрөг төлнө гэж маргасан.

2.1. Хариуцагч АД- ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын талаар магадлалын 1.2-т дүгнэсэн ба уг актад тусгаснаар хариуцагч нь 507,808,000 төгрөгийн цонх, 446,653,440 төгрөгийн балконы хаалт, нийт 954,461,440 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна.

АД- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авах 31,9 м.кв орон сууцыг авахаас татгалзсан ба О.Ч-гийн байрны захиалгад 20,800,000 төгрөгийг тооцсон болох нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээ, АД- ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 25/03 тоот албан бичгээр тус тус тогтоогдсон тул шүүх хэргийн үйл баримтыг тодруулаагүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Марч констранкш ХХК нь хариуцагч АД- ХХК-д 30,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид гүйцэтгэх ажлын хөлсөнд нийт 954,461,440 төгрөг төлөхөөс 87,018,500 төгрөг, 31,9 м.кв орон сууцны үнэ 57,420,000 төгрөгийг хасахад 29,598,500 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

2.2. Талууд гэрээний 8.4-т Захиалагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ.

Иймд нэхэмжлэгч АК- ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагч АД- ХХК нь алданги 14,799,250 төгрөг шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/02234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 497,688 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 589,010 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ