Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/0133

 

 

 

 

Э т” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  Г.У-д холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шүүгчид:                М.Батсуурь

                               Д.Мөнхтуяа

         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:      Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 396 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 199 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б-Э, хариуцагч Г.У нарыг оролцуулан, гомдол гаргагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1. “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь “П” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл оногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах

Хэргийн нөхцөл байдал:  

2. “Э т” ХХК нь шоу урлагийн арга хэмжээ, хөгжим, гэрлийн тоног төхөөрөмжүүд худалдаалах үйл ажиллагаа явуулдаг ба 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газарт .... гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 3 төрлийн утаа гаргагчийн бэлдмэлийг ахуйн болон гоо сайхны химийн бодис, шингэн гэж үзэн 480 кг утааны шингэнийг импортолж, худалдсан. “П” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Э т” ХХК-ийг утааны шингэнийг худалдах тусгай зөвшөөрөлгүйгээр зарж борлуулсан талаар гомдол гаргаж, уг гомдлоор хяналт шалгалт явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.

3. Гомдол гаргагч компаниас “...Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.4.11 дэх заалтад хамаарагдах ахуйн химийн бодис, шингэн гэж үзэн хил гаалийн байгууллагаар нэвтрүүлсэн, тайзны зориулалттай усан суурьтай хор хөнөөлгүй шингэн, хортой бодис биш, Монгол Улсын Засгийн газраас баталсан хортой болон аюултай бодисын жагсаалтад байхгүй, шинжээчийн дүгнэлтээр энэ бодисыг хортой болон исэлддэг бодис гэсэн дүгнэлт гараагүй, “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад 300,000 (гурван зуун мянга) төгрөгөөр торгосон нь шударга бус ... ” гэж, хариуцагчаас “... “П” ХХК-ийн менежер ажилтай О.Ц-аас манайх тусгай зөвшөөрөлтэйгээр импортлон, худалдаж байхад бусад газрууд утааны шингэн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортолж байна гэх гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ... Шоутек нэрийн хөгжмийн дэлгүүрт Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн, хяналт шалгалтаар химийн хорт болон аюултай бодис ашиглах, худалдан борлуулахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Химийн хорт болон аюултай бодис ашиглах, худалдах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь баримтаар тогтоогдсон, утааны шингэн болох 5 нэр төрлийн 3-4 литрээр савлагдсан нийт 11 ширхэг бодисыг тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа тухайгаа мэдүүлсэн, Засгийн газрын 2014 оны “Монгол Улсын хилээр лицензгүй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 379 дүгээр тогтоолд Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтад орсон бодисоос бусад химийн бодис, химийн бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгож байхаар заасны дагуу тус яамнаас тусгай зөвшөөрөл олгох бөгөөд “Э т” ХХК-ийн худалдсан утааны шингэн нь дээрх журмын импортлох, худалдахад тусгай зөвшөөрөл шаардахгүй бүтээгдэхүүний жагсаалтад ороогүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:         

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан “Э т” ХХК-ийн “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.У нь “Протек” ХХК-ийн гаргасан зөрчилд хуульд зааснаар өөрөөр шийтгэл ногдуулсан болохыг тогтоож, хуульд зааснаар хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг даалгах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 396 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Гомдол гаргагч “Э т” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч Л.Б-Э нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан;

6. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.3-т “тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална” гэж тус тус заасан. Энд “химийн хорт болон аюултай бодис” гэж заасан байна. Гэтэл “Э т” ХХК-ийн импортлосон утааны шингэн нь химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарахгүй. Байгаль орчны яамны баталсан “химийн хорт болон аюултай бодисын хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалт”-д байхгүй. Шүүхээс томилсон Хими, хими технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг утааны шингэн нь “хортой болон аюултай бодис” гэдэгт хамаараагүй. Бодит байдалд үйлдвэрлэгчээс зориулалтын дагуу савлагдсан утааны шингэнийг дэлхий даяар төдийгүй Монгол Улсын бүх соёл урлагийн байгууллагууд, бар, ресторанд тусгай зөвшөөрөлгүйгээр, шоу арга хэмжээнд ашиглаж, хэрэглэж байна. 

7. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хоргүй, аюулгүй бодис дээр хортой бодисын тухай хуулийг хэрэглэсэн нь үнэнийг тогтоох хүсэлгүй, амьдрал болон шинжлэх ухаанаас тасраад, өөрсдөдөө хал балгүйхэн шиг, “би үхэхээр чи үх” гэсэн шийдвэр гаргаад байна. 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 19-д “Зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэдэгт шүүх хэргийг хянан хэлэлцэж бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх бүх төрлийн нотлох баримтууд хамаарна” гэсэн байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.4-т “шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугласан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ, ... Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой. Ингэхдээ шинжээчийн дүгнэлт юунд тулгуурласан шинжилгээнд гаргаж өгсөн бүх баримт судлагдсан эсэх, шүүхээс тавигдсан асуулт бүрт хариу өгөгдсөн эсэхийг шүүх дүгнэлтэндээ тусгасан байвал зохино” гэсэн байна. 

9. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нэхэмжлэгч гомдлын үндэслэлээ нотолж, шүүхээс томилогдсон Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгоод, шүүх хуралдаанд тайлбарлаад байхад шийдвэр, магадлалдаа тусгаагүй байгааг хянаж өгнө үү. Үүнийг бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, дээр дурдсан Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн доод шатны шүүхийн хууль бус үйл ажиллагаа нь гаргасан шийдвэртээ онц ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэж байна. 

10. Мөн өөрсдийн мэдлэггүй байдлын улмаас тусгай зөвшөөрөл шаардагдахгүй бараан дээр тусгай зөвшөөрөл авчихаад үүнийгээ ашиглаад бусдын тухай гомдол гаргасан “П” ХХК нь өөрсдөө “тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусчихаад байхад /хугацаа нь огт сунгагдаагүй, дахин зөвшөөрөл аваагүй/ барааг худалдаад байхад, энэ тухай “Э т” ХХК гомдол гаргаад байхад улсын байцаагч Г.У- нь П-ийг өмөөрч “худалдаагүй” гэж шүүхэд худал мэдүүлсэн, улмаар зөрчлийн хэрэг нээгээгүй, 3 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваагүй, жүжиг тавьж, өөр шалтгаанаар 300 мянган төгрөгөөр торгосон нь шударга бус байдал, ялгаварлан гадуурхалт, уг утааны шингэнийг соёлын арга хэмжээнд тусгай зөвшөөрөлгүй хэрэглэж, ашиглаж байгаа соёлын байгууллагуудад хууль огт үйлчилдэггүйд “жирийн иргэдийг албан тушаалтнууд доромжилж байна” гэж бас үзэж байна. 

11. Иймд гомдлыг хянан үзэж, шударга ёсны төлөө шүүхийн шийдвэр, магадлалыг нь хүчингүй болгож, хэрэг маргааныг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Гомдол гаргагч “Э т” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13. Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодис”-ийг 1.7-д “худалдах ...  үндсэн шаардлага, журам, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, зөрчлийг арилгуулж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Уг зүйлд заасан үндсэн нөхцөл шаардлага, журмыг зөрчих нь хариуцлага ногдуулах үндэслэл болно.

14. Гомдол гаргагч компани нь Зөрчлийн тухай хуулийн 5.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан Химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлон худалдсан зөрчил үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул “... химийн хорт бодис болох утааны шингэнийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдсан ...” зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч улсын байцаагчаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудсаар 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

15. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3-т “тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, ... худалдах, устгах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэхээр, тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу олгохоор Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тусгайлан заасан.

16. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.1-д “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, ... худалдах журмыг үйлдвэр, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах” бүрэн эрхийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан 2008 оны 92/90 дүгээр тушаалаар Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг баталж, 2009 онд уг журамд өөрчлөлт оруулж, 92/90 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

17. Уг өөрчлөлт оруулсан 2009 оны 334/104 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмын 2.1.1.1-д “химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх” болон 2.1.1.2-т “химийн хорт болон аюултай бодис импортлох, үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага импортлосон болон үйлдвэрлэсэн бодисоо дотоодын хэрэглэгчдэд худалдах” тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоор, харин журмын 2.1.4.8-д “Үйлдвэрлэгчийн савлагаа, чанарын гэрчилгээтэй ахуйн болон гоо сайхны химийн бодис агуулсан бүтээгдэхүүн”-ийг импортлоход зөвшөөрөл авах тухай зохицуулалт хамаарахгүй байхаар заасан байна.  Гомдол гаргагч компани нь импортлон худалдсан утааны шингэнийг дээрх журмын 2.1.4.8-д зааснаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүн хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч тухайн утааны шингэнийг ахуйн болон гоо сайхны зориулалтаар хэрэглэгдэх химийн бодис агуулсан бүтээгдэхүүн гэж үзэхгүй.

18.  Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1-д “хортой”, 4.1.2-т “аюултай”” гэж ангилсан бөгөөд хуулийн 3.1.1-д ““химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг”, 3.1.2-т ““химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг” гэж тус тус тодорхойлсон.

19. Хэрэгт авагдсан Хими, хими технологийн хүрээлэнгийн[1] ... PRO-A, PRO-C,  PRO-H1L нэр бүхий дээжүүдэд ... хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтээр ... гомдол гаргагч компанийн худалдсан гэх утааны шингэнд агуулагдах бодисуудын найрлага, химийн нэршил, хувь хэмжээ, химийн шинж чанар, тэдгээрийн зэрэглэлийг тогтоожээ.

20. Тодруулбал, “... утааны шингэний үндсэн найрлага болох ... диэтиленгликоль болон этиленгликоль нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д зааснаар “Хортой бодисын 4-р зэрэглэл”-д хамаарагдах бөгөөд амаар залгивал хортой шинж чанартай, ...” гэж уг дүгнэлтэд заасан байна.

21. Химийн шинжлэх ухааны тусгай мэдлэгт суурилсан, мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр гомдол гаргагч компанийн импортлон худалдсан утааны шингэнд агуулагдах бодисууд химийн хортой бодисын ангилалд хамаарч байгааг нэгэнт тогтоосон байхад хяналтын шатны шүүхээс “Э т” ХХК-ийн импортлосон утааны шингэнийг хоргүй бодис” гэж үгүйсгэх хууль зүйн боломжгүй тул “... шинжээчийн дүгнэлтээр хортой, аюултай бодис гэдэгт хамаараагүй, ... анхан, давахын шүүхүүд хоргүй, аюулгүй бодис дээр хортой бодисын тухай хуулийг хэрэглэсэн, шийдвэр, магадлалдаа шинжээчийн дүгнэлтийг тусгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх агуулга бүхий хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

22. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... утааны шингэнийг хууль, журамд зааснаар ахуйн зориулалтын шингэн гэж үзэхгүй, ... “Э т” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлэн, худалдаалсан бэлдмэлүүд нь хууль, журамд заасан “химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, ... худалдах” журмаар зөвшөөрөл авах шаардлагагүй бүтээгдэхүүний жагсаалтад ороогүй болох нь хэрэгт авагдсан ... баримтуудаар тогтоогдсон, ... утааны шингэнийг савласнаас үл хамааран Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зөвшөөрөл авах шаардлагатай, ... тус шаардлагыг хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандартыг зөрчсөн, “П” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр утааны шингэн бодисыг худалдаж байсан буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан нь тогтоогдсон ...” гэж дүгнэн, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

23. Нөгөөтэйгүүр, гомдол гаргагч компани болон “П” ХХК-д зөрчлийн хариуцлагыг ялгамжтайгаар ногдуулсан гэж маргах боловч тус компаниудын гаргасан зөрчил тус тусдаа өөр нөхцөлтэй байсан талаарх үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв тодорхойлсон, энэ тохиолдолд ижил нөхцөлд ялгамжтай хандсан, өөрөөр хэлбэл тэгш бус зарчим алдагдсан гэж үзэхгүй тул гомдол гаргагч компанийн ““П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусчихсан, хугацаа нь сунгагдаж дахин зөвшөөрөл аваагүй барааг худалдсан байхад улсын байцаагч Г.У нь “худалдаагүй” гэж шүүхэд худал мэдүүлсэн, улмаар зөрчлийн хэрэг нээгээгүй, 3 сая төгрөгөөр торгох арга хэмжээ аваагүй ...” гэсэн гомдол үндэслэлгүй.

24. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

25. Шүүхийн шийдвэрийн удиртгал, үндэслэх хэсэг болон магадлалын хянавал хэсэгт маргаан бүхий акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ... улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0067073 дугаар шийтгэлийн хуудасны огноог “2021”, дугаарыг “2067073” гэж техникийн алдаа гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 396 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Э т” ХХК-ийн төлөөлөгч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б-Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч “Э т” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                             Д.МӨНХТУЯА

                                                                                  Ц.ЦОГТ

                  Х.БАТСҮРЭН

 

[1] Хэргийн 2-р хавтасны 50-53 дахь хуудас.