Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 08

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржин овогт Баяраагийн Ган-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон, бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоо/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Ган-Эрдэнэд оногдуусан 7 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хассан нэмэгдэл ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн 839763 тоот жолооны үнэмлэх, 0027922 дугаартай мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнээс оршуулгын зардал болон эмчилгээний зардал 1.055.130 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганзоригт, 180.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батмөнхөд, 900.000 төгрөгийг хохирогч М.Батчимэгт, машины хохирол болон эмчилгээний зардал 2.722.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашнямд гаргуулан тус тус олгосугай.

 

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Дашням, М.Батзаяа, хохирогч М.Батчимэг нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

10. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ган-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАТСУУРЬ

                          ШҮҮГЧИД                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ПҮРЭВСҮРЭН