Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/923

 

 

 


 

 

  2022        11          25                                       2022/ШЦТ/923

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран

улсын яллагч Ц.Хулан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг, түүний өмгөөлөгч  З.Цэнгэнбаяр, Л.Отгондорж, Ж.Эрдэнэбаатар, О.Сайнгэрэл,

шүүгдэгч Г.Өлзийдүүрэн, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Э.Нарангарав нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тү овгийн Гомбосүрэнгийн Өлзийдүүрэнд холбогдох эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тү овгийн Гомбосүрэнгийн Өлзийдүүрэн, 1964 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо инженер мэргэжилтэй, “Эрдэнэ зам” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элит хороолол, 18Б тоотод суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЖ64022313.    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж өгсөн атлаа “Бишрэлт холдинг” ХХК-аас шаардах үед компанийг шилжүүлж өгөлгүй өөрийн компани гэж бусдыг хуурч 39.031.244.160 /гучин есөн тэр бум гучин нэгэн сая хоёр зуун дөчин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ариунболд гэж хүнтэй би огт гэрээ байгуулаагүй. Намайг анх Эрдэнэ замыг авах үед “Бишрэлт Холдинг”-ийнх байсан. Надад арга хэмжээ авахад хувьцааны асуудлаар биш банкны харилцагч, зээлдэгч гэдэг утгаараа арга хэмжээ авсан. Эрдэнэ замын үйл ажиллагаа болон ашиг орлого, өр зээлийн талаар Татварын газарт тайлагнадаг байсан. Нягтлан Оюунсүрэн улсын бүртгэлийн гэрчилгээг бүртгүүлэх асуудлыг хариуцаж байсан. Дүрмийг хэн баталсныг би санахгүй байна. Миний хувьд “Бишрэлт Холдинг”-той хамааралтай Эрдэнэ замаас өөр компанид ажиллаж байгаагүй. Энхжаргал надад хэлэхдээ Эрдэнэ зам ХХК-ыг та урьд нь ажиллуулж байсан юм чинь үргэлжлүүлээд ажиллуулаачээ гэж хэлж байсан. Их хэмжээний өртэй байхад нь би Эрдэнэ замыг шилжүүлж авсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний зүгээс Г.Өлзийдүүрэн гэх хүнийг маш сайн танина. Учир нь би “Бишрэлт холдинг” ХХК-ийн зам барилга, үйлдвэр хариуцсан дэд захирлаар 2015 оноос томилогдсон. Түүнээс өмнө А.Ариунболд захиралтай найз нөхдийн харилцаатай байсан. “Бишрэлт Холдинг” ХХК-ийн дэд захирлаар Д.Алтансүхийг томилж, Японы хөрөнгө оруулалттай “Эрдэнэ зам” ХХК-г дуудлага худалдаа зохион байгуулж хувьчилж авсан ба хувьчлалын мөнгийг “Бишрэлт холдинг” ХХК-аас гаргасан. Улмаар үйл ажиллагааг өргөжүүлэн шилжүүлэх гэтэл консорциум учир хуулийн этгээд биш гэдэг утгаар хуулийн этгээд байгуулсан. “Эрдэнэ зам” ХХК нь Д.Алтансүхээр удирдуулан ТУЗ-ын даргаар тавьсан байдаг. Компанийг хувьчилж авсны дараа ХК болгосон ба түүнийг ХХК болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ үед Г.Өлзийдүүрэн “Бишрэлт холдинг” ХХК ТУЗ-ын дарга А.Ариунболдын эхнэрийн дүүтэй найз нөхөд гэр бүлийн харилцаатай болсон гэж танилцуулж байсан. Д.Алтансүхэд хэлж 2012 онд Г.Өлзийдүүрэнг ажиллуулсан. Гүйцэтгэх захирлаар ажиллуулж хувьцаа, хөрөнгөө нэмэгдүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх зэрэг бүх үйл ажиллагааг Г.Өлзийдүүрэн гардан гарын үсгээ зурж ажиллуулсан байдаг. 2012-2016 онд Баянхонгор, Говь-Алтайн чиглэлд 126 км буюу 100 сая долларын замыг “Эрдэнэ зам” ХХК авсан байсныг улс төрийн асуудлаас юм уу гэрээг цуцалж замыг Максын Ганбаатар хийж дуусгасан. Энэ замыг алдаж улмаар “Эрдэнэ зам” ХХК ажлаа алдаад байна гэж А.Ариунболдод удаа дараа шаардлага /санал/ тавьсан. Учир нь замын бүх компаниуд улсаас ажил авдаг. 2 хувийн компани хоорондоо ажиллах нь маш бага буюу бүгд улсаас том ажил авдаг. Жижиг ажил байсан хэдий ч улсаас нөхөөс авдаг учир хүндрэлтэй. Замын компанид хувьцаагаа шилжүүлэх асуудал удаа дараа гарсан. Нэг жижиг ажил авсан. 4 дүгээр цахилгаан станц, 22 дугаар товчоонд яван замыг авч, ажилласан. Ажил хийж байх үед тайлангаа тавиад явсан ба Г.Өлзийдүүрэн захирлын тайланг би шалгадаг. 2016 оны эхээр Өмнөговь яваад 3-4 ажил шалгахад сэжигтэй зүйл илэрч эхэлсэн. Өмнөговьд 3 газар ажил хийхгүй зогссон байгаа гэсэн хэр нь техникийг бүгдийг түрээсэнд гаргаж, мөнгийг өөр банкны хувийн дансаар авсан гэх мэт зөрчлүүд илрүүлсэн. Талийгаач Д.Энхжаргал “АСЕМ” болох үед Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ыг банкны зээлтэй цуг авсан байсан. Үүнийг талийгаач Д.Энхжаргалд шилжүүлж өгсөн. Тухайн үед Д.Энхжаргал нь А.Ариунболдын эхнэрийн аав буюу Батбаярын дүүгийн хүүхэд байсан. Жижиг ажил хийлгэсэн ба дараа нь “АСЕМ” замыг /маршалын гүүрнээс Home Plaza хүртэл/ “АСЕМ”-н хөрөнгөөр яаралтай өгөх юм байна гэхээр гурвалсан гэрээ хийсэн. Тухайн гэрээг байгуулахад би байлцсан буюу “...Өмнөговьд олон тооны алдаа гаргасан, бидэнд өгсөн мэдээллээр ажилгүй зогссон байгаа гэдэг боловч техникийг түрээслэн мөнгийг хувийн дансандаа шилжүүлэн авсан...” талаар А.Ариунболд захиралд хэлсэн. Тухайн үедээ ярилцаад, анхааруулаад Г.Өлзийдүүрэнд “Эрдэнэ зам” ХХК-ыг шилжүүлсэн ба гурвалсан гэрээг “Бишрэлт холдинг” ХХК болон Г.Өлзийдүүрэн, “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК хийсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэн баталгаа бичиж өгсөн. Би Г.Өлзийдүүрэн захиралтай олон жил хамт ажилласан болохоор түүний сонсгол хэвийн гэдгийг мэдэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг үймүүлэх гэсэн санаатай байна гэж бодож байна. 13-ны өдөр “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ийн хувьцааг менежер С.Туул руу шилжүүлсэн. Тухайн үед үүнийг Г.Өлзийдүүрэн мэдээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Хувьцаагаа шилжүүлж өгснөөс 20 хоногийн дараа. Д.Энхжаргалыг амиа хорлосон байдалтай нас барсан байдаг. Д.Энхжаргал нас барахад Г.Өлзийдүүрэнгийн компанийг буцааж өгөхгүй байх сэдэлт төрсөн байж магадгүй. Тухайн үед Г.Өлзийдүүрэн “Бишрэлт Холдинг” ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Бид ажилтан, ажил олгогч гэдэг статустай ажилладаг. “Бишрэлт холдинг” ХХК-ийн хүний нөөцтэй хөдөлмөрийн гэрээ, баталгааны гэрээ, нууцлалын гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээг байгуулж, өөрийн хөрөнгөөр хариуцна гэж явдаг. Учир нь бид цалин болон урамшууллыг нэмж авдаг хүмүүс. Энэ үед Г.Өлзийдүүрэнд уг компанийг өгсөн. Ажил авсан хийсэн, мөнгөө авсан. Энэ үед маш том мөнгөний ажил гарсан буюу Хятад улсын Засгийн газрын тусламжаар “Хөшигтийн хөндий” хурдны зам болох 10 сая долларын 3 км замыг “Эрдэнэ зам” ХХК авч бэлэн мөнгөөр хийсэн байдаг. Г.Өлзийдүүрэн  шүүх хуралдаанд асуултанд хариулахгүй гэж байгаа нь ойлгомжтой, түүнд хариулах үг байхгүй. “Бишрэлт Холдинг” ХХК-ны удирдлагууд 7-ны өдөр хуралдахдаа урьд хийсэн ажлын мөнгийг юунд зарцуулсан, ажил ямар шатандаа явж байгаа асуудлыг ярьсан болохоос бус банкны зээлийн талаар огт яриагүй. Банкаа солиод дараагийн банкнаас зээл авах асуудал яригдана. Тухайн хуралд юмаа ярьж тайлбарлаж чадахгүй байсан. Дараагийн өдөр нь Г.Өлзийдүүрэнг ерөнхий инженер Алтантуяа дуудсан ба хурал дээр яригдсан зүйлүүд тухайн хурлын заалны бичлэг, протокол зэрэг зүйлээр нотлогдоно. Тухайн хурлын заал маш сайн тохижилттой, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Г.Өлзийдүүрэнгийн гарын үсэг зураад 2 цаас өгсөн зэрэг яриа нь төөрөгдүүлж байгаа бөгөөд шүүх хурлыг удаашруулах гэсэн асуудал. “Эрдэнэ зам” ХХК-ний Бүх мөнгийг аваад дууссан, Өмнөговьд байгаа бүх техникийг сольсон, зарсан. Миний зүгээс 2017 оны 1 дүгээр сард Г.Өлзийдүүрэнд одоо энэ асуудлаа болих талаар хэлэхэд Г.Өлзийдүүрэн “...өгнө, өгөлгүй яахав...” гэсээр сүүлд миний хөрөнгө, үүнийг бэлэглэлээр авсан гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Г.Өлзийдүүрэн гэх хүнд гэрчилгээ байхгүй, тамга нь байхгүй, хөдөлмөрийн гэрээ нь байхгүй буюу бүх зүйл “Бишрэлт холдинг” ХХК-д хадгалагддаг. Хавтаст хэрэгт өгсөн материалууд үнэн зөв. 2016 оны дундуур техникийг актлуулъя гэдэг. Энэ нь “Эрдэнэ зам” ХХК-д уламжлагдаж дагалдаж ирсэн 43 ширхэг машиныг акталж хая гэж над дээр орж ирсэн ба үүнийг хаяхгүй, орон нутаг сумууд руу тусламжаар өгье зэргээр протоколыг ил тодоор хөтөлж явсан үйл ажиллагаатай компани байна. Маш их харамсаж байна. Өнөөдөр “Эрдэнэ зам” ХХК гэрчилгээтэй буюу хэдэн техникийн сэгтэй үлдэх магадлал тун өндөр байна. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр “Бишрэлт холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг “Капитал банк” татан буугдсан. Том зээлдэгч нь “Эрдэнэ зам” ХХК бөгөөд Г.Өлзийдүүрэн өөрөө авсан хэр нь би аваагүй гэдэг. Уг зээлийг банкны эрх хүлээн авагч нэхэхээр Г.Өлзийдүүрэн энэ минийх биш “Бишрэлт холдинг” ХХК-ийн гэдэг, ажлынхаа мөнгийг авах болохоор энэ миний компани, дүрэм минийх би эзэн гээд мөнгийг аваад явдаг. 40,000,000,000 /дөчин тэрбум/ орчим төгрөгийн үндсэн компани дээр 30,000,000,000 /гучин тэрбум/ орчим төгрөгийн зээл, хүү, алданги нэмэгдэж 70,000,000,000 /далан тэрбум/ орчим төгрөгийн компани устаж үгүй болох магадлал өндөр байна. Хэрэв уг мөнгийг ном журмаар авч тайлангаа гаргаж тушааж явсан байсан тохиолдолд тэр хэмжээгээр Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын газрын мөнгийг барагдуулах байсан боловч тэгээгүй. Хавтаст хэрэгт байхгүй хэдий ч Г.Өлзийдүүрэн 7,000,000,000 /долоон тэрбум/ төгрөгийг ширээн дээр нь тавиад гарсан гэж гадуур яриад явсныг мэдэж байна. Хуулийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Г.Өлзийдүүрэн гэм буруугүй гэж үзсэн бол “...энэ нь ийм, тэр нь тийм шүү дээ...” зэргээр мэтгэлцээд явах бололцоог энэ олон жилийн хугацаанд бүх шатанд хангасан гэж үзэж байна. Хэлэх үг үгүй болохоор ийм хандлагыг гаргасан гэж бодож байна. Уг хэрэгт манайтай гэрээгээр ажилладаг хуулийн фирмийн хүмүүс оролцсонд маш их харамсаж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний хувьд 200-300 хүн удирдаж ажиллаж байсан хүний хувьд цаасанд цэг таслал, тийн ялгал хэрхэн дуусдагийг ялгадаг хүний хувьд хэлж байгаа зүйл юм. Түүнээс бус хэн нэгэн хүний нэр төрд халдсан зүйлгүй. Г.Өлзийдүүрэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан одоо шүүгдэгчээр сууж байгаа хүн “Эрдэнэ зам” ХХК-г маш хүнд байдалд оруулсан. Түүний хүү Ө.Цэнгэл “Бишрэлт холдинг” ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан ба банкнаас зээл авсан оргон зайлсан хэргээр явж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цахим орчинд шүүгдэгчийн талаар олон худал мэдээлэл цацагдаж байна гэх боловч энэ нь шүүхийн цахим хуудсанд гарсан мэдээллийг үндэслэж гарсан гэж бодож байна. Хэн нэгэн худлаа ярьж хүний нэр хүндэд халдсан зүйлгүй. Г.Өлзийдүүрэн надаас өмнө удирдах албан тушаал эрхэлж байсан, нөлөө бүхий хүн юун дээр гарын үсэг зурах эсэхээ маш сайн мэднэ. Үүнийг компанид ажилладаг бүх хүмүүс мэднэ, тодорхой гэрч нарын өгсөн мэдүүлэгт дурдагддаг. Хавтаст хэрэгт өгсөн миний мэдүүлэгт нэг алдаа гарсан байдаг буюу англи хэлний мэдлэг дутмагийн улмаас 2 дугаар сар гэхийг 4 дүгээр сар гэсэн байдаг. Болсон бүх процесс бүрэн цугларсан, өөрөөр нэмж хийх зүйлгүй. Гарын үсэг зураас дээр доор гэж маш их цаг авсан. Өмнөговь аймгаас Баяндалай сум руу 100 км замыг бэлэн мөнгөөр авсан явж байгаа гэх мэт бүх мөнгийг аван, техникийг ашиглаж дууссан байхад бид юутай үлдэх вэ? Банкнаас авсан зээл буюу Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж дуусгах уу гэх дараа дараагийн асуудал болно. Аудитын шалгалт яригдана. Дотоод аудитын хүрээнд яригдана. Г.Өлзийдүүрэн ирж гарын үсэг зурдаг, тайлагнадаг хэр нь мэдэхгүй байна, санахгүй байна гэдэг нь зохимжгүй юм. Гурвалсан гэрээ, болзолт гэрээ бүгдийг хийсэн. Болзолт гэрээний дагуу улсын бүртгэлд хандсан. Улсын бүртгэлд “Эрдэнэ зам” ХХК-ний өмчлөлийн талаар гурван шатаар хэлэлцээд, буцаасан. Учир нь Г.Өлзийдүүрэнг өөрөө ирж шилжүүлэг хийх ёстой гэх боловч тэрээр ирж уулздаггүй. Болзолт гэрээний үндсэнд компанийг авъя гэдэг хүсэлт гаргасаар ирсэн. Бидний зүгээс худал ярьсан зүйлгүй. Нотлогдох хөдөлшгүй баримт их байгаа ч шүүхэд шилжүүлсэн учир гаргаж өгөөгүй. “Эрдэнэ зам” ХХК-г  залилан авсан гэж шүүгдэж буй Г.Өлзийдүүрэнгээс хийсэн хэрэгт тааруулж шүүхээс ял оноож өгнө үү. Мөн компанийг буцаан олгуулж, түүнтэй холбогдох бусад компанийн дагалдан гарсан хохирлыг гаргуулан өгөхийг хүсэж байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэрэг гарсан байдлыг дараах байдлаар нотлов.

Шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцааг “Бишрэлт Холдинг” ХХК-ийг шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгнө гэж бичгээр 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр баталгаа гаргаж зохиомол байдлыг зориуд бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч “Бишрэлт Холдинг” ХХК-нд их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

- 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх 7-10/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэ зам” ХХК-нийг төрийн өмчит компани байх үед “Бишрэлт Холдинг” ХХК-ний ерөнхий захирал А.Ариунболд нь “Бадрах-Ойл” ХХК-тай нийлж консорциум болж 2012 онд төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцож худалдаж авсан, төрийн өмчийн хорооноос худалдаж авсан компанийн үйл ажиллагааг өөрчлөхгүй, ажилчдыг цомхотгохгүй, тодорхой хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллуулах нөхцөл шаардлагатай гэрээ байгуулсан. Гэрээг тодорхой хугацааны дараа дүгнэж төлбөр төлөгдсөний үндсэн дээр хувьчлалаар шилжүүлэн өгсөн. Улмаар “Бишрэлт групп” нь “Эрдэнэ зам” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч болж төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Алтансүхийг томилж бүх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл Алтансүх нь гүйцэтгэх захирлаар Г.Өлзийдүүрэнг томилж ажиллуулсан. Компанийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Бишрэлт Холдинг” ХХК-нд “Эрдэнэ зам” ХХК-ний хувьцааг 100 хувь шилжүүлж өгсөн. Энэ үеэс эхлээд 2013.05.15-наас 2016.05.15-ныг хүртэл 3 жилийн хугацаатай гүйцэтгэх захирлаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээтэй дагалдуулан ажлын байрны тодорхойлолт, нууцлалын баталгааны гэрээ, эрсдэлийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Эрдэнэ зам ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэн нь төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболдод манай компани төр удирдаж буй намын харьяаллаар замын тендер авч чадахгүй байна, ийм учраас компанийн хувьцааг надад шилжүүлээд өгчихвөл тендерт оролцоход намын асуудал яригдахгүй, ажил авч болохоор байна гэж хүсэлтийг тавьж эхэлсэн. А.Ариунболд үеэл дүү Даваадоржийн Энхжаргалын “Нью Даниста Роүд Энд Констракшн”  ХХК-д 2015.10.30 ны өдөр Эрдэнэ зам ХХК-ны 100 хувь хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн ингэхдээ 2015.10.30-ны өдөр компанийн хувьцааг 18 сарын дараа буцаан авах нөхцөлөөр Энхжаргалтай гэрээ байгуулсан байдаг хэрвээ гуравдагч этгээдэд шилжүүлэх болбол Бишрэлт Холдинг ХХК-наас зөвшөөрөл авахаар заалт гэрээнд оруулсан байдаг. Гэтэл 2016.04.11-ны өдөр Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-ын уулзалттай холбоотой замын тендерт оролцох, бусад нийслэлээс зарласан тендерт оролцож шалгарах боломж их байна гэж А.Ариунболдод Г.Өлзийдүүрэн нь хэлж итгүүлэн үнэмшүүлсэн учраас “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ний захирал Д.Энхжаргалаас Г.Өлзийдүүрэнгийн нэр дээр компанийн хувьцааг 100 хувь бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн, ингэхдээ Г.Өлзийдүүрэн нь А.Ариунболдтой "хувьцааг эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” байгуулж 2016.04.13-ны өдөр Г.Өлзийдүүрэн баталгаа гаргаж гарын үсэг зурж А.Ариунболдоос “Нью Даниста Рөүд Энд Констракшн” ХХК-ний захирал Д.Энхжаргалд зөвшөөрөл өгсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан тэр өдрөө Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн хувьцааг шилжүүлснээр тендерт оролцож замын ажил хийж гүйцэтгэсэн. “Бишрэлт холдинг” ХХК-наас жил бүр өөрийн хөрөнгө оруулагч компаниуддаа аудитын шалгалт явуулдаг. “Эрдэнэ зам” ХХК-ний 2016 оны ажлыг шалгаж тайланг сонссон байдаг. Тэр хурал дээр ажлаа буруу танилцуулсан, мөнгөн дүн зөрсөн, материалын тоо хэмжээ буруу гарсан, хийж байгаа ажлаа мэдэхгүй байх зэрэг шалгалтын үед гарсан алдаануудыг хэлэлцэн ярьсан энэ хурлаас 2017.01.09-ний өдөр Өлзийдүүрэн, нягтлан бодогч Оюунсүрэн нарт арга хэмжээ авсан. Ингээд “Эрдэнэ зам” ХХК-ний хувьцааг буцааж шилжүүлж өг гэж шаардахад өнөөдөр маргааш гэж хойшлуулж утсаа хаагаад, салгаад алга болсон. Улмаар миний бие Өлзийдүүрэн захиралтай 2 удаа уулзаж А.Ариунболдтой уулзуулсан компанийн хувьцааг шилжүүлж өгөх талаар 2-3 удаа албан бичиг явуулан шаардсан боловч 2017.03.21-ны өдөр Г.Өлзийдүүрэн нь Эрдэнэ зам ХХК нь миний хувийн компани Бишрэлт Холдинг ХХК-нд хамаарахгүй гэсэн бичиг өгснөөр залилан мэхэлсэн болохыг ойлгож гомдол гаргасан... Мандах өмгөөлөгчтэй ажил төрлийн холбоотой ажилладаг. Мандах өмгөөлөгчөөс над руу 2017.02.22-ны өдөр ажил хэргийн шугамаар холбоо барьсан.Тэгээд ерөнхийдөө Өлзийдүүрэн захирал утсаа авахгүй зугтаад асуудал үүссэн байсан болохоор хавтастай материалаас баталгаа бичгийг Мандах руу гар утасны VIBER апплейкешнээр явуулсан юм.Уг баталгааг явуулсан шалтгаан нь гэвэл Мандах өөрөө явуул гэсэн ба өмнө нь Мандахтай үүссэн асуудлын талаар ярьж байсан.Тэгээд Мандах баримтуудаа явуул харъя гэж хэлж байсан ба нэг ёсондоо зөвлөгөөг авах зорилгоор явуулсан гэж ойлгож болно.Өмгөөлөгч Мандах нь VIBER апплейкешнээр явуулсан баримтуудыг устгаж, өөрчлөн цагдаагийн байгууллагад өөр болгон харагдуулан үзлэг хийлгэсэн байсан. Бас би өөрийн гар утсандаа бодит байгаа байдлаар нь сүүлд үзлэг хийлгэж баримтжуулсан байгаа.Тэгэхээр би өгсөн мэдүүлэгтээ он сар англиар бичсэн байсныг андуурч 2 сарыг 4 сар гэж уншиж мэдүүлэг өгсөн байсан. Энэ зураг явуулсан асуудал нь 2 сарын 22-ны өдөр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 83-84, 3-р хх 76-77, 5-р хх 19-20, 8-р хх 8-9/,

Гэрч А.Ариунболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Төрийн өмчид Эрдэнийн зам ХК-ыг 2011 онд төрийн өмчийн хорооноос хувьчлах тендер зарласан. Тухайн үед миний үүсгэн байгуулсан Мон-Петекс ХХК болон Турк улсын хамтран тендерт оролцон ялж тухайн компанийг авах эрх үүсэж тухайн үеийн 4.7 төгрөг төлж хүлээн авсан. Тухайн үед манайхыг төлөөлж Алтансүх, энэ бичиг баримтад гарын үсэг зурах, хүлээн авч байсан. Миний санаж байгаагаар компани хүлээн авсны дараа түүнийг удирдах гүйцэтгэх захирал томилох шаардлагатай болсон тул Өлзийдүүрэнг гүйцэтгэх захирлаар томилж манай Бишрэлт холдинг ХХК-наас гарч хүлээн авч гүйцэтгэх захиралд хүлээлгэн өгч байсан...Хувьцаа эзэмшигч Даваадоржийн Энхжаргал манай хадам аав Батбаярын төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Тэрээр төгсөөд манай компанид менежер газар хэлтсийн даргаар ажиллаж байсан....Өлзийдүүрэн нь Эрдэнийн зам ХХК-ын цаана Бишрэлт компани байна. Ардчилсан намынхан чангалаад ажил өгөхгүй, авсан ажлын гэрээг цуцлаад унгаад байна ийм учир өөр эзэнтэй болгоод өгөөч гэхээр нь дүү Энхжаргалын нэр дээр хувьцааг шилжүүлсэн. Тэгсэн бас болохгүй байна, алдагдалтай ажиллаад байна Маршлын гүүрнээс Оргил худалдааны төв хүртэлх замыг авахаар болчихлоо, ардчилсан намынхаа үнэмлэхийг сэргээлээ, Эрдэнийн зам ХХК-г над руу шилжүүлчихвэл ажил авахаар боллоо гэхээр нь 2016 оны 03 дугаар сард бодож асууж судлахад үнэхээр тийм ажил байгааг нь мэдсэн учир түүний нэр дээр компанийг Нью Даниста Рөүд Консртакшн ХХК-наас хувьцааг 100 хувь шилжүүлэн өгч тэр ажлаа авч хийсэн. Ингэж шилжүүлэхдээ “Баталгаа” бичиж өгсөн. 2016 оны 12 сард Эрдэнийн зам ХХК-ын ажлыг дүгнэж шалгаж ярилцахад Өлзийдүүрэн нь Хаан банканд данс нээсэн байсан. Манай группийн дотоод журамд охин компани Капитал банкаар үйлчлүүлж дансаар харилцах ёстой. Хэрэв өөр банканд данс нээхээр бол толгой компани Бишрэлт Холдинг болон ТУЗ-аас зөвшөөрөл авах ёстой. Тэгтэл зөвшөөрөл авалгүй Хаан банкны дансаар их хэмжээний мөнгө орж гаргасан байдаг ба энэ задаргаагаа өг гэхээр өгөхгүй байсан. Тухайн үед хуралдаж байсан бичлэг протокол байгаа. Миний гайхаж байгаа зүйл бол 2017 оны 01 сард Г.Өлзийдүүрэн нь компаниа өгөлгүй яах вэ гэж ярьж байсан гэнэт л Бишрэлт Холдингд хамаагүй, дотоод хэрэгт битгий ороод бай гэсэн бичиг ирүүлснээс гомдол гаргах болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 86-87/,

Гэрч Д.Алтансүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би “Бишрэлт холдинг” ХХК-ний гүйцэтгэх захирал, дэд ерөнхийлөгчөөр 2009-2012 он хүртэл ажиллаж 2011 онд төрийн өмчийн хорооноос эрх бүхий этгээдүүдийн дунд зарласан сонгон шалгаруулалтаар төрийн өмчид 100 хувийн эзэмшилд бүртгэлтэй “Эрдэнэ зам” ХХК-нийг хязгаарлагдмал дуудлага худалдаагаар худалдаж авсан. Эрх бүхий этгээд гэдэг нь авто замын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани юм. Энэ худалдаанд Турк улсын Гунай компанитай хамтарч консорциум болж оролцож манайх ялсан. Ингээд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шилжүүлэн бүртгүүлж авахад хуулийн этгээд байх шаардлагатай болсон тул “Эрдэнэ зам петролиум групп” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулсан. Тендерт заасан үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааг явуулж ажилчдаа халж цомхотгоогүй, техник тоног төхөөрөмж нэмэгдүүлж шинэчилж ажилласан. 4.7 тэрбум төгрөгөөр хувьчилж авахад Г.Өлзийдүүрэнгээс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй. Түүнийг гүйцэтгэх захирлаар ажиллаж, гэрээгээр үр дүнтэй сайн ажиллуулна гэж хэлж Эрдэнэ зам Петролиум группээс 2011 онд томилогдож байсан. Тэрээр томоохон тендерт шалгарсан байхад бичиг баримтуудын бүрдүүлэлтийн алдаанаас болж цуцлагдаж байсан. 2012-2014 онуудад үйл ажиллагаа явуулахдаа Г.Өлзийдүүрэн нь МАН-ын угшилтай хувьцаа эзэмшигчтэй учраас компанид замын ажлыг өгөхгүй байгаа учир миний нэр дээр шилжүүлж өгөөч, ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээчихлээ маршлын гүүрний замын ажлыг авах болчихлоо гэж хүсэлт гаргадаг байсан. Ингээд ажлаас гарсны дараа шилжүүлж өгсөн гэж ярьдаг байсан... Манай “Бишрэлт холдинг” ХХК нь доороо 12 компанитай.Нэг ёсондоо толгой компани гэсэн үг л дээ. Энэ бүгдийг хариуцан дотоод хяналт шалгалтын газар гэж байгаа. “Бишрэлт Холдинг” ХХК-ны дотоод хяналтын газартай гэсэн үг л дээ.Бишрэлт холдинг ХХК нь аж ахуйн бөгөөд бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй.Харин менежментийн үйл ажиллагаа явуулдаг ба дотроо 4 газартай. Захиргаа хүний нөөцийн газар, Бизнес хөгжлийн газар, Санхүү тайлан бүртгэлийн газар, Эрсдэлийн удирдлагын газар гэж байдаг.Энэ чиглэлийнхээ дагуу охин компаниудаа удирдаж, чиглүүлж, шалгаж, заавар зөвлөмжөөр хангаж ажилладаг. Манай компани нь 2012 оноос эхлэн “Эрдэнэ зам” ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийдэг байсан.Тэр холбогдох баримтыг гаргуулан өгөх болно.Тэгэхээр манай Бишрэлт холдинг ХХК  нь охин компаниуддаа хөндлөнгийн аудитын байгууллагыг нь сонгон өгч аудит хийлгэсэн.2013-2016 оны хооронд дахь Эрдэнэ зам ХХК-д хийсэн аудит хийсэн тайлан бичиг баримт гэрээнүүд байгаа... 2016 оны 01 сарын 20 хавиар байх манай өрөөнд “Эрдэнэ зам” ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэн, бас манай охин компани болох “Юнико” ХХК-г хариуцан ажиллаж байсан Г.Ганзориг, өмгөөлөгч Н.Мандах бид нар хурал хийсэн. Хурал хийж цуглах болсон шалтгаан нь тэр үед манай “Эрдэнэ зам” ХХК нь Баянхонгор аймгийн Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэлх 127 км зам барих ажлыг хийх тендерийг авсан байсан.Тэгээд энэ ажлын талаар Өлзийдүүрэн хэлэхдээ ажил эхлэх гэхээр Ардчилсан нам засаг барьж байгаа болохоор төсөв өртгийг шийдэж өгөхгүй ажил хийлгэхгүй байгаа асуудлаар мөн “Юнико” ХХК-тай холбоотой бас нэг асуудлаар гээд энэ 2 компанийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажилд  өмгөөлөгч Н.Мандахаар төлөөлүүлэхээр уулзацгаасан. Ингээд уулзаад ярилцсаны дагуу 2016 оны 01 сарын 23-ны өдөр Н.Мандах өмгөөлөгчтэй “Эрдэнэ зам” ХХК, “Юнико” ХХК гээд өмгөөлөл болон хууль зүйн туслалцаа авах гурвалжилсан гэрээ байгуулсан.Энэ ажлыг хийхэд ажлын хөлс нь 165 сая төгрөгөөр тохирсон ба би өөрийн унаж байсан Жи класс 500 маркийн /66-66 серийн санахгүй байна/ машинаа 195 сая төгрөгөөр бодож ажлын хөлсөндөө Н.Мандахад өгсөн. Энэ тухай гэрээ байгаа. Г.Ганзоригийн Н.Мандах руу явуулсан баталгааны талаар би Мандахаас хууль зүйн талаас зөвлөгөө авахаар ярьсан байж магадгүй.Одоо бол сайн санахгүй байна.Тэр үед ажил хэргийн талаар Мандахтай байнга л ярьдаг байсан.Зорилго нь гэвэл Өлзийдүүрэн нь Эрдэнэ зам ХХК-г эргүүлэн өгөхгүй байсан нөхцөл үүссэн байсан ба Мандах нэгэнт манай компанид ажиллаж байсан учир Өлзийдүүрэнгийн бичиж өгсөн баталгааг Ганзоригоор дамжуулан явуулж үзүүлсэн.Нэг ёсондоо Өлзийдүүрэн ингэж баталгаа бичиж өгчхөөд ингээд байна гэдгийг л хэлж Мандахад үзүүлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх 88, 8-р хх 11-12/,

Гэрч Э.Түмэндэмбэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 онд Нью Даниста Рөүд Энд Констракшн ХХК-наас Эрдэнэ зам ХХК-ний 100 хувь хувьцааг Г.Өлзийдүүрэнгийн нэр дээр шилжүүлж өгөх ажлыг тухай үед энэ компанийн захирлаар ажиллаж байсан Д.Энхжаргал, Бишрэлт Холдинг ХХК-ний ТУЗ-ын дарга Ариунболд нараас надад өгсөн итгэмжлэлийн дагуу бичиг баримт бүрдүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 89/,

Гэрч С.Туул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэ зам” ХХК тендерийн ажил авахын тулд өөрийнхөө хувьцаатай  байх ёстой. Ийм учир эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр “Бишрэлт холдинг”-ийн ТУЗ-ын дарга Ариунболдод баталгаа гаргаж өгч шилжүүлэн өгснийг мэднэ. Бэлэглэлийн гэрээг “Бишрэлт холдинг”-ийн байранд хийхэд хамт байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 90/,

Гэрч Н.Гантөмөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэ зам” компанийг “Бишрэлт групп” худалдаж авсан нь баталгаатай тухайн үед Эрдэнэ зам ХХК-нийг худалдаж авсны дараа группийн салбар компанийн нэг адил санхүү, үйл ажиллагааны бүх чиглэлээр хянаж шалгаж байсан. Шилжүүлэн бүртгэсэн талаар мэдэхгүй байна. Миний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх 91/,

Гэрч Ц.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэ зам ХХК-ний 1 бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 209.047.890.18 ширхэг нийт 20.904.789.082.29 төгрөгийн үнэ бүхий хувьцааг 100 хувь Г.Өлзийдүүрэнд хариу төлбөргүй бэлэглэж байгаа гэрээг хийсэн. Энэ мөнгө нь Эрдэнэ зам ХХК-ний дүрмийн сангаар батлагдан гэж гэрээ хийсэн. Ингээд Энхжаргал, Г.Өлзийдүүрэн нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Уг гэрээний дагуу эрх шилжүүлэх гэрээг хамт хийсэн...” гэх мэдүүлэг /3-р хх 84-85/,

Гэрч Ц.Туяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би бишрэлт холдинг ХХК-нд 2011.12.26-нд санхүүгийн менежер гэсэн албан тушаалд ажилд орсон. 2015 онд стратеги төлөвлөлтийн албаны  дарга, 2016 оны 1 сараас Бишрэлт холдинг ХХК-ний бизнесийн хөгжлийн газрын захирлаар ажиллаж байна. Би Капитал банканд ажилддаггүй. Капитал банк, Эрдэнэ зам ХХК-нууд нь Бишрэлт холдингийн охин компани юм. Охин компаниуд нь жил болгон бизнес төлөвлөгөө боловсруулаад манай бизнес хөгжлийн газраар дамжуулан ТУЗ буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулдаг... Ер нь дарга  нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваг тохиолдол байдаггүй. Тэглээ ч Г.Өлзийдүүрэн хоосон цаасан дээр гарын үсэг зурахаар хүн биш. Их айхтар хүн. Тухайн үед Ариунболд захирал Эрдэнэ зам ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Өлзийдүүрэнд шилжүүлж өг гэсэн. Тэгэхдээ буцаах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах юм шүү гэсэн...улмаар буцааж шилжүүлэх нөхцөлтэйгөөр Эрдэнэ зам ХХК-ний 100 хувийн хувьцааг Г.Өлзийдүүрэнд шилжүүлсэн байдаг. Миний ойлгосноор АСЕМ-тай холбоотой замын тендерийн ажил авах гээд түр хугацаагаар уг компанийн хувьцааг эзэмшиж байгаа гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /3-р хх 31, 5-р хх 16-18/,

Гэрч О.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Тэр өрөөнд Өлзийдүүрэн, Туяа бид 3 өөр хүн байгаагүй. Би өрөөний үүд хавьд зогсож байсан. Би Өлзийдүүрэнг гарын үсэг зурсан байх л гэж бодсон...” гэх мэдүүлэг /6-р хх 56-57/,

Гэрч С.Тунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр К.Ариунтуул гэх эмэгтэй ирж Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай 2016.04.11-ний өдрийн гэрээг эх хувиар нь барьж ирэн надад хуулбарлуулан батлуулсан тухай бүртгэлийг бичиг баримтын хуулбарыг бүртгэдэг бүртгэлийн 1363 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Ингэхдээ бичиг баримтын эх хувийг шалгаж шалган үзэж үйлчлүүлэгчийн биеийн байцаалтыг тогтоосны үндсэн дээр ямар нэгэн татгалзах үндэслэл байгаагүй учраас бичиг баримтын хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн. Тухайн гэрээг одоо санаж байгаагаар ямар нэг нотариатаар батлуулаагүй байсан. Харин тамга тэмдэг дарагдсан байсан. Уг гэрээг жинхэнэ байсан гэдгийг би энэ чиглэлээр 20 жил ажиллаж байна. Тийм учраас арга, туршлагаа үндэслэн гэрчилсэн. Тухайн гэрээ бол эх хувиараа, тамга тэмдэг нь дарагдсан, гарын үсэг зурагдсан гэрээ байсан...” гэх мэдүүлэг /14-р хх 68-69/,

Шинжээч Э.Солонго нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “... Уг төрлийн шинжилгээг дараалал тогтоох шинжилгээгээр тогтоодог. Шинжилгээнд ирүүлсэн Баталгаа гэж хаягласан баримтын доод хэсэгт Г.Өлзийдүүрэн гэсний ард тууш шугам болон хөх өнгийн будагч бодистой бичигч хэрэгслээр үйлдсэн  гарын үсгийн эхлэл  хоёрын огтлолцлын талбай хэмжээ бага шинжилгээнд ач холбогдол бүхий шинж тэмдэг илрэхүйц чанарын үзүүлэлтийг ханаагүй байгаа тул дараалал тогтоох боломжгүй байсан. энэ талаар дүгнэлтэд тусгасан байгаа”...гэх мэдүүлэг. /5-р хх 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн 3062 дугаартай дүгнэлт /1-р хх 93-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 3260 дугаартай дүгнэлт /1-р хх 108/,

Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр 07-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /1-р хх 170-210/,

Оюуны өмч, Улсын бүртгэлтийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, холбогдох баримт бичгийн хуулбарууд /3-р хх 104-250, 4-р хх 1-196/,

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ /5-р хх 70, 10-р хх 174/,   

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Баталгаа”  /5-р хх 71/, 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх 1-250/, 

Эрдэнэ зам ХХК-ний 100 хувийн хувьцааг  Бишрэлт Холдинг ХХК-нд эрх үүргийн хамт шилжүүлэх тухай Эрдэнэ зам ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2015.10.01-ний өдрийн 64 дугаартай тогтоол /11-р хх 1/,

Эрдэнэ зам ХХК-ний 2015.10.01-ний өдрийн 64 тоот шийдвэрээр батлагдсан “Эрдэнэ зам” ХХК-ний дүрэм /11-р хх 4-7/,

Эрдэнэ зам Петролиумын групп ХХК-ний үүсгэн байгуулагчийн шийдвэр /11-р хх 48-49/,

Эрдэнэ зам хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /11-р хх 75/,

Эрдэнэ зам нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоол. /11-р хх 84, 166/,

Өмчлөх эрхийн гэрчилгээ /11-р хх 91/,

Төрийн өмчийн хорооны тогтоол /11-р хх 93/,

Компанийн эрх шилжүүлэх гэрээ /11-р хх 106/,

“Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. Эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ /13-р хх 116-117, 119/, 

Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд /13-р хх 130-135/, 

Төрийн өмчийн хорооны 2012 оны 2 дугаар сарны 15-ны өдрийн 2/277 дугаартай албан бичиг /2-р хх 112/, 

Эрдэнэ зам ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Өлзийдүүрэнтэй 2016 оны ажлын талаар хийсэн хурлын тэмдэглэл /3-р хх 1-8/,

Эрдэнэ зам ХХК-нд хийсэн шалгалтын актын танилцуулга. Акт бичсэн дотоод аудитор Н.Гантөмөр /7-р хх 112/,

Бишрэлт холдинг ХХК-ны 2017.4.14-ний өдрийн гаргасан гомдол / 1-р хх 13-14/,

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /2-р хх 221/,

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ /2-р хх 222/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4064 дугаар дүгнэлт /3-р хх 88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өлзийдүүрэн болон түүний өмгөөлөгч нараас “...хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Г.Өлзийдүүрэн “Бишрэлт Холдинг” ХХК-ний ерөнхий захирал А.Ариунболдтой урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “...“Эрдэнэ зам” ХХК-ний хувьцааг миний нэр дээр шилжүүлбэл компанийн ашиг, орлого нэмэгдэнэ...” гэж хуурч тус компанийг шилжүүлэн авахдаа 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Баталгаа” буюу “...Эрдэнэ зам ХХК нь миний найз А.Ариунболдын өмч болохыг баталж Гуравдагч этгээдэд шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүйгээр түр эзэмшиж баталгааны зүйлийг Бишрэлт холдинг ХХК буюу найз А.Ариунболдын шаардсан үед үл маргах журмаар саадгүй шилжүүлж өгөх үүрэгтэй...” болохыг баталсан баталгааг гаргаж зохиомол байдлыг зориуд бий болгож бусдад 39.031.244.160 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж анхан шатны шүүх дүгнэв.

 Иймд шүүгдэгч Г.Өлзийдүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Өлзийдүүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганзориг нь “...компанийг буцаан олгуулж, түүнтэй холбогдох бусад компанийн дагалдан гарсан хохирлыг гаргуулан өгөхийг хүсэж байна...” гэх шүүгдэгч Г.Өлзийдүүрэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч байгууллага болох “Бишрэлт Холдинг” ХХК-д буцаан олгож, “Бишрэлт Холдинг” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Өлзийдүүрэнгийн 2022.11.09-ний өдрөөс 2022.11.25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоногийг түүний түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тү овгийн Гомбосүрэнгийн Өлзийдүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч 39.031.244.160 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Өлзийдүүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өлзийдүүрэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Өлзийдүүрэнгийн цагдан хоригдсон нийт 16 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар 39.031.244.160 төгрөгийн үнэлгээ бүхий “Эрдэнэ зам” ХХК-ийг хохирогч “Бишрэлт Холдинг” ХХК-д шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, “Бишрэлт Холдинг” ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Өлзийдүүрэн нь бусдад төлөх төлбөргүй, болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан 7 хавтас материал, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өлзийдүүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН