Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01402

 

 

И.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02104 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.А-гийн хариуцагчЭТЧ-ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо Дэлгэрэх Апартмент 3 дугаар байрны 5 давхарт Е тоот 2 өрөө 53,35 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, алданги 2,709,486 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчээс 40,546,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

И.А- ньЭТЧ-ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо Дэлгэрэх Апартмент 3 дугаар байрны 5 давхарт Е тоот 2 өрөө 53,35 м.кв талбайтай орон сууцыг захиалж, захиалагч орон сууцны үнэд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 47,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5,816,500 төгрөгийг тус тус төлсөн.ЭТЧ-ХХК гэрээний 4.1-д зааснаар орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. И.А- нь энэ хугацааны түрээсийн төлбөр төлж хохирсон. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин байрлах, Дэлгэрэх апартмент орон сууцны 3 байрны Е тоот 2 өрөө 53.35 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны И.А-г өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг болон орон сууцны түлхүүрийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.

Дэлгэрэх таван чандмань ХХК барилгыг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн атлаа И.А-д холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгөөгүй. Гэрээний 5.1.9-т товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,01 хувийн алданги төлнө гэж заасан.ЭТЧ-ХХК нь орон сууц хүлээлгэн өгөх хугацааг 513 хоногоор хэтрүүлсэн тул алданги 2,709,486 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хил гааль хаагдсан, мөн Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас барилгын материалын үнэ нэмэгдсэн. Гүйцэтгэгч 2 өрөө 53,35 м.кв талбайтай орон сууцыг 52,815,500 төгрөгөөр гүйцэтгэх боломжгүй болсон тул захиалагч И.А-д үнэ нэмэгдэх талаар мэдэгдэхэд тэрээр 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Иймд И.А-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээнээс татгалзаж түүний төлсөн төлбөрийг буцааж олгох талаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр И.А-д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Дэлгэрэх таван чандмань ХХК И.А-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент 3-р байр, Е тоот хаягт байрлах 53,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 990,000 төгрөгөөр тооцож захиалагч 52,816,500 төгрөг төлсөн. Барилгын ажлыг гүйцэтгэх явцад Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас барилын үйл ажиллагаа зогссон. Мөн хил хаагдаж, хөл хорио тогтоосноор барилгын материалын үнэ нэмэгдэж барилгын батлагдсан төсвөөр гүйцэтгэх боломжгүй болсон. Дэлгэрэх апартмент 3 дугаар байрны анхны төсөвт өртөг 70-80 хувиар нэмэгдсэнээр барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл үүссэн ч зээл авч, барилгыг ашиглалтад оруулсан.

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 3.2-т Энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ. /НӨАТ багтаагүй/ Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд нь захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Барилгыг 12,509,793,535 төгрөгөөр гүйцэтгэж ашиглалтад оруулсан. Ашиглалтад оруулахаас өмнө 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/99 дугаар албан бичгээр И.А-д орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах талаар мэдэгдэхэд тэрээр 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөллийн И Эл Би Партнерс ХХК-аас гаргасан саналыг хүлээн авахаас татгалзах мэдэгдлээр орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсаныг И.А- мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани гэрээнээс татгалзсаны үр дагавар болох хохирол 40,546,000 төгрөг шаардах эрхтэй. И.А-г орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэхгүй. И.А- 1 м.кв тутамд нэмэгдэж буй 1,750,000 төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг төлж чадахгүй тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан төлнө.

Иргэний хуулийн 220-р зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдөж барилгын материалын үнэ нэмэгдсэн. Иймд И.А-гаас орон сууцны үнийн зөрүүд 40,546,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Дэлгэрэх таван чандмань ХХК-ийн сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үүргийг шаардсан. Гэрээний 8.2-т Энэ гэрээнд талууд харилцан тохиролцож, харилцан тохиролцоог бичгээр үйлдсэнээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж зааснаар гэрээнд өөрчлөлт оруулаагүй.ЭТЧ-ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай татгалзаж барилгын материалын үнэ нэмэгдсэн гэх үндэслэлээр орон сууцыг бусдад худалдах зорилготой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байр, 5 давхар, Е тоот, 53,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр И.А-г тогтоож, уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч И.А-д гаргаж өгөхийг хариуцагчЭТЧ-ХХК-д даалгаж, хариуцагчЭТЧ-ХХК-аас алданги 1,354,743 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.А-д олгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,632 төгрөг, хариуцагчаас төлсөн 360,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчЭТЧ-ХХК-иас 528,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.А-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх биелэгдэх боломжгүй буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Дэлгэрэх аппартмент С блок 3 дугаар байр Е тоот хаяг гэж байхгүй бөгөөд шүүх хуралдаанд энэхүү нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай талаар хариуцагчийн тайлбарыг анхаараагүй. Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд биелүүлэх боломжгүй.

Мөн шүүх Зохигчдийн хооронд байгуулсан гэрээний 3.2-т Энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ /НӨАТ багтаагүй/ Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-с дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд компани захиалагчид албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан байх бөгөөдЭТЧ-ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/99 дугаартай Орон сууц захиалгын үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг И.А- хүлээн авсан хэдий ч зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлаа удаа дараа бичгээр илэрхийлсэн, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ОСЗГ-2002 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт бичгийн баримтаар тогтоогдоогүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь: хариуцагч гэрээний 3.2-т заасны дагуу бараа материалын үнэ илтэд нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. И.А- гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал буюу 10.000.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн байхад зөвшөөрөөгүй мэт дүгнэсэн. Мөн уг мэдэгдлүүдийн дагуу талуудын хооронд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал нийцээгүй буюу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар маргаагүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан үндэслэл үүссэн байхад шүүх буруу дүгнэсэн. Мөн И.А- нь нэмэгдэл үнийг хүлээн зөвшөөрөхгүй буюу нэмэлт гэрээнээс татгалзсан байхад талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнээгүй.

Хариуцагч татгалзлын үндэслэл, барилгын м.кв-ийн үнэ 990,000 төгрөгөөс 1,750.000 төгрөг болж нэмэгдэж анхны төсөв болон барилгыг ашиглалтад оруулах үеийн төсөв, санхүүгийн баримт, гэрээ болон бусад нотлох баримт хэрэгт гаргаж өгснийг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй шүүх хуралдаанд өгснийг шүүх хариуцагч зургийг нь ав гэж хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн барилгын ажлыг дуусгахад Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүд нөлөөлсөн болохыг дурдсан атлаа үр дагаврыг тооцохгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн талын тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хариуцагч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дэлгэрэх Апартмент 3 дугаар байрны 5 давхарт Е тоот 2 өрөө 53,35 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагчийн гаргасан 5 давхарт Е тоот орон сууц байхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Гэрээний 3.2-т заасны дагуу бараа материалын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсний дагуу И.А- нь 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх нь зөвшөөрөөгүй мэт үнэлж дүгнэсэн байна. Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч гэрээний 3.2-т заасан нөхцөл байдал буюу гэрээ хийх үеийн ханшнаас 10-аас дээш хувь өссөн тохиолдолд орон сууцны үнэд өөрчлөлт оруулж болно гэж зохицуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш нийт 10-аас дээш хувиар ханш өссөн гэдгийг нотолж чадаагүй. Гэрээ байгуулснаас хойш ямар нэгэн улсын мөнгөн дэвсгэрт 10-аас дээш хувиар өссөн талаар баримт гаргаагүй. Уг гэрээгээр гадаад улсын валют гэж ямар улсын мөнгөн тэмдэгтийг хэлж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн нь талуудын гэрээнд өөрчлөлт оруулсан мэт гомдолд дурдсан нь үндэслэлгүй байна. Мөн хариуцагч талаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан учраас орон сууцны үнэ нэмэгдсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргасан атлаа үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа гэрээнээс татгалзсан гэж дурдсан. Талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй, цуцлаагүй.

Коронавируст цар тахлын улмаас ямар нэгэн зүйл бий болохыг урьдчилан мэдэж байсан. Талууд нь гэрээнд тохиролцоогүй зүйлийг хуульд зааснаар шаардаж болохгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүй. Учир нь: хариуцагч сөрөг нэхэмжлэлийг орон сууцны зөрүү төлбөр 40,546,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнээс татгалзсан учраас өгсөн, авсан зүйлээ буцаах боломжтой гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч нөхцөл байдал өөрчлөгдөхийг урьдчилан мэдэж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар тусгаагүйг давж заалдах шатны шүүх өөрчлөх боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч И.А- хариуцагчЭТЧ-ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байрны Е тоот, 2 өрөө 53,35 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг гаргуулахыг даалгах, алданги 2,709,486 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үнэ нэмэгдсэн үндэслэлээр м.кв-ын зөрүү 40,546,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгчЭТЧ-ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байрны Е тоот, 5 дугаар давхарт байрлах, 53,35 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч И.А- нь орон сууцны үнэд 52,816,500 төгрөг төлөхөөр тохиролцжээ. (1хх-ийн 5-9) Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

1.2.Нэхэмжлэгч И.А- дээрх гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг гаргуулах шаардлага, хариуцагчЭТЧ-ХХК барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотой м.кв-ын зөрүү төлбөр гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байгаагаас дүгнэхэд талуудын хэн аль нь гэрээнээс татгалзаагүй тул Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй тул гэрээний байдлын талаар дүгнээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч И.А- нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 52,816,500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Харин талуудын хооронд барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор м.кв-ын зөрүү төлбөр төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.3. Нэхэмжлэгч И.А- нь Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсэхээс өмнө орон сууцны үнийг төлсөн тул хариуцагчЭТЧ-ХХК-аас Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Дэлгэрэх апартмент С блок, 3 дугаар байр, 5 давхар, Е тоот, 53,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр И.А-г тогтоож, уг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахад шаардагдах баримтыг гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

2. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэсэн боловч шийдвэрлээгүй орхисон нь буруу болсоноос гадна хариуцагч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар сөрөг шаардлага гаргаагүй тул шаардлагын хүрээнд дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2.1.Орон сууц захиалгын гэрээний 3.2-т Энэхүү орон сууцны захиалгын үнийг барилгын өртөг зардал багтсан үнэ гэж үзнэ. /НӨАТ багтаагүй/ Барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд нь захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан бөгөөд хариуцагчЭТЧ-ХХК нэхэмжлэгч И.А-д 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21/99 дугаар албан бичгээр Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсч үнэ нэмэгдсэн тул Орон сууц захиалгын гэрээний 3.2-т зааснаар 1 м.кв-ыг 1,450,000 төгрөг болгон өөрчлөх болсныг мэдэгдсэн ба Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт оруулах арга хэмжээг авсан гэж үзнэ.

 

Мөн хариуцагч талаас хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой хангалттай бичгийн баримтууд гаргасан хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгч И.А- нь орон сууцны үнийн зөрүүд 10,000,000 төгрөг нэмж төлөхийг зөвшөөрсөн тайлбар бичгээр гаргасан баримт хэрэгт авагдсан байх тул үүнийг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үнийн санал гаргасан гэж үзэхээр байна. (1хх-ийн 190)

 

2.2. Гэрээний үнийг гэрээгээр тодорхойлдог, хэлэлцэн тохирсон хөлс төлөх нь ажил гүйцэтгэх гэрээний хувьд гэрээний гол нөхцөл болохыг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан байна.

 

Хэдийгээр талууд гэрээний 3.2-т заасанчлан барилгын өртөг зардал нэмэгдсэнтэй холбоотой гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнийг харилцан тохиролцоогүй боловч Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон, мөн барилгын материалын үнэ нэмэгдсэн үйл баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар талууд орон сууцны м.кв-ын үнийг 1,450,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх тул 53,35 м.кв орон сууцны үнэд 77,357,500 төгрөг болох бөгөөд цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал нь талуудын хэн алинаас хамаараагүй тул нэхэмжлэгч И.А-гаас орон сууцны үнийн зөрүү 24,541,000 төгрөгийн 50 хувь 12,270,500 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

2.3.Түүнчлэн, нэхэмжлэгч И.А- нь орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 47,000,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 17-ны өдөр 5,816,500 төгрөг, нийт 52,816,500 төгрөг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх бөгөөд гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийг дангаар өөрчлөх эрх гэрээний оролцогч талуудын хэн алинд нь байхгүй тул орон сууцны м.кв-ын үнийг 1,750,000 төгрөгөөр тооцож сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

2.4. ХариуцагчЭТЧ-ХХК Ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон, мөн барилгын материалын үнэ нэмэгдсэн үйл баримтыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар талууд орон сууцны м.кв-ын үнийг 1,450,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх тул 53,35 м.кв орон сууцны үнэд 77,357,500 төгрөг болох бөгөөд цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал нь талуудын хэн алинаас хамаараагүй тул нэхэмжлэгч И.А-гаас орон сууцны үнийн зөрүү 24,541,000 төгрөгийн 50 хувь 12,270,500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

3.1. Талууд гэрээний 5.1.9-д Орон сууцыг товлосон хугацаанаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,01 хувийн алданги тооцож захиалагч талд олгоно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр байгуулах шаардлага нийцсэн тул анхан шатны шүүх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийг багасгаж хариуцагчЭТЧ-ХХК-аас алданги 1,354,743 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй.

3.2.Харин нэхэмжлэгч И.А- алдангид 2,709,486 төгрөг гаргуулахаар шаардсан байхад нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,354,743 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

3.4. Мөн Ковид-19 цар тахлын улмаас барилгын материалын хомсдол үүсч үнэ нэмэгдсэн талаар магадлалын 2.4-т дүгнэсэн тул нэхэмжлэгч И.А-гаас 12,270,500 төгрөг гаргуулж хариуцагчЭТЧ-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,275,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3.5.Хариуцагчийн өмгөөлөгч ... Барилга хөгжлийн төвөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Учир нь Барилга хөгжлийн төвийн 2023 оны 1/51 тоот албан бичгийн хавсралтаар барилгын материалын үнийн мэдээлэл нь хэрэгт авагдсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/02104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,354,743 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.А-гаас 12,270,500 төгрөг гаргуулж хариуцагчЭТЧ-ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,275,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, 2 гэж дугаарласныг 3 гэж дугаарлан олгосугай гэснийг олгож, нэхэмжлэгч И.А-гаас 211,278 төгрөг гаргуулж хариуцагчЭТЧ-ХХК-д олгосугай гэж, 3 гэж дугаарласныг 4 гэж дугаарлан тус тус өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчЭТЧ-ХХК-ийн төлсөн 889,540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ