Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01139

 

 

   

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01139

 

  Ю ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/03406 дугаар шийдвэртэй, Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох дутаасан барааны үнэ 86,696,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч О.О нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Х " супермаркетын 2 давхарт үнэт эдлэлийн дэлгүүр хувиараа ажиллуулдаг байсан.

1.1. Хариуцагч Д.Б 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн уг дэлгүүрт худалдагчаар ажилласан ба 2017 оны 03 дугаар сарын сүүлээр Д.Б-д байгаа бараанд тооллого хийхэд 29 нэр төрлийн 21,105,200 төгрөгийн бараа дутаасан. Энэ мөнгийг Д.Б төлж барагдуулна, төлбөрөө барагдуулж дуустал үргэлжлүүлэн ажилламаар байна гэхээр нь зөвшөөрсөн. Дутаасан барааны үнийн дүн 21,105,200 төгрөгийн 70 хувь болох 14,773,640 төгрөгийг төлүүлэхээр тохиролцсон ба 2017 оны 4,5,6 дугаар сарын төлбөрт 710,000 төгрөг 2,100,000 төгрөг төлсөн. Талуудын тохиролцсон төлбөр 14,773,640 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 12,643,640 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ.

Text Box: _ -1.2. Хариуцагч Д.Б нь худалдагчаар ажиллах хугацаандаа дутагдуулсан барааны өр төлбөрийг барагдуулж дуусах хүртэл хугацаанаас үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж, манай компани хүлээн зөвшөөрч, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрчлөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан борлуулалтын гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 7 сарын хугацаанд ажиллахдаа түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс түрээслүүлэгч компаниас манайд удаа дараа шаардлага гаргаж байсан. Харин Д.Б нь борлуулалт муу байна, дараа сард өгье гэх байдлаар тайлбарлан тодорхой хугацаанд ажилласан. Д.Б түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас түүнтэй тохиролцож түүний ажиллуулж байсан Х салбарыг татан буулгаж, тооллого хийж бараа харилцан хүлээлцэх ажлыг менежер О.О, нябо В.Б нар хариуцан гүйцэтгэсэн. Менежер О.О-г 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.Б гийн хариуцаж байсан лангууны бараанд тооллого хийхэд 696 нэр төрлийн бараа байгааг бэлнээр тоолуулж, Д.Б-гийн хариуцаж байсан барааг 2 хувааж, нэг хэсэг буюу 355 нэр төрлийн барааг манай компанийн Зайсан скүэр салбар дэлгүүр рүү хуваарилан /х.х-ийн 78-87/, нөгөө хэсэг буюу 316 нэр төрлийн барааг нягтлан бодогч В.Б-гийн хариуцдаг сейф рүү шилжүүлэх ажил явагдсан /1 х.х-ийн 5-13/.

Гэвч Д.Б нь нягтлан бодогч В.Б-д О.О-гийн өгч явуулсан шүр, шүрэн эдлэлүүдийг хүлээлгэн өгөхдөө задгай граммаар зарагддаг шүрнээс 19 нэр төрлийн дараах код бүхий барааг хүлээлгэн өгөөгүй дутагдуулсан байна. Үүнд.

1. М508 \Момо янз бүрийн шигтгээ М508+М2619\ нэгж үнэ 195,000 төгрөг, 30.81 гр дутагдуулсан 30.81 гр нийт үнэ 6,007,950 төгрөг,

2. М644 \Момо янз бүрийн хэлбэртэй шигтгээ\ нэгж үнэ 135,000 төгрөг 42.36 граммаас дутагдуулсан 14.62 грамм нийт үнэ 1,973,700 төгрөг,

3. М2215 \Гахайн шигтгээ 1гр үнэ\ нэгж үнэ 60,000 төгрөг, 10.0 гр дутагдуулсан 10 гр дутагдуулсан үнэ 600,000 төгрөг,

4. М2229 \Шигтгээ 1гр үнэ\ 120,000 төгрөг 6.60 гр дутагдуулсан 6,60 гр нийт үнэ 792,000 төгрөг,

5.М2233 \Эрхиний толгой М2053+2054+2196+2232+2233+2851\ нэгж үнэ 250,000 төгрөг, 39,02 гр дутагдуулсан 39.02 гр үнэ 9,755,000 төгрөг,

6. М2350 \маанийн үсэгтэй:М2350+М2392-А211\ нэгж үнэ 300,000 төгрөг, 23.10 гр дутагдуулсан 23.10 гр нийт үнэ 6,930,000 төгрөг,

7. М2350 \Сатин шүр Юмм 1гр үнэ\ нэгж үнэ 300,000 төгрөг, 55.40 гр дутагдуулсан 41.40 гр нийт үнэ 13,662,000 төгрөг,

8. М2370 \Сатин шүр 9мм 1гр үнэ\ нэгж үнэ 285,000 төгрөг, 8.70 гр дутагдуулсан 8.70 гр нийт үнэ 2,479,500 төгрөг,

9. М2371 \Сатин шүр 8 мм 1 гр үнэ\ 135,000 төгрөг, 1.31 гр дутагдсан 1.31 гр нийт үнэ 176,850 төгрөг,

10. М2380 \Ягаан шүр:М2365+2367+2373+2374+2376+2379+2380\ нэгж үнэ 25,000 төгрөг, 42.70 гр дутагдуулсан 22.53 гр нийт үнэ 563,250 төгрөг,

11. М2383 \Сийлбэр амьтад: М2382+М2383+М2385\ нэгж үнэ 145,000 төгрөг, 62,41 гр дутагдуулсан 59.41 гр нийт үнэ 8,614,450 төгрөг,

12. М2820 \момо бугуйвч 41гр бочка\ нэгжийн үнэ 341,463 төгрөг, 13.50 граммаас дутагдагдуулсан 13.50 грамм нийт үнэ 4,609,756 төгрөг,

13. М2928 /Сардин бөөрөнхий 8.5ш граммын/ нэгжийн үнэ 380,000 төгрөг, 7.0 граммаас дутагдуулсан 7.0 грамм нийт үнэ 2,660,000 төгрөг,

14. М2929 /Сарнай шигтгээ:2624+2929+2930+2931/ нэгж үнэ 95,000 төгрөг, 32.93 граммаас дутагдуулсан 32.93 грамм нийт үнэ 3,128,350 төгрөг,

15. М2933 /шошо граммын хавтгай шигтгээ/ нэгж үнэ 210,000 төгрөг, 44.22 граммаас дутагдуулсан 44.10 грамм нийт үнэ 9,261,000 төгрөг,

16. М2986а /Сардин зүүлтний шигтгээ 5т/ нэгжийн үнэ 35,000 төгрөг, 19/12 граммаас дутагдуулсан 15.62 грамм нийт үнэ 546,700 төгрөг,

17. М3062 /Сардин хорхой шүр/ нэгж үнэ 15,000 төгрөг 70.90 граммаас дутагдуулсан 79,90 гр нийт дүн 1,198,500 төгрөг,

18. А183 /Ээмэг (рай)/ нэгж үнэ 125,000 төгрөг. 1.0 граммаас дутагдуулсан 1.0 грамм нийт үнэ 125,000 төгрөг,

19. А207 /Шигтгээ/ нэгж үнэ 200,000 төгрөг, 2.60 граммаас дутагдуулсан 2.60 грамм нийт үнэ 520,000 төгрөг болно. Д.Б нийт 19 нэр төрлийн граммаар жигнэж зарагддаг шүр, шүрэн эдлэлүүдийг дутааж 74,053,006 төгрөгийн хохирол учруулаад байна.

Иймд хариуцагч Д.Б гаас хөдөлмөрийн гэрээг хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохиролд 12,643,640 төгрөгийг, хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учруулсан хохиролд 74,053,006 төгрөг, нийт 86,696,646 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Анх надад О.О-гийн нөхрийн хамаатан болох миний найз надад хүүхэд харах санал тавьж, би ажиллах саналыг хүлээн авч байсан. Намайг ...чи их гайгүй байна, лангуун дээр суугаад өгөөч гэсэн. ...Би зун 6 дугаар сараас Зайсан Скүэр салбарт очиж ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Хоме плаза-2 салбарыг авсан. 2017 оны 1,2 дугаар саруудын түрээсийн төлбөрийг 710,000 төгрөгөөр хувааж хийсэн. 3 дугаар сараас орлого гайгүй байна түрээсээ бүтэн төлөөд ажилчих, гадны хүнээс юм тавьж орлогоо нэмэгдүүлж болно гэж хэлсний дагуу хүмүүсээс хэт хутга, хөөрөг тавьж тодорхой хэмжээнд олдог байсан. Манай байнгын үйлчлүүлэгч нар 20 хувийн хөнгөлөлт авдаг учраас орлого муутай байсан. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нийт бараа 600 нэр төрөл байхгүй, 316 нэр төрөл байсан. Бараагаа 07 дугаар сарын 01-ний өдөр аваад 07 дугаар сарын 02-ны өдөр тооллого хийгээгүй. Зайсан Скүэр салбарын барааг Хоме плазагийн бараан дээр нэмж гаргасан байна. Бидэнд тулгалт хийсэн баримт байхгүй. 2019 оны 02 дугаар сарын цалин аваад 2018 оны 07 дугаар сараас эхлэн борлуулалтын орлого аваад ажиллаж байсан. Нэхэмжлэгч талаас 02 дугаар сараас манайх салбар дэлгүүрээ зарах гэж байна чи яах вэ гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр борлуулалтын орлого хийгээд тооцоо дууссан.

2018 оны 07 дугаар сард би бүтэн цалингаа аваад ажиллаж байсан. Зайсан скүэр салбарт ажиллаж байхад манайх дэлгүүрээ бараатайгаа зарах гэж байна гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би борлуулалтын и-мэйл явуулаад тооцоо дуусаж бараагаа хүлээлгэн өгсөн байхад 2021 оны 12 дугаар сард намайг цагдаад мэдэгдсэн. Нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тооллогыг улаан балаар бичээд 74,000,000 төгрөгийн бараа дутагдуулсан гэж гаргасан. Энэ Хоме плаза-2 салбарт хийсэн оны сүүлийн үйл баримт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр оны хамгийн сүүлийн тооллого дээр нь үнийн дүн тавиад дутаасан гэж бичсэн, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэсэн байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Б нь 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр "Ю"  ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, сарын 608,642 төгрөгийн цалинтай худалдагчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Анх Скай их дэлгүүр дэх үнэт эдлэлийн лангуунд худалдагчаар ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сараас Зайсан Скүэр салбарт, 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс Хт ХХК-ийн Х-2 салбарт худалдагчаар ажилласан. Хоум плаза 2 салбарын ашиг орлого муу байсны улмаас уг салбарыг 2018 оны 07 дугаар сард хааж, үргэлжлүүлэн Зайсан Скүэр салбарт ажлаас гарах хүртэл ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас суутган авч байсан тул төлөгдөж байна гэж бодож байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнийг тоолон хүлээлгэн өгч, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа гарсан. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр О.О нь Д.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг авч үзэхэд 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйг мэдсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 2 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугар сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ю ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эрх зөрчигдсөнөөс хойш 3 сарын дараа шаардах эрхтэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б гаас 86,696,646 төгрөг гаргуулах Ю Эм Би интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацааны, Д.Б-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүрийн 608,642 төгрөгөөр тооцон нөхөн төлүүлэх, шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг Ю ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус бар нэхэмжпэгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 591,433.23 хариуцагчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төг тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжпэгч Ю ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор харьцуулж үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үнэн зөв дүгнэлт өгөөгүйн улмаас шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

6.1. Хариуцагч Д.Б хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд түүний хариуцан худалдан борлуулагдаж байсан бараанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийхэд 21,105,200 төгрөгийн бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрч дутагдуулсан барааны өр төлбөрөө төлж барагдуулж дуусгах ажиллая гэх санал гаргасан тул талууд бичгээр тооцоо нийлээгүй бөгөөд талууд өмнөх гэрээг дуусгавар болгож, хариуцагч нь дутаасан барааны үнийг хөлсөөр ажиллах гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулагдаж буй салбар дэлгүүрийн түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцож учруулсан хохирлоо төлж барагдуулах нотолгоо нь өөрийн өрийг хүлээн зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зурсан үйлдэл юм. Борлуулалтын гэрээний дагуу талбайн түрээсийн 4 сарын төлбөрийг төлж байснаас харахад талуудын хооронд анхны тохиролцоо үүссэн бөгөөд үүнээс Д.Б биелүүлсээр ирсэн зэргээс харахад 12,643,6401 төгрөгийг дутаасан барааны үлдэгдэл төлбөртэй нь нотлогддог.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байх явцдаа ...менежер О.О нь түүний хариуцан ажиллаж байсан дэлгүүрийн бараанд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тооллого хийхэд бараанд дутагдал гараагүй. Улмаар нийт барааг Зайсан скүэр салбарт шилжүүлэхдээ бараа бүтээгдэхүүнүүдийг хариуцагчаар нягтлан В.Б руу өгч явуулсан. Зайсан скүэр салбарт хариуцагчаар өгч явуулсан бараанд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тооллого хийхэд лангуу руу шилжуулэх буюу хэрэглэгч худалдсан аваад шууд ашиглах боломжтой шүрэн эдлэлийг бүрэн шилжүүлэн өгч тооллогын баримтад гарын үсэг зурсан атал сейф рүү шилжүүлэх буюу граммаар хүдалдан борлуулагддаг бараанаас 19 нэр төрлийн бараа дутагдал гаргаж нягтлан В.Б тооллого үйлдсэн баримтад гарын үсэг зуруулах гэтэл дутагдуулсан бараагаа гүйцээж байж гарын үсэг зурна, зарим барааг дарханы газар юм хийгэхээр өгсөн байгаа гэж хэлээд гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ тооллогыг хийхдээ В.Б нь хариуцагчийн худалдан борлуулж байсан бараанд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийсэн тооллогын баримтад дутагдуулсан барааны үнийн дүнг улаан балаар тэмдэглэгээ хийж барааг хүлээн авсан. Ингээд компаниас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нүүлгэн шилжүүлэлтээр ирсэн бараанд нэгдсэн болон лангуу шилжих, сейф рүү шилжүүлэх бараа бүтээгдэхүүний тооллогын баримт гарч тооцоо нийлэх ажиллагаа хийгдэхэд дутагдал гаргасан бараа материалын тооллогын баримтад гарын үсэг зурахаас татгалзсаны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

6.2.Шүүхээс хариуцагчийн дутагдуулсан барааг хүлээлгэн өгсөн болон тооллого баримтыг гаргаж өгөөгүй гэх үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Учир нь Д.Байгальмаа дээр нийт 652 ширхэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн болон хариуцаж байсан болох нь /1 х.х-ийн 5-13/ 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн лангуу руу шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний /1 х.х-ийн 78-87/ нягтлан В.Б болон Д.Байгальмаа нарын тооллогын баримтаар нотлогддог.

Мөн шүүхээс хариуцагчийн дутагдал гаргаагүй бараа бүтээгдэхүүний тооллогын баримтад гарын үсэг зурсан /1 х.х-ийн 78-87/ атлаа дутагдал гарсан баримт гарын үсэг зураагүй нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр /1 х.х-ийн 144-148/ хариуцагчийн бараа дутаагаагүй учраас тооцоо нийлээгүй гэх үндэслэлгүй тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны зүйлд ач холбогдолгүй буюу өөр цаг хугацааны нотлох баримтад үнэлэлт өгч шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь зохигч талууд тооллого хийсэн дээрх үйл баримтад маргадаггүй. Гэтэл талуудын маргаж он сараас эрс өөр цаг хугацааны баримтад үнэлэлт, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийхэд 21,105,200 төгрөг дутсан тухай нотлох баримтыг гаргаж өгдөггүй. Би Ю ХХК-д өртэй байгаагүй, сар бүр түрээсийн төлбөрийг төлдөг байсан. 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж, 25,560,000 төгрөгийн түрээс төлсөн. 2018 оны 5, 6 дугаар сард орлого муу байгаа тул лангуу болон бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх талаар хэлсэн. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан дутаасан барааны үнэ 86,696,646 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь Х супермаркетын 2 дугаар давхарт үнэт эдлэлийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. 2017 оны 03 дугаар сарын сүүлээр тооллого хийхэд 29 нэр төрлийн нийт 21,105,200 төгрөгийн бараа дутаасан. Дутаасан мөнгийг Д.Б төлж барагдуулна, өр төлбөрөө барагдуулж дуустал ажилламаар байна гэхээр нь зөвшөөрсөн. 21,105,200 төгрөгийн 70 хувь болох 14,773,640 төгрөгийг төлүүлье гэж тохиролцсон. 2,130,000 төгрөг төлж, үлдэгдэл 12,643,640 төгрөг болсон. Хоум плаза дээрх дэлгүүрийн ашиг орлого муу байсан тул Зайсан скүэр супермаркет дээрх салбар дэлгүүр лүү бараагаа нийлүүлж татахаар болж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийсэн. Тооллогоор 19 нэр төрлийн нийт 74,053,006 төгрөгийн бараа дутсан. Өмнөх дутаасан барааны үлдэгдэл тооцоо болох 12,643,640 төгрөгийг нэмээд нийт 86,696,646 төгрөгийн бараа дутаасан гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тооцоо дуусаж бараагаа хүлээлгэн өгсөн, бараа дутаагүй гэж маргаж, 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдэл зөв, харин хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

3.1. Хариуцагч Д.Б нь Ю ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдагчаар, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл борлуулалтын гэрээ байгуулж борлуулагчаар тус тус ажилласан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа 21,105,200 төгрөгийн бараа, борлуулалтын гэрээгээр ажиллаж байхдаа 74,053,006 төгрөгийн бараа тус тус дутаасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн /1хх 5-13, 69-77, 135-143/, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн /2хх 45-51/, 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн /1хх 43-47, 78-87, 144-148, 180-192/, 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн /1хх 88-96, 2хх 107-115/ тооллогын баримтууд, тооцооны баримтууд /1хх 37-39, 41, 2хх 13-15/, 2017 оны 01 /2хх-106/, 2018 оны 07 /2хх-100/, 2018 оны 10 /2хх-101/, 2018 оны 11 /2хх-102/, 2018 оны 12 /2хх-103/, 2019 оны 01 /2хх-104/, 2019 оны 02 дугаар саруудын /2хх-105/ борлуулалтын баримтууд, дутаасан барааны жагсаалтыг /1хх 14-15/ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэн өгсөн барааны тоо, хэмжээ, үнийн дүн, үүнээс дутсан бараа тодорхойгүй, тооллого хийсэн баримтуудад хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа 21,105,200 төгрөгийн бараа дутагдуулснаас хариуцагчтай харилцан тохиролцсны үндсэн дээр 4,620,000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагчийн төлсөн түрээсийн төлбөр 2,130,000 төгрөгийг хасаж, үлдэх 12,643,640 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гаргах эрхтэй. 2017 онд тооллого хийснээс хойш 3 жилийн дараа буюу 2020 онд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

3.2. Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй болно.

4. Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг хэрэглэхдээ маргаанд хамааралгүй заалтыг баримталсан алдааг залруулах нь зүйтэй.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/03406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.3, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-д холбогдох дутаасан барааны үнэ 86,696,646 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ю  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б гийн сарын хөлс 608,642 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг 2017 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаагаар нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Ю ХХК-д даалгасугай гэж нэмж,

2 дахь заалтын 7.1.4 гэснийг 7.1.1, 7.1.2 гэж,

2 дахь заалтын дугаарыг 3 гэж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН