Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01550

 

 

 

Б ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/02515 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч ХТ - ХХК болон А.М- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 414,878,320.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар Б ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг томилсон. ХТ-" ХХК нь Б ХХК-тай 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаар зээлийн гэрээг байгуулж 38,500 ам.долларыг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатай, 1,6 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 54 дугаартай барьцааны гэрээг байгуулан оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг барьцаалсан. Б ХХК зээлийн гэрээний дагуу 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн эзэмшлийн 2000004149 тоот дансанд 38,500 ам.долларыг шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 7,755.18 ам.доллар нэмэгдүүлсэн хүүгээс 1,746.44 ам.доллар нийт 9,504.62 ам.долларыг төлснөөс хойш дахин зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд ХТ-" ХХК болон захирал А.М- нараас 145,155,74 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ам.долларын ханшаар тооцож 414,878,320.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б ХХК болон СМТ-Интернэшнл ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул А.М- гэрээний оролцогч биш. ХТ- ХХК-ийн захирал А.М-гийн танил н.Бат-Өлзий Б ХХК-аас 2002 оны 12 дугаар сард орон сууцыг барьцаалж 50,000,000 төгрөгийг зээлсэн ба банкнаас уг зээлийг 2005 онд 50,000 ам.доллар болсон гэж зээлийн гэрээг дахин шинэчилж байгуулсан. 2007 онд банкнаас 50,000 ам.долларын зээл нийт 58,500 ам.доллар тул зээлийн гэрээг 2 салгаж, Б.Мөнхмаатай 20,000 ам.доллар, "ХТ-" ХХК-тай 38,500 ам.долларыг зээлсэн мэт гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, н.Бат-Өлзийгийн өмнөх зээлийн нөхөж гэрээ байгуулсан. 38,500 ам.долларыг аваагүй тул зөвшөөрөхгүй.

ХТ- ХХК зээлийн төлбөрийг 2011 он хүртэл төлж Toyota Prado 77 маркийн хар хөх өнгийн автомашин болон Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 44 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах 32,7 м.кв талбайтай орон сууцыг зээлийн төлбөрт өгсөн. Гэтэл хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 11 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХТ- ХХК, А.М- нараас 145,155.74 ам.доллар буюу 414,878,320.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Б ХХК нь ХТ- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 38,500 ам.долларыг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл буюу 24 сарын хугацаатайгаар сарын 1,6 хувийн хүүтэй зээлсэн талаарх үйл баримтыг зөв тогтоосон боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж буруу дүгнэсэн. Банкны эрх хүлээн авагч томилогдсон цагаас эхлэн зээлдэгчтэй холбоо барьж хариуцагчийн төлөөлөгч А.М-г банкны эрх хүлээн авагчийн ажлын албанаас дуудаж зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар тайлбарласан боловч банкыг зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан гэх баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасны дагуу Б ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа доголдож төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж Банкны эрх хүлээн авагч томилогдон татан буулгах ажиллагааг хийж төрийн хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа нь хуульд зааснаар онцгой нөхцөл байдал учраас хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон. Мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан нь гэрээ байгуулагдах үед уг хууль батлагдаагүй байсан тул буцаан хэрэглэх боломжгүй гэж тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэж болох байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Зээлийн гэрээ 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан. Зээлдэгч 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй. Зээлдэгчийн дансанд бичилт хийсэн. Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу буцаан хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

1. Нэхэмжлэгч Б ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч ХТ- ХХК болон А.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 414,878,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.1. Б ХХК нь ХТ- ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 38,500 ам.долларыг 24 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. (1хх-ийн 11-13)

Зээлдүүлэгч Б ХХК нь зээлийн гэрээний дагуу 38,500 ам.долларыг зээлдэгч ХТ- ХХК-ийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн 9,504.62 ам.долларыг төлж үүргээ биелүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

2. Зээлдэгч СТМ-Интьернэшнл ХХК дээрх зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхөөр талууд тохиролцсон.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.

Хариуцагч ХТ- ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон хуваарийг зөрчсөн ба 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үндсэн зээл 7,755.18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1,746.44 ам.доллар, нийт 9,504.62 ам.доллар төлснөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд зээлдүүлэгч Б ХХК-ийн зээлийн төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зээлдэгч ХТ- ХХК-ийн зээлийн төлбөрийг хамгийн сүүлд төлсөн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс тоолоход 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд уг хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 414,878,320 төгрөгийг төлөхөөс хариуцагч ХТ- ХХК татгалзах эрхтэй.

2.1. Монголбанк Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Б ХХК-ийг албадан татан буулгаж, тус банканд томилогдсон Банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосон байгаагаас дүгнэхэд банканд эрх хүлээн авагч томилохоос өмнө зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Тодруулбал, банкны эрх хүлээн авагч томилсон нь гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдалд тооцогдохгүйгээс гадна шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлтөөс хамаарч нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

2.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай (2021 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зээлийн хүүгийн талаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаар бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн ... зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул зээлийг бүрэн төлөх хүртэл зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/02515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ