Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2016/00004

 

Д.О нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Лхагвамаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 134/ШШ2016/00088 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: онд төрсөн, эмэгтэй,  настай, Говьсүмбэр аймгийн С сумын 3 дугаар баг,   тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т т г овогт Д О /РД:, эмэгтэй, утас:/нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Х, Г б х х /Хуулийн этгээдийн РД:, утас: / холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Сайнтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа,  хариуцагчийн төлөөлөгч Г.Сайнтөр, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжпэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О миний биеийг Говьсүмбэр аймгийн Х, Г б х х нягтлан бодогчийн үүрэгт үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлдээ Д.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгууллагыг төлөөлж итгэмжлэлээр оролцохдоо хариуцагч Г.Б төлбөрийн 276 961 төгрөг гаргуулахаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийг бэлнээр аваад төлбөр бүрэн барагдуулаагүй байхад удирдлагыг худал мэдээллээр ханган албан тоот үйлдүүлсэн,

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын харьяа 2 ахмадад Сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж, зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлж удирдлагын итгэлийг алдсан,

2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг үйлдэл удаа дараа гаргасан байх тул 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэжээ.

 

Миний бие нь дээрх зөрчил дутагдлыг гаргаагүй тул Х, Г б х х нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Б төлбөр болох 200 000 төгрөгийг очиж авахад шийдвэр гүйцэтгэгч нь дараа үлдсэн төлбөрийг авах гэж ирэхдээ албан бичгээ нэг мөсөн хийгээд ирээрэй гэсэн учраас энэ байдлыг даргад хэлээд дарга албан бичиг хийж өгсөн.

 

Ахмадад олгох 30 000 төгрөгийн хувьд манай байгууллагын төсөвт нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал энэ онд огт суугаагүй тул бараа, үйлчилгээний бусад зардлаас тусгагдаагүй зардлуудыг гаргаж болдог учраас би даргад энэ зардлаас гаргуулъя гэж хэлсэн. Гэхдээ даргаас тушаал гарч ирээгүй учраас энэ зардлыг төсвөөс гаргаагүй.

 

2015 онд би ээлжийн амралтаа ажлын шаардлагаар дутуу амарсан байсан. Тухайн үеийн дарга Л.У намайг шаардлагатай үедээ дутуу хоногоо эдлээрэй гэсэн учраас би энэ талаар дарга Г.С хэлэхэд ойлголоо гэсэн тул би хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот уруу шатрын тэмцээнд явсан. Иймд би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо хариуцагч Г.Б төлбөрийн 276 961 төгрөг гаргуулахаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 200 000 төгрөгийг бэлнээр аваад төлбөрийг бүрэн дууссан гэсэн мэдээлэл өгч  төлбөр бүрэн дууссан гэсэн мэдээлэл өгч төлбөр бүрэн барагдуулсан тухай албан тоотыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байгууллагын харьяа 2 ахмадад Сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж  зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлж удирдлагын итгэлийг алдсан, 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зэрэг үйлдэл удаа даргаа гаргасан тул Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.8 дугаар заалтуудыг үндэслэн 2016 оны 03 дугаар 04-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан болно. Д.О нь чөлөө авсан ч бай, ээлжийн амралтын хоногоо авсан ч бай байгууллагын удирдлагад бичгээр хүсэлт гаргасан ёстой байсан. Иймд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож ажлаас халсан тул тушаал үндэслэлтэй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Д.О Говьсүмбэр аймгийн Х, Г б х х нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн /2016.03.05-2016.05 сарыг дуустал/ ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 826 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О олгохоор,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44166 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С давж заалдах гомдолдоо: ... ажил олгогч энэ зөрчлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016-02-03-ны өдрийн 01/86 тоот  манай хэлтэст 2016-03-04-ний өдөр ирсэнг бүртгэсэн “ирсэн бичгийг хүлээн авах” бүртгэлээр хүлээн авч мэдсэнээр нотлогдоно. Ажил олгогчийн 2016-02-01-ны өдөр явуулсан албан тоот нь О үйлдлийг тогтоосон, мэдсэн албан тоот биш зөвхөн төлбөр хэрхэн барагдуулсанг лавласан лавлагаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016-02-03-ны өдрийн 01/86 тоот нь О буруутай үйлдлийг нотлох нотолгоо болно. Иймд 2016-03-04-ний өдөр авсан сахилгын арга хэмжээ хугацаа алдаагүй бөгөөд нягтлан бодогч нь удирдлагыг худал мэдээллээр хангасан нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд заасан нягтлан бодогчийн үүргээ зөрчиж удирдлагад итгэл алдсан үйлдэл мөн.

...2016 оны 02-р сарын 05-ны өдөр байгууллагын харьяа 2 ахмадад сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30,000 төгрөгийг зарцуулах сангаас биш бараа, үйлчилгээний бусад зардлаас гаргуулж зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлж удирдлагын итгэлийг алдсан тухайд шүүгч итгэл алдсан үйлдэл гаргаагүй мөн тогтоогдоогүй гэж үзсэн.

Гэтэл нягтлан бодогч Д.О нь ахмадад сар шинээр гарыг бэлэг өгөх саналыг өөрөө тавьж холбогдох баримтыг байгууллагын тоот ажилтан биш өөрөө бүрдүүлээд зарцуулах сангаас биш бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэх шахалт үзүүлсэн. Энэ нь түүний тушаалын төсөлд гарын үзэг зурсан, шүүх шинжилгээний хүрээлэн түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон. Энэ зардал нь байгууллагын нэг удаагийн тэтгэмж, урамшууллын сангаас гаргах зардал бөгөөд тухайн үед манайд тэр санд мөнгө байгаагүй байхад заавал өөр сангаас гаргуулахаар шахаж тушаалын төсөл боловсруулж ирсэн энэ нь Төсвийн тухай 16.5.5 -д заасныг зөрчсөн үйлдэл. Гэтэл шүүгч ажил олгогчоос заавал энэ үйлдлийн үр дагавар нэхээд байгаа нь утгагүй зүйл Ажил олгогч энэ сангаас мөнгө гаргасан бол өөрөө буруутна.

Иймд удирдлагыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлж итгэл алдсан үйлдэл мөн. Мэргэжлээрээ 20 гаруй ажил ажилласан нягтлан бодогчийн энэ үйлдэл санаатай бөгөөд өөртөө таалагдаагүй удирдлагыг халах гэсэн санаа. Миний өмнөх даргыг мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бус захиран зарцуулсан үйлдэл хийлгэж халуулсан. Энэ үйлдэлд нь удирдлагад итгэл алдсан үйлдэл гэж үзнэ.

2016 оны 02-р сарын 29-нөөс 2016 оны 3-р сарын 04 хүртэл 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зөрчил гаргасан нь үндэслэлгүй гэж үзжээ. Д.О нь байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1,16 дугаар зүйлийн 16.1.3-д заасан үндэслэлгүйгээр ажил тасалсан. Үүнийгээ сүүлд нь янз бүрийн шалтгаар тайлбарлаж байна. Үүнийг үгүйсгэж байна. Д.О нь 2016-02-26-ны тав дахь өдрийн орой ажил тарж байхад өрөөнд орж ирээд хүүхэд нь хотод шатрын тэмцээнд явах гэж байгаа түүнийгээ аваад авах гэж байгаа талаар хэлсэн би ойлголоо гэсэн үүнийг хэлээд гарч яваад дараа 7 хоногийн 3 хоногийн ажил тасалсан. 2-р сарын 27-28 хагас бүтэн сайн өдөр тэр тэмцээн болохоор ярьж байсан 1 өдөр ажилдаа ирэх боломжтой удах байсан ч эргэж мэдэгдэх эсвэл ажилгүй нөхөр нь хүүхэдтэйгээ байх боломжтой байсан. 2-р сарын 27-28-нд манай хамт олон нэг байрнаас нөгөө байр руу ажлаа нүүлгэсэн. Өөрөөр хэлбэл ажилласан гэсэн. Мөн өнгөрсөн жил буюу 2015 онд ээлжийн амралтаа 8 хоног дутуу эдэлсэн тухай байгууллагын удирдлагын хувьд үүнийг шүүх хурал дээр мэдсэн. Би 2015 оны 11 сард ажил авсан надад энэ тухай хэлээгүй. хэлсэн бол шийдэж болох байсан талаар шүүх хуралд хэлсэн энэ бол бүгд шалтаг. Д.О хувьд байгууллагын дотоод журам зөрчиж чөлөө аваагүй нь үнэн. Байгууллагын дотоод журам бол байгууллагын бүх ажилчдын барих гол эрхийн акт мөн.

Иймд Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.8 дугаар заалтуудыг үндэслэн 2016 оны 03-р сарын 04-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул энэ хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Х, Г б х х холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа ажлаас чөлөөлсөн тухай тушаал/хх-2/, хөдөлмөрийн гэрээ/хх-4/, цалингийн карт/хх-10/ зэрэгт үндэслэжээ.

Хариуцагч нь  нэхэмжлэгч Д.О хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж, удирдлагын итгэлийг алдсан сахилгын зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, өөрийн гаргасан шийдвэрээ дэмжиж байна хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч ... анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой, ...Д.О 2016.03.04-ны өдөр авсан сахилгын арга хэмжээ хугацаа алдаагүй, нягтлан бологч нь удирдлагыг худал мэдээллээр хангасан ба энэ нь удирдлагад итгэл алдсан үйлдэл мөн, ... удирдлагыг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлж итгэл алдсан, ... байгууллагын дотоод журмыг зөрчиж үндэслэлгүйгээр ажил тасалсан ... тул хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх  нь хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Учир нь нэхэмжлэгч Д.О нь Говьсүмбэр аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэст нягтлан бодогчоор ажиллаж байгаад тус хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн б/08 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3, 16.1.8 дахь заалтуудыг үндэслэн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр  ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчлан зохицуулсан.

Дээрх  хуулиар давтан зөрчил гаргах, ноцтой зөрчил гаргах гэж сахилгын өөр өөр зөрчлийг ялган заасан  байна.

Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн хууль болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй байдаг.

Ийнхүү зөрчсөн явдал нь ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн аль ч хэлбэрээр дамжин илэрч болох ба гагцхүү эдгээр зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай . 

Харин  хөдөлмөрийн харилцааг  шууд зогсоох ноцтой зөрчил нь ажил олгогчид хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхөөр сөрөг үр дагавар бий болгосон байхыг ойлгоно.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Д.О тус байгууллагын “ хөдөлмөрийн дотоод журам”-д заасан гурван зөрчил гаргасан ба энэ зөрчлүүд нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд хамаарна гэсэн тайлбарыг гаргаж  байх тул  түүний  тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийг   хянан үзвэл :

1. Нэхэмжлэгч Д.О нь Г.Б төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгууллагыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо төлбөр авагчаас авах төлбөрийг бүрэн авч дуусаагүй байж байгууллагын удирдлагыг худал мэдээллээр хангаж, улмаар албан бичиг үйлдүүлсэн зөрчил гаргасан ба энэ нь Говьсүмбэр аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016.01.28-ны өдрийн 35 тоот, 2016.02.01-н өдрийн  41 тоот албан бичгүүд болон Говьсүмбэр аймаг дахь ШШГА-ны 2016.02.03-ны өдрийн 01/86 тоот албан бичиг зэргээр тогтоогдох ба уг зөрчилд нь 2016.03.04-ны өдөр авсан сахилгын арга хэмжээ хугацаа алдаагүй гэх тайлбар, гомдлын хувьд :

Нэхэмжлэгч Д.О нь тухайн үед хариуцагч Г.С харилцан ярилцаж тохиролцон албан бичиг үйлдүүлсэн бөгөөд ШШГАлбанаас төлбөрийн мөнгөний үлдэгдлийг бүрэн авч байж бичгээ өгөх байсан, албан бичиг үйлдүүлсэн даруйд ШШГАлбанд бичгээ өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбарыг хариуцагч нь нотлох баримтаар няцаагаагүй байна.  

Түүнчлэн байгууллагын удирдлагыг худал мэдээллээр хангаж, төлбөр бүрэн барагдаагүй байхад албан бичиг үйлдүүлсэн гэх үйлдэл нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон ажилтан буюу нэхэмжлэгч Д.О байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахгүйгээс  гадна үүний улмаас тус байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой үр дагаврыг бий болгоогүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 Мөн 2016.03.04-ны өдөр авсан сахилгын арга хэмжээ хугацаа алдаагүй гэж гомдолд дурдсан байх боловч хэргээс үзэхэд: хариуцагч буюу ажил олгогч нь ШШГАлбанд хандаж 2016.02.01-ний өдөр Г.Б төлбөрийг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлэх тухай 41тоот албан бичиг хүргүүлсэн байна. /хх-24/  

Үүний дагуу Говьсүмбэр аймаг дахь ШШГАлбаас 2016.02.03-ны өдөр 01/86 тоот албан бичгээр хариу ирүүлснийг тус аймаг дахь Х, Г б х х нь 2016.02.04-ний өдөр хүлээн авсанаа уг бичгийн ард  тэмдэглэжээ./хх-25/

Үүнээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч Д.О гаргасан дээрх зөрчлийг 2016.02.01-ний өдөр мэдсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж 2016.03.04-ний өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

2. 2016.02.05-ны өдөр байгууллагын харъяа хоёр ахмадад сар шинийн баярыг тохиолдуулан гарын бэлэг болох тус бүр 30 000 төгрөгийг зарцуулах сангаас бус бараа үйлчилгээний бусад зардлаас гаргуулж, зориулалтын бусаар зарцуулах үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлж, удирдлагын итгэлийг алдсан  гэх үйлдлийн  хувьд :

Нэхэмжлэгч Д.О нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг гардан хариуцдаг 2 дугаар гарын үсэг зурдаг нягтлан бодогчийнхоо хувьд нэг удаагийн тэтгэмж, урамшууллын санд зарцуулах зардал байхгүй үндэслэлээр өөр зардлаас буюу бараа үйлчилгээний бусад зардлаас  ахмадад олгох 30 000 төгрөгийг гаргах талаар байгууллагын удирдлагадаа хандаж санал бодлоо илэрхийлсэн байх бөгөөд удирдлагын зүгээс түүний санал болгосон зардлаас гаргуулах боломжгүй хариуг өгснөөр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан бодит үйлдэл хийгдээгүй болох нь талуудын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Х,Г б х х даргын “Зардал гаргах тухай” тушаалын төсөл /хх-27/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.О  зориулалтын бусаар төсөв зарцуулах үйлдэл хийлгэхээр удирдлагадаа шахалт үзүүлж,  итгэл алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн үүний улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, хууль бус үйлдэл хийлгэхээр удирдлагад шахалт үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.О нь хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлийг ... зориулалтын бусаар зарцуулах, ...зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэсэн дотоод журмын заалтыг зөрчөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгч  Д.О нь 2016.02.29-ний өдрөөс 2016.03.04-ний өдөр хүртэл 4 өдрийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэх хариуцагчийн тайлбар, гомдлын  хувьд :

Учир нь нэхэмжлэгч Д.О хувьд 2015 оны ээлжийн амралтаа бүрэн эдэлж дуусгалгүй, ажлын шаардлагаар ажилдаа эргэж орсон байх бөгөөд тэрээр ажлын ачаалал багатай үед эсвэл ажилтанд өөрт нь чөлөө авах шаардлагатай үед дутуу амралтын хоногоо  авах талаар тухайн үеийн удирдлагатайгаа харилцан тохиролцсон болох нь гэрч Н.Т, Э.С, Л.У нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд  тэрээр 2015 ондоо багтаж үлдэгдэл ээлжийн амралтаа эдлээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс /Даваа гараг/  Улаанбаатар хот руу хувийн ажлаар буюу шатрын тэмцээнд өсвөр насны хоёр хүүхдээ харгалзан дэмжигчийн үүргийнхээ дагуу авч явах болсоны улмаас 2015 оны ээлжийн амралтаас үлдсэн 8 хоногоо тооцуулан явах талаар байгууллагын дарга Г.С урьдчилан амаар хэлж,  даргын зүгээс “ойлголоо” гэсэн хариултыг өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Н.Т, Э.С мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Улмаар гэрч Э.С ...нэг дэх өдрийн өглөө ажилдаа ирэхдээ С даргаас О эгчийг хот руу явсан гэдгийг сонссон ба дарга хэлэхдээ 5 дахь өдөр ажил тарсан хойно хот руу хүүхдээ аваад явлаа, 2015 оны амралтаас үлдсэн 8 хоногоо аваад явлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би за за сонслоо гэж хэлсэн гэсэн мэдүүлэг/хх-57/- болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Г.С нь нэхэмжлэгч Д.О  ээлжийн амралтын  үлдсэн хоногоо авч явах хүсэлтээ илэрхийлснийг “за ойлголоо” гэсэн хариулт өгч хүсэлтийг  хүлээн зөвшөөрсөнөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Үүнээс гадна  хариуцагч Г.С нь нэхэмжлэгчид  амралтын үлдсэн хоногоо эдлэх тухай хүсэлтээ бичгээр гаргаж өг гэсэн шаардлагыг тавиагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан, мөн  Э.С гэрчээр асуухад  хэргийн оролцогчид байлцсан байна.

 

Хэдийгээр тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д ажилтнууд 1 өдрийн чөлөөг удирдлагад амаар хүсэлт гаргаж авах ба 2-оос дээш өдрийн чөлөөнд удирдлагад бичгээр хүсэлт гаргана” гэж заасан байх боловч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь чөлөө авах тухай хүсэлт гаргаагүй, харин өмнөх оны ээлжийн амралтаас эдлээгүй үлдсэн 8 хоногоо авах хүсэлт илэрхийлсэнийг удирдлагын зүгээс  “ойлголоо” гэсэн  хариу өгснөөр  нэхэмжлэгч нь зөвшөөрсөн гэж ойлгосныг хариуцагч нь үгүйсгэж,  няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн ... ажил олгогчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин  нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох бөгөөд үүний үр дагавар нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор байтал анхан шатны шүүх  ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа  хариуцагчаас зөвхөн нэхэмжлэгчид олгох олговор болох 1826030 төгрөгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцсон нь ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-н “ шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн  байх тул үүнийг зөвтгөн энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж  заалдах  шатны шүүх дүгнэв.

 

  Мөн ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт  хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгыг заах ба анхан шатны шүүх  шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн тайлбарын агуулгыг заахдаа үг, өгүүлбэр давхардуулсан,  утга найрлага муутай бичсэн зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байна.

  Хэдийгээр энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч цаашид анхаарах нь  зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 134/ШШ2016/00088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44166 төгрөгийг  ... гэснийг “114366 төгрөгийг”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.ЛХАГВАМАА

                     ШҮҮГЧ                   Н.БОЛОРМАА

                     ШҮҮГЧ                   Х.БАЙГАЛМАА