Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

Б.Ган-Эрдэнэд холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандорж, Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батсуурь даргалж, С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандорж, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ган-Эрдэнэд холбогдох 2016 2400 0649 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржин овогт Баяраагийн Ган-Эрдэнэ, 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зөрчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийтийн тээврийн автобусны 1 дүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 43 дугаар гудамжны 529б тоотод оршин суух,

2004 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялын зарим болох 7 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил хорих ялаар тогтоож, уг 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан, /РЭ:КБ90010112/;

Б.Ган-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн Daewoo BS-106 загварын 23-01 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс, чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Дашнямын жолоодон явсан “Тоёота Креста” загварын 57-29 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Загаржаргал, Б.Лхагвадулам, Б.Дөлгөөн-Од нарын амь насыг хохироосон, зорчигч М.Батчимэгийн биед хүнд, У.Чанцалтогтох, Т.Дашням, Д.Мишээл нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Т.Дашнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт, Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусанд 1.209.000 төгрөгийн шууд, 1.584.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Ган-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржин овогт Баяраагийн Ган-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Б.Ган-Эрдэнийн 839763 тоот жолооны үнэмлэх, 0027922 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнээс оршуулгын зардал болон эмчилгээний зардал 1.055.130 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзоригт, 180.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмөнхөд, 900.000 төгрөгийг хохирогч М.Батчимэгт, автомашины хохирол болон эмчилгээний зардал 2.722.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашнямд гаргуулан тус тус олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашням, М.Батзаяа, хохирогч М.Батчимэг нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр, Б.Ган-Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жил 6 сарын хугацаатай хорих, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал нь хэт нэг талыг барьсан, хэргийг тал бүрээс бүрэн бодитой шалгаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон. Тухайлбал:

  1. Шийтгэх тогтоолд Б.Ган-Эрдэнийн жолоодон явсан автобус нь Т.Дашнямын жолоодон явсан тээврийн хэрэгсэлийг мөргөсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, учир нь Т.Дашнямын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь Б.Ган-Эрдэнийн жолоодон явсан автобусыг мөргөсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харагддаг.
  2. Шийтгэх тогтоолын үндэслэл болсон 475 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дах хэсэгт “Т.Дашнямыг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй” гэдэг бөгөөд энэ машинд 7 зорчигч зорчин явсан, урд суудалд бага насны хүүхдийг ямар ч хамгаалалтын бүс, тусгай зориулалтын суудал хэрэглүүлэхгүйгээр өвөр дээрээ авч явсан нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байхад мөрдөн байцаагч шинжээчид асуулт тавихдаа энэ талаар огт дурдаагүй, шинжээч ч анхаарч үзээгүй.
  3. Т.Дашням нь үзэгдэх орчин чөлөөтэй байхад зогсоох арга хэмжээ огт аваагүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тоормозны мөр гараагүй байгаагаар харагддаг. Хохирогч Т.Дашнямын жолоодон явсан тээврийн хэрэгсэлийн хурдыг тогтоох ажиллагааг хийгээгүй, үүнийг тогтоох бололцоо байгаа талаар хуралдаанд биечлэн оролцохдоо тодорхой үндэслэлтэй өмгөөлөгч би тайлбарлах болно. Иймд анхан шатны шүүх нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй хэргийг шийдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хавтаст хэргийн материалтай танилцахад хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ослын шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй байна.

1. Ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдол бүхий схем, фото зургаас үзэхэд:

- 23-01 УБЧ улсын дугаартай автобусын тормозны мөр 0,3 метр байгаа нь автобусын хурдыг олох боломжтой томъёогоор бодож олоход 6.6 км/цаг байна.

Автобус 6.6 км/цаг хурдтай эргээд зогссон, хөдөлгөөн хийгээгүй гэж үзэх үндэслэл байна. Энэ зогссон байдал нь ослыг Б.Ган-Эрдэнэ гаргасан гэдэгт эргэлзээ үүсгэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “...Зам тээврийн осол гэдэг бол зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд ... хохирох учралыг хэлнэ...” гэж заасан байдаг.

- “Тоёота Креста” загварын автомашины /57-29 УБЛ/ жолооч тэгш шулуун замд том оврын автобусыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй 2 автобусыг мөргөсөн. Эхний автобусны зүүн урд хэсгийг мөргөөд цааш 14.4 метр явж эргэж зогсох хооронд ямар ч тоормозны мөр байхгүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхаас гадна Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэгт заасан “хүн тээвэрлэх журам” зөрчсөн бөгөөд 7 зорчигчтой явсан нь осол болоход нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй байна.

2. Т.Дашнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /2хх-58/-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мэдэгдэх, гомдол гаргах эрхийг хуульд заасан журмын дагуу тайлбарлаж өгөөгүй байна.

 3. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасан байхад хэлэлцээгүй байна. Иймд Б.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Осол хэний буруутай үйлдлийн улмаас болж гарсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. Б.Ган-Эрдэнэ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа шулуун явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс үүдэн уг осол гарсан. Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч нар “Тоёота Креста” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 дахь хэсгийг зөрчиж, тээврийн хэрэгслийн жин, даац хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэлд 5 том хүн, 2 хүүхэд зорчиж байсан. 2 хүүхэд насанд хүрээгүй тул хүний тоо хэтрүүлсэн гэж үзэхгүй. “Үл хөдлөх цэг, “А” цэгийг тогтоогоогүй гэж байна. Хэргийн газрын үзлэгээр үл хөдлөх “А” цэгийг тогтоосон. Б.Ган-Эрдэнийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл “Тоёота Креста” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний дараа замын зорчих хэсгийн голд ороод зогссон байсан. Өмгөөлөгч нар харин ч ялтан Б.Ган-Эрдэнийн эсрэг зүйл ярьж байна. Ослын газарт автобусны тоормосны мөр 0,3 метр байсан гэж байна. Тоормосны мөр гарсан байна гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсныг илтгэж байна. Т.Дашням хөдөлгөөнд давуу эрхтэй оролцож байсан. Б.Ган-Эрдэнийн хувьд чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй байсан ч шулуун явж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс болж осол гарсан. Т.Дашнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэргийн оролцогчдод танилцуулаагүй гэж байна. Тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, танилцуулсан. Уг тогтоолд прокурорын шатанд ямар нэг гомдол, санал гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Б.Ган-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 40 минутын орчим Зорчигч тээврийн нэгтгэлийн эзэмшлийн Daewoo BS-106 загварын 23-01 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс, чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Дашнямын жолоодон явсан “Тоёота Креста” загварын 57-29 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Г.Загаржаргал, Б.Лхагвадулам, Б.Дөлгөөн-Од нарын амь насыг хохироосон, зорчигч М.Батчимэгийн биед хүнд, У.Чанцалтогтох, Т.Дашням, Д.Мишээл нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан, Т.Дашнямын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1.935.000 төгрөгийн шууд, 2.586.200 төгрөгийн нийт, Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусанд 1.209.000 төгрөгийн шууд, 1.584.000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг үйлдсэн  нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Б.Ган-Эрдэнэ /1хх-199, 202, 2хх-164/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзориг /1хх-34, 69, 2хх-165/, Т.Дашням /1хх-85-86, 2хх-71, 165/, М.Батзаяа /1хх-65, 76, 2хх-165/, хохирогч М.Батчимэг /1хх-75, 2хх-75, 165/, иргэний нэхэмжлэгч У.Чанцалтогтох /1хх-81, 2хх-79, 165/, мөрдөн байцаалтад гэрч Н.Пүрэвзагд /1хх-97/, Н.Пүрэвсүрэн /1хх-98/, М.Алтанхүү /1хх-102/, Н.Гансүх /1хх-104/, иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд /1хх-107/, шинжээч С.Мөнхжаргал /2хх-96/ нарын өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Г.Загаржаргалын биед задлан шинжилгээ хийсэн 1298 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-110-111/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-112/,

2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр амь хохирогч Б.Лхагвадуламын биед задлан шинжилгээ хийсэн 1327 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-116-118/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-121/,

2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр амь хохирогч Б.Дөлгөөн-Одын биед задлан шинжилгээ хийсэн 1326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-123-124/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-126/,

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр М.Батчимэгийн биед үзлэг хийсэн 9845 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-137/,

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр У.Чанцалтогтохын биед үзлэг хийсэн 9846 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-139/,

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Т.Дашнямын биед үзлэг хийсэн 9843 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 141/,

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Д.Мишээлийн биед үзлэг хийсэн 9844 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-143/, өвчний түүх /1хх-144/,

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр М.Батзаяагийн биед үзлэг хийсэн 10078 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-155/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-13, 15-17, 19-21, 22, 24/, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 6593 дугаартай “Вендо” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-158/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-159/, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ХУД-01614 дугаартай “Лэндс” ХХК-ийн Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1хх-162-163/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-164-165/, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Улаанбаатар хотын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 475 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-177-178/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандоржийн: “...анхан шатны шүүх нэг талыг барьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлээгүй хэргийг шийдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн тул ... Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 26-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”,

Ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн: “...мөрдөн байцаах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ослын шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй. ... “Тоёота Креста” загварын автомашины /57-29 УБЛ/ жолооч тэгш шулуун замд том оврын автобусыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй хоёр ч автобусыг мөргөсөн. Эхний автобусын зүүн урд хэсгийг мөргөөд цааш 14.4 метр явж эргэж зогсох хооронд ямар ч тоормозны мөр байхгүй нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхаас гадна Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсэгт заасан “хүн тээвэрлэх журам” зөрчсөн бөгөөд долоон зорчигчтой явсан нь осол болоход нөлөөлсөн эсэхийг тогтоогоогүй., ...шүүх хуралдаанд иргэний хариуцагчийг оролцуулах хүсэлт гаргасан байхад хэлэлцээгүй байна. Иймд Б.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн гомдлуудыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь, хэргийн газрын үзлэгээр 57-29 УБЛ улсын дугаартай “Тоёота Креста” загварын автомашины тормозны мөр илрээгүй, ослын байдлыг харуулсан анхны дүрс бичлэг хийгдээгүй байх тул хохирогч Т.Дашнямын жолоодож явсан 57-29 УБЛ улсын дугаартай “Тоёота Креста” загварын автомашины хурдыг тогтоох боломжгүй ба “...дүрс бичлэгүүдэд бичигдсэн автобустай мөргөлдөж байгаа суудлын автомашины хурдыг тодорхойлоход үл хөдлөх цэгийн байршил тогтоох боломжгүйгээс тухай автомашины хурдыг тодорхойлохгүй...” гэсэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 5057 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг иргэн Б.Ган-Эрдэнийн жолоодож явсан Daewoo BS-106 загварын 23-01 УБЧ улсын дугаартай автобус иргэн Т.Дашнямын жолоодон явсан “Тоёота Креста” загварын 57-29 УБЛ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас дараа нь иргэн Т.Дашням уг тээврийн хэрэгсэлээр Дүнжингарав худалдааны төвийн зогсоол дээр зогсож байсан М.Алтанхүү жолоочтой Daewoo BS-106 загварын 23-65 УБЧ улсын дугаартай автобусыг шүргэсэн бичлэгэд холбогдуулан гаргасан байх тул шинжээчийн дээрх дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж үгүйсгэх боломжгүй байна.

Хөдөлгөөний аюулгүй журам зөрчсөн ялтан Б.Ган-Эрдэнийн гэм буруутай нь хөдөлбөргүй тогтоогдсон, түүний гэм буруугаас гурван хүний амь нас хохирч, нэг хүний биед хүнд, гурван хүний биед хөнгөн гэмтэл тус тус учирсан нийгмийн хор аюул их гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдсон тул дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь Б.Ган-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл болон түүний эрхзүйн байдалд нөлөөлөхөөргүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар ялтан, түүний өмгөөлөгч бичгээр хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч оролцоогүйг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баасандорж, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.