Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 134/ШШ2016/00088

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй

 

 Хариуцагч: Г холбогдох

 

 ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О түүний өмгөөлөгч Э.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Д.О миний биеийг Говьсүмбэр аймгийн  Х хэлтсийн нягтлан бодогчийн үүрэгт үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлдээ Д.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгууллагыг төлөөлж итгэмжлэлээр оролцохдоо хариуцагч Г.Б ээс төлбөрийн 276 961 төгрөг гаргуулахаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийг бэлнээр аваад төлбөр бүрэн барагдуулаагүй байхад удирдлагыг худал мэдээллээр ханган албан тоот үйлдүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын харьяа 2 ахмадад Сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж, зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлж удирлагын итгэлийг алдсан, 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг үйлдэл удаа дараа гаргасан байх тул 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэжээ. Миний бие нь дээрхи зөрчил дутагдлыг гаргаагүй тул Г хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б төлбөр болох 200 000 төгрөгийг очиж авахад шийдвэр гүйцэтгэгч нь дараа үлдсэн төлбөрийг авах гэж ирэхдээ албан бичгээ нэг мөсөн хийгээд ирээрэй гэсэн учраас энэ байдлыг нь  даргад хэлээд дарга албан бичиг хийж өгсөн. Ахмадад олгох 30 000 төгрөгийн хувьд манай байгууллагын төсөвт нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал энэ онд огт суугаагүй тул бараа үйлчилгээний бусад зардлаас тусгагдаагүй зардлуудыг гаргаж болдог учраас би даргад энэ зардлаас гаргуулъя гэж хэлсэн. Гэхдээ даргаас тушаал гарч ирээгүй учраас энэ зардлыг төсвөөс гаргаагүй. 2015 онд би ээлжийн амралтаа ажлын шаардлагаар дутуу амарсан байсан. Тухайн үеийн дарга Л.У намайг шаардлагатай үедээ дутуу хоногоо эдлээрэй гэсэн учраас би энэ талаар дарга Г.С хэлэхэд ойлголоо гэсэн тул би хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот уруу шатрын тэмцээнд явсан. Иймд би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо хариуцагч Г.Б төлбөрийн 276 961 төгрөг гаргуулахаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийг бэлнээр аваад төлбөрийг бүрэн дууссан гэсэн мэдээлэл өгч төлбөр бүрэн дууссан гэсэн мэдээлэл өгч төлбөр бүрэн барагдуулсан тухай албан тоотыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байгууллагын харьяа 2 ахмадад Сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж зарцуулах сангаас бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлж удирдлагын итгэлийг алдсан, 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг үйлдэл удаа даргаа гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.8 дугаар заалтуудыг үндэслэн 2016 оны 03 дугаар 04-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан болно. Д.О нь чөлөө авсан ч бай, ээлжийн амралтын хоногоо авсан ч бай байгууллагын удирдлагад бичгээр хүсэлт гаргасан ёстой байсан. Иймд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан тул тушаал үндэслэлтэй гэв.

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Нэхэмжлэгч Д.О-ийг Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.8 дугаар заалтуудыг үндэслэн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан байна.

         Хариуцагч Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтэс нь нягтлан бодогч Д.О-ийг хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж, удирдлагын итгэлийг алдсан сахилгын зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргажээ.

          Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас халахдаа байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасан гурван зөрчлийг гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцож үзсэнийг зөрчил тус бүрээр дүгнэж үзвэл:

1.Д.О нь, Г.Б төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгууллагыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо төлбөр авагчаас авах төлбөрийг бүрэн авч дуусаагүй байж байгууллагын удирдлагыг худал мэдээллээр хангаж, албан бичиг үйлдүүлсэн зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 тоот, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 тоот албан бичгүүд, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/86 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар дарга Г.С харилцан ярилцаж үйлдүүлсэн гэх боловч энэ талаарх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

Гэвч ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Д.О-ийн гаргасан дээрх зөрчлийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн  боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шийтгэл ногдуулсан байна.

Түүнчлэн ийнхүү байгууллагын удирдлагыг худал мэдээллээр хангасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой үр дагаврыг бий болгоогүй байх тул ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй.

 

2.2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын харъяа 2 ахмадад Сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж, зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлж, удирдлагын итгэлийг алдсан тухайд:

 

Нэхэмжлэгч Д.О нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гардан хариуцдаг нягтлангийн хувьд нэг удаагийн тэтгэмж, урамшууллын санд зарцуулах зардал байхгүй үндэслэлээр өөр зардлаас буюу бараа материалын зардлаас ахмадад олгох 30 000 төгрөгийг гаргах талаар дарга Г.С хандаж саналаа илэрхийлснийг зориулалтын бусаар төсөв зарцуулах үйлдэл хийлгэхээр удирдлагад шахалт үзүүлж, итгэл алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь нягтлан бодогч Д.О нь байгууллагын төсвийн зарцуулалтын талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн бөгөөд даргын зүгээс уг зардлаас гаргуулах боломжгүй хариуг өгснөөр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан бодит үйлдэл хийгдээгүй болох нь талуудын маргаангүй тайлбар, Говьсүмбэр аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын “Зардал гаргах тухай” тушаалын төсөл зэргээр тогтоогдож байна. Улмаар уг тушаалын төслийн агуулгын хувьд талууд маргаагүй тул хэрэгт авагдсан бичиг судлалын шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.О нь хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг ...зориулалтын бусаар зарцуулах ...зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэснийг зөрчөөгүй гэж үзэв. Нөгөө талаар хууль бус үйлдэл хийлгэхээр удирдлагад шахалт үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

3.2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч Д.О нь 2015 оны ээлжийн амралтаа бүрэн эдэлж дуусгалгүй, ажлын шаардлагаар ажилдаа эргэж орсон болох нь, улмаар ...ажлын ачаалал багатай үед эсвэл ажилтанд өөрт нь чөлөө авах шаардлагатай үед ээлжийн амралтаа биеэр эдлэх талаар тухайн үеийн удирдлагатайгаа харилцан ярилцаж тохиролцсон болох нь гэрч Н.Ту Э.С Л.У нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулжээ. Д.О хувьд 2015 ондоо багтаж үлдэгдэл ээлжийн амралтаа эдлээгүй, байгууллагаас мөнгөн урамшуулал аваагүй байх бөгөөд 2016 оны  02 дугаар сарын 29-ний өдрөөс 03 дугаар сарын 04-ний хооронд үлдсэн ээлжийн амралтын хоногоо тооцуулан Улаанбаатар хот уруу хувийн ажлаар явах талаараа дарга Г.С урьдчилан амаар хэлж, улмаар даргын зүгээс ойлголоо гэсэн хариултыг өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан журмын дагуу  нэхэмжлэгч Д.О нь удирдлагад бичгээр хүсэлт гаргаж, чөлөө авах ёстой байсан гэх боловч нэхэмжлэгчийн хувьд чөлөө аваагүй, 2015 оны ээлжийн амралтын үлдэгдэл хоногоо эдэлсэн байна. Нөгөө талаар тухайн онд амраагүй үлдэгдэл амралтыг дараа онд хэрхэн эдлэх талаар хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд тусгагдаагүй тул энэ зөрчилд хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалт хамааралгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Д.О ээлжийн амралтын үлдэгдэл хоногоо эдлэх хүсэлтээ илэрхийлэхэд удирдлагын зүгээс  “за ойлголоо” гэсэн хариулт нь өгснийг үгийн шууд утгаар авч үзвэл хүсэлтийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлсэн гэж үзэхээр байна.  

 

           Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг дараах байдлаар тооцож олгох нь зүйтэй байна.

 

          Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлтийг оруулахгүй байхаар тусгагдсан тул хэрэгт авагдсан Д.О-ийн 2015 оны цалингийн картыг үндэслэн үндсэн цалин 633 221 төгрөгөөр дундаж цалин хөлсийг тооцож /2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 19 хоног х /633 211 : 21,5 сарын ажлын хоног = нэг өдрийн дундаж цалин 29 452 төгрөг/ 29 452 = 559 588 төгрөг,  2016 оны 4, 5 сар х 633 211 = 1 266 442 төгрөг/ нийт 1 826 030 төгрөгийг харицагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.     

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 44 166 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О-ийг Говьсүмбэр аймгийн Г хөгжлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн /2016.03.05-2016.05 сарыг дуустал/ ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 826 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44 166 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар үйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү,  Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.НАРАНЧИМЭГ