Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 29 өдөр

Дугаар 71

 

                                                                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав, Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1339 дүгээр магадлалтай, Г.Ө-д холбогдох 201725030848 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав, Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хороолол, 18Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч 39,031,244,160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Ө-г 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39,031,244,160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ө- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээршийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...Г.Ө-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэхдээ шаардлагатай гэрч, шинжээч нар болох хохирогч Г.Г, гэрч А.А, Д.Алтансүх, С.Туул, нотариатч Ц.Цэцэгмаа, С.Тунгалаг, шинжээч Э.Солонго, Х.Баярмаа нарыг оролцуулан тэднээс энэ хэрэгт эргэлзээтэй байгаа асуудлуудын талаар тодруулж асуух байдлаар хэргийг мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс бэлэглэлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй маргааны шинжийг шүүх буруу тайлбарлаж, маргасан санаа зорилгыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаатай адилтган дүгнэлт хийснээс иргэний эрх зүйн харилцааны асуудлыг залилах гэмт хэрэгт тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолд “...Залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж заасан байна. Учир нь тухайн үед “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулсан, “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Д.Э- нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Бэлэглэлийн гэрээгээр иргэн Г.Ө-д шилжүүлэн өгсөн талаар “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А маргадаггүй. Харин өөрөө “Эрдэнэ зам” ХХК-ийг иргэн Г.Ө-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч тухайн үед “Бишрэлт холдинг” ХХК-ийн ажилтан болох Э.Т нь компанийг шилжүүлэх талаарх бичиг баримтыг бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Харин Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийг Д.Э-аас 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах үедээ буюу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ, мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг найз А.А-ын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх талаар “Баталгаа” бичиж өгсөн атлаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Бишрэлт холдинг” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор буцааж шилжүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Г.Ө-д хүргүүлсэн байхад “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Ө нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг “Эрдэнэ зам Петролиум” ХХК-нд шилжүүлж өгөх боломжгүй талаарх хариуг өгснөөр Г.Ө-г “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад буцааж өгөх, санаа зорилгогүй байгааг анх мэдэж “Бишрэлт холдинг” ХХК-иас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээнээс үүссэн маргаан бус харин 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ, мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг найз А.А-ын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх талаар бичиж өгсөн “Баталгаа” зэргийг Г.Ө нь өөрөө бодит байдал дээр хийгдээгүй, тухайн баримтын талаар мэдэхгүй гэж өмнө нь хийсэн гэрээ, баталгааг үгүйсгэж бусдын эд хөрөнгийг анхнаасаа буцаан өгөх зорилгогүйгээр гэрээгээр халхавчлан шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууран мэхэлж авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн байхад бэлэглэлийн гэрээнээс үүссэн маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн “Бишрэлт холдинг” ХХК-ийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээг Г.Ө-тэй хийхдээ “Эрх хүлээн авагч нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг түр хүлээн авч Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-тай холбоотой Маршлын гүүр, Оргил худалдааны төв хүртлэх замын тендерт оролцож уг ажлыг гүйцэтгэсний дараагаар эрх шилжүүлэгчид буцаан шилжүүлэн өгөх” нөхцөлтэйгөөр хийсэн ба уг гэрээтэй холбоотой ямар нэгэн эрсдэл үүсээгүй, харин “Бишрэлт холдинг” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн Яармагийн 1.5 км замын ажлын санхүүжилтийн 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны баримт материалыг удирдах зөвлөлийн даргын удирдамжийн дагуу шалгаж, уг шалгалтын дүнгийн хурлыг 2017.01.07,08-ны өдрүүдэд хийсэн. Шалгалтын дүнгийн хурлаар “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө- нь “Бишрэлт групп”-ын удирдлагад мэдэгдэлгүйгээр Хаан банкинд данс нээж 980,730,222,34 төгрөгийг хууль бусаар зарцуулсан талаарх зөрчил дутагдал илэрч 2017.01.19-ний өдрийн 17/00/01 дугаартай “Бишрэлт холдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө болон нягтлан бодогч Г.О нарын 1 сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах талаар сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн Г.Ө нь өөрийн гараар А.А-д “Энэ өдрөөс хойш “Эрдэнэ зам” ХХК-нд холбоотой ажил төрөлд хариуцлага алдахгүй ажиллах, биечлэн уучлалт гуйсан талаар” 2017.01.07-ний өдөр хүсэлт бичиж өгсөн. Үүний дараагаар 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Бишрэлт холдинг” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор буцааж шилжүүлж өгөхийг хүссэн албан бичгийг Г.Ө-д хүргүүлсэн байхад “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Ө нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг “Эрдэнэ зам Петролиум” ХХК-нд шилжүүлж өгөх боломжгүй талаарх хариуг өгч тус компанийг өөрийн болгох санаа бодлоо гүйцэлдүүлж эхэлсэн.

Дээрх баримтуудаас харахад ямар нэгэн гэрээний эрсдэл үүсээгүй, мөн “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн өмч болох нь харагдаж байна. Хэрвээ “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулсан, “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч Д.Э нь “Эрдэнэ зам” ХХК-ийг иргэн Г.Ө-д 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаагаа “Бишрэлт Холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.А-од мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн бол А.А нь тухайн үед компаниа буцаан авах талаар маргаан үүсгэж энэ асуудал нэг тал руугаа шийдэгдэх боломжтой байсан. Гэтэл “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө-д шилжүүлэхийг өөрөө зөвшөөрч, өөрийн найздаа итгэн түүнтэй гэрээ байгуулан, баталгаа бичүүлж шилжүүлэн өгсний дараагаар Д.Э 2016 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр нас барсан ба түүнээс хойш “Эрдэнэ зам” ХХК нь Г.Ө-гийн өмчлөлд явж байсан. Харин компанийг түүнд шилжүүлэн өгснөөс хойш 2017 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн санхүүгийн байдлыг шалгаж, уг шалгалтаар зөрчил дутагдал илэрч түүнд арга хэмжээ авснаас хойш компаниа буцаан авах гэтэл өгөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Хэрэв “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” компанид хамааралгүй юм бол Г.Ө нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн байранд болсон хуралд өөрөө болон нягтлан Г.Оюунсүрэн, О.Алтантуяа нарын хамт очиж тайлбар, мэдүүлэг өгч, арга хэмжээ тооцуулаад байгаа эсэх, яагаад “Бишрэлт” компанид санхүүгийн баримтуудыг шалгуулаад байгаа зэрэг баримтуудад дүгнэлт хийлгүйгээр “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-д хамааралтай болох нь тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй, дээрх баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шууд гэрээний эрсдэлээс үүссэн иргэний маргаан ба “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн өмч мөн гэх баримтууд хэрэгт авагдаагүй байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК “Бишрэлт холдинг” ХХК-д огт хамаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл 2016.04.12-ны өдрийн “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн 2.8, 2.9 дүгээр зүйлд “...хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн этгээд байна. Харин охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах ба компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргана. Хараат болон охин компани нь толгой компани буюу “Бишрэлт холдинг” ХХК-ийн өрийг хариуцахгүй бөгөөд толгой компани нь хараат болон охин компаниудын өрийг хариуцахгүй...” гэж заагаад өөрөө гарын үсэг зурсан байдаг. Үүнээс үзэхэд уг “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-нд хамаатай болох нь харагдаж байхад уг баримтыг бас үнэлээгүй байна.

Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх” 51 дүгээр тогтоолд “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ...”;

“залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан хохирогч Г.Г, А.А, Д.А, С.Тнар нэгэн байр суурьтайгаар мэдүүлгээ хангалттай өгдөг. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр ч бас дахин тодорхой ярьдаг. Өөрөөр хэлбэл анхнаасаа бусдыг хууран мэхэлж, компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлчихвэл буцаан өгөхгүй байх талаарх санаа сэдэл төрсөн, үүнийгээ биелүүлэх талаар идэвхтэй үйлдэп хийж байсан нь иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас ялгагдаж байгаа ба шунахайн зорилгоор, хууран мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж харагдаж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, прокуророос болон анхан шатны шүүхээс гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад үүн дээр дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж мөн зүйлийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга...зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа бүх хүмүүс “Бишрэлт холдинг” ХХК-нд ажиллаж байсан, уг компанитай ажил хэргийн холбоотой байсан энэ хэргийн талаар мэдэх хүмүүс юм. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ө-гийн хүсэлтийн дагуу Г.О, М.М, О.А, Э.Л, Б.Б гэх гэрч нараас хэргийн талаар мэдүүлэг авсан. Эдгээр гэрч нар нь өмнө нь бас “Бишрэлт холдинг” ХХК-нд ажиллаж байсан, уг компанитай ажил хэргийн холбоотой байсан хүмүүс. Эдгээр гэрч нарын өгсөн мэдүүлэг нь эх сурвалж тодорхойгүй, хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд байдаг.

Шүүгдэгч Г.Ө-д холбогдох хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 1 удаа хэлэлцэгдэж прокурорт буцаж байсан ба шүүхээс хэргийг буцаахдаа гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэн буцааж байсан. Дээрх шүүхээс буцаасан захирамж, магадлалд заасан заалтын дагуу гэрч нараас дахин мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэргээр холбогдох ажиллагааг хийсэн ба шүүхээр мэтгэлцээний үндсэн дээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор прокуророос уг хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч Г.Г, гэрч А.А, Д.А, Э.Т, С.Т, Н.Г, Ц.Ц, С.Т, шинжээч Э.Солонго, Х.Баярмаа нарыг шүүх хуралдаанд оролцуулах саналыг гаргаснаар дээрх гэрч нар шүүх хуралд оролцон өөрсдийн өмнө нь хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шүүхэд дахин баталж мэдүүлсний үндсэн дээр анхан шатны шүүх дээрх гэрч, шинжээч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дээрх нэр бүхий “гэрч нарын мэдүүлгийн аль мэдүүлгүүд нь үнэн зөв гэж үзэн хэргийг цагаатгаж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг эргэлзээтэй байх тул... ” гэж дүгнэн, шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан байдаг.

Гэтэл Г.Ө- нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай” гэрээ, мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг найз А.А-ын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх талаар бичиж өгсөн “Баталгаа”, 2017 оны 01 сарын 07, 08-ны өдрүүдэд “Бишрэлт Холдинг” ХХК дээр болсон шалгалтын дүнгийн хурал, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 17/00/01 дугаартай "Бишрэлт холдинг” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө болон нягтлан бодогч Г.О нарын 1 сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах талаар авсан сахилгын шийтгэл оногдуулсан баримт, мөн Г.Ө нь өөрийн гараар А.Аод “Энэ өдрөөс хойш “Эрдэнэ зам” ХХК-д холбоотой ажил төрөлд хариуцлага алдахгүй ажиллах, биечлэн уучлалт гуйсан талаар 2017.01.07-ний өдөр өөрийн гараараа бичиж өгсөн хүсэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй, худал баримтууд гэж өөрөө нотлохыг оролддог боловч дээрх үйл баримтууд нь болсон талаар хурлын тэмдэглэл, гэрээ, баталгаа зэргээр нотлогдохоос гадна гэрч, шинжээч нарын мэдүүлгүүдээр давхар хангалттай тогтоогддог. Хэрэв шүүхээс хэргийг иргэний эрх зүйн гэрээтэй холбоотой, гэрээний эрсдэлээс үүссэн маргаан гэж үзэн шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол хохирогчийн зүгээс иргэний журмаар дээрх гэрээ баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

Учир нь хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай” гэрээ, мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэ зам” ХХК-ийг найз А.Аын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлэн өгөх талаар бичиж өгсөн “Баталгаа” зэрэг нь бодит байдал дээр хийгдсэн эсэх, дээрх баримтуудад нь жинхэнэ нотлох баримт мөн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөөгүй, энэ талаар баталж байгаа гэрч нарын мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзсэн учир иргэний хэргийн шүүх дээрх баримтуудыг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, хохирогчийн эрх сэргээгдэх боломжгүй болж байгааг анхаарч үзнэ үү.

Давж заалдах шатны шүүхээс залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцааны маргаан гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж нар хяналтын шатны шүүхэд “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гомдол гаргаж байна. Залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаа болох гэрээний эрх зүйн харилцаанаас зөв ялгаж, шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т залилах гэмт хэргийн үйлдлийн шинжийг тодорхойлсон. Итгэлийг урвуулан ашиглах нь хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зуйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг.

Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй байж болно. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ хэлцэл байгуулснаа хүлээн зөвшөөрч, тухайн гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцох, гомдол гаргах, гэрээ дүгнэх зэрэг иргэний эрх зүйн харилцаа үүсэх, үргэлжлэх дуусгавар болох боломжтой байхыг ойлгоно. Хэргийн тогтоогдсон нөхцөл байдалд Г.Ө нь “Бишрэлт Холдинг” ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулж, 2016 оны 04 дүгээр сарын 13- ны өдөр “Бишрэлт Холдинг” ХХК болон А.А-од хандан “Баталгаа” гэх баримтыг үйлдэн өгсөн атал үүнийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлдэг. Гэвч мөрдөн байцаалтаар энэ нотлох баримтыг хуурамч гэж тогтоогоогүй болно. Буцаан авах нөхцөлтэйгөөр, баталгаа бичиг үйлдэж компанийг шилжүүлэн авсан боловч Д.Э нас барсныг ашиглаж, гэрээ баталгааг хуурамч гэж марган, компанийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөхгүй байгаа нь “дээрх хуульд зааснаар “...Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж байгааг нотолж байна. Магадлалд тусгагдсан дүгнэлт нь үндэслэл муутайгаас гадна алдаатай дүгнэлт болжээ. Давж заалдах шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд бус залилах гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан нөхцөл болсон эрх зүйн харилцаан дээр дүгнэлт хийсэн байна. Энэ нь буруу биш ч энэхүү харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдэгдсэн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, хэргийг буруу шийдвэрлэх нөхцөл болжээ.

Г.Ө-г иргэний эрх зүйн гэрээ байгуулсан, гэм буруугүй гэж дүгнэсэн атлаа процессын хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий үндэслэл байгаа тул шүүгдэгчид ашигтай шийдвэрлэлээ хэмээсэн нь агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй дүгнэлт болжээ. Хэрэв эрх зүйн харилцааг тодорхойлж дүгнэлт хийж байгаа тохиолдолд эргэлзээ бүхий нөхцөл байдлын талаар дүгнэлт өгөх ёсгүй болно. Мөн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаагүй, Г.Ө-гийн гэм бурууг нотолж байгаа нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр нотлох баримт биш мэтээр хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхийн нэр зааж буй гэрчүүдийн мэдүүлэг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, бүх шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий тайлбарыг хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Бишрэлт Холдинг” ХХК нь “Эрдэнэ Зам” ХХК-ийн 100 хувийн эзэмшигч болсныхоо дараагаар дараах гэрээ хэлцлийг байгуулж “Эрдэнэ Зам” ХХК-ийг бусад этгээдийн нэр дээр түр шилжүүлсэн болно. Уг гэрээг баталгаажуулж иргэн Г.Ө-гийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Бишрэлт Холдинг” ХХК болон А.Аод хандан “Баталгаа” гэх баримтыг үйлдэн өгсөн. Уг баталгаагаар иргэн Г.Ө- нь “Миний нэр дээр бэлэглэлийн журмаар шилжиж ирсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа нь миний найз А.А-ын буюу “Бишрэлт Холдинг” ХХК-ийн өмч болохыг баталж гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр түр эзэмшиж баталгааны зүйлийг “Бишрэлт Холдинг” ХХК буюу найз А.А-ын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгөх үүрэгтэй” гэж баталгаа гаргасан. Иргэн Г.Ө-гийн хувьд “Бишрэлт Холдинг” ХХК-тай гэрээ байгуулж, баталгаа гаргасан учир “Эрдэнэ Зам” ХХК-ийн хувьцааг иргэн Г.Ө-д шилжүүлэх зөвшөөрлийг “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-д олгосон. Үүний дагуу “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК нь иргэн Г.Ө-тэй 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр /Буцаан авах, нөхцөлт/ Эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Г.Ө-д шилжүүлсэн. Дээрх байдлаар “Бишрэлт холдинг” ХХК-ийн 100 хувийн өмчлөлийн “Эрдэнэ зам” ХХК нь иргэн Г.Ө-д түр шилжсэн бөгөөд өмчлөгч, эзэмшигч нь “Бишрэлт Холдинг” ХХК нь хэвээр байгаа болно.

Давж заалдах шатны шүүхээс Г.Ө-г “Бишрэлт Холдинг” ХХК-тай гэрээ байгуулаагүй, баталгаа гаргаж өгөөгүй гэсэн атлаа гэрээний маргаан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Залилах гэмт хэргийг үйлдэх арга хэрэгслийн хувьд иргэний эрх зүйн харилцааны гэрээ, хэлцэл, баталгаан дээр суурилж үйлдэгдэх боломжтой бөгөөд хамгийн гол нь тухайн гэмт сэдэлт зорилгыг зөв тодорхойлох нь чухал юм. Хуулийн дагуу гэрээ хэлцэл байгуулж бусдыг залилж болдог байтал тус гэрээ хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа тул энэ нь гэмт хэрэг биш хэмээн дүгнэх нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн зарчимд харшилсан, гэмт хэрэгтнийг хаацайлсан дүгнэлт болж байна. Нөгөө талаар шүүхээс Иргэний хуулийн 34, 183, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5, 8, Компанийн тухай хуулийн 17 зэргийг иш татан дүгнэлт гаргаж буй нь бүхэлдээ уг хэргийн сэдэлт зорилгыг нуун дарагдуулж, иргэний эрх зүйн маргаан болгох зорилготой дүгнэлт болсон байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг хэрэглэж шүүгдэгчийг цагаатгажээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс бэлэглэлийн гэрээтэй холбогдох асуудлаар огт маргаан хийгээгүй. Харин “Бишрэлт Холдинг” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн компани болох “Эрдэнэ зам” ХХК-ийг иргэн Г.Ө итгэл эвдэж, баталгаа гаргаж, гэрээ байгуулан шилжүүлэн авсан атлаа дээрх гэрээ, баталгааг үгүйсгэж байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж гомдол гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж хэргийг шийдвэрлэсэн ба бэлэглэлийн гэрээг залилах гэмт хэргийн субъектив санаатай адилтгасан дүгнэлт огтоос хийгээгүй. Эрүүгийн гэмт хэрэг, түүнд хамаарах харилцааг тодорхойлоход иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй мэтээр үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн асуудал нь тусдаа бие даасан салбар эрх зүй бөгөөд өөрийн гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаад буй тус гэмт хэргийн субъектив болон объектив талын шинж тус хэргийн хувьд бүхэлдээ хангагдсан, шүүгдэгч Г.Ө урьдын харилцаанд тогтсон итгэлийг эвдэж, гэрээ хэлцэл, баталгаагаар халхавчилж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Нөгөө талаас, “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э-ыг нас барсныг далимдуулж, “Эрдэнэ зам” ХХК-ийг буцаан өгөхгүй байж болно хэмээн тус гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байтал давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх бүрэлдэхүүний амаараа хэлсэн дүгнэлт болон бичгээр гаргаж буй дүгнэлтүүдэд шийдвэрийн тогтоох хэсгийг эсрэг агуулга бухий байдлаар гаргаж байгааг ойлгох боломжгүй байна. Угтаа шүүх бүрэлдэхүүн тогтоох хэсгийг амаар танилцуулж, тухайн дүгнэлтээ агуулгын хувьд зөрүүгүй байдлаар бичгээр гаргадгаас бус амаараа танилцуулснаасаа өөр байдлаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасны дагуу тус хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.  

 

Мөн шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр нар “...Давж заалдах шатны шүүхээс Г.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнд холбогдох анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2012.01.05-ны өдрийн 686 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор “Монпетекс” ХХК болон “Оипау компанийн консорциум нь худалдах худалдан авах гэрээний дагуу Төрийн өмчийн хорооны дансанд 4.4 тэрбум төгрөг оруулсан тул “Эрдэнэ зам” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн 48 142 163 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг “Монпетекс” ХХК болон “Оипау” компанийн консорциумд шилжүүлсэн. “Эрдэнэ зам” хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.А-н 2012.03.02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол улсын “Монпетекс” ХХК болон Турк улсын “Оипау” компаниудын консорциум нь “Эрдэнэ зам” ТӨХК-ийн төрийн мэдлийн нийт хувьцааг шилжүүлэн авсантай холбогдуулан Төрийн өмчийн хорооны 2012.01.05-ны өдрийн 686 дугаар тогтоолыг үндэслэн “Эрдэнэ зам” ТӨХК-ийг “Хувьцаат компани” болгон өөрчилж, “Эрдэнэ зам” ХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг хэвээр үлдээн дээрх өөрчлөлтүүдийг бүртгүүлэх ажпыг “Эрдэнэ зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө-д даалгаж шийдвэрлэсэн.

“Бишрэлт” групп нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.А-ийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Б.А нь гүйцэтгэх захирлаар Г.Ө-г томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Бишрэлт холдинг” ХХК-нд “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлэн өгсөн. “Эрдэнэ зам” нээлттэй ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит 2013.03.10-ны өдрийн 04 дүгээр хурлын тогтоолоор /хурлын дарга А.А/ “Эрдэнэ зам” нээлттэй хувьцаат компанийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгон өөрчлөн байгуулж, “Эрдэнэ зам петролиум” групп ХХК нь өөрчлөн байгуулагдах “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохыг тэмдэглэж, “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн төслийг баталсан. “Эрдэнэ зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ө- нь 2013.07.31-ний өдрийн 1/28 дугаар тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Эрдэнэ зам” ХК-ийн захирлын туслах Д.О-ыг “Эрдэнэ зам” хувьцаат компанийн хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн “Эрдэнэ зам” ХХК болгох материал бүрдүүлж өгөхийг зөвшөөрөн итгэмжилж байжээ. “Эрдэнэ зам” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө 5.2 тэрбум төгрөг байсныг “Эрдэнэ зам петролиум групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.А-ийн 2014.01.27-ны өдрийн 14/01 дүгээр шийдвэрээр 15.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 20,904,789,082,29 төгрөг болгож, “компанийн хувь нэмэгдүүлсэн хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоор “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийг шинэчлэн батал” /хэргийн 2 дугаар хавтас 81 дүгээр хуудас/ гэсний дагуу “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Ө- 2014.02.03-ны өдөр УБЕГ-т хүсэлт гаргасныг хүлээн авч бүртгэсэн байна. “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн 5.1-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 20,904,789,082,29 төгрөг ба нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209,047,890,8 ширхэг энгийн хувьцаа байна” гэж зааж, “Эрдэнэ зам” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Эрдэнэ зам петролиум групп” ХХК-ийг төлөөлж Д.А 2017.01.27-ны өдөр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. “Эрдэнэ зам” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт ороогүй. Харин хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж, 2015.10.01-ний өдөр “Бишрэлт холдинг” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.А, “Нью Даниста Рөүд Энд Констрашн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Э нарын байгуулсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу 2015.10.30-ны өдөр “Нью Даниста Рөүд Энд Констрашн” ХХК-д “Эрдэнэ зам” ХХК-ийг бэлэглэлийн болон хувьцаа шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байна.

Г.Ө- нь “Нью Даниста Рөүд Энд Констрашн” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийг шилжүүлэн аваад Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т 20,904,789,082,29 төгрөг ба нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209,047,890,8 ширхэг энгийн хувьцаа, мөн “дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.9-т “Хараат болон охин компани нь толгой компани буюу “Бишрэлт холдинг” ХХК- ийн өрийг хариуцахгүй бөгөөд толгой компани нь хараат болон охин компаниудын өрийг хариуцахгүй” гэж тусган гарын үсэг зурж бүртгүүлсэн нь эрүүгийн хэрэгт авагджээ. Дээрхээс үндэслэхэд “Бишрэлт холдингХХК-ийг хохирогчоор тогтоосныг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлтэй. “Бишрэлт холдинг” ХХК нь “Эрдэнэ зам” ХХК-ийн жинхэнэ өмчлөгч, хувьцаа эзэмшигч нь байхад Г.Ө нь иргэний гэрээ хэлцлээр түр хугацаагаар “Эрдэнэ зам” ХХК-ийг авчихаад буцаан өгөхөөс хууль бусаар татгалзсанаас гадна 2016.04.13-ны өдрийн “Эрдэнэ зам” ХХК-ийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.9-т “Хараат болон охин компани нь толгой компани буюу Бишрэлт холдинг” ХХК-ийн өрийг хариуцахгүй” гэж тусган гарын үсэг зурж баталгаажуулан бүртгүүлсэн нь “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн хараат болон охин компани болохыг гэрчилж байна.

Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-д ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Г.Ө- нь “Эрдэнэ зам” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор төрсөн эгч Г.О-г ажиллуулж, компанийн нэр дээр Хаан банкинд данс нээж, 1.5 тэрбум төгрөгийг хувьдаа авч ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд тайлангийн хуралдаанд ажпаа танилцуулж чадаагүй тул ТУЗ-ийн тогтоолоор тэдгээрт сахилгын шийтгэл оногдуулж байсан. Г.Ө-гийн А.Аод хандаж, “Өнөөдрийн хурлаас гарсан санал шүүмжпэлийг хариуцлагатайгаар хүлээн авлаа. Энэ өдрөөс хойш “Эрдэнэ зам” ХХК-д холбогдолтой ажил төрөлд хариуцлага алдахгүй ажиллах болно. Бас уучлал гуйж байна” гэсэн түүний 2017.01.07-ний өдрийн тайлбар бичиг хэрэгт авагдсан. Г.Ө- эхнээсээ бусдын эд хөрөнгө буюу “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцаа, хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд шударга бус зүйлийг хийж, хуурч мэхлэх замаар “Бишрэлт холдинг” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” компанийн үнэлгээгээр “Эрдэнэ зам” ХХК-ийн нийт эд хөрөнгийг 18,126,455,078 төгрөг гэж гаргасан. Үүнд техник хэрэгсэл, машин механизм зэрэг зүйлүүд орж байгаа юм. Г.Ө нь дээрх 18,126,455,078 төгрөгийн эд хөрөнгийг компанийн эрх шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ хийсэн гэх нэрийн доор шууд залилан мэхэлж авсан тул хохирлыг барагдуулна уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 16.15 дугаар зүйлийн 15-д заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хамтран гаргажээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Отгондорж шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа мэтээр алдаатай дүгнэлт хийсэн. Уг гэмт хэрэг үйлдэгдэх арга нь иргэний эрх зүйн харилцаа буюу талуудын хооронд үйлдэгдсэн баталгаанд үндэслэсэн байдаг. Дээрх харилцаанд оролцож байсан Д.Э гэх этгээд нас барсныг ашиглаж, компанийг буцааж авах боломжгүй гэсэн ашиг сонирхлоос Г.Ө-гийн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго эхэлсэн. Давж заалдах шатны шүүхээс иргэн Г.Ө, “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК нарын хоорондын гэрээнд суурилсан гэж дүгнэсэн бөгөөд хэн хэний хооронд ямар харилцаа үүссэн эсэхэд зөв дүгнэлт өгөөгүй. Г.Ө нь иргэн А.А, “Бишрэлт холдинг” ХХК нар ямар нэгэн баталгаа өгөөгүй, гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа бол иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй. Гэтэл баталгаанд зурагдсан гарын үсэг Г.Ө-ийнх мөн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба шүүгдэгч гэрээ байгуулаагүй, баталгаа гаргаагүй гэж маргаж байхад давж заалдах шатны шүүхээс иргэний эрх зүйн харилцаа мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалаас харвал иргэний эрх зүйн харилцаа шийдвэрлэсэн мэт дүгнэлт хийсэн ба эрүүгийн эрх зүй бол тусдаа материаллаг харилцаа юм. Давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсгийг танилцуулахдаа эрх зүйн дүгнэлт хийсэн болохоос хэргийн агуулга руу ороогүй гэж тайлбарласан хэдий ч магадлалаас харахад бүхий л гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнэлт гаргасан. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Иргэн А.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлгүй, шүүгдэгч Г.Ө, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэхдээ хэрхэн харьцуулан судалсан үндэслэлийг тайлбарлаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэрч н.А, Н.М, Э.Л, Б.Б нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг шат шатны шүүхэд гаргасан гомдолдоо удаа дараа тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх нотариатын үйлдэл хийх зааврын төрлийг буруу дүгнэсэн буюу хоёр өөр агуулгыг нэг мэт агуулгаар ойлгож дүгнэлт хийсэн. Хохирогчийн зүгээс маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх ямар ч боломжгүй. Учир нь тухайн хэлцлийг байгуулсан этгээд Г.Ө бүхий л нотлох баримтуудыг үгүйсгэж буй нь гэмт хэргийн сэдэлттэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Мөрдөн байцаалтаар хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэж байна. Энэ хэргийн гол гогцоо буюу баталгаа бичиж өгсөн атлаа өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг сайн дураар шилжүүлж өгсөн шинжтэй байдаг. Тухайн нөхцөл байдалд компанид үүссэн асуудлаас шалтгаалж түр хугацаагаар компанийг бусдад шилжүүлж, баталгаа гаргасан ба одоо буцааж өгөхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх Г.Ө-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хууль, зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй, бодитой дүгнэлт хийгээгүй. Г.Ө нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг миний нэр дээр шилжүүлвэл компанийн ашиг, орлого нэмэгдэнэ гэж шилжүүлэн авахдаа 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргасан ба дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй. Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд уялдуулан хөндлөнгийн байр суурьнаас үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Магадлалд “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн охин компани гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 686 дугаар “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор “Монпетекс” ХХК нь 4.4 тэрбум төгрөгөөр худалдан авч өөрийн болгосон. “Эрдэнэ зам” ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр компанийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.9-д “Хараат болон охин компани нь толгой компани буюу “Бишрэлт холдинг” ХХК-ийн өрийг хариуцахгүй бөгөөд толгой компани нь хараат болон охин компаниудын өрийг хариуцахгүй” гэж тусган гарын үсэг зурж баталгаажуулсан нь “Эрдэнэ зам” ХХК нь “Бишрэлт холдинг” ХХК- ийн хараат болон охин компани болохыг гэрчилж байна. Г.Ө-г 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг Бишрэлт группийн удирдах зөвлөлийн дарга А.А баталж, нэг талаас “Бишрэлт холдинг” ХХК, нөгөө талаас Г.Ө нар оролцсон. Хөдөлмөрийн гэрээтэй уялдуулан ажлын байрны тодорхойлолт, компанийн удирдлага, менежментийн гэрээ, нууцлалын баталгааны гэрээ, эрсдэлийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг байгуулсан. А.А нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувьцааг Г.Ө-д шилжүүлэн өгөхдөө буцаан шилжүүлж авах 4 төрлийн цогц гэрээг байгуулсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ, 16.15 дугаар зүйлд нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана гэж заасныг баримтлан анхан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Бусад өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хувьцаа эзэмших эрхийг буцаан олгох нөхцөлтэйгөөр шилжүүлэх гэрээг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Д.Э нь “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлөөр түр хугацаагаар “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө-д шилжүүлсэн юм. Мөн давж заалдах шатны шүүхээс Г.Ө-гийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан баталгааг ямар учраас үнэлээгүй талаарх үндэслэлээ тайлбарлаагүй. Эрх шилжүүлэх гэрээний талаар ямар нэгэн маргаан гараагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх бэлэглэлийн гэрээнээс үүдэлтэй эрх шилжүүлэх гэрээнд үүссэн эрсдэл гэж үзсэн буюу үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулж талуудаас ямар нэгэн маргаан гараагүй байтал давж заалдах шатны шүүхээс гарсан мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хууль хэрэглээний асуудлаар бус Иргэний хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулиудыг тайлбарлаж дүгнэлт хийсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн эрүү, иргэний эрх зүйн маргааны ялгааг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Г.Ө-гийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүхий л шинж харагддаг боловч түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Г.Ө-г цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн ба мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Бид “Бишрэлт холдинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд субъект мөн эсэхэд маргасаар ирсэн. “Бишрэлт холдинг” ХХК-ийн эрх зүйн байдал 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон болохыг Захиргааны хэргийн шүүхээр тогтоосон. Анхан шатны шүүх гэмт хэргийн объектив, субъектив талаас нь бус гарч буй үр дагавар, хохирол гэдэг агуулгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-иас “Эрдэнэ зам” ХХК-ийг Г.Ө-д шилжүүлсэн бүртгэл, бэлэглэлийн гэрээнд талууд маргадаггүй. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн магадлалын 31 дүгээр талд дурдсан үндэслэл нь зөв болсон. “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Э-ын аав хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанитай холбоотой бичиг баримт үлдээгээгүй гэж мэдүүлсэн боловч баримт гарч ирснээр маргаан үүссэн. Баталгаанд гарын үсэг зурагдсан эсэх нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй. Харин эсэргүүцлийн тухайд прокурорын байгууллага босоо удирдлагатай байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчих үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж чадаагүй байна. “Эрдэнэ зам” ХХК-ийг “Бишрэлт холдинг” ХХК болон А.А-оос аваагүй буюу “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн Д.Э-тай хэлцэл хийх замаар шилжүүлж авсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах явцад буюу 2017 оны 08 дугаар сард А.Аыг тухайн компанийн эзэмшигчээр томилсон бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор Г.Ө-г бүртгэсэн бүртгэл үнэн зөв болохыг тогтоосныг анхаарах нь зүйтэй. Баталгаа гэх баримтад Г.Ө-гийн гарын үсгийн эхний зураасыг дайрч гарсан принтерийн мөрийг энэ хэргийн гол шалтгаан гэж үзээд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч тогтоож өгөөгүй. Давж заалдах шатны шүүх дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. А.А-од ашигтай байдлаар мэдүүлсэн гэрч Д.А, С.Т, нарын мэдүүлэг зөрүүтэй байсан учир үнэлэх боломжгүй талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан. Харин Э.Л, Н.М, Б.Б нар нь хөндлөнгийн гэрчүүд бөгөөд тэдний мэдүүлгийг үнэлж, нотлох баримтад тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Мөн “Эрдэнэ зам” ХХК-ийг А.А болон түүний эхнэрийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдагдаагүй шалтгааныг асуухад “2015 онд Д.Э-д шилжсэн буюу байхгүй зүйлийг байхгүйгээр нь мэдүүлсэн” гэсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоохын тулд Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг иш татаж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн А.А энэ хэргийн хохирогч биш. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцлийг хуульд заасан 14 хоногийн хугацаанд бичсэн эсэх нь хүлээн авсан сар, өдрөөр илэрхийлэгдэнэ. Г.Ө- 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр “Бишрэлт холдинг” ХХК-д ажилтнаар орсон ба 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл тухайн компанид хамааралтай байсан болох нь өөрийн гараар бичсэн баримтаас харагдана. Давж заалдах шатны шүүхээс Г.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувь эзэмшигч н.У, А.А нар нь “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн захирал Д.Э-д “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн бөгөөд 2 удаагийн тендерт оролцож, ажил гүйцэтгэсний дараа хувьцааг буцаан хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Г.Ө-гийн хийсэн “Баталгаа” гэх зүйлд дээрх нөхцөл байдал мөн дурдагдсан ба зурагдсан гарын үсэг Г.Ө-тэй тохирсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй байна. “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ө 2016 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдөр “Нью Даниста Рөүд Энд констракшн” ХХК-ийн захирлаас компанийн хувьцааг залилан мэхэлж авч, 2017 оны 03 дугаар сараас “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийнх мэт хандсанаар “Бишрэлт холдинг” ХХК-иас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Г.Ө залилан мэхэлж, хувьцааг шилжүүлэн авсан нь болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав, Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос Г.Ө-г “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт Холдинг” ХХК-иас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани хэмээн бусдыг хуурч 39,031,244,160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсанд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Давж заалдах шатны шүүх дээрх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход хангалттай нотлох баримт авагдаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэгт шаардлагатай бүх ажиллагааг хийгээгүйн улмаас хэргийн үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц баримт цуглаагүй байхад Г.Ө-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчимд тулгуурлаж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зохицуулалт нь мөрдөгч, прокуророос хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг гүйцэт бүрдүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсний эцэст хэрэгт цугларсан баримтуудаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг хөдөлбөргүй тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд эргэлзээ үүссэн тохиолдолд сая тэдгээрт ашигтайгаар буюу гэм буруугүйд тооцож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт билээ.

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

 

Харин нотлох баримтын бүрдлийг эс хангах, шаардлагатай бүх ажиллагааг хийхгүйгээр мөрдөн байцаалтыг дутуу дулимаг явуулсан тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг шүүх баримтлах нь хэргийн үйл баримт буюу жинхэнэ байдлыг гуйвуулахад хүрэх эрсдэлтэй бөгөөд үйл баримт тогтоогдсон эсхүл эс тогтоогдсон тухай дүгнэлт байхаас бус шүүгдэгчид ашигтай үйл баримтын хувилбар гэж байх боломжгүй, харин хуулийг хэрэглэх тухайд шүүгдэгчид үргэлж ашигтайг хэрэглэх нь зарчим билээ.

               

Энэхүү хэрэгт Г.Ө-д холбогдох хэргийн нөхцөл байдлыг тогтооход эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арга хэрэгслээр авагдсан гэх  баримтууд хомс, гагцхүү талуудын гаргаж өгсөн баримт сэлт, түүнд хийсэн шинжилгээний тодорхой бус үр дүнгээс өөр гэмт хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс авч хэрэгжүүлээгүй байна.

 

Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Г.Ө-г буруутгаж буй 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн баталгаа гэх жинхэнэ эсэх нь эцэслэн тогтоогдоогүй бичмэл нотлох баримтаас өөр мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа, гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнд бий болсон баримтгүй, гэрч нарын хоорондоо зөрүүтэй талцсан мэдүүлгүүдээс өөр нотлох ажиллагааны үр дүнг бататгах зүйлгүй байхад хоёр шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Криминалистикийн шинжилгээний орчин үеийн дэвшилтэд техник, тоног төхөөрөмж, шинжээч, мэргэжилтнүүдийн ур чадварын үндсэн дээр баримт бичиг, гарын үсэг, тамга, тэмдэг, дардас, хэвлэмэл хуудаст шинжилгээ хийж, ямар үйлдэл эхэлж хийгдсэн болохыг дэс дараалалтай тогтоох бүрэн боломжтой атал 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичсэн гэх баталгааны тууш шугам, гарын үсгийн огтлолцлын дарааллыг тогтоох боломжгүй талаарх гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон аль үйлдлийг түрүүлж хийсэн талаарх асуултуудыг оновчтой тавьж, хэрэв гарын үсгийн огтлолцлын дарааллыг тогтоох боломжгүй бол энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой болно.

             

Түүнчлэн, уг хэргийн объект болох “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-иас “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-д, уг компаниас Г.Ө-д шилжүүлэх зэрэг байдлаар тус компанийн хувьцаа болон гүйцэтгэх захирлыг удаа дараагийн үйлдлээр иргэн, аж ахуй нэгжүүдэд шилжүүлж байсан шалтгаан болон төрийн худалдан авах ажиллагааны ил тод, шударга зарчмын эсрэг, татвараас нуугдах зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбоотой байсан эсэх зэрэг энэ хэргийн шалтгааныг болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг тодруулах тодорхой арга хэмжээг мөрдөн шалгах байгууллага өөрийн санаачилгаар авч хэрэгжүүлэх нь  хэргийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байна. 

 

Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг ялгаатай тул Г.Ө нь “Эрдэнэ зам” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хохирогчоос хэзээ, хэрхэн шилжүүлэн авч буй арга, санаа сэдэлтийг тогтоосноор түүний зан үйлдэлд эрх зүйн зөв дүгнэлт хийхэд ач холбогдолтой билээ. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн зүгээс “Г.Ө нь тус компанийг амжилттай удирдаж, зам засварын томоохон ажлуудыг хийж эхлэх үед хохирогч гэх талаас хууль бус аргаар эргүүлэн авах оролдлого хийсэн” гэх байдлаар шат шатны шүүхүүдэд маргаж ирсэн байх тул “Эрдэнэ зам” ХХК-ийн хувьцааг Г.Ө-д шилжүүлэхээс өмнө тус компанид хөрөнгө, бизнесийн хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн эсэх, хэрэв үгүй бол тухайн үеийн эдийн засгийн ханшаар уг компанийн ашигт байдалд хөрөнгийн үнэлгээг санхүүгийн баримтад тулгуурлан бодитой тодорхойлох нь зүйтэй юм.

 

Эцэст нь нотлох баримт, нотлох ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн, тасралтгүй, хуулийн дагуу явуулах процессын бүрэлдэхүүн хэсэг төдийгүй тухайн ажиллагааны чанар, үр дүн ямар байхаас эрүүгийн процессын үйл явцын хувь заяа шууд хамаардаг болохыг мөрдөгч, прокурор болон шат шатны шүүхүүд цаашид анхаарвал зохино.

 

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанаас дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Ө-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1339 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Ө-д холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, П.Баасанжав, Э.Эрдэнэбаатар, З.Цэнгэнбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг прокурорт очтол Г.Ө-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ                                   Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                             Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                С.БАТДЭЛГЭР

                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                    Ч.ХОСБАЯР