Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар ШШ2017/00001

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б сумын * дүгээр багийн оршин суугч М.Х н нэхэмжлэлтэй;

Хариуцагч: аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Х , түүний өмгөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак,гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч М.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн ба 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар Булган сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар анх томилогдон ажилд орж, ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажлаа үр бүтээлтэй, зөрчил дутагдалгүй хийж байсан. Би хэдийгээр 1957 онд төрсөн боловч цэргээс халагдаж ирэхэд паспорт солигдсон байсан. Тухайн үед надад 1956 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрснөөр паспорт олгосон юм. Би бичиг баримт, төрсөн оноо янзлуулах зорилгоор зөрчлийг арилгуулах гэж хөөцөлдөж холбогдох байгууллага, албан тушаалтан нарт очиход төрсний бүртгэлтэй холбоотой мэдээлэл олдоогүй юм. Гэтэл сүүлд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1962 оны төрсний бүртгэлээс 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэсэн нотлох баримт олдсон. Би төрсний бүртгэлийн лавлагааг авч, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төрсөн он болон регистрийн дугаарын зөрчлийг арилгуулахаар тэр дор нь холбогдох баримтуудын хамт өргөдөл гаргасан юм. Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирэхэд тэтгэвэрт гарахаар болсон тул та ажлаа хүлээлгэж өгнө үү гэж хэлсэн. Тэгэхэд нь би 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн талаарх лавлагааг албаны дарга А.Тилект үзүүлсэн,би тэтгэвэрт гарах болоогүй, би одоогоор 59 настай, дараа жилээс тэтгэвэрт гарна гэж хэлсэн. Тухайн үед хэлтсийн дарга С.Ш Улаанбаатар хотод байсан. А.Тилек С.Ш даргад утасдаж М.Х 1957 онд төрсөн гэж лавлагаа авчирсан байна, одоо яах уу гэж ярьсан. С.Ш дарга тэр лавлагаа хамаагүй, ажлаа яаралтай хүлээлгэж өг гэсэн. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Ш нь надтайярилцалгүйгээр миний 1956 онд төрсөн тухай зарим баримтуудыг үндэслээд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар намайг тэтгэвэрт гаргасан юм. Би төрсөн он болон регистрийн дугаарын зөрчлийг арилгуулахаар Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох нотлох баримтын хамт өргөдлөө өглөө,та Б/05 дугаартай тушаалаа хүчингүйд тооцож өгнө үү гэж дарга С.Шэд өргөдөл, хүсэлтээ гаргасан боловч тушаалаа өөрчлөөгүй юм. Дараа нь би урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах тухай өргөдөл гаргахад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1/79 дугаартай албан тоотоор тушаал үндэслэлтэй байна гэсэн утгатай хариу ирсэн. Би Нийгмийн даатгалын ерөнхий газрын 1/79 дугаартай албан бичгийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед аваад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн аваагүй буцаасан юм. Ингээд би Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж холбогдох баримт бичгийг хавсаргаж, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд маргааныг шийдвэрлүүлэхээр 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан юм. Салбар зөвлөлөөс хариу ирэхээр нь дахиад шүүхэд өргөдөл гаргасан юм. Лавлагааг үндэслэж Улсын бүртгэлийн хэлтэс миний төрсөн он, регистрийн зөрчлийг арилгаж 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр намайг 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэж шинээр бүртгэл хийж , цахим үнэмлэх олгосон.

Иймд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, намайг урьд эрхэлж байсан Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 1957 онд төрсөн ба Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 1956 онд төрсөн гэдгээр тушаал гаргаж тэтгэвэрт гаргачихсан. Улсын бүртгэлийн газар 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэдгийг тогтоож, регистрийг нь шинээр олгож, улсын бүртгэлд бүртгэн авч, иргэний үнэмлэхийг нь засаж өгсөн байгаа,эцсийн шийдвэрийг Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэг гэгч хүн улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж гаргасан. М.Х д ямар нэгэн буруу байхгүй. Анх үнэмлэх олгох газар нь 1956 онд төрсөн гэж буруу олгосон, 1957 онд төрсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Харин хэлтсийн даргын гаргасан Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. 60 нас хүрч байж энэ хүн тэтгэвэрт гарах ёстой. Тухайн үед 1956 оны бүртгэлээр тэтгэвэрт гарахаар болсон, таны хүсэлтийг бүртгэж аваад дээд байгууллагад явуулсан, таны тэтгэмжийн мөнгө, төгрөг ирж байгаа, бүртгэгдсэн шүү гээд дарамт шахалт доор тэтгэвэрт гаръя гэж өргөдөл бичиж өгсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө хэллээ. Уг тушаалыг гаргах үед нь нэхэмжлэгч энэ асуудлаа хөөцөлдөж байгаа, нэг сарын дараа нотлох баримтаа бүрдүүлж ирнэ, та түр хүлээж байгаач гэж хүсэлт гаргасан байгаа. Энэ талаар даргатайгаа ч утсаар ярьсан байдаг. Гэхдээ дарга нь өөрөө хотод байж байхдаа энэ тушаалыг гаргачихсан байдаг. М.Х нь 1957 онд төрсөн нь тогтоогдож байгаа учраас Б/05 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Байгонак шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон төсөвт байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагч нараас тэтгэвэрт гарах хүсэлтийг 1 жилийн өмнө буюу 2015 оны 07 дугаар сард хэлтсийн 2016 оны төсвийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулах үед авдаг юм. М.Х нь 2015 оны 06 дугаар сарын 17-нд 2016 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан байна. М.Х гийн хүсэлт, иргэний үнэмлэхний он, сар, өдөрт бичигдсэний дагуу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны 2016 оны 03 дугаар сарын төсөвт Х.Д , М.Х нарын 2016 онд тэтгэвэрт гарах тэтгэмжийн 50 хувийг олгохоор тусгагдаж ирсэн юм.

М.Х нь өндөр насны болзол хангаж, өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2015 оны ажил дүгнэж, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах үед М.Х д та 2016 оны 03 дугаар сард 60 нас хүрнэ, мөн таны өндөр насны тэтгэвэрт гарахад авах тэтгэмжийн 50 хувь ирсэн, одоо тантай үр дүнгийн гэрээ хийхгүй гэж албан ёсоор албаны дарга нарын хамт танилцуулсан болно. Харин надыг Булган суманд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ажлаар очиход М.Х нь өөрийнхөө оронд бэрээ авч ажиллуулах санал тавьсан юм. Бэрийн мэргэжил, төрийн албаны шалгалтад ороогүй тул авах боломжгүй гэдэг хариу өгсөн юм. Надад төрсний бүртгэлийн талаар огт яриагүй буюу бичгээр хүсэлт гаргаж байгаагүй болно. М.Х өөрийнхөө оронд бэрийг нь авч ажиллуулахгүйн улмаас хуурамчаар бичиг баримт үйлдэж хуулийн байгууллагад хандаж байна. Хавтаст хэрэгт авагдсан лавлагаанд М.Х 1956 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэж удаа дараа байгаа ба хамгийн сүүлд 1957 онд төрсөн гэсэн лавлагаа гарч ирээд тэрээр дахин иргэний үнэмлэх авсан байна. 6 жилийн дараа бүртгэсэн засвартай бүртгэлийг үндэслэн байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч иргэний үнэмлэх авсан байгаа. Засвартай гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагад тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж байна. Энэ нөхцөлд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ямар нэгэн буруутай ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Учир нь энэ нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын сайн дураараа эрх мэдлээ ашиглаад шийдвэрлэсэн асуудал биш юм. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслээд тэтгэвэрт гаргасан. Нэхэмжлэгч өөрөө албан ёсоор хүсэлт гаргаагүй байсан бол түүнийг ажлаас хүчээр гаргахгүй шүү дээ. Мөн үр дүнгийн гэрээг жил болгон байгуулдаг,нэхэмжлэгч дараа жилд би тэтгэвэрт гарна гэж 2016 онд шинээр үр дүнгийн гэрээ байгуулаагүй байдаг. Мөн М.Х нь өндөр насны тэтгэвэрт гарахад авах 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн 50 хувь болох 8865584 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авсан байдаг. Хэрвээ үнэхээр асуудал өөр байсан бол тэтгэмжийг авахгүй гэж буцаах ёстой байсан. Аливаа юмны хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. Намайг хүчээр гаргасан гэвэл хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудал тул нэхэмжлэлээ нэг сарын дотор гаргах ёстой,хөөн хэлэлцэх хугацаа бас өнгөрсөн байдаг. Одоо түүнд тэтгэвэр тогтоож өгье гэхэд хуульд зааснаар тухайн хүн өөрөө хүсэлт гаргах ёстой. Түрүүний шүүх хуралдаанд нэхэмжлэгчид ажлаас халагдсан тушаал гарсан өдрөөс буюу 04 дүгээр сараас тэтгэвэр тогтоож өгье, та анхны иргэний үнэмлэхэд заасан насаар тэтгэвэр тогтоолгож авчих, сүүлд авсан иргэний үнэмлэх хүчингүй гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна гэв.

Гуравдагч этгээд С.В ийн шүүхэд ирүүлсэн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд 2014 онд төрийн албаны шалгалт өгч тэнцэж, Булган сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байгаад аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нийгмийн даатгалын байцаагчаар томилогдсон. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ алба хаагч болсон. Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М.Х ажлаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарч сул орон тоо гарсан учир Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үндэслэлээр дээрх албан тушаалд томилогдсон. Энд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал гараагүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд С.В ийн эрх ,ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа. М.Х гийн 1957 онд төрсөн гэдгийг батлах янз янзын баримтууд гарч байгаа. Гэхдээ эдгээр баримтуудад төрсөн он, сар өдөр нь янз бүрээр бичигдсэн байна. Жишээ нь: 1962 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн бүртгэлд шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн гэдгээр бүртгэсэн байгаа. Энэ асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан. Ж үсгийг Х үсэг болгож, 3-ын тоог 7 болгож зассан гэх асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг бид судалж үзэхэд энэ хүний 1954 онд төрсөн Ж гэдэг ах нь байдаг юм байна. Тухайн бүртгэл тэр хүний бүртгэл байж болох үндэслэл бас харагдаад байгаа.М.Х н бичиг баримт дээрх төрсөн огноо зөрсөн асуудал нь хувь хүний буруутай үйл ажиллагаа болохоос биш, Нийгмийн даатгалын хэлтсийн буруу биш гэж үзэж байна. М.Х 1982 оноос 2016 он хүртэл бүхэл бүтэн 34 жилийн хугацаанд 1956 онд төрснөөр явж ирсэн. Нийгмийн даатгалын хэлтэст ажилд орохдоо бүх бичиг баримтаа 1956 онд төрснөөр бүрдүүлж өгсөн. Үүнийг засах боломж өмнө нь байсан гэж бид үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ лавлагаа олж чадахгүй байсан гэж тайлбарласан. Архиваас лавлагаа асууж очиход энэ хүний талаар лавлагаа гарч ирэхгүй байсан гэх баримт бас байхгүй байгаа. Энэ хүртэл чимээгүй явж байгаад тушаал гарсны дараа ийм асуудал тавьж байгаа нь бас хууль бус юм. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын гаргасан маргаан бүхий захиргааны акт нь хууль зөрчсөн тухай үндэслэлийг бид олж харахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолд ...тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдгийг тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн иргэний үнэмлэхэд бичигдсэн он, сар өдрөөр тодорхойлно... гэж заасан. 2016 оны 03 дугаар сард тушаал гаргахад нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр албан ёсны бичиг баримтад 1956 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн гэж байсан. Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж тушаал гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Тушаал гарсан өдрөөр нь тэтгэврээ тогтоолгож, 36 сарын тэтгэмжээ бүрэн авах боломж нь байсан. М.Х н авчирч байгаа архивын лавлагаа, 1957 онд төрснөөр авсан иргэний үнэмлэх зэрэг бүх үйл баримтууд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарснаас хойшхи үйл баримт. Иймд өмнөх тушаалыг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл харагдахгүй байгаа. Шүүх энэ талаас нь анхаарч холбогдох нотлох баримтуудын үндсэн дээр М.Х н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч М.Х нь уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр эхлээд Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж, тус газраас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/79 дүгээр албан бичгээр Б/05 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байна гэж хариу өгснөөр 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 104 дүгээр захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, улмаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргаснаар салбар зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 79 дүгээр албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн байх боловч дараа нь салбар зөвлөлөөс маргаан хянан шалгах комисс байгуулж, уг комиссоос маргаан бүхийБ/05 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уг дүгнэлтийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байгаа ба энэхүү дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар[2] Булган сумын нийгмийн даатгалын байцаагч М.Х г өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахаас өмнө 1957 онд төрсөн тухай лавлагааг холбогдох албан тушаалтнуудад үзүүлж мэдэгдсэн байхад өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэж ажлаас чөлөөлсөн нь хууль бус, одоо 59 настай тул тэтгэвэр тогтоолгон авах үндэслэлгүй бөгөөд уг тушаалын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж тодорхойлсон. Харин хариуцагч тал М.Х нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах болзол хангасан, мөн өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ гаргасан тул төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар даатгуулагч нь 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр тус тус зохицуулсан байна.

Нэхэмжлэгч М.Х г тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М.Х нь 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагааг эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга эзгүй байсан тул холбогдох бусад албан тушаалтнуудад үзүүлж танилцуулсан, улмаар мөн өдөр энэ талаар хэлтсийн даргад утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдсон болно.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Х нь дээрх төрсний бүртгэлийн лавлагааг авсны дараа 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 1957 онд төрснөөр регистрийн дугаарыг өөрчлөх тухай өргөдөл[4] гаргаснаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр М.Х д олгогдсон БД********** регистрийн дугаарыг өөрчлөн, 1957 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрснөөр шинээр регистрийн дугаар олгож, уг өөрчлөлтийг цахим санд тусгах тухай улсын байцаагчийн 724 тоот дүгнэлт[5] гарч, улмаар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр БЙ************ регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг М.Х д олгосон[6]байх ба тэрээр хүчинтэй иргэний үнэмлэхээр 59 настай байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүний насыг зөвхөн шүүх тогтоох ёстой, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу М.Х д шинээр олгосон иргэний үнэмлэх бол хүчингүй гэсэн тайлбар гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар нас тогтоох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор зохицуулсан.

Гэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Засгийн газрын 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар тогтоолоор баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэм-ийн 2.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1811 дүгээр тушаалаар баталсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам-ын 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын байцаагч нь бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай дүгнэлт гаргах эрхтэй,мөн уг улсын байцаагчийн 724 тоот дүгнэлт нь хүчинтэй[7] байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.3 дахь хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

Төрийн байгууллага нь хуульд заасан нөхцөл бүрэн бүрдсэн үед тэтгэвэрт гаргах үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх боломжтой, гэтэл ажлаас чөлөөлөх тушаал гаргах үед нэхэмжлэгч М.Х нь бодит байдалд 60 нас хүрээгүй байсан, 1957 онд төрсөн талаарх бичиг баримтаа танилцуулж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй тухайгаа эрх бүхий мэдэгдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн эсэх, тухайн этгээд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуульчилсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр, түүнчлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн шийдвэр гаргах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, нэхэмжлэгчээс тайлбар авах зэргээр оролцоог нь хангахгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн нь буруу болжээ гэж дүгнэлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, ... хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх,.... шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц.....төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч М.Х нь 2016 оны 08 дугаар сард тэтгэвэрт гарах тухай хүсэлтээ 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан[8] байгаа боловч ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас өмнө нэхэмжлэгч тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн байх тул тэтгэвэрт гарах тухай хүсэлтээсээ татгалзсан гэж үзэхээр байгаа, мөн тухайн тохиолдолд нэхэмжлэгч М.Х нь бодит байдалд 60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгтэй нийцээгүй, мөн захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна гэж дүгнэлээ.

Маргаан бүхий захиргааны акт нь төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн агуулгатай, гэтэл нэхэмжлэгч 59 настай тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нөхцөлийг хангахгүй байгаа буюу М.Х д тэтгэвэр олгох эрх зүйн үндэслэл байхгүй тул уг тушаал нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, нэхэмжлэгчийн 60 нас хүртэл төрийн албанд ажиллах эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Х г төрийн албанаас чөлөөлсөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Х г урьд эрхэлж байсан Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн алба хаах эрхийг сэргээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1,24.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/05 дугаар М.Х г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, М.Х г аймгийн Эрүүл мэнд,нийгмийн даатгалын хэлтсийн Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 


[1] Хэргийн 7,14,16,36-38-р хуудас

[2] Хэргийн 6-р хуудас

[3] Хэргийн 55,62,65-р хуудас

[4] Хэргийн 45-р хуудас

[5] Хэргийн 51-р хуудас

[6] Хэргийн 11-р хуудас

[7] Хэргийн 170-р хуудас

[8] Хэргийн 28-р хуудас